Эрчим хүч бол монголчуудын өмнө хамгийн их тулгамдсан асуудлуудын нэг. Улс төрийн голлох хоёр хүчин, үе үеийн засгийн газар дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах амлалт өгч, мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан боловч өнөөдөр энэ салбар хоцрогдсон хэвээр байна.
Саяхан Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан Эрчим хүчний шилжилтийн индексийн 2024 оны тайланд 120 улс багтсанаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт эрэмбэлэгдэв. Уг индексэд багтсан орнуудыг эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн хоёр суурь үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд манай улс өмнөх оныхоос таван байраар ухарч, Зимбабве, Мозамбик, Йемен зэрэг улстай зэрэгцэн сүүл мушгиж байна.
Хүчин чадал дутуу, тоног төхөөрөмж хуучирсан, өртгөө нөхөж чаддаггүй үнэ, тариф гэсэн үндсэн шалтгаанаас болж эрчим хүчний салбар хөгжих бус байнгын алдагдалтай байгаа. Өнгөрсөн оны алдагдал л гэхэд 40 тэрбум төгрөг болжээ.
Уг салбарыг шинэ шатанд гаргах бодит санаачилга 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа, парламентад суудалтай гурван намын мөрийн хөтөлбөрт хэрхэн туссаныг харъя.
Эргээд дүгнэхэд …
Мөрийн хөтөлбөрүүдэд дүн шинжилгээ хийхээс урьтаж өмнөх сонгуулиудын үеэр эрчим хүчтэй холбоотой ямар амлалтууд өгч байсныг эргэн харъя.
Эрчим хүчний томоохон шинэ эх үүсвэр байгуулах тухай заалт мөрийн хөтөлбөр болгонд байдаг. Бүр 2012-2016 оны “Шударга ёс” эвслийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт “ДЦС-5”-ыг барих талаар тусгаж байв. Гэвч 2016-2024 онд эрх барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ төслийн талаар дурдаагүй.
Бүх цаг үед амладаг, гэхдээ одоо болтол биелээгүй байгаа өөр нэг амлалт бол дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах тухай. Гэвч цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 6-7 хувь өссөөр 2025 он гэхэд 1680 МВт-д хүрэхээрбайна. Оргил ачааллын үед хүчин чадлын дутагдлыг нөхөхийн тулд импортоор өндөр үнэтэй цахилгаан хэрэглэж байгаагаас гадна 2023-2024 оны өвлөөс эхлээд цахилгаан хязгаарладаг болсон. Энэ нь 1990-иэд оны үе рүү ухралт хийж байна гэсэн үг.
Өөр нэг хэрэгждэггүй заалт бол эрчим хүч экспортлогч улс болох. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа тохиолдолд энэ амлалт биелэх боломжгүй нь ойлгомжтой.
Тавантолгой, Багануур, Шивээ Овоогийн ЦС-ыг барих тухай 10-аад жилийн өмнөөс яригдаж, бүх үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгадаг ч энэ ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар. 2020-2024 оны мөрийн хөтөлбөрөөс эхлээд Эгийн голын УЦС-ыг барих талаар тусгахаа больсон.
Товчхондоо 2012 оноос эхлээд ЗГ-ын мөрийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг харвал Бөөрөлжүүтийн ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхэлснээс өөр шинэ эх үүсвэрийн төслүүд ахицгүй хэвээр байна. Энэ хугацаанд хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бага хүчин чадалтай эх үүсвэрүүд барих төслүүд голдуу хэрэгжжээ.
Эрчим хүчний үнийг өртгөө нөхөх түвшинд хүргэх, алдагдлыг бууруулах тухайд бүх Засгийн газрууд амлаж байсан ч мөн адил хэрэгжээгүй. Өнөөдөр бид 224 орчим төгрөгийн өртөгтэй цахилгаан энергийг 175 төгрөгөөр хэрэглэж байгаа. Эрчим хүчний тухай хуульд үнэ тарифыг индексжүүлэх, үнэ тариф тогтоохдоо бодит өртөг, зардал, инфляцыг харгалзах талаар тусгасан ч 2014 оноос нэг л удаа индексжүүлэх оролдлого хийсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн агуулгагүй үнэ тарифаас болж 2010 оноос хойш эрчим хүчний салбарт шинээр төслүүд хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах тухай бүх заалт хэрэгжих боломжгүй болсон.
МАН, АН, ХҮН-ий амлалт
МАН-ын мөрийн хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмнэ гэжээ. Үүний тулд 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн УЦС, 300 МВт-ын Бөөрөлжүүтийн ЦС, ДЦС-4-ийн 70 МВт-ын өргөтгөл, 400 МВт-ын Багануурын ЦС, 450 МВт-ын Тавантолгойн ЦС, 200 МВт-ын Шивээ Овоогийн ЦС-ыг тус тус ашиглалтад оруулахаар тусгажээ. Эндээс Багануур, Тавантолгой, Шивээ Овоогийн төслүүд хэрэгжих эсэх нь тун эргэлзээтэй, 2028 оны шинэ мөрийн хөтөлбөрт нь дахиад “эхлүүлнэ” гэдэг тодотголтой бичигдэхэд гайхах зүйлгүй юм. Харин Бөөрөлжүүт, Эрдэнэбүрэнгийн хувьд ажил нь эхлээд явж буй төслүүд.
Түүнчлэн эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эрчим хүчний экспортлогч орон болох зэрэг “хуучин-шинэ” заалтууд МАН болон АН-ын мөрийн хөтөлбөрийн аль алинд нь байна. Гэвч үнэ, тарифын тогтолцоог шинэчлэхгүйгээр хөрөнгө оруулалт татах, экспортлох боломжгүй бөгөөд хэрхэн суурь шинэчлэлийг хийх нь талаар мөрийн хөтөлбөрт тусгаагүй.
Гурван намын мөрийн хөтөлбөрт шинээр орж ирсэн нэг заалт бол тархмал эх үүсвэрийг бий болгох тухай юм. Энэ нь бага хүчин чадлын (10кВт) сэргээгдэх эрчим хүчний цахилгаан үүсгүүрүүд юм. Өөрөөр хэлбэл, айл өрхүүд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэгч болж, үйлдвэрлэсэн цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх замаар эрчим хүчний дутагдлаас гарах тухай яриа юм. Гэвч өрхөөс худалдан авч буй цахилгааны үнийг зах зээлийн түвшинд хүргэхгүйгээр энэ бодлого хэрэгжих бас л боломжгүй харагдаж байна.
Ардчилсан намын хувьд эрчим хүчний хэрэглээг дотоодоос 100 хувь хангахаас гадна эрчим хүчний экспортын 5 ГВт хүчин чадлыг бий болгох тухай нэлээн “огцом” заалт оруулжээ. Тодруулбал, нарны эрчим хүчний 2 ГВт, салхины эрчим хүчний 2 ГВт, нүүрсний 500 МВт, цэнэг хураагуурын 500 МВт хүчин чадлыг бий болгох тухай тусгасан нь бодит байдлаас холуур сонсогдож байна. Гэхдээ эрчим хүчний салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлэх амлалт нь хэрэгжвэл ийм хүчин чадалтай болох эхлэл тавигдаж болох юм.
Түүнчлэн ус төрөгч болон хийн түлшний үйлдвэрлэл хөгжүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, усан болон атомын ЦС барих бодлого хэрэгжүүлнэ гэжээ. Мөн эрчим хүчний асуудлыг албан ёсоор үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нэг хэсэг болгох талаар тусгасан байна.
Эрчим хүчний чиглэлд хамгийн дэлгэрэнгүй гэж болохоор мөрийн хөтөлбөрийг ХҮН намаас боловсруулжээ. Тодруулбал, бодлого, эрх зүй, зах зээлийн загвар, шинэ эх үүсвэр, хэмнэлт, үр ашиг, үнэ тариф, салбарын засаглал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, экспорт, инновац, судалгаа гэх мэтээр бүлэглэн тусгасан байна.
Бодлогын хувьд эрчим хүчний шилжилтийн үндэсний стратеги боловсруулна гэж тусгасан нь шинэлэг байв. Энэ нь Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтаа биелүүлэхэд чухал юм. Мөн эрчим хүчний бөөний зах зээлийг нэвтрүүлэх, “Нэг худалдан авагчтай загвар”-ыг хөгжүүлэх тухай заасан байна.
Шинэ эх үүсвэрийн тухайд Тавантолгойн станцын төслийг анхнаас нь хувьцаат компани хэлбэрээр хэрэгжүүлж, үйлдвэр, уурхайнууд дэргэдээ 5МВт хүртэл чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр байгуулбал зах зээлийн үнээр сүлжээнд худалдаж авна гэжээ.
Үнэ, тарифын тал дээр цахилгаан, дулааны хөндлөн татаасыг халж, төлбөрийн шударга хуваарилалт, их хэрэглэх тусам их төлбөр төлдөг тогтолцоо, дулааны төлбөрийг талбайгаар бус тоолуур болон зардал хуваарилах төхөөрөмжийг ашиглаж тооцдог аргад шилжихээр заажээ.