Бизнесийн ертөнцөд таныг цэцэрлэгчийн ажил гүйцэтгэж, компаниасаа үхсэн мод, мөчрийг нь тайрч хаяж байхыг Клауд зөвлөж байна. Хугацаа, мөнгө, эрч хүчийг тань сорж буй бүхнийг дуусга. Хасалт нь танд шинэ өсөлтийг авчирна, шинэ өсөлт нь танай компанид шинэ амьдрал бэлэглэх болно. Хасаад, тайраад байгаарай.
Танай компани өнөөдөр хийж байгаа зарим зүйлээ болихгүй бол хүсэж, мөрөөддөг маргааштаа хэзээ ч хүрэхгүй байж магадгүй гэж Хенри Клауд үзэж байна. Амжилт авчирдаг, алдаанаас сэргийлдэг олон янзын төгсгөл болон сургамжууд байдаг агаад энэ бүхний ачаар өдгөө танай компанид тулгарч буй зовлон, асуудлыг дуусгах боломжтой юм.
Төгсгөл: Мууг болих хүртэл сайн эхлэх боломжгүй
Компанийн хувьд аливаа төгсгөл бол эргэлтийг, эсвэл өсөлтийг бий болгоход зайлшгүй шаардлагатай зүйлс юм. Үе нь өнгөрсөн бүтээгдэхүүн эсвэл бизнесийн чиглэлийг компаниуд зогсоодог байх ёстой. Компанийн өнөөгийн эрүүл түвшнийг хадгалахын тулд компанийн захирлууд өчигдрийн сайхан санаа, стратегийг хаяж, компанийг нь ирээдүй рүү хөтлөх зүйлсэд анхаарах хэрэгтэй юм. Энэ нь заримдаа ажилтнуудаа хална гэсэн үг юм. Зарим зүйлийг дуусгах ёстой. Гэхдээ ингэх нь тун хэцүү, тийм биш гэж үү?
Бид яагаад төгсгөлөөс зайлсхийдэг вэ
Хүмүүст төгсгөлөөс зайлсхийдэг хэдэн шалтгаан бий.
- Үл мэдэгдэх зүйлээс айдаг
- Сөргөлдөөнөөс эмээдэг
- Аливаа зүйлээс салах, тэрхүү салалттай холбоотой өвдөлтөөс айдаг
- Хэт олон, хэт өвдөлттэй олон төгсгөлтэй учирч байсан учир дахин нэг тийм төгсгөлөөс айдаг
- Төгсгөлтэй зайлшгүй нүүр тулсан үедээ хэрхэн даван туулахаа мэдэхгүй тулгамдсаны улмаас сэтгэлээр унадаг, хэцүүддэг
- Өмнөх төгсгөлүүдээс суралцаж чадаагүй учир нэг ижил алдаагаа дахин давтсаар байдаг
Бодит шалтгаан
Захирлуудын зарим хувийн зан чанар тэдэнд саад болж байдаг.
Заримдаа тэд шаардлагатай чиглэлдээ явахад бэлэн биш байдаг. Тухайн зүйлийг төгсгөх ёстой гэдгийг бид олж харж чаддаггүй, эсвэл хуурамч найдвар дотроо тээж явдаг. Үүний улмаас өнгөрсөнд үлдээх ёстой байсан зүйлтэйгээ зууралдсаар байдаг. Ялангуяа асуудалтай зүйлсийг заавал төгсгөж байх ёстой. Түүнээс гадна бидэнд цаанаас тулгадаг зайлшгүй төгсгөл, бидний сонгоогүй төгсгөл мөн бидний тийм ч амар даван туулж чадахгүй төгсгөлүүд бий. Үүний улмаас бидний урам хугарч, эсвэл гацаанд ордог.
Хэрэв бид тухайн зүйлийг болихгүй бол цааш улам өсөж дэвжихэд маань саад болдог алдаагаа давтсаар байх болно. Гэвч төгсгөл бол амьдралын бүхий л зүйлсийн хувьд салшгүй нэг хэсэг нь билээ.
Хасах: Шаардлагагүй эсвэл илүүдэл зүйлээс салахаас өсөлт хөгжил шалтгаална
Тодорхойлолт: Хасах – шаардлагагүй эсвэл илүүдэл хэсгийг нь тайрах, хасах замаар аливаа зүйлийн хэмжээ, далайцыг багасгах үйлдэл. Хугацаа, эрч хүч, авьяас, сэтгэл хөдлөл, мөнгө гээд танд буй хязгаарлагдмал нөөцийг ихээр шаарддаг боловч алсын хараандаа хүрэхэд тус болохгүй бизнесийн чиглэлийг хасах ёстой. Жишээлбэл:
- Илүү ирээдүйтэй зүйлд зарцуулж болох байсан эх үүсвэрийг дэмий үрж буй санаачилга
- Тухайн аялал бүтэлгүй, ирээдүйгүй бол
- Тухайн зүйл нэгэнт сүйрсэн нь илт бол
Хасах мөч гэдэг бол тухайн алсын харааг авч үлдэх, эсэх шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээхийг хэлж байгаа юм. Хэрэв авч үлдэх бол түүнийг хасах хэрэгтэй. Хэрэв үгүй бол дундаж гэж бидний нэрлэдэг өөр хувилбарыг ашиглана гэсэн үг.
Жэк Уэлшийн гаргасан стандарт нь хасалтын их олон шинж чанарыг агуулж байдаг. Зах зээл дээрх нэг, эсвэл хоёр дахь том компани байснаар амьд, ургаж буй боловч танай компанийг оргилд хүргэхгүй зарим мөчрийг тасдаж хаях давуу талыг олгодог юм. Ж.Уэлшийн “зас, хаа, эсвэл зар” гэсэн стандарт нь өмнө дурдсан хоёр дахь төгсгөлийг хэлж байгаа юм. Компанид хэзээд “өвчтэй” хэсэг байсаар байх болно. Тийм үед таны үүрэг хариуцлага нь “сөрөг бодит байдлыг хүлээн зөвшөөрөх” байх ёстой. Ажилтнууд дундаас хамгийн бага үнэлгээ авсан 10 хувийг хасах арга нь сайн боловч шилдэг бус, өвчтэй бөгөөд сайжрахгүй байгаа, аль хэдийн үхсэн гэсэн бүх гурван категорийг хамарсан хасалтын хамгийн тодорхой жишээ юм.
Тодорхой зорилготой хасалт хий
Юу хүсэж буйгаа мэдэхгүй бол хасдаг аргыг хэрэглэх боломжгүй. Чухам юу бүтээж, юу хийх гэж буйгаа тодорхойлсны дараа хасах ямар стандартыг хэрэглэх вэ гэдгээ шийдэх ёстой. Тэрхүү шийдвэр болон стандартууд нь танд хасах мөчийг бий болгож өгөх юм.
Хүмүүс заримдаа хасах зарчмыг зардлаа бууруулах, боловсон хүчнний тоог цөөлөхтэй дүйцүүлж авч үздэг. Гэхдээ зардлаа бууруулах нь хасалттай нийцэхгүй өөр арга бөгөөд харин нийцнэ гэж хэлж буй хүнийг захирал бус менежер шиг сэтгэж байна гэж ойлгох хэрэгтэй. Компани маань ямархуу байх ёстойг мөн алсын хараандаа хүрэхэд саад болж байгаа сайн, муу, эсвэл үхсэн ямарваа зүйлийг хасах талаар ярьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Төгсгөлийг дадал болгох
Аливаа зүйлийг дуусгах, төгсгөх процессыг асуудал бус харин хэвийн зүйл, бизнесийн нэг хэсэг гэж ойлгож сурах хэрэгтэй. Тэгж сэтгэж сурсан цагт л аливаа зүйлийг дуусгах цаг ирэхэд түүнийг эергээр хүлээж авч чадах юм. Өөрөөр хэлбэл, энэ нь таны тархи хэрхэн ажилладагтай ихээхэн холбоотой юм.
Амьдралын мөчлөг, улирлыг хүлээн зөвшөөр
Та бизнесээ эхлүүлж, үрслүүлсэн нь Эхний улирал юм. Таны бизнес үндэслэж эхлэх нь хоёрдугаар улирал болно. Танай компани хурдан томрох нь гуравдугаар улирал, харин компанийн үйл ажиллагаа тэгширч, хэвийн болох нь дөрөвдүгээр улирал юм. Нэгээс нөгөө улиралд шилжиж, өсөж хөгжихөд ялгаатай үйлдэл хэрэгтэй гэдэг нь тодорхой байгаа болов уу. Гэхдээ шаардлагатай хасалтыг хийхгүй бол Тавдугаар улирал эхэлж, бүх зүйл уруудаж мэднэ.
Амьдрал хэт ихийг бүтээдэг гэдгийг хүлээн зөвшөөр
Гүйцэтгэл өндөртэй хүмүүс нь их олон харилцаа, их олон үйл ажиллагааны төв болж байдаг нь үнэн юм. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ харилцаа болон ажлын маш өргөн сүлжээтэй эдгээр хүмүүс нь зарим харилцааг үүсгэхгүй байхдаа маш сайн, зарчимч байдаг нь үнэн юм. Тэд өөрт шаардлагагүй зарим ажил, харилцааг дуусгадаг, эсвэл эхлүүлдэггүй. Ухаантай компаниуд харилцагчдаа хасаж, маш бага эх үүсвэрээр хамгийн их ашиг өгөх харилцагч нарт л анхаардаг.
Эмчлэх боломжгүй өвчин, муу зүйл байдгийг хүлээн зөвшөөр
Та яаж ч хичээсэн өөрчлөгдөхгүй хүмүүс мөн сүйтгэгч байх төрөлхийн сонирхолтой хүмүүс байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөх юм бол төгсгөл хийхэд хэрэгтэй шийдвэр гаргах нь танд хялбар болно. Тийм хүмүүстэй таараад гайхаж, үл итгэхийн оронд та өөрөөсөө “би юутай харилцаж байна вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг болно. Үүнтэй адилаар зарим бизнес, стратеги, алсын хараа, тактик, бүтээгдэхүүнийг дахин сэргээх боломжгүй байдаг учир хаяхаас өөр аргагүй болдог юм. Үхсэн морийг босгох гэж нүдэх хэрэггүй, эсвэл хөл нь хугарсан морийг унах гэж зовох шаардлагагүй. Дуусгаад, цагаан тугаа өргөөд урагшил.
Хасах мөчийг эхлүүлэх
Бодит байдалтай нүүр тулах нь амжилтад хүрэх хамгийн гол шаардлагын нэг төдийгүй хасах мөчийг хэрэгжүүлэх нэг чухал алхам билээ. Бодит байдлыг хүлээн зөвшөөрснөөр тухайн зүйлийг хасах, дуусгах ёстой гэсэн ухаарлыг төрүүлэхээс гадна хэцүү шийдвэр гаргах зоригийг өгөх юм. Бусад үед хэцүү мэт санагдах зүйлийг хийх эрч хүчийг танд өгнө гэсэн үг.
Бодит байдлыг үл хүлээн зөвшөөрөх зангаа орхих юм бол та удтал зайлсхийж ирсэн үйлдлээ хийх асар их эрч хүчтэй болж, таныг удтал гацааж байсан амаргүй байдлаас гаргана. Эхлээд цочирдож, урам хугарах боловч та нүцгэн үнэнийг олж харснаар уг зүйл нь таныг ямар ч үр дүнд хүргэхгүйг ойлгож, улмаар өөрчлөлт хийхэд хөтлөх юм.
Том өөрчлөлтийг өдөөгч: Найдвараа алдах
Итгэл найдвар бол хорвоогийн хамгийн хүчирхэг хүч чадлын нэг билээ. Найдвар байгаа цагт бид юуг ч даван туулж, ихийг бүтээж чадна. Товчоор бол найдвар биднийг урагш хөтөлдөг. Чухам энэ нь асуудал юм. Тааруу нөхцөл байдлыг урт удаан хугацаанд тэвчихэд хүргэдэг зүйл бол найдвар.
Тиймээс бодитой бус хуурамч итгэл найдвар нь бүх зүйлийг сүйтгэж болох юм. Хэрэв үүнийг ойлгох юм бол бодит байдалд суурилсан, хүссэн үр дүнд, амжилтад хүргэх өөр бодитой арга замыг та олж чадна. Тухайн итгэл найдвар маань хий хоосон хүслээс өөр юу ч биш гэдгийг ойлговол түүнийг шууд мартах хэрэгтэй. Ердөө л хүсэл төдий найдвартайгаа зууралдсаар байх нь бодит байдлыг ухаарч чадахгүй байгааг л харуулах юм. Маргааш өнөөдрийнхөөс өөр байна гэсэн бодитой итгэл найдвар мөн эсэхийг шалгах долоон хүчин зүйлийг танд танилцуулъя:
- Өөрчлөлтийн нотлогдсон процесст хамаардаг – найдвартай байдлыг нь баталгаажуулах боломжтой өөрчлөлтийн ямар нэг процесс байна уу?
- Нэмэлт бүтэц – Шинэ бүтэц бий болгохгүй л бол хүмүүс ихэнхдээ өөрчлөгддөггүй
- Хяналтын системүүд – Энэ бүхэн болж байгааг хэрхэн мэдэх вэ?
- Шинэ туршилт, ур чадварууд – Шинэ мэдээллээс гадна ирээдүйг өөрчлөхөд өөрсдөд нь юу хэрэгтэй вэ гэдгийг харуулсан шинэ туршилт, үйл явдлын ачаар хүмүүс өөрчлөгддөг
- Өөрийгөө тэтгэх сэдэл – Хэн нэгний өөрчлөлт ирээдүйтэй эсэхэд найдах үгүйгээ яаж мэдэх вэ? Тус процесст хэр хэмжээгээр нөлөөлж байгаа вэ гэдгээ анзаарахад болно.
- Хэрэгцээг хүлээн зөвшөөрөх – Үнэхээр өөрчлөгдөнө гэсэн итгэлтэй болохын тулд танд асуудал тулгарсан, асуудал бий гэдгээ ойлгох ёстой
- Дэмжлэг – Өөрчлөгдөж, өсөх хүслийг маань дэмждэг хүмүүсээр хүрээлэгдсэн цагт өөрчлөлт явагдана
Эсэргүүцэл: Дотоод болон гадаад саадтай хэрхэн тэмцэх вэ
Гацаанаас гарах нь ямар ч зүйлийн хувьд нэн чухал юм. Тохиромжгүй хүслийнхээ улмаас бид их олон удаа ямар нэг зүйлд гацаж орхисон байдаг. Жишээлбэл:
- Багаа урагшлуулах хүсэл байгаа ч үүнээс урган гарч ирэх зөрчил, маргаантай зууралдмааргүй байдаг
- Ашгийн хэмжээгээ нэммээр байгаа ч арай бага маржинтай хуучин бараа маань надад таалагддаг хэвээрээ байгаа
- Энэ албан тушаалд сайн гүйцэтгэлтэй хүн томилмоор байгаа ч хүмүүстэй сайн харилцдаг Сюзигийн ур чадвар хэрэгтэй
- Багийнхантайгаа байнга уулзмаар байгаа ч гэрээсээ ажилламаар байна
- Компанидаа өндөр бүтээмжтэй ажилламаар байгаа ч гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлмээр байна
Ялахын тулд бид зарим зүйлээ өөр зүйлээр солиход бэлэн байх ёстой. Тиймээс ямар нэг зүйлийг төгсгөх гэхээр тэрхүү хүслийг эсэргүүцсэн саад гарч ирээд байгаа бол яг ямар хоср хүсэл зөрчилдөөд байгааг эхлээд олж тогтоо. Улмаар зөвхөн нэгийг нь сонгох ёстойг хүлээн зөвшөөрөөд өөрөөсөө “Нэгийг нь авч үлдэхийн тулд би алийг нь алдахад бэлэн байна вэ” гэж асуу.
Өөрийгөө сонгохын ид шид
Ихэнх хүн муу залуугийн дүрд орохыг, хэн нэгнийг халахыг эсвэл тухайн хүнээ “хангалттай сайн биш” гэж хэлэхийг хүсдэггүйн улмаас хийх ёстой хасалт, төгсгөлийг хүмүүс хийдэггүй. Ингэх нь гэмшил төрүүлж, харилцааны динамикийг муутгадаг.
Ийм үед өөрийгөө сонгох нь хамгийн зөв юм. Ямар ч хүнтэй харилцаж байсан гэсэн өөрийн хүссэн зүйлийнхээ стандартыг тогтоохыг ингэж хэлж байгаа юм. Улмаар тухайн хүн таны тогтоосон стандартад хүрэх эсэхээ шийдэх ёстой. Тэр хүн өөрөө шийдвэр гаргана гэсэн үг. Хэрэв та ийм стандарт тогтоох юм бол хүмүүстэй харилцах тал дээр өөрийн гэсэн дүрмийг зохиолоо гэж ойлгож болно. Хүлээн зөвшөөрөх эсэх нь нөгөө хүний л асуудал болно. Заримдаа тэд хүлээн зөвшөөрөх байх, харин заримдаа тэгэхгүй. Аль нь ч байлаа гэсэн та хасалтаа хийснээс гадна хэн нэгнийг эвгүй байдалд оруулалгүй үлдэж чадна.
Эх үүсвэрийг юу шавхаж буйг ойлгох
Таныг туйлдуулж эсвэл таныг хүнд байдалд оруулсан ямар нэг зүйлийг хийж байгаа бол түүнийгээ болих хэрэгтэй. Яагаад? Тэгэхгүй бол та үрэгдэж дуусна. Зарим жишээ:
- Гүйцэтгэх захирал эсвэл босс нь ур чадвар, боломжоос нь хэтийдсэн стратегийн төлөө ажилтнуудаа дайчилснаар тэдний урам зориг хугарч, ядарна
- Компанийн эзэн өөрийн үүсгэн байгуулсан стартапыг амжилтад хүргэхийн тулд морь нохой мэт ажилласны эцэст байнга өвддөг болно
- Бусдадаа сөргөөр нөлөөлөх боломжийг муу ажилтандаа гүйцэтгэх захирал эсвэл менежер нь олгосноор цаг хугацааны явцад бүх ажилтан нь хүсэл тэмүүлэлгүй болж хувирна
- Төсөл гараанаас амжилттай гарсан ч зардал нь төлөвлөснөөс хэтэрч, зардал улам хурдтай, улам аюултайгаар нэмэгдэнэ
- Ашиг олно гэсэн итгэлээр компани улам их өр тавих бөгөөд хэдий өр нь нэмэгдсээр байгаа ч эргэлтийн цэг удахгүй ирнэ гэж найдсаар байна
Өөрийгөө болон өөр бусад эх үүсвэрийг үргэлжлүүлэн “үрсээр” байх нь танд болон бусдад хор хохирол учруулахыг эдгээр жишээ харуулж байна. Эдгээр нь урт хугацаанд үргэлжлэх боломжгүй нөхцөл агаад аль нэг зүйлийг, эсвэл өөрийгөө, эсвэл бизнесээ чөлөөлөх замдаа орсныг харуулах юм. Ийм зүйл болж байвал та анзаарахгүй өнгөрч болохгүй.
Дүгнэлт
Бизнесийн ертөнцөд таныг цэцэрлэгчийн ажил гүйцэтгэж, компаниасаа үхсэн мод, мөчрийг нь тайрч хаяж байхыг Клауд зөвлөж байна. Хугацаа, мөнгө, эрч хүчийг тань сорж буй бүхнийг дуусга. Хасалт нь танд шинэ өсөлтийг авчирна, шинэ өсөлт нь танай компанид шинэ амьдрал бэлэглэх болно. Хасаад, тайраад байгаарай.