– Business.MN сэтгүүлийн 2024 оны 05 дугаар сарын дугаар (№66) -т хэвлэгдсэн нийтлэл –
“М-Си-Эс Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн манлайлагч байхыг зорьж, бүхий л үйл ажиллагаандаа 3R (Reduce, Recycle, Reuse) буюу бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах зарчмыг баримталж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа бизнесийн ертөнцөд Doing Well by Doing Good буюу утгачилбал “Сайныг бүтээхдээ сайн сайхныг бүтээхүй” гэсэн үзэл санаа хүчээ авч байгаа. Энэ нь бизнесийн байгууллага зөвхөн ашигт ажиллагааны төлөө биш, нийгэм, байгаль, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө бас ажиллах ёстой гэсэн үг юм.
Тиймээс салбараас үл хамаарч аливаа бизнес байгаль, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулах нь тухайн бизнес урт удаан оршин тогтнох, өрсөлдөх чадвартай байх үндсэн нөхцөлүүдийн нэг болж байна. Ингэж ажиллахад НҮБ -ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилт үндсэн чиг шугам болж өгдөг.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бизнесийнхээ язгуур зарчим болгосон компани манай улсад тийм ч олон биш, үндэсний хэмжээний цөөхөн аж ахуйн нэгж Тогтвортой хөгжлийн тайлан гаргадаг болсон. Ийм ногоон манлайлагчдын нэг болох “М-Си-Эс Кока-Кола” компанийн Тогтвортой хөгжлийн туршлагыг тоймлолоо.
Тус компани ирэх таван жилийн стратеги төлөвлөгөөндөө зургаан үндсэн зорилт томьёолсны нэг нь “Тогтвортой хөгжлийн манлайлагч” болох юм. Ингэхдээ тэд Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 13-т нь хамаарах ажлыг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлж буйгаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-даа бичжээ.
Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд 3R (Reduce, Recycle, Reuse) буюу бууруулах, дахин боловсруулах, дахин ашиглах зарчмыг баримталж байна. Үүнд “Хүлэмжийн хийг 25 хувиар бууруулах” зорилт багтаж байгаа юм.
Reduce – бууруулах
Хүлэмжийн хий. Монгол Улсын хувьд, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа (ХХЯ) 22.7 хувиар бууруулах үүрэг, амлалтыг дэлхий нийтийн өмнө өгсөн. Энэ үйл хэрэгт аж ахуйн нэгжүүдийн оролцоо амин чухал. Хүлэмжийн хийг бууруулахад аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлаа (ХХЯ) эхлээд хэмждэг, тооцдог, улмаар тайлагнадаг байх шаардлагатай. Нэг үгээр, компанийн түвшинд хүлэмжийн хийн менежментийн тогтолцоо, том зургаараа бол ХХЯ-ын экосистем ажиллах хэрэгтэй гэсэн үг.
Хэдийгээр ХХЯ-ыг хэмжиж, тооцох, тайлагнахыг хуулиар үүрэг болгоогүй ч “М-Си-Эс Кока-Кола” компани 2021 оноос хүлэмжийн хийн ялгарлаа хэмжиж, тайландаа тусгасаар ирсэн.
Хэдийгээр ХХЯ-ыг хэмжиж, тооцох, тайлагнахыг хуулиар үүрэг болгоогүй ч “М-Си-Эс Кока-Кола” компани 2021 оноос ХХЯ-аа хэмжиж, тайландаа тусгасаар ирсэн. Тус компанийн үйлдвэрлэлд суурин байгууламж, хөргөх, хөлдөөх, агааржуулах байгууламж, явах машин механизм нь ХХЯ-ын 65 хувийг шууд байдлаар, харин худалдан авсан цахилгаан эрчим хүч үлдсэн 35 хувийг шууд бус байдлаар үүсгэдэг. Энэхүү ялгарлыг бууруулахын тулд үйлдвэрлэлийн шат дамжлага бүрд төрөл бүрийн ногоон шийдэл нэвтрүүлсээр байна. Тухайлбал, 2014 онд ашиглалтад оруулсан агуулахдаа батерей цэнэглэх хэсэг суурилуулж, ингэснээр авто ПО буюу цахилгаан сэрээт өргөгч ажиллуулах болсон байна. Мөн 12 мянган орчим хөргөгч, хөргөлтийн тоног төхөөрөмжийн 73 хувь нь байгальд ээлтэй хөргөлтийн бодис агуулсан шийдэлтэй. Түүнчлэн агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй хийн зуухыг ашиглалтад оруулж, түүхий нүүрсний хэрэглээг халсан нь хүнсний салбарт анхдагч болж, ХХЯ-ыг жилд 4800 тонноор бууруулах боломжтой болжээ. Түүнээс гадна Европоос сав үлээх болон хөдөлгүүрт зарцуулах энергийн хэмнэлттэй долоодугаар шугамыг 2021 онд суурилуулсныг дурдах хэрэгтэй.
Усны хэрэглээ. “М-Си-Эс Кока-Кола” компанийн бууруулах үзэл баримтлалын дараагийн чухал чиглэл бол усны хэрэглээ юм. “М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн үйлдвэрийн усны хэрэглээг бууруулах ажлыг олон жилийн өмнөөс эхлүүлсэн. Жишээлбэл, нэг литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг 2005 онд 5.1 литр болгосон бол 2023 онд хоёр литр болгож улсын дунджаас зургаа дахин бага ус зарцуулдаг болжээ. Харин улсын дунджаар нэг литр ундаа үйлдвэрлэхэд дунджаар 12 литр ус зарцуулдаг гэж бодоход хоёр литр гэдэг бол үндэсний төдийгүй бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт юм. Цаашдаа, стратеги зорилтын нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх усны зарцуулалтыг 1.7 литр болгохоор ажиллаж байна.
Энэ мэтчилэн байгуулагдсан цагаасаа “Усны үр ашигтай хэрэглээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр усны хэрэглээг сүүлийн 10 жилийн хугацаанд 17 хувиар, өнгөрсөн жилтэй харьцуулахад таван хувь бууруулж чадсанаа Тогтвортой хөгжлийн тайландаа онцолсон байна.
Recycle – дахин боловсруулах
Хуванцар. Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгддэг. “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн судалгааны тайланд бичсэнээр 2021 оны байдлаар Улаанбаатар хотоос жилд дунджаар 258 мянган тонн хуванцар хог хаягдал гарч байжээ. Энэ нь тойрог эдийн засгийн онолоор бол хот суурины хог хаягдлын нөөцөд тулгуурласан хот уурхай (Urban Mining) -н баялаг юм.
2023 онд нийт борлуулсан PET-1* тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний хуванцар савны 40 хувийг буцаан цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгчээ.
Тиймээс “М-Си-Эс Кока-Кола” компанийн стратегийн хүрээнд хэрэгжүүлэх өөр нэг чухал зорилт бол “Хуванцрын хаягдлыг дахин боловсруулах …” юм. Энэ чиглэлд нэгэн том бүтээн байгуулалт хийсэн нь 2021 онд 17 сая ам.долларын өртгөөр бүтсэн, хуванцар дахин боловсруулах ТML үйлдвэр.
Уг үйлдвэр нь жилд 27 мянган тонн хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай. TML үйлдвэр хоёр үе шаттай үйл ажиллагаа явуулдаг. Эхний үе шатанд хуванцрыг олон шат дамжлагатай угааж цэвэрлэн хэрчих бөгөөд хэрчдэсийг өндөр температурт хайлуулан, талсжуулж түүхий эд буюу мөхлөг үйлдвэрлэнэ. Мөхлөгөөр нэхмэлийн утас, гялгар хавтас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэсэн мөхлөгийнхөө тодорхой хувийг экспортолж буй. Харин хоёр дахь шатанд хүнсний саванд хэрэглэх боломжтой rPET мөхлөг үйлдвэрлэж, дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлдэг байна.
Нөгөө талаар, хуванцар дахин боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад хуванцрын ангилан ялгалт гол үүрэгтэй. Тиймээс “М-Си-Эс Кока-Кола” нь хуванцар хаягдлыг ангилж ялгах дадлыг орон даяар хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” хэмээх кампанит ажлыг өрнүүлсэн нь хуванцрыг “эргүүлэн татах” том үлгэр дуурайлал болж байна. Тухайлбал, 2023 онд нийт борлуулсан PET-1* тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний хуванцар савны 40 хувийг буцаан цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүлээлгэн өгчээ. Түүнээс гадна 2014 оноос эхлэн сав, баглаа боодлынхоо жинг бууруулж, нийт 387 тонн хуванцар хэмнэжээ. Тэр дундаа, Bonaqua усны бүх төрлийн савлагаа, савны жинг бууруулж, 2023 онд нийт 48 тонн хуванцар хэмнэсэн байна.
*Бидний хэрэглэдэг ус, ундаа, ургамлын тос, шампунийн сав зэрэгт бүгдэд нь хуванцар савны тэмдэглэгээ байдаг. Энэ тэмдэглэгээ нь дахин боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ус, ундааны хуванцар савны олон улсын таних тэмдэг нь PET-1.
Түүгээр барахгүй хуванцар цуглуулж, тээвэрлэлтийг хариуцан үйлдвэрт нийлүүлэх зорилготой TML компани дэргэдээ SESL Smart Solution охин компанийг байгуулж, одоогоор түүхий эд хүлээх авах гурван цэг Улаанбаатарт, нэг цэг Дарханд ажиллаж байна. Энэ мэтээр “М-Си-Эс Кока-Кола” нь хуванцар дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлж байна.
Ус дахин боловсруулах. Дахин боловсруулах үйл ажиллагааны дараагийн том хэсэг мөн л устай холбогдоно. Монгол орон бол газрын гүний усны нөөц нэн багатай (нийт усны нөөцийн 1.91 хувь) орнуудын нэг. Тэгсэн хэрнээ тэр жаахан нөөцөөрөө тансаглаж, машинаа угааж, суултуураа зайлдаг. Товчхондоо, 99.4 хувийг үйлдвэр, үйлчилгээнд хэрэглэж, их хэмжээний хаягдал ус бий болгодог. Дэлхий дахинд хаягдал усны 80 хувийг дахин цэвэршүүлэхгүйгээр хаядаг бөгөөд энэ нь голдуу хөгжиж буй орнуудад байдаг хандлага. Харин хөгжингүй орнуудад хэрэглэж буй усныхаа 70 хүртэлх хувийг дахин цэвэршүүлэх дэд бүтцээ хөгжүүлж чадсан бол хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт наймхан хувьтай байдаг ажээ. Ерөнхийдөө, Монгол оронд усны үр ашигтай хэрэглээний соёл, хаягдал ус дахин боловсруулах дэд бүтэц дөнгөж л хөгжиж эхэлж байгаа.
Тэгвэл ийм дэд бүтцийн эхлэл болгож “М-Си-Эс Кока-Кола” компани хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг аль 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд энэ нь хоногт 2000 тонн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ бол хаягдал ус цэвэршүүлэх хүнсний салбар дахь хамгийн анхны санаачилга. Тус компани жилд дунджаар 180 мянган тонн хаягдал усыг 99.9 хувь цэвэршүүлдэг, цэвэршүүлсэн усанд нь загас хүртэл амьдрах боломжтой гэдгийг дурдах хэрэгтэй.
Reuse – дахин ашиглах
Тойрог эдийн засаг. Эх дэлхийд биднийг нэг жилийн хугацаанд тэжээж, зарцуулсан нөөцөө нөхөн сэргээх хүчин чадал гэж бий. Гэвч одоогоос 24 жилийн өмнө, 2000 оны есдүгээр сард хүн төрөлхтний түүхэнд нэгэн гунигтай өдөр тохиосон юм. Тодруулбал, энэ өдрөөс хойш хүмүүсийн нэг жилд авч ашиглаж буй био нөөцийг эх дэлхий маань тэр жилдээ нөхөн сэргээж чадахаа больсон. Тиймээс жилийн био нөөц барагдах өдрийг “дэлхий нөөцөө дууссан буюу экологийн өрийн өдөр” (Earth Overshoot Day/Ecological Debt Day) болгон зарладаг болсон. Энэ өдөр улам л наашилсаар байгаа. 2019 онд долоодугаар сарын 29-нд байсан бол 2020 онд цар тахлын нөлөөгөөр наймдугаар сарын 22 болж цаашилсан. Гэвч үйлдвэрлэл эргээд сэргэсэн учир буцаад наашилж 2024 онд бүр долоодугаар сарын 24-нд энэ өдөр ирэхээр байна.
2000 оны есдүгээр сард хүн төрөлхтний түүхэнд нэгэн гунигтай өдөр тохиосон юм. Тодруулбал, энэ өдрөөс хойш хүмүүсийн нэг жилд авч ашиглаж буй био нөөцийг эх дэлхий маань тэр жилдээ нөхөн сэргээж чадахаа больсон.
Хамгийн харамсалтай нь, энэ хэвээрээ явбал 2030 он гэхэд бидэнд хоёр дэлхий шаардлагатай болно. Хэрэв бүх хүн европчууд шиг амьдарвал гурав, хойд америкчууд шиг амьдарвал тав, монголчууд шиг амьдарвал дөрвөн дэлхий шаардлагатай болох учир хүн бүр амьдралын хэв маягтаа, аж ахуйн нэгж бүр үйл ажиллагааны арга барилдаа тойрог эдийн засгийн зарчмыг хэрэглэж эхлэх нь оршихуйн асуудал болж байна.
“М-Си-Эс Кока-Кола” компанийн хувьд тойрог эдийн засгийн концепцид нийцэх цөөнгүй санаачилга хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, стратеги төлөвлөгөөндөө “ хуванцрыг боловсруулж… дахин ашиглах замаар нийт бүтээгдэхүүний 28 хувийг дахин боловсруулсан савлагаатай болгох” зорилт тусгасан. Мөн 2002 оноос байгальд ээлтэй шилэн савлагааг нэвтрүүлж жилд 1850 шилийг дахин ашигладаг болсноор дахин эргэлт 97 хувьд хүрчээ.
Цэвэршүүлсэн усны хувьд хэрэглээ хангалттай биш, цэвэршүүлсэн усны тавхан хувийг цөөн тооны байгууллага бетон зуурмаг, машин угаалга, хот тохижилт, ногоон байгууламжийн зорилгоор ашиглаж байгаа ч олон салбарт цэвэршүүлсэн усны асар их хэрэгцээ бий. Учир нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа батлахдаа 2030 он гэхэд хаягдал усныхаа 60 хувийг дахин цэвэршүүлдэг болох зорилго тавьсан байна.
– Business.MN сэтгүүлийн 2024 оны 05 дугаар сарын дугаар (№66) -т хэвлэгдсэн нийтлэл –