Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, цахим аймаг бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэд, олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо – MOSA”, CIO Club Mongolia болон ЦХХХЯ, харьяа байгууллагууд хамтран Digital first арга хэмжээг “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 50 гаруй хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Нийт оролцогч байгууллагыг технологийн чиглэлээр нь ангилбал, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн систем, программ хангамж хөгжүүлэгч 16, мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ болон сургалтын зургаа, мэдээллийн системийн удирдлага, менежментийн долоо, систем, дэд бүтцийн чиглэлийн 15 компани тус арга хэмжээнд оролцсон юм.
Байгууллагууд орон нутагт өөр өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр хэрэглэгч татах, одоогийн хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажиллаж, уг арга хэмжээнд MOSA -ийн оролцоотой дараах таван үндсэн үйл ажиллагааг зохион байгуулав.
- “Технологийн дэвшил, мэргэжил сонголт” – Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан сургалт
- “Дижитал шилжилт – бизнесийн орчин” – Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан сургалт, танилцуулга
- “Speed date – Түргэн болзоо” – Төрийн үйлчилгээг хамтдаа цахимжуулъя, уулзалт
- “Цахимд хэвшье” экспо
- “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт
Энэ хүрээнд MOSA -ийн гүйцэтгэх захирал Б.Тамир миний бие төрийн үйлчилгээний байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудад “Цахим аймаг” сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн оролцоо, аймаг орон нутгийн цахим бодлогыг хэрхэн бий болгох талаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулсан юм.
Нийт 21 аймгийн зургаан бүсийн хэмжээнд мэргэжил сонголтын талаар 7444 сурагчид сонирхолтой илтгэлүүд хүргэж, дижитал шилжилтийн талаар мэдлэг, ойлголт өгөх нээлттэй ярилцлагыг 6029 бизнес эрхлэгчтэй өрнүүлж, орон нутгийн төрийн байгууллагын 2094 удирдах албан тушаалтантай Speed date арга хэмжээг хамтран зохион байгуулсан байна. Мөн экспо арга хэмжээний үеэр 17427 танилцуулга, сурталчилгааны материалыг тараан, 223 тусгайлсан уулзалтыг хийжээ.
Цахимд хэвшье” үйл ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, нягт уялдаатай ажиллах шаардлагатай гэж үзсэн бөгөөд дараах алхмуудыг онцолсон юм.
- Төр, хувийн хэвшлийн систем, программ хангамж хооронд интеграц хийх зайлшгүй шаардлага үүссэн.
- Бизнес эрхлэгчдэд дижитал шилжилтийн шинэ чиг хандлагын талаар мэдээлэл өгч, бизнесийн үйл ажиллагаанд технологи ашиглах итгэл, үнэмшлийг бий болгож, хамтын ажиллагааг эхлүүлнэ.
- Мэдээллийн технологийн компаниуд өөр хоорондоо хамтын ажиллагааг өргөжүүлж, системийн интеграцийг бий болгох, бизнес эрхлэгчдэд оновчтой шийдлийг санал болгоно.
- Уг үйл ажиллагаа нь орон нутгийн мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах нь ажиглагдсан тул тогтмол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
- Программ хангамжийн тогтвортой, чанартай байдал бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.
Digital first арга хэмжээний үндсэн зорилго нь зах зээлээ тэлэх, борлуулалтаа өсгөх, бүтээгдэхүүнээ сурталчлахаас илүүтэй, төрийн байгууллагын удирдлагууд, иргэд, олон нийт, хүүхэд залуус, бизнес эрхлэгчдэд цахимд хэвших, дижитал шилжилтийг хийснээр нийгэмд, бизнест нь гарах өөрчлөлт, үр дүнгүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох юм.
Тиймээс ч бодит үр дүн бий болж, төрийн байгууллагууд мэдээллийн технологийн мэргэжлийн холбоо, салбарын экспертүүдтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг, хүүхэд залуус мэдээллийн технологийн мэргэжлийн ач холбогдол, онцлогийн талаар илүү их ойлголттой болж, орон нутгийн бизнес эрхлэгчид олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, борлуулах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг олж харж, иргэд өөрсдийнхөө амьдралын чанарыг хэрхэн сайжруулах гарц гаргалгааны талаарх цэгцтэй мэдээлэл, ойлголт, мэдлэг олж авсан юм.
Оператор компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ иргэдийн анхаарлыг багагүй татаж байсны дээр MOSA -ийн гишүүн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээ болох ухаалаг усны тоолуурын систем, гэрээсээ ажилладаг ээжүүдийн нэгдэл, платформ, AR бүтээгдэхүүнүүд, камерын систем, киоск төхөөрөмжүүд иргэдийн анхаарлыг онцгойлон татаж байв.
Орон нутгийн удирдлагууд болон төрийн албан хаагчдын өнөөдрийн дижитал шилжилтийг ойлгох ойлголт гурван жилийн өмнөхтэй харьцуулахад сайжирсан ч худалдан авалтыг зарлахдаа хэтэрхий олон зүйлийг нэг дор хүссэн, тоног төхөөрөмж болон программ хангамжийг нэг ажлын даалгаварт багтаасан зэрэг нь тухайн худалдан авалт цуцлагдах, амжилтгүй болох, төсвийн мөнгийг үргүйдүүлэх шалтгаан болж байна.
Түүнчлэн аймаг, орон нутагт өнгөрсөн онд гарсан хүүхдийн эндэгдэлтэй холбоотойгоор камержуулалтын зардлыг төсөвтөө хангалттай хэмжээгээр суулгасан ч камерын нэгдсэн хяналтын системийг огт төлөвлөөгүй байгаагаас харахад мэргэжлийн боловсон хүчний хомсдол, технологийн худалдан авалт болон хөрөнгө оруулалтыг хийхдээ зөвлөх үйлчилгээнд төдийлөн ач холбогдол өгөхгүй, дижитал экосистемийг бүрэн зургаар нь харж чадахгүй байгаагийн илрэл гэж дүгнэж байна.
MOSA болон CIO Club Mongolia ТББ-уудын мэргэшсэн зөвлөхүүд программ хангамж технологийн шийдлүүдийг худалдан авах, хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулахдаа зөвлөх үйлчилгээ болон мэргэжлийн экспертүүдтэй хамтран ажиллах, тэдгээрийн ажлын үнэлгээг эхнээс нь төсөвт тусгаж өгөх шаардлагатай байгааг төрийн хэвшлийн удирдлагуудад зөвлөж байна. Учир нь Монгол Улсын хэмжээнд 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 4000 аж ахуйн нэгж мэдээллийн технологийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа бий. Түүнчлэн программ хангамж үйлдвэрлэлийн шат бүрд тусгайлсан бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд байна.
Бид программ хангамжийн чанарт анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Технологи, программ хангамж хөгжүүлэгчид болон худалдан авагч, захиалагч гэх мэт бүх оролцогч тал энэ талын ойлголттой байх, олон улсын стандартыг мөрдлөг болгож ажилладаг болох хэрэгцээ шаардлага үүсээд буйг энэхүү арга хэмжээний хүрээнд ажиглалаа.
Мөн программ хангамжийг хэрэглэхдээ лицензийн төлбөрийн шийдлээр хэрэглэх нь илүү тохиромжтой ба хүний нөөцийн хомсдолтой энэ үед нэг удаагийн, өндөр дүнтэй худалдан авалт хийх нь тохиромжгүй юм. Жишээлбэл, бид цахилгаан, эрчим хүч ашиглаад хэрэглээгээрээ төлбөр тооцоогоо хийдэг. Үүнтэй утга нэг юм. Ингэж чадвал таны технологид зарцуулсан төсөв, хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй төдийгүй тухайн программ хангамж нь таныг унтаад сэрэхэд шинэчлэгдэж сайжирсаар, бусад систем, программтай холбогдож, таны бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулсаар байх болно.
“Цахимд хэвшье” арга хэмжээ нь монгол хүний амьдралын чанар сайжрах, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, солонгорол зэрэг нь технологийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой болсон энэ үед мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнтэй эхлэл болж чадлаа.