Хүний амьдрал, байгууллагын амьдрал зарим талаар төстэй. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг шиг бизнесийг анхнаасаа зөв сэдэл, сэтгэлтэйгээр санаачилж, тэр сайн үйлийн төлөө ажиллахдаа эрүүл саруул байлгахад байнга анхаарах хэрэгтэй.
Хүн анхдагч хэрэгцээ болох орон байр, идэх уух, өмсөх зүүхээ шийдэхийн төлөө зүтгэдэг ч үүний төлөө бүхнээ золихгүйгээр юуны төлөө, яах гэж амьдарч буйгаа сайн ойлгоод энэхүү философийн (алсын хараа) дагуу амьдрахад мөнгө төгрөг хөрөнгө оруулалт шаардахгүй. Үүнтэй адил шинэ бизнесээ эхлэхдээ эсвэл арав, хорин жил ажилласан ч бай үнэт зүйлс, алсын хараагаа шинэчлэн томьёолчхоод түүний төлөө зүтгэхэд зөвхөн орлого, ашгийн төлөө өөрийн болон ажилчдынхаа эрүүл саруул байдал, байгууллагын өсөлт хөгжлийг хаяхгүй явж болох юм.
Учир нь алсын хараатай компаниуд өдөр тутмын ажлуудаа хийхдээ уртынхаа том зорилгуудтай холбож чаддаг.
Үүнээс гадна эн тэргүүний санхүүгийн аюулгүй байдлын хажуугаар ажилчид, харилцагчдын сайн сайхан байдал, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, бүтээмж гэх мэт бүхий л асуудлыг тэнцвэртэй авч явах боломжтой болдог.
Үүнийг дэлхийд гайхагдаж буй агуу компаниудын жишээ харуулдаг. Жим Коллинз тэргүүтэй 10-аад судлаач 18 урт наст компанийг тэдний дараагийн 18 шилдэг компанитай харьцуулж 5 жил бичсэн ‘Оршихоор бүтээгдсэн’ номд энэхүү 36 компанийн алсын харааг авч үзсэн байдаг. Тэдний алсын хараа нь сайн байсан тул хэдэн зуун жилээр эрүүл саруул амьдарч, дэлхийд шагшигдсан бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг болохыг олон жишээ, баримтаар харуулсан байдаг. Бизнес эрхлэгчид, захирлууд алсын хараагаа томьёолохдоо энэ номыг уншвал их сайн.
Алсын хараа сайтай, урт наст оршихоор бүтээгдсэн компаниуд үнэт зүйл, үндсэн зорилго, урт хугацааны хүрэх цэг (10,20,30 жил), маркетингийн стратеги, гурван жилийн зураглал зэргээ удирдлагын багаараа тодорхойлдог. Мөн нэг жилийн болон улирал тутмын үйл ажиллагаагаа эдгээрийн дагуу төлөвлөж өдөр тутмын ажлаа хийхдээ Удирдахуйн системийг ажиллуулдаг. Тэгээд энэ системээ байнга арчилж тордон хэн нэгнээс хамааралгүй, өөрөө ажилладаг болтол нь байгууллагын хүчтэй соёлыг бүтээж чаддаг байна.
Тэгэхээр бизнесийг эрүүл, саруул хүчтэй авч явахад удирдагч нар дараах сэтгэлгээ, хандлагыг анхаарах нь тустай:
- Байгууллагын соёлыг бүтээхэд үнэт зүйлсээ тодорхойлох, өөрөө бүрэн итгэх, ажил, амьдралдаа мөрдлөг болгох. Бусдадаа үлгэр дуурайлал болох. Энэ бол хэлэхэд амар ч хийхэд хэцүү зүйлийн нэг. Тиймээс өөртөө өглөө бүр үнэт зүйлээ сануулж тэдгээрээ мөрдөж буйд өөртөө хяналт тавихгүй бол мартаад хаядаг.
- Байгууллагын алсын хараа нь гурван зүйлээс бүрдэнэ. Үнэт зүйл, үндсэн зорилго, 10 жилийн зорилт. Эдгээр бүгд байгууллагад оршин байдаг, удирдлагын багийнхан л харин бүгдээрээ хэлэлцэж бүлээн усаар угааж ил гаргаж ирдэг. Хүн бүр хичээн цаг зав, сэтгэлээ гарган чармайхад эрээд олдоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувдыг атгаад авна. Гэхдээ хамгийн гол анхаарах юм нь олчихлоо гээд баярлаад торгонд боогоод арслантай авдарт хийгээд цоожлохгүй, байнга үүнийг санаж энэ зорилгуудыг өдөр болгоны, цаг минут болгоны үйл ажиллагаа, үйлдэл, бодит хөдөлгөөн болгоно гэдэгт хөнгөн, гэнэн хандаж болохгүй. Энэ бол хамгийн том сорилт бөгөөд танай байгууллагын гэр бүлийн гишүүн мөн л бол эдгээрийг цаг ямагт мартахгүй сэтгэл зүрхэндээ тээж, компанийнхаа ирээдүйг өөрийн ирээдүйтэй холбоно. Үүнд харин эргэлзэн, үл итгэж, эсвэл дотоод ухамсарт нь нийцэхгүй л байгаа бол тэр хүн нэг их удахгүй өөрөө яваад өгнө.
- Бизнесийн удирдагчдад тулгардаг бас нэг сорил бол өнгөрсөнтэйгөө зууралдахгүй байх, дадсан арга барилаас салах, шинэ хэрэгтэй дадал, зуршлыг бий болгох юм. Энэ амаргүй ч боломжтой. Өглөө гараад гүйх нь амаргүй ч гүйгээд байвал баталгаатай турдаг шиг. Хамгийн их мэдлэг, ур чадвартай, хамгийн их борлуулалт хийдэг нэгэн байлаа ч буруу аргаар ажлаа бүтээдэг бол түүнээс салах нь амаргүй, тэрэнгүй компани борлуулалтгүй болчих гээд хэцүү. Гэхдээ чадчихвал компани чинь бүтэн амьсгаатай болж буйг та салж байж л мэдэрнэ. 30 жил энэ компанид зүтгэсэн үнэнч нэгэн хариуцсан нэгжийнхээ өөрчлөлтийг хийж чадахгүй бол түүнийг зөв суудалд тавих эр зориг, ухаан хэрэг болно. Хүн чанар зулгаагаад гэж их ярьдаг ч удаан зулгаавал компани таазаа цохисоор, агууд хүрэх нь мөрөөдөл төдий болно.
- Удирдахуйн систем зөвхөн Монголд төдийгүй, дэлхий дахинд олон мянган компаниудыг өөрчлөн Хэвийнээс Сайн, Сайнаас Агуу ангилалд шилжүүлж байна. Тэд бүгд сэтгэлгээний эдгээр сорилтыг давж чадаж байна. Тэгэхээр систем бүтээхээр шийдсэн бол өөрчлөлтийг өөрөөсөө хийхийг дутуу үнэлэхгүй байгаарай.