Бясалгал бол бодит байдлаас зугтах арга биш. Энэ бол бодит байдалтай холбогдох арга юм. Өөрийгөө анзаарах нь хэцүү бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өөрсдийнхөө талаар илүү цогц, адармаатай түүх бүтээдэг учир үнэндээ би хэн бэ гэдгээ мэдэх нь улам хэцүү болж байдаг.
Юваль Ноа Харари Sapiens бестселлер номдоо өнгөрсөн үеийн тухай хүүрнэсэн бол энэ удаад хүмүүсийн ирээдүйг тодорхойлох 21 тулгамдсан асуудлыг, тэр дундаа хүн байхын утга учрыг компьютер, робот өөрчлөх эсэх талаар хөнджээ.
Бүлэг 1 – Технологийн сорилт
1. Сэрэлт
Хүн төрөлхтөнд олон сорилт тулгарч байгаа бөгөөд тэдгээрийг давах хамгийн зөв арга бол хүмүүст улам их эрх чөлөө өгөх юм. Интернэт дэлхийг юу юунаас илүү өөрчилж, Засгийн газрууд интернэтийг ойлгох, үр дүнтэй ашиглах аргаа олж чадаагүй байна. Удахгүй хиймэл оюун улс төрийн процесст давамгайлна. Биотек, инфотекийн салбарт гарч буй хувьсгал нь бидэнд дэлхийг хянаж, амьдралыг үйлдвэрлэх боломж өгөх ч улс төрд хэрхэн ашиглаж болохыг нь бид ухаараагүй хэвээр байна. Үр дагавар нь ямар байхыг хэн ч мэдэхгүй. Хиймэл оюун удахгүй улс төрчдийг эрх мэдэлгүй болгож, мөлжлөгийн эсрэг тэмцэл нь удахгүй ач холбогдолгүй болохын эсрэг тэмцэл болж хувирна.
Өнөөгийн либерал систем төгс биш боловч өөр сонголт байхгүй учир үүнтэй зууралдахаас өөр аргагүй. Гэхдээ өдгөө бидэнд тулгарч буй хамгийн том асуудал бол байгаль орчны сүйрэл, технологийн түйвээлт бөгөөд либерализм үүнийг шийдэхэд тусалж чадахгүй. Одоогоор хүн төрөлхтөн ууртай бөгөөд дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг ойлгож чадахгүй, манарчээ. Эхний алхам бол ийм паник байдлаас гайхширал руу шилжих, улмаар шинэ боломжуудыг, хэрхэн цааш явахаа эрж хайх явдал юм.
2. Ажил
Машин сургалт, робот нь бараг бүхий л ажлын байрыг өөрчилнө гэдгийг олонхоор хүлээн зөвшөөрч байгаа ч хөдөлмөрийн зах зээлийг хэрхэн, хэр хугацаанд өөрчлөх талаар бидэнд тодорхой ойлголт алга. Хиймэл оюун нь “зөвхөн хүн хийж чадах ур чадвар” болон хүнд хамаагүй ур чадварын (холболт, шинэчлэгдэх боломж) аль алин дээр нь хүмүүсээс илүү байх боломжтой. Компьютерүүдийг нэг сүлжээнд хялбар холбох боломжтой учир тэд хүний ур чадвараас үргэлж илүү байх болно. Тиймээс автоматжуулалт нь асар их ач тусыг авчирна.
Ажлын байр хадгалах тухайд хиймэл оюун нь ур чадвар бага шаарддаг ажлуудыг эзлэх боловч өндөр ур чадвар шаардсан улам олон ажлын байр бий болгох магадлалтай. Ажлын байр устахаас сэргийлэх, шинэ ажлын байрууд үүсгэх, хэрэв ажлын байр үүсэхээс ажлын байр устах нь илүү гарвал ямар хариу үйлдэл үзүүлэх вэ зэрэг шийдэл байж болно. Бүх нийтийн суурь орлогын систем нь ажлын байр устах явдлыг төдий л ач холбогдолгүй болгож магадгүй. Гэхдээ үүний тулд хүчирхэг нийгэм, утга учиртай зорилго заавал байх ёстой.
3. Эрх чөлөө
Санал асуулга, сонгууль бол санал өгөгч болоод албаны хүмүүсийн хувьд рациональ байдал гэхээсээ илүү хүний мэдрэмжтэй холбоотой зүйлс юм. Тархи, биеийг судалсан шинжлэх ухааны туршилтуудаас үзвэл хүний мэдрэмж нь амьд үлдэх болон нөхөн үржих боломжуудыг тооцоолсон биохимийн механизмууд ажээ. Мэдрэмж нь тооцоололд үндэслэдэг. Юу сурах, хаана ажиллах, хэнтэй гэрлэх гээд бүх зүйлтэй холбоотой алгоритм тун удахгүй бий болно. Хүмүүс маш их алдаа гаргадаг учраас алгоритмд итгэх нь зөв байж таарна. Яг л асуултын хариултыг гаргаж өгдөг Google-ийн алгоритмд бид итгэдэгтэй адил.
Хиймэл оюун үргэлж эзнийхээ үгээр байх учраас айдас төрүүлэм зүйл юм. Эзэн нь үргэлж сайхан сэтгэлтэй байна гэсэн баталгаа үгүй. Алгоритм улам сайжрах тусам авторитар дэглэмүүд иргэдээ хянах үнэмлэхүй хяналттай болж, дэглэмийг эсэргүүцэх нь бараг боломжгүй болж ирнэ. Харин энэ хооронд хүмүүс хиймэл оюунд найдаж тун ноцтой ялгаварлан гадуурхалт бүхий шийдвэр гаргасаар байна. Өдгөө банкууд өгөгдлийг задлан шинжлэх, бидний тухай шийдвэр гаргахдаа аль хэдийн алгоритм ашиглаад эхэлсэн. Дижитал дарангуйлал нь бидний эрх чөлөө, тэгш байдалд аюул учруулж байгаа бөгөөд маш олон хүнийг хэрэгцээгүй болгох аюултай.
4. Тэгш эрх
Даяарчлал нь дэлхийн олон улсад үр шимээ өгсөн ч улсуудын хооронд болон нийгэм доторх тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн. Удахгүй баячууд биеийн болон сэтгэн бодох ур чадвараа улам сайжруулах боломжтой болж, ингэснээр цөөн тооны супер хүмүүс болон асар олон хэрэггүй доод зиндааны Homo sapiens бий болно. Хүний бүлгүүд нь хоорондоо маш их ялгаатай ирээдүйтэй байх бүрэн боломжтой.
Эд баялаг, эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлэхийн тулд хамгийн гол нь өгөгдөл эзэмшигчийг зохицуулах ёстой. Хуульч, улстөрч, философич, бүр яруу найрагчид хүртэл үүнд анхаарлаа хандуулах нь чухал байна. Учир нь энэ бол манай энэ цагийн хамгийн чухал улс төрийн асуулт байж магадгүй юм.
Бүлэг 2 – Улс төрийн сорилт
5. Нийгмийн бүлэг
Хөгжиж дэвжихэд нь хүмүүст нийгмийн бүлэг хэрэгтэй. Сүүлийн хоёр зуунд дотно, гүнзгий нийгмийн бүлгүүд бутарч эхлэв. Facebook нь нийгмийн бүлэг үүсгэх маш тохиромжтой платформ боловч бодитой өөрчлөлт авчрахын тулд мөн оффлайн ертөнц болон хувирах ёстой. Ямар ч хүн 150-аас олон хүнтэй харилцаа үүсгэх боломжгүй учраас онлайн харилцаанд хэт их хугацаа, эрч хүчээ зарцуулбал оффлайн харилцаагаа үгүй хийх эрсдэлтэй юм.
6. Иргэншил
Ертөнцийг үзэх өөр өөр үзэл бүхий ялгаатай соёл иргэншлүүдэд хүмүүс хуваагдсаар ирсэн. Хүний бүлгүүд нь цаг хугацааны туршид улам том бүлэг болон нэгддэг. Энэ процесс нь ялгаатай бүлгүүд хоорондоо холбогдох болон бүлэг дотроо ижилсэх гэсэн хоёр ялгаатай байдлаар явагджээ.
Дэлхий нь ижилхэн дипломат протокол, олон улсын хуулийг хүлээн зөвшөөрдөг бие даасан улсуудад хуваагддаг. Олимпын наадам бол даян дэлхийн эв найрамдлын гайхалтай жишээ мөн. Хүмүүс ялгаатай шашин, үндэсний онцлог агуулсан хэвээр боловч практик зүйлсийн хувьд бид бараг бүгд нэг ижил соёл иргэншилтэй билээ.
7. Үндсэрхэг үзэл
Үндсэрхэг үзэл нь төрөлхийнх биш агаад буруу зүйл биш юм. Харин эх оронч үзэл нь хэт үндсэрхэг үзэл болж, нэг улс нь бусдаасаа илүү гэсэн итгэл төрвөл асуудал эхэлнэ. Энэ нь хүчирхийлэл бүхий зөрчилд хүргэж, цөмийн зэвсэгтэй өнөө үед дайны бооцоо нь хэтэрхий их болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь айхтар асуудал бөгөөд энэ тал дээр үр дүнд хүрэхийн тулд олон улсын түвшинд өөрчлөлт гаргах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд авч үзвэл үндсэрхэг салан тусгаарлах үзэл нь цөмийн дайнаас ч аюултай байж болох юм. Ирээдүйн талаар ухаалаг сонголт хийхийн тулд бид үндсэрхэг үзэл санаанаас давж харж, олон улсын, магадгүй ертөнцийг хамарсан үзэл бодолтой болох ёстой.
8. Шашин
XXI зуунд уламжлалт шашны үүрэг ролийг ойлгохын тулд гурван төрлийн асуудлыг хооронд нь салгаж үзэх хэрэгтэй.
Техникийн асуудал – буюу дэлхийн дулаарлаас үүдэлтэй хүчтэй гангийн эсрэг хуурайшилт ихтэй улсуудын фермерүүд хэрхэн тэмцэх вэ?
Бодлогын асуудал – буюу дэлхийн дулаарлаас сэргийлэхийн тулд Засгийн газрууд эн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Ялгарлын асуудал – буюу дэлхийн нөгөө захад байгаа фермерийн асуудалд би санаа тавих ёстой юу, эсвэл зөвхөн өөрийн улс, бүлгийн асуудалд л анхаарах ёстой юу?
Уламжлалт шашнууд нь техникийн болон бодлогын асуудалд бараг л хамаагүй боловч ялгарлын асуудалд маш их хамааралтай юм. Гэхдээ шашин нь ихэнх тохиолдолд боломжит шийдэл бус харин асуудлын салшгүй хэсэг болсоор иржээ.
9. Цагаачлал
Уг сэдвийг ойлгомжтой болгохын тулд Харари цагаачлалыг гурван үндсэн нөхцөлтэй гэрээ гэж үзжээ.
1. Хүлээн авагч улс цагаачдыг оруулна. Илүү сайхан ирээдүй хайж буй хүмүүсийг хүлээж авах ёс суртахууны үүрэгтэй гэж цагаачлалыг дэмжигчид үздэг. Харин эсэргүүцэгчид нь гадны хүмүүсийг огт оруулах ёсгүй гэдэг.
2. Үүний хариуд цагаач нар өөрсдийн уламжлалт хэм хэмжээ, үнэ цэнийг гээж, хүлээн авагч улсын хэм хэмжээ, үнэ цэн зэргийг хүлээн зөввшөөрөх ёстой. Олон янзын үзэл бодол, дадал, үнэ цэнтэй байх нь улс үндэстнийг улам эрч хүчтэй, хүчирхэг болгоно гэж цагаачлалыг дэмжигчид үздэг бол цагаачлалыг үл дэмжигчид нь цагаач нар аливаа хэм хэмжээг дагаж мөрддөгүй гэж маргадаг.
3. Цагаач нар тухайн улсдаа аажмаар уусаж дасвал тухайн улсын бүрэн эрхэт, ижил тэгш эрхтэй иргэн болдог. Тэд бид болно. Цагаачлалыг дэмжигчид нь цагаачдыг хурдан дасан зохицохыг шаарддаг бол цагаачлалыг үл дэмжигч нар тэдэнд илүү урт туршилтын хугацаа өгөхийг хүсдэг.
Бүлэг 3 – Цөхрөл ба найдвар
10. Терроризм
Террористууд цөөн хүнийг алдаг ч олон тэрбум хүнийг айлгаж, улс төрийн томоохон өөрчлөлт бий болгодог. Агаарын бохирдол, чихрийн шижин нь террорист дайралтаас олон хүний аминд хүрдэг ч хүмүүс терроризмоос илүү их айдаг. Дайснаа өдөх, улмаар хэтэрсэн хариу үйлдэл хийхэд нь хүргэнэ гэж үзсэний үндсэн дээр террористууд жүжиг тавьдаг бөгөөд үүгээрээ хор хохирол авчирдаг юм. Эдгээр айдсыг намжаахын тулд төр засаг нь айдсын жүжгийн эсрэг аюулгүй байдлын жүжиг тавих байдлаар хариу үзүүлэх ёстой.
Терроризмтой тэмцэх хамгийн зөв стратеги бол террорист сүлжээний эсрэг далд ажиллагаа явуулах, үймээнээс зайлсхийхийн тулд ухаалаг сэтгэх, айдсандаа удирдагдаж хэтэрсэн хариу үйлдэл үзүүлэхээс сэргийлэх юм. Хэрэв тогтвортой, зөв хариу үйлдэл үзүүлбэл терроризм сүйрнэ.
11. Дайн
Сүүлийн хэдэн арван жил нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн энх тайван үе болов. Дайн урьдынх шиг эдийн засгийн ач холбогдолтой байхаа болисон агаад дайн өдөөх нь ямар ч утга учиргүй болжээ. Гэхдээ хүмүүс мулгуу учраас дайн огт болохгүй гэж үзэж огт болохгүй. Хүний тэнэглэлийг эмчлэх нэг эм бол даруу зан буюу дэлхийд орших жинхэнэ байр сууриа олох юм.
12. Даруу төлөв байдал
Ихэнх хүн өөрийгөө мөн шашнаа дэлхийн төв гэдэгт итгэдэг. Олон шашин даруу төлөв байдлын үнэ цэнийг магтан сайшаадаг хэрнээ өөрсдийгөө ертөнцийн хамгийн чухал зүйл гэж төсөөлдөг. Даруу төлөв байдалд ач холбогдол өгөх нь хүн төрөлхтөнд л хэрэгтэй юм.
13. Бурхан
Сансар огторгуйн хамгийн гүн нууцыг тайлбарладаг нууцлаг хууль тогтоогч бол Бурхан гэж олон хүн боддог. Хариулж чадахгүй асуултдаа хариулт эрж бид Бурханд ханддагаас гадна Бурхан юу хүсэж байгааг мэдэхийн тулд ариун судрыг эргүүлдэг. Гэхдээ шинжлэх ухааны бүхий л баримтаас үзвэл бүхий л ариун судруудыг Homos sapiens бичсэн билээ.
Бурхан нь ёс суртахуунтай байхад нэн чухал зүйл биш. Учир нь шашин заримдаа хайр, энэрлийг сурталддаг атлаа үзэн ядалт, сохор шүтлэгийг өдөөдөг. Ёс суртахуун гэдэг нь “зовлонг багасгах”-ыг хэлж байгаа юм. Тиймээс ёс суртахуунтай байхад бидэнд заавал бурхан хэрэггүй. Харин үүний оронд бид зовлонг ойлгох ёстой.
14. Шашнаас ангид үзэл
Аливаа шашныг эсэргүүцэх бус харин үнэ цэнийн харилцан уялдаатай кодууд гэж шашнаас ангид үзлийг тодорхойлж болно. Шашнаас ангид үзлийн хамгийн чухал амлалт бол үнэнд ойр байх юм. Энэ нь хоосон итгэл бус ажиглалт, нотолгоонд суурилна гэсэн үг билээ. Өөр нэг чухал амлалт бол энэрэл нигүүлсэл юм. Шашингүй үзэлтэй хүмүүс нь дэлхий дээрх зовлонг багасгахын төлөө байдаг учраас ингэх аргыг мэдэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан үнэнийг эрхэмлэдэг.
Бүлэг 4 – Үнэн
15. Харанхуй бүдүүлэг байдал
Хүмүүс дэлхий ертөнцийн талаар санаа зовмоор бага зүйл мэддэг бөгөөд цаг хугацаа явах тусам тэд улам багыг мэддэг болсоор байна. Бид нар ихэнх хэрэгцээн дээрээ бусдын туршлага, мэдлэгт тулгуурладаг. Бусдын толгойд байгаа мэдлэгийг өөрсдийнх мэт боддог учраас бид өөрсдийгөө маш ихийг мэддэг гэж дүгнэдэг. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө ижил бодолтой хүмүүсийн өрөөнд цоожилж орхидог учраас ямар харанхуй бүдүүлэг вэ гэдгээ ухаарч чаддаггүй.
Бүлгээр сэтгэх, хувь хүний харанхуй бүдүүлэг байдал нь асар аюултай. Хэрэв та үнэнийг мэдэхийг үнэхээр их хүсэж байвал эрх мэдлийн хар нүхнээс зугтаж, бүтээмжгүй арга барил, мухардал, эргэлзээг даван туулах ёстой.
16. Шударга ёс
Шударга ёс нь абстракт үнэ цэн болон шалтгаан үр дагаварын холбоог ойлгохыг шаарддаг юм. Орчин үеийн даяарчлагдсан дэлхийд бүхэл бүтэн тивийн олон сая хүн хоорондын харилцааг ойлгох нь хэцүү юм. Өнөөгийн дэлхийд оршиж буй ихэнх шударга бус явдал нь хувь хүний буруу, өрөөсгөл хандлагаас бус том хэмжээний бүтцийн шинжтэй алдаанаас шалтгаалдаг. Ихэнх хүн дэлхийн хэмжээний томоохон ёс суртахууны асуудлыг ойлгож чаддаггүй учраас шударга ёсыг олох нь хэцүү юм.
17. Үнэний дараах эрин
Хүмүүс үргэлжид үнэний дараах эринд амьдарсаар ирсэн. Хүмүүс уран сэтгэмжийг үүсгэх, түгээх өвөрмөц ур чадварынхаа ачаар дэлхийг эзэгнэжээ. Бүх хүн тухайн зохиомол зүйлд итгэсээр байх аваас бүгд нэг ижил хуулийг дагаж мөрдөн, үр дүнтэй хамтран ажиллаж чадна.
Хүмүүсийг үнэн гэж итгэх хүртэл нь нэг л түүхийг ахин дахин өгүүлэхийг брэнд бүтээх гэдэг. Хэрэв та эрх мэдэлтэй болохыг хүсэж байгаа бол хэзээ нэгэн цагт зохиомол зүйлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ёстой болно. Хэрэв та үнэнийг хүсэж байгаа бол хэзээ нэгэн цагт эрх мэдлээ орхих ёстой болно. Гэхдээ хүмүүс үнэнийг бус эрх мэдлийг илүүд үздэг юм.
18. Шинжлэх ухааны уран зөгнөл
XXI зууны эхээр хамгийн чухал урлагийн төрөл нь шинжлэх ухааны уран зөгнөл болжээ. Учир нь хүмүүс өнөө үеийн хамгийн чухал технологи, нийгэм, эдийн засгийн ололт, үйл явдлыг ойлгохын тулд кино, телевизийн цуврал үздэг болсон. Таны тархи болон та өөрөө матриксийн нэг хэсэг учраас матриксаас зугтахын тулд та өөрөөсөө зугтах ёстой болно. Энэ нь XXI зуунд тэсэж үлдэхэд хэрэгтэй чухал ур чадвар болж магадгүй.
Бүлэг 5 – Эсэргүүцэл
19. Боловсрол
Ирээдүй ямар байхыг огт мэдэхгүй учраас хүүхэд залууст юу заахаа мэдэхгүй байгаа хамгийн амаргүй үе нь энэ үе болж байна. Өнөөдөр ихэнх хүүхдийн сурч байгаа зүйлс 2050 он гэхэд ач холбогдолгүй болох магадлалтай. Өдгөө сургуулиуд мэдээллийг хүүхдийн тархи руу чихэхийг хичээж байна. Гэтэл өнөөдөр мэдээлэл олж авах нь хялбар болсон учраас хүүхдүүдэд мэдээллийг ойлгох, юу чухал болон юу чухал бишийн ялгааг хэлж чадах, олон төрлийн мэдээллийг нэгтгээд дэлхийн тухай том зураг болгодог ур чадвар хэрэгтэй байна.
Ирээдүйд дэлхий болон хөдөлмөрийн зах зээл ямар байхыг бид мэдэхгүй учраас хүмүүст ямар ур чадвар хэрэг болохыг таашгүй. Харин үүний оронд сургуулиуд өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ, шинэ зүйлсэд хэрхэн суралцах вэ, огт мэдэхгүй шинэ орчинд сэтгэл зүйн тэнцвэрээ хэрхэн хадгалах вэ зэрэг амьдралын ерөнхий ур чадварыг заахад анхаарах ёстой юм.
20. Учир шалтгаан
Амьдралын утга учрыг хайхдаа бодит байдал гэж юу болохыг, сансрын энэ драмад би ямар үүрэг рольтой вэ гэдгийг тайлбарласан түүх сонсохыг хүсдэг. Амьдралд утга учир оноохын тулд тухайн түүх нь хоёр нөхцөлийг хангаж байх ёстой: надад ямар нэг үүрэг оноох ёстой бөгөөд миний хил хязгаараас давсан байх ёстой. Мөн надад ялгарал өгч, өөрөөс минь том ямар нэг зүйлтэй холбох байдлаар амьдралд маань утга учир оноох ёстой.
Уг түүх заавал үнэн байх албагүй. Намайг ямар нэг ялгарлаар хангаж, амьдрал минь утга учиртай гэсэн мэдрэмжийг төрүүлсэн цэвэр зохиомол зүйл ч байж болно. Өөрийгөө ойлгохын тулд “би” гэгч нь үнэндээ тархины ээдрээтэй, төвөгтэй механизмын байнга үйлдвэрлэж, шинэчилж, дахин бичиж байдаг зохиомол түүх гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тархинд байгаа түүх хүүрнэгч нь би хэн болох, хаанаас гаралтай, хаашаа явж байгаа, яг одоо надад юу тохиолдож байгаа талаар тайлбарлаж байдаг.
21. Бясалгал
Гаднах ертөнцөд бол зовлон нь обьектив нөхцөл биш юм. Энэ бол миний бодлын үүсгэсэн сэтгэлзүйн хариу үйлдэл юм. Бодлоо хянаж сурах нь зовлонг үгүй хийх хамгийн шилдэг, зөв арга юм.
Бясалгал бол бодит байдлаас зугтах арга биш. Энэ бол бодит байдалтай холбогдох арга юм. Өөрийгөө анзаарах нь хэцүү бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс өөрсдийнхөө талаар илүү цогц, адармаатай түүх бүтээдэг учир үнэндээ би хэн бэ гэдгээ мэдэх нь улам хэцүү болж байдаг. Хэрэв бид өөрсдийгөө олж мэдэхийг үнэхээр их хүсвэл тэгж чадах нь гарцаагүй. Яг одоо ингэх нь улам бүр чухал болж байна.