Монголчууд ес дэх удаагаа парламентын сонгуульд санал өгөх гэж байна. Гэвч сонгуулийн үр дүнгээр бий болсон парламент, засгийн газрын үйл ажиллагаанд сонгогчид өөрсдөө сэтгэл хангалуун байсан нь бараг үгүй.
Яагаад бид зөв сонголт хийж чадахгүй, сонгууль болгоноор хууртаад байна вэ? Монголчуудын менталитет, зан төлөвтэй холбоотой судалгааны материалуудаас харахад дараах зүйлсийг анзаарч болно.
***
Хүчтэний дүр
Төрийг шүтэх нь монгол хүний сэтгэл зүйн нэгэн чухал шинж байдаг. “Төрийн минь сүлд өршөө” гэж хэлдэг нь ч ийм учиртай. Монголчууд “төр” гэх ойлголтыг институт гэхээс илүү агуу хүн гэдэг талаас хүлээж авдаг нь Монголын эзэнт гүрний түүх, Чингис хаантай ч холбоотой. Тиймээс нийгмийн амьдрал доройтох үед олон нийт хүчирхэг удирдагчийг хүлээдэг онцлогтой.
Хүчтэний дүр монголчуудын сэтгэлгээнд том нөлөөтэй байдаг болохоор бөхчүүд маш их хүндлэгддэг. Үндэсний бөхийн аварга, мега төслийн удирдагч хоёроос бөх нь илүү олон нийтэд анзаарагдана. Тиймээс бөхчүүдийг улс төрийн кампанит ажил, бизнест маркетингийн хэрэгсэл болгож ашиглах нь элбэг. Монголын парламентад бөхчүүд амжилттай сонгогддогийн үндсэн шалтгаан нь бас л хүчтэний дүрээс үүдэлтэй. Тухайн бөх мэдлэг, ур чадвар, туршлагын хувьд шаардлага хангахгүй байсан ч энэ нь монгол сонгогчийн сонголтод нөлөөлөхгүй байх нь бий.
Нөгөө талаар, монгол хүн харизмтай удирдагчийг хайх, төрийг төлөөлсөн хувь хүнийг төртэй адилтгах менталитеттай. Судлаач Д. Ганхуягийн бичсэнээр энэ нь тухайн хувь хүнийг бусдаас үлэмж илүү, жирийн бус гэж үзэхэд хүргэдэг байна. Иймээс жир бус, бүхнийг мэдэгч, бүхнийг шийдэгч хүн буюу дарга болох туйлын дуртай. Улмаар даргад ойртох, аялдан дагах, бялдуучлах, цаашлаад өөрөө дарга болж жирийн бус, хүчтэй харагдах, алдар, цол хэргэмд шунах сэтгэл зүйг бий болгодог.
Үнэт зүйлсийн зөрчил
ХХ зууны эхэн үе хүртэл монголчууд уламжлалт байдлаар нүүдэллэн амьдарсаар ирсэн. Нүүдэлчин хүний гол онцлог нь амьдралын зугуухан хэмнэл, байгальд ойр оршихуй бөгөөд дураараа, мөрөөрөө, эрх чөлөөтэй амьдрах дуртай. Нүүдэлчдийн зорилго нь байгальтайгаа дасан зохицож, хатуу ширүүн нөхцөлд тэсэж үлдэх. Үүнээс улбаалаад баяжих, эд баялаг хураахын төлөө бус, харин амин зуулгаа хангахын тулд хөдөлмөрлөсөөр ирсэн. Амин зуулга хангалттай, цаг сайхан болбол сэтгэл амар болж, баярлаж найрлах дуртай.
Тиймээс хөдөлмөр гэдэг зүйл нь монголчуудын хувьд нийгмийг хөгжилд хүргэх хамгийн чухал үнэт зүйлс нь биш байсан гэж болно. Дайн дажингүй жирийн нөхцөл дэх уудам талын амьдрал нүүдэлчдийг цаг нарийн барьдаггүй, залхуурдаг шинжтэй болгосон байна.
Тэгвэл Европт бий болсон сэргэн мандалт, аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр өмч хөрөнгө, ажил хэрэг, эд баялаг, эрх зүй, мэргэжлийн ур чадвар нь гол үнэт зүйлс болж, энэ нь дэлхий даяар түгжээ. Харин монголчууд 3-4 хөн үеийн дотор гэнэт социализмд орж, дараа капитализм руу шилжсэнээр монгол хүний менталитет, үнэт зүйлсийн тогтолцоонд төрөл бүрийн зөрчил бий болгожээ.
Хэдийгээр зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ч монгол хүний менталитетыг тодорхойлогч “нүүдлийн” хүчин зүйлс хүчтэй хэвээр байна. Цаг барих соёл, хөдөлмөрийн ёс зүй, сахилга бат, багийн хамтын ажиллагаа сул хөгжсөн нь эдүгээ ажил хэргийн харилцааг авч явахад том саад болж байна.
Мөн нүүдлийн мал аж ахуй нь тусгай арчилгаа шаардахгүй, жилийн дөрвөн улиралд зөнгөөрөө бэлчиж, үржиж ирсэн нь монголчуудыг байгалиас бэлэн зүйл авахад дасгасан. Тиймээс ирээдүйд санаа зовох нь бага, хуримтлуулах, ирээдүйд хөрөнгө оруулах тэмүүлэл хүчтэй биш.
Нүүдэлчний энэхүү менталитет Үндсэн хуулиар тунхагласан төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Сонгогч, сонгогдогчийн аль аль нь аж ахуйч биш, үрэлгэн, хариуцлагын мэдрэмж сул, амласандаа хүрдэггүй. Гэхдээ аль аль нь баяр тэмдэглэх, найрлах шалтгааныг алгасахгүй. Тиймээс нэр дэвшигчид, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр төрөл бүрийн баярын арга хэмжээ зохион байгуулах сонирхол өндөр байдаг.
Салан тусгаарлагчид
Нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд хамтын хүч тийм чухал биш. Ганц гэрээрээ малынхаа бэлчээрийг даган нүүдэллэхэд багийн ажил шаардлагагүй. Найрлах, наадам хийх, дайн тулаанд явах, малын үс, ноос авахад л хамтрах шаардлага үүсдэг бөгөөд энэ нь байнга биш учраас нийтийн эрх ашгийн төлөө ажиллах сэтгэлгээ сул хөгжсөн.
Нүүдэлчний хувьд хамгийн гол тулах цэг бол өрх гэр. Нэг айл бусдаасаа хамаарахгүй олон сараар тусдаа амьдарна, хэрэгтэй бүхнээ өөрсдийн гараар “үйлдвэрлэдэг” учраас эдийн засгийн өрсөлдөөн гэсэн үнэт зүйлээс хол явж иржээ. Үүний оронд хамаатан садан, ураг төрөл, ах дүүсэг, тэгш эрх, эв нэгдэл, уламжлалыг хүндэтгэх үнэт зүйлс хүчтэй хөгжжээ.
Харин хар элгийн хүмүүстэй уулзах, ажиллах үед нутгархах, жалга довоороо ялгарах үзэл бий болдог. Энэ нь мөн л орчин үеийн нөхцөлд багаар ажиллахад сөрөг нөлөө үзүүлдэг. Парламентын сонгуульд болоход ч мэдлэг, ур чадвараас үл хамаарч нутгийн хүн, нутгийн бөхөө дэмжих нь нийтлэг. Парламентын гишүүд ч сонгогдсон нутгаараа явж иргэдэд одон тэмдэг, бэлэг сэлт тараах хандлагатай байдаг нь бас л жалга довын үзэлтэй холбоотой.
Жалга довын үзэл нь иргэний нийгмийн механизмууд ажиллахад саад болж, төрийн чухал албан тушаалд очсон хүн өөрийн үүрэг, хариуцлагыг мартаж, гэр бүл, хувийн ашиг хонжоо хөөж эхэлдэг. Мөн ажилд орох, сургуульд элсэх, эмчид үзүүлэхээс эхлээд тендерт оролцох, тусгай зөвшөөрөл авах хүртэлх бүх л ажил хэрэгт хуулийн хэм хэмжээг ашиглахын оронд танил тал, арын хаалгаар шийдэхийг илүүд үзнэ.
Нөгөө талаар монголчууд хуульд тусгагдсан эрхээ мэдэж байгаа ч бодит амьдрал дээр тэр эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Учир нь жалга довын “нөөц” ашиглах хандлага нь эрхээ хэрэгжүүлэх сонирхлоос илүү хүчтэй байдаг.
Түүнчлэн монголчууд байгалийн эрс тэс нөхцөлд ямар нэгэн асуудал тулгарвал нүүгээд явчихдаг учраас өнөөгийн нийгэмд өөрт хамаатай асуудлаас зугтааж “шийдэх” гээд байдаг. Ийм учраас эрх баригчид, төрийн албан тушаалтнууд улсын хөрөнгөнөөс хулгайлж, авлигын сүлжээ үүсгэж, тэгсэн хэрнээ шүүхээр шийтгүүлэхгүй яваад байхад олон нийт маш хүлцэнгүй, “надад хамаагүй” хэмээн ханддаг.
Талын сэтгэлгээ
Тал нутгийн амьдралтай холбоотойгоор монгол хүн аливаад хандахдаа ерөнхийгөөс эхэлж, хамгийн сүүлд деталийг авч үздэг. Үнэндээ ихэнх тохиолдолд авч үзэхгүй байх нь бий. Огноо тэмдэглэхдээ ч зуун, жаран, он, сар, өдөр гэсэн дарааллаар бичдэг нь тохиолдлын биш.
Монголчууд аливааг бүхлээр нь хүлээж авдаг, детальд анхаардаггүй учраас гэрээний заалт, аливаа хууль, дүрэм, хөтөлбөрийн доторх агуулгад дүн шинжилгээ хийхдээ хойрго. Тийм учраас сонгуульд оролцохдоо нэр дэвшигч, нам, эвслийн мөрийн хөтөлбөр, туршлага, ур чадварыг тэр болгон анхаардаггүй.
Монголын хууль 3 хоног
Монголчууд хуулийн хэм хэмжээнээс илүү ёс заншлыг илүүд үздэг. Тиймээс ихэнх үнэт зүйлс нь европчуудынхаас тэс өөр. Бие даасан, эрх чөлөөнд дуртай байдаг нь хувийн болон хамтын хариуцлагын мэдрэмж хангалтгүй байхад нөлөөлдөг байна. Хууль, дүрэм хайхардаггүй байдлыг замын хөдөлгөөнөөс эхлээд хувийн компани, төрийн албаны ажилтнуудын үйлдлээс өдөр тутамдаа анзаарч болно.
Энэ менталитет нь нэр дэвшигчид сонгуулиар үндэслэлгүй амлалт өгөх, сонгогдсон хойноо төрөл бүрээр хууль зөрчих, түүндээ хариуцлага хүлээхгүй байхад хүргэдэг.
Дарга биш, менежерүүд
Дээр дурдсан, монгол хүний энэ мэт шинж чанар, хандлагууд аливаа төсөл хэрэгжүүлэхэд хамгийн их саад болдог. Үнэт зүйлсийн ялгаатай байдал нь чадварлаг зохион байгуулагчийг биш, хөрөнгөтэй (яаж хөрөнгөжсөн нь чухал биш), нэр нөлөөтэй, дарга статустай хүмүүсийг үнэлэхэд хүргэдэг.
Гэвч төсөл удирдах чадвар нь төр, хувийн хэвшлийн алинд ч хамгийн үнэ цэнтэй ур чадвар болж байна. Зах зээлийн нөхцөлд бол сум, аймгийн засаг дарга, цаашлаад Ерөнхий сайд гэдэг бол олон нийтийг эрх ашгийг төлөөлж буй удирдагч, менежер юм. Рационал сэтгэдэг сонгогчийн хувьд бол түүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд улсын аливаа нөөцийг зөв удирдаж чадах менежер хүмүүс хамгийн их хэрэгтэй.