Эрдэм мэдлэг, оюун ухаан, ёс суртахууны чанараараа гавихгүй хүмүүс яагаад өндөр албан тушаал хашаад байдагт заримдаа гайхахаас аргагүй. Гэхдээ үүнд хачин жигтэй зүйл огт байхгүй. Энэ үзэгдлийг “сөрөг шалгарлын” хуулиар тайлбарлаж болно.
Олиггүйн мэдрэмж
“Үндэстний манлайлагчид” гэж нэрлэж яав ч болохооргүй хүмүүс яагаад засгийн эрхэнд гарчихаад байдаг вэ гэсэн асуултад хариулахын тулд сэтгэл судлалын шинжлэх ухаанд хандая. З.Фройдын бичсэнээр эрх мэдэлд улайран шунах нь нийгмийн хүрээлэгч орчноос айж мэгдсэн, хэнд ч хэрэггүй болж хаягдсан мэт хуурмаг мэдрэмжээс бий болдог солиорлын нэг хэлбэр аж. Ийм хүн эрх мэдэлд хүрэхэд заавал хэн нэгнийг эрхшээлдээ байлгаж биеийн хүчээр эсвэл сэтгэл зүйн хэлбэрээр дарлах хэрэгтэй болдог гэж Фройд бичжээ. Харин сэтгэл судлаач Альфрэд Адлер энэ санааг улам лавшруулан эрх мэдлийн шунал нь “олиггүйн мэдрэмж” буюу “би бусдаас дор” гэсэн гутранги үзлээс эхтэй гэж үзжээ. Байнгын доромжлол, гадуурхал зэрэг сэтгэл зүйн дарамтанд тодорхой хугацаанд байсан хүний сэтгэц тэрхүү дарамтнаасаа чөлөөлөгдөх үед алдсанаа нөхөх гэсэн хэтэрхий туйлширсан механизмыг ажиллуулж эхэлдэг бөгөөд энэ нь бусдыг эрхшээлдээ байлгах хүчтэй хүслээр илэрч гардаг. Гэхдээ Адлерын хэлснээр энэ хүсэл нь хэзээ ч ханадаггүй, эрх мэдэлд хүрсэн тэр хүн өөрийн сэтгэцийн бүх эмгэгийг эргэн тойрныхоо хүмүүс дээр хэрэгжүүлж улам олон асуудлын үрийг тарьдаг.
Эрх мэдлийн шунал бол хүч чадлаас бус сул дорой байдлаас үндэстэй
Өөр нэгэн сонгодог сэтгэл судлаач Эрих Фромм “Эрх мэдлийн шунал бол хүч чадлаас бус сул дорой байдлаас үндэстэй” гэж үзжээ. Түүний бичсэнээр энэхүү сул дорой байдал нь тухайн бие хүний ганцаараа асуудлыг шийдэх, өөрийн хүчээр амьдрах чадваргүй байдгаар илэрч гардаг аж. Нэг үгээр, хүн хэдий чинээ эрх мэдэлд шунана, төдий чинээ бусдаас хараат байх түвшин өндөр.
“Байгалийн шалгарал”
Биологийн ухаанд ашигладаг Дарвины “байгалийн шалгарлын” онол нийгмийн хөгжлийн загваруудад хэрэглэхэд тун тохиромжтой. Ширүүн өрсөлдөөний нөхцөлд хамгийн чухал зорилго бол тэсч үлдэх. Заримдаа ямар ч үнээр хамаагүй. Ийм тохиолдолд тухайн хүнийг зохимжгүй нөхцөл байдалд дасахад хориг болдог ёс суртахууны хүчин зүйлс чухал байхаа больж, заримдаа өнгөрсөн амьдралаас үлдэж, хоцрогдсон зүйл төдий болж хувирдаг. “Сөрөг шалгарал” хэмээх нэр томъёог анх удаа нэвтрүүлсэн социологич Питирим Сорокин эрх мэдэлд амь тавьж буй хэсэг хүмүүсийг “мэдрэмжийн соёл”-оо алдсан гэж тодорхойлжээ. Түүний үзэхээр “Эрх мэдэлд хүрч таашаал эдлэх хүсэл нь тухайн хүнийг оюун ухаан, мэдрэлийн систем нь хорьж дийлэхээ байх хүртэл сэтгэцийн болоод ёс суртахууны тэнцвэрийг нь алдагдуулдаг хүчтэй” аж. Энэ доройтлыг хориглож чадах нь зөвхөн хатуу итгэл үнэмшил, ёс суртахууны зарчмууд.
Гэхдээ тухайн хүнд ёс суртахууны хэмжүүр төлөвшөөгүй, хүний эрх, аливаа зүйлд байдаг хэм хэмжээний талаар ойлголтгүй бол бусдын эрх ашгаар тоглоход нь юу ч саад болж чадахгүй.
“Хязгааргүй хүсэл, шуналаас өөр ч юу байхгүй” гэж Сорокин бичжээ.
Эрх мэдлийн “сөрөг шалгарлын” үзэгдлийг судалсан орчин үеийн социологчид тайлбарлахдаа сөрөг шалгарал нь ёс суртахууны доройтол гэхээсээ илүү хуучин цагт тусгай албадын туршиж хэрэгжүүлсэн бодлогын уламжлал гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Тусгай албадын практикт тухайн тагнуулчийг булхайгаар нь шантаажлан хүссэнээрээ удирдаж “дөнгөлөх” аргыг эртнээс хэрэглэж ирсэн. Харин улс төрд энэ нь авлигажсан түшмэл эсвэл өмнө нь гэмт хэрэг хийж байсан овжин нөхдүүд байдаг. Гэмтэй хүнийг удирдахад амар, дуулгавартай. Ийм “удирдагч” мэргэжлийн болоод ёс зүйн хувьд сайн гэхэд маш хэцүү. Энэ жишээ “өнгөт” хувьсгалын дараа засгийн эрхэнд гарсан тоглоомын засгийн газрууд дээр тод харагддаг ажээ.
Миний удирдлаганд мулгуу хүмүүс байх ёстой
Олон эрх баригч, тэдгээрийг хүрээлсэн дарга нар “сөрөг шалгарлыг” төрийн дээд эрх мэдэлд олонтаа хэрэгжүүлдэг. Тэдний гол зорилго нь доодох бүтцүүдээ сулруулах. Ингэснээр тэд нэгдүгээрт удирдлаганд нь буй цалгай назгай хүмүүстэй харьцуулахад ашигтай талыг эзэлж, хоёрдугаарт боломжит өрсөлдөгчдөө намнаж нэг сумаар хоёр туулай буудахыг хичээдэг. Оросын Стратегийн соёлын Сангийн судлаач Дмитрий Седовын үзэж буйгаар энэ шинж тоталитар системүүдэд, тэр дундаа хуучин Зөвлөлтөд илүү хамаатай.
Хамтаар хор найруулах
Сөрөг шалгаралд хамгийн хүчтэй нь хувь хүний зорилго байдаг ч энэ нь хамтаар хор найруулах хэлбэрээр их илэрдэг. Шунасан эрх мэдэлдээ хүрсэн хүн өөрийн хувийн сонирхлын эзэн гэхээс илүү өөрийг нь өндөрлөгт гаргасан системийн золиос болж эхэлдэг. Нийгэмд либерал үнэт зүйлс ноёлж буй цагт “сөрөг шалгарлын” хамтарсан хэлбэр сул байдаг. Харин тоталитар дэглэмд бүрэн илэрдэг. Сорокины бичсэнээр “Нийгмийн амьдралд эрс өөрчлөлт гарч буй үед шилдгүүд бус, харин энгийн сэдлээрээ олон нийтэд уусдаг, хүчтэй хүсэл тэмүүллээр ялгардаггүй дунд зэргийн хүмүүс хамгийн сайн дасан зохицох чадвартай байдаг”. Ийм нөхцөл нь дарангуйлагч, дураар дургигчид бий болох таатай хөрс болж, тэдгээр нь ёс суртахууны хэмжүүрээс татгалзах эсвэл улс төрийн сүйрэлд орохын аль нэгийг сонгох болохоороо эхнийхийг нь сонгодог.
Эрх мэдлийн шунал
Нобелийн эдийн засгийн шагналт Фридрих Хайекийн үзэж буйгаар аль ч тоталитар дэглэмийн гол уриа бол “Зорилго нь арга замаа зөвтгөнө” гэсэн томъёолол. Тэрбээр дарангуйлагч, дураар дургигчид амжилт олох гурван нөхцлийг нэрлэжээ.
- Ард түмэн хэдий чинээ боловсролтой, ухаалаг байна төдий чинээ тэднээс нэгдмэл дэмжлэг авахад хэцүү. Тиймээс дарангуйлагчийн хувьд хүн амын оюун ухаан, ёс суртахууны хувьд доогуур тэр хэсэгт дэмжлэг олж, аль болох олон хүний тархинд бүдүүлэг үнэт зүйлс, дур сонирхлыг суулгаж өгөхийг хичээдэг.
- Хөнгөн хуумгай, дуулгавартай, өөрөөр хэлбэл үнэт зүйлийн ямар ч тогтолцоог хүлээж авахад бэлэн хүмүүсээс дэмжлэг хайх нь үр дүнтэй. Өөрийн үзэл бодол, байр суурийг тэдэнд үргэлж чангаар давтах хэрэгтэй.
Хүмүүсийг эерэг бус сөрөг зүйлс дээр нэгтгэхэд хялбар. Тиймээс хүний мөн чанартай нь харьцах хэрэгтэй. Америкийн нэгэн эдийн засагч эрх мэдэлд дургуй хүн засгийн эрхэнд байж болох эсэх тухай тайлбарлахдаа “Ийм байх магадлал нь сайн санаат хүн тариан талбайд боолуудын харгалзагч байхтай тэнцүү” гэж ёжтой хэлжээ.