Олон улсын валютын сан /ОУВС/ -ийн судалгаанд 2011 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт түүхэндээ анх удаа 17.5 хувьд хүрч, дэлхийд тэргүүлснээр хөгжиж буй орны статустай болсныг дурдсан байдаг. Энэхүү эдийн засгийн тэлэлтийн түүхэн жилд “Боломжийг ашиглана” уриатай “Бичил глобус” компани Австрали улсаас нэг сая долларын хөрөнгө оруулалт татсан юм. Тухайн үед тэд энэхүү хөрөнгө оруулалтаа компаниа өргөжүүлэх, бизнесийнхээ стратегийг тэлэхэд чиглүүлсэн гэдэг. Тиймдээ ч богино хугацаанд буюу байгуулагдаад гурван жил болмогцоо Улаанбаатарт дөрвөн салбар, 20 гаруй ажилтантай болж хүрээгээ тэлэв.
Тэгвэл “Бичил глобус” өдгөө уламжлалт болон финтек зээлийн үйлчилгээг харилцагчдадаа 39 салбараараа дамжуулан үзүүлж, нийт 500 гаруй ажилтантай, санхүүгийн том нэгдэл болон өргөжжээ. Өнгөрсөн хугацаанд тус нэгдэл нь банк бус санхүүгийн салбартаа ТОП-3 -т, холбооны “Шилдгийн шилдэг санхүүгийн байгууллага” шагналыг удаа дараа хүртсэн байдаг. Тэгвэл тус компанийг үүсгэн байгуулагч С.Отгонбат гэж хэн бэ? Түүнийг “Амжилтын эзэн” буландаа ийнхүү онцолж байна. Намтар, амжилтыг нь энэ удаад дурдах гэхээсээ илүү түүний хийсэн ажлуудыг, одоо хэрэгжүүлж буй төслүүд, ирээдүйд бүтээх үнэ цэн, бусдад буй болгох боломжуудынх нь талаар хуваалцахыг зорилоо.
Том компани байгуулах амбиц
Байгууллагын зөвлөгч, сургагч багш Жим Коллинзын “Good to Great” номд “Компанийн шилжилтийг сайн болон агуу гэсэн хоёр түвшинд авч үздэг. Сайн буюу дундаж компанитай байх амархан. Харин том буюу агуу компанитай болох хэцүү. Тиймдээ ч компаниудын эздийн олонх нь сайн компанитай байхыг л эрмэлздэг” хэмээн дурдсан байдаг. Тэгвэл “Бичил глобус”-ынхан сайн компанийн түвшнээс том компани байгуулахын төлөөх шилжилтийн үедээ явж буйг батлах нотолгоо нь хийж, хэрэгжүүлж буй ажлууд нь гэж хэлж болно.
Залуу бизнесмэн С.Отгонбатын үүсгэн байгуулсан “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн үндсэн концепц нь “охин” компаниудын нэгдлийн хүрээнд зээлийн үйлчилгээг улам нарийн, боловсронгуй болгож, олон сувгаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний төрлүүд юм. Тухайлбал, санхүүгийн үндсэн дөрвөн секторт нэгдэл болон бизнесийн үйл ажиллагаагаа тэлж буй юм байна.
“Бичил глобус” санхүүгийн нэгдэл нь зээлийн үйлчилгээг улам нарийн, боловсронгуй болгож, олон сувгаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээний төрлүүдийг хөгжүүлжээ.
Өөрсдөө хөлжих биш, хамтдаа хөгжих замыг сонгов
“Бичил глобус” нь Улаанбаатар болон орон нутгийн санхүүгийн салбарт 10 гаруй жилийн өмнөөс “шатрын хоёр хөлөг”-тэй хүч түрэн орж ирсэн бөгөөд үүний нэг нь “Бичил глобус финанс” ХХК юм. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн 20 салбараараа дамжуулан зээлийн уламжлалт үйлчилгээг үзүүлсээр байна. Уг компани сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хүчтэй тоглогч болон цойлж буй бөгөөд хөрөнгө оруулагчдад зориулсан санхүүгийн хэрэгслүүдийг санал болгодог онцлогтой. Тухайлбал, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бондоор дамжуулан эл зах зээлээс 50 орчим тэрбум төгрөг босгоод байгаа аж.
Санхүүгийн нэгдлийн харьяа, “Бичил глобус”-ын шатрын удаах хүлэг нь “Бэрс финанс” ХХК юм. Орон нутаг, алслагдсан сумдын иргэдэд зориулсан уламжлалт зээлийн үйлчилгээг түлхүү үзүүлдэг бөгөөд нийт 17 аймагт 19 салбар нь үйл ажиллагаа явуулж байна. Уламжлалт зээлийн үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийн зэрэгцээ тэдний хөгжлийг мөн дэмжиж “Санхүүгийн эрх чөлөөт иргэн” хэрхэн болгох талаар сургалт, арга хэмжээг үе шаттай зохион байгуулдаг. “Бичил глобус”-чууд өөрсдөө хөлжих биш, хамтдаа хөгжих замыг ийн сонгож, эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн нь тэдний бусдаас ялгарах нэгэн үнэ цэн ажээ.
Банк бус санхүүгийн салбарын тоон үзүүлэлтээр “Бичил глобус финанс”, “Бэрс финанс” нь сүүлийн жилүүдэд топ компаниудын жагсаалтад зүй ёсоор тогтмол багтдаг болжээ. Тодруулбал, нийт зээлийн багц, хөрөнгийн хэмжээ, чанаргүй зээл буюу NPL үзүүлэлтээр сүүлийн таван жилд салбараа “өнгөлсөн” хэвээр байна. Энэхүү амжилтын нууцаа тэд санхүүгийн зах зээлийн тэлэлт, эдийн засгийн өсөлт, бууралтын циклд ажиглалт, анализ хийсний дүнд тухайн нөхцөл байдалд уялдуулан түргэн шуурхай шийдвэр гаргаж, бизнесээ тэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн харилцагч, зээлдэгчдийнхээ хүнд хэцүү цаг үед нь тэднийг ойлгож хэрэгцээ, шаардлагад нь тохирсон тодорхой санхүүжилтүүдийг хүнд сурталгүй, түргэн шуурхай олгож ирсэн нь байгууллага, ажилтан, харилцагч хоорондын итгэлцлийг улам батжуулж байсан гэв.
Финтек зээл буюу “цахим засаглал”
Бизнесийг ерөнхийд нь “асуудал шийдэх урлаг” ч гэж хэлдэг. Тэдгээр асуудал нь том, жижиг, эсвэл үндэсний, олон улсын хэмжээнийх гээд янз бүр. Өмнө нь санхүүгийн асар их нөөцтэй, үндэстэн дамнасан цөөхөн хэдэн корпорац л дэлхийн хэмжээнд “тоглолт” хийдэг байж. Харин өнөөдөр мэдээллийн технологийн хөгжлийн ачаар санхүүгийн бүх оролцогчийн хувьд “тоглолтын талбай” нь эрс томорсон гэж “Бичил глобус”-ыг үүсгэн байгуулагч С.Отгонбат хэллээ. Мөн тэрбээр, энэ нь Монгол шиг далайд гарцгүй орнуудын хувьд олон улсын түвшинд бизнес хийх, хүрээгээ тэлэх, их хэмжээний ашиг олох том боломжуудыг нээж байна гэсэн юм.
“Бичил глобус финанс”, “Бэрс финанс” нь сүүлийн жилүүдэд топ компаниудын жагсаалтад зүй ёсоор тогтмол багтдаг болж, нийт зээлийн багц, хөрөнгийн хэмжээ, чанаргүй зээлийн үзүүлэлтээр сүүлийн таван жилд салбараа “өнгөлсөн” хэвээр байна.
Тиймээс цөөн хүн амын дунд, зөвхөн үндэсний зах зээлд л “бялуу хуваах” гэж зүтгэх, зүдрэх хэрэггүй болжээ. Үүний тод илрэл нь “Бичил глобус” санхүүгийн нэгдлийнхэн бизнесээ хөгжлийн дараагийн шатанд гаргаж, олон улсын түвшинд, бүр технологийн бизнес эрхлэхээр зорьж буй явдал юм. Бизнесээ ийнхүү тэлэх зорилгоор тэд уламжлалт зээлийн үйлчилгээг орчин үеийн техник, технологитой хослуулжээ. Энэ нь финтек үйлчилгээ бөгөөд 2018 оноос бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн аж. Үүний үр дүнд “Соно” нэртэй аппликэйшныг финтекийн зах зээлд нэвтрүүлжээ. Өдгөө уг зах зээл дэх топ үйлчилгээнүүдийг “Бичил глобус”-ынхан хэрэглэгчдэд цахимаар үзүүлж байна.
Дэлхийд “гарц” нээсэн залуу удирдагч
Монголчуудад дэлхийн зах зээлд бие даан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох боломж тэр бүр хомс байдгийг бүгд мэднэ. Ерөнхийдөө хөдөө аж ахуйн болон уул уурхайн салбарын стратегийн бүтээгдэхүүнийг л гадаадад гаргаж буй. “Тэгвэл бид яагаад дэлхийд алдарших бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэх хэмжээний компанийг байгуулж болохгүй гэж” хэмээн “Бичил Глобус” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч С.Отгонбат хэдийнэ бодож, мөрөөдөж, судалж, хэрэгжүүлж амжжээ. Тэрбээр 2015 оноос хойш энэ талаар судалгаа хийж, 2017 оны наймдугаар сард АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод Монголын анхны тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагыг байгуулжээ. Ингэхдээ “Payday loan”, “Installment loan”, “Consumer loan” гэсэн гурван төрлийн тусгай зөвшөөрөл авсан байна. Анхны бүхэн алдаа, оноотой, өндөр шалгууртай нүүр тулдаг. “Бичил глобус”-ын чадварлаг хамт олон бэрхшээл саадаас эмээлгүй, тусгай зөвшөөрөл авснаасаа хойш бүтэн жилийн хугацаанд багагүй хөрөнгө, хүч зарцуулан ажилласны үр дүнд харилцагчдынхаа тоог нэмэгдүүлэн, өдгөө үйл ажиллагаагаа жигдрүүлж чаджээ. С.Отгонбатын ачаар эдүгээ АНУ-ын зах зээлд Монголын санхүүгийн байгууллагууд гарах гарцтай болсон байна.
300 гаруй сая хүн амтай, АНУ-ын бичил зээлийн зах зээл өдгөө 10 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэж буй. “Одоо л бид ойлголт, хандлагаа жаахан өөрчлөөд гадаадынхнаас зээл авах бус, тэндээс мөнгө босгох талаар бодох цаг болсон. Гэтэл манайхан өдийг хүртэл зөвхөн уул уурхайн эрдэс баялгийг гадаадад худалдаж, мөнгө олоход л төвлөрч байна. Харин “Бичил глобус”-чууд өнөөдрийн бодит нөхцөл байдлыг арай өөрөөр харж, зээлийн үйлчилгээг цахимд шилжүүлэн, АНУ болон Азийн зарим улсын иргэдэд зээл олгох аппликейшныг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эл төслөө амжилттай хэрэгжүүлснээр гадаад зах зээлээс орлого олж, Монголдоо татан төвлөрүүлэх боломж бүрдэх юм. “АНУ болон бусад улс орны бичил зах зээлд ажиллаж буй бидний энэ мэт туршлага, нөү-хау бусад санхүүгийн байгууллагад ч нээлттэй. Хүсвэл хамтарч ажиллаж болно” хэмээн С.Отгонбат онцолсон.
Мөн тэд банк, санхүүгийн салбараасаа өөр нэг боломжийг түүчээлэн нээж, шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргасныг ташрамд сонирхуулъя. Монголд АТМ нь иргэдэд банкны картаа ашиглаж, өөрийн данснаас мөнгө авч, шилжүүлдэг үйлчилгээ үзүүлдэг болохоос биш, зээл авч болдгийг хэрэглэгчид төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэхүү үйлчилгээг “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн харьяа төслийн багийнхан амжилттай хэрэгжүүлсэн байна. Улмаар тэдний гадаадын зах зээлд гарах ажил нь үүнтэй зэрэг шахам эхэлж, тус компанийнхан өөрийн финтек бизнесийг Филиппинд танилцуулаад даруй гурван жил өнгөрчээ. Үүнийгээ тэд Зүүн өмнөд Азид бизнесээ тэлэх эхлэлийн цэг хэмээн харж байна.
Үлгэр жишээ бизнесмэн
Хүмүүсийн амжилтыг хэр их мөнгө олж буйгаар нь хэмжих бус, хэдэн хүний амьдралыг өөрчилж чадсанаар нь дүгнэдэг гэдэг. Ийм амжилтын эзэн бол “Бичил глобус” санхүүгийн нэгдлийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Отгонбат юм. Түүний амьдралдаа баримталдаг жанжин шугам нь, эрхэм зорилго нь ч энэ аж. Тэрбээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийнхээ хажуугаар олон хүний амьдралыг “өргөж”, тэтгэж яваа залуу бизнесмэн. Үүсгэн байгуулсан компани нь дотоодын болон гадаадын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж, үнэ цэн бүтээсээр байна.
С.Отгонбатыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад сурагч байхаасаа л бизнес сэтгэлгээ өндөртэй байсан гэдгийг нутгийнхан нь хэлдэг. Зуны амралтаараа Улаанбаатарт модны наймаа хийж, энэ үеэр олсон мөнгөө өвөл нь хэд хэд “эргэлдүүлчихдэг” овсгоотой нэгэн байж. Ингэж явсаар дунд сургуулиа дүүргэжээ. Тэрбээр ТИС (хуучнаар)-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуульд мэдээллийн сүлжээний инженер мэргэжлээр суралцаж байгаад II дамжаагаа (2004 он) дүүргэж, Нидерланд (Голланд) руу суралцахаар явсан байна. Тэнд очоод өндөр хөгжилтэй орны соёл, амьдралын хэв маяг, эдийн засгийн хөгжлийн талаарх мэдлэгийг яг л уудаг цаас шиг хуримтлуулж, ажил хийж анхны капиталаа ч “босгожээ”.
Хүмүүсийн амжилтыг хэр их мөнгө олж буйгаар нь хэмжих бус хэдэн хүний амьдралыг өөрчилж чадсанаар нь дүгнэдэг.
Улмаар С.Отгонбат эх орондоо ирмэгцээ “Оргил хотхон” компанийг байгуулан, үл хөдлөх хөрөнгийн салбарт анхлан хүч үзжээ. Энэхүү бизнесийн санаагаа тэрбээр Нидерландад цэцэрлэгч хийж байхдаа олсон гэдэг. Түүний захирал нь үл хөдлөхийн бизнес эрхэлдэг (реалтор) байсан бөгөөд монгол залууд бизнес хийх боломжуудын талаар харамгүй зөвлөдөг байж. Захирлынхаа зөвлөгөөг ийн ажил хэрэг болгон, хуучны орон сууцуудыг худалдан авч, байршил, орчноос нь шалтгаалан хэрэглэгчдийн тав тухыг хангасан, барууны орнуудын хэв загвараар засал хийн, тохижуулан худалдах болов. Эл бизнес нь жилийн дотор амжилтад хүрч, 100 гаруй орон сууц борлуулан, багагүй ашиг олжээ. Гэвч 2007-2008 онуудад үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орж, С.Отгонбат захирал ч уг салбараасаа эрт хөндийрсөн байна. Гэсэн ч тэр бууж өгөөгүй, үл хөдлөхийн бизнесээсээ хуримтлуулсан капиталаар дараачийн бизнесээ эхлүүлсэн нь одоогийн “Бичил глобус” санхүүгийн нэгдэл юм. Тэрбээр бизнес хийхийнхээ хажуугаар АНУ-ын Аризонагийн их сургууль, мөн Харвардад ч суралцаад амжжээ.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч
“Том, жижиг нь хамаагүй, хүн бүрийн оролцоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд чухал нөлөөтэй” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш онцолсон байдаг. Энэ нь хүмүүн бид чадлынхаа хэрээр улс орон, эх дэлхийдээ хариу тусаа өгч байх нь зүйтэй гэсэн санаа юм. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгэмд дуу хоолойгоо хүргэж, онцгой анхаарч ажилладаг хүмүүсийн нэг нь яах аргагүй С.Отгонбат захирал юм. Үүний наад захын жишээ нь, тэрбээр долоон жилийн өмнөөс мод тарьж, түүнийгээ арчилж иржээ. Тухайлбал, “Бичил глобус”-ынхан Төв аймгийн Эрдэнэ сумд 20 га газар худалдан авч, өөрсдийн “Мөрөөдлийн төгөл”-ийг байгуулсан аж. Тэд одоогоор дөрвөн төрлийн, нийт 24 мянган ширхэг мод тарьж, арчлан ургуулж, байнгын усжуулалтын системтэй болгон, харуул хамгаалалтыг нь ч цогцоор шийдсэн байна. Мөн Монгол оронд цөлжилт эрчимтэй явагдаж буй бүс нутгуудад 1000 гаруй мод суулгаж, усалгааны системийг нь давхар шийдэн, орон нутагт нь хүлээлгэн өгчээ. Тус санхүүгийн нэгдлийнхэн 2030 он гэхэд эх орондоо 500 мянган мод тарьж, ургуулах зорилт тавин, жил бүр төлөвлөгөөгөө биелүүлсээр байгаа аж.
Мод тарихаас гадна дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх юм. Дэлхийд энэ чиглэлд анхаарч ажилладаг нөлөө бүхий хүмүүсийн нэг нь Илон Маск. Тэрбээр 2000 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт өөрийн компаниудыг байгуулан, ногоон төслөө хэрэгжүүлж байхад зарим алдартай хүн “Хэрэггүй ажил, боломжгүй зүйлс, ашиггүй хог” гэх зэргээр шүүмжилж, зогсоохыг ч оролдож байв. Гэвч Илон Маск зорилгоосоо ухраагүй, боломжийг бий болгосон. Өдгөө тэр дэлхийд тэргүүлэгч үнэлгээтэй, олон сая ажилтантай, 100 хувь цахилгаан автомашины үйлдвэрлэгч компанийн эзэн болсон.
НҮБ-ын судалгаагаар “Дэлхий нийт ойрын 15-20 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт огцом шилжилт хийхээс өөр гарцаагүй байдалд орно” хэмээн тооцоолсон байдаг. Монгол Улс ч гэсэн дэлхий нийтийн энэ хөгжлөөс хоцролгүй, их, бага хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний салбарын суурийг тавиад буй билээ. Энэхүү бүтээн байгуулалтын нэг жишээ нь С.Отгонбат захиралтай мөн л холбоотой. Тодруулбал, түүний үүсгэн байгуулсан “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн дэргэдэх “Эко кар центр” ХХК нь “Тесла”, BYD гэх зэрэг дэлхийд алдартай компаниудын үйлдвэрлэсэн байгальд ээлтэй автомашинуудыг Монголынхоо хэрэглэгчдэд хэдийнэ хүргээд байна. “Эко кар центр” компанийнхан харилцагчдадаа эх орондоо 100 хувийн цахилгаан автомашин унах боломжийг бүрдүүлж, энэ чиглэлд 5-7 жилийн цогц хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймагт “Цэнэглэгч цахилгаан станц”-ууд байгуулах бөгөөд эхний ээлжид нийслэлийн таван бүсэд, мөн Дарханд барьсан нь ашиглалтад оржээ. Цэнэглэгч станцууд байгуулах дараачийн аймгуудын ажлууд төлөвлөгөөнийхөө дагуу явагдаж буй.
Хүмүүнлэгийн “чимээгүй” үйлстэн
Монголын пара бочигийн холбооныхон АНУ-ын Лос Анжелес хотод болох 2028 оны Олимпод оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэх мөрөөдөлтэй хүмүүс. Монголын пара бочигийн холбоо нь 2017 онд байгуулагдсан, тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг пара бочи спортод дурлуулж, хичээллүүлэх, нийгэмшүүлэх, дэмжих чиглэлд онцгой анхааран ажилладаг байгууллага бөгөөд ерөнхийлөгчөөр нь С.Отгонбат ажилладаг. Саяхан холбооны тамирчид Финланд улсад зохион байгуулагдсан Дэлхийн пара бочигийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцоод, мөнгө, хүрэл медаль тус тус хүртээд иржээ.
Манай улс энэ төрлийн спортоор 2016 онд дэлхийд 120 гаруйд эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 40 дүгээр байрт “ороод иржээ”. Монголын пара бочигийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй С.Отгонбат нь 2018 оноос эхлэн өнөөдрийг хүртэл шигшээ багийн тамирчдаа тусалж дэмжин, үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах чиглэлд олон ажил хийж, хэрэгжүүлж ирснийг холбооны дасгалжуулагч С.Алтанхундага хэлж байв. Холбооны зүгээс 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд АНУ-д болох Олимпод оролцох зорилгын хүрээнд олон кампанит ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ С.Отгонбат энэ мэт хүмүүнлэгийн ажлаа, хэн нэгэнд, хаа нэгтээ тусалснаа олон нийтэд огт тайлагнадаггүй.
Оюуны баялгийг дэмжигч
Манай зарим аж ахуйн нэгж, байгууллага татвар төлөх язгуур үүргээ эх орондоо баялаг бүтээж байна хэмээн мэдэгдэх нь олонтаа. Мэдээж зохих татвар, хураамжаа хуулийн хугацаанд төлж буй нь сайн хэрэг. Гэвч татвар төлөхөөс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс, эх орондоо хэрэгтэй ажлуудыг манлайлан өрнүүлдэг жишиг олон улсад бий. Тэр дундаа ирээдүй хойч болсон хүүхэд, залууст зориулсан хөрөнгө оруулалт маш чухал. Өндөр хөгжилтэй улс орнуудын үндэсний компани /Tesla, Apple, Microsoft, Disney, J.P.Morgan, Goldman Sachs /-ууд гэхэд л хүүхэд, залууст зориулсан ялангуяа оюуны хөрөнгө оруулалтуудыг их хийдэг.
Тэгвэл “Бичил глобус” санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтын нэг хэсэг нь боловсролын салбар луу чиглэж байна. Тэд Герман, Финланд зэрэг Европын боловсролын тогтолцооны ололттой талуудад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, түүгээрээ өрсөлдөх чадвартай ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлдэхийг зорьж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургууль барьж, ашиглалтад оруулахаар газрын судалгаагаа хэдийнэ хийгээд эхэлжээ. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед өөрийгөө бүх л салбарт хөгжүүлж, дайчилж чаддаг боловсон хүчин хамгийн үнэ цэнтэй болсон. Тиймээс бие даан хөгжих чадвартай ирээдүйн иргэдийг сургах арга зүйг “Бичил глобус”-ынхан боловсруулж байгаа аж.
“Дэлхийд данстай, сайн компани Монголд яагаад байж болохгүй гэж? Монгол компанийн захирлууд яагаад дэлхийн сайн компаниудыг удирдаж болохгүй гэж? Энэ л зорилго, чиглэлийн хүрээнд, ингэж ажиллах өндөр чадвартай ирээдүйн хүмүүсийг бид одооноос бэлдэх ёстой” хэмээн С.Отгонбат захирал хэлж байв. Мөн тэрбээр “Нөгөө талаас бид баялаг гэдэг зүйлийг цоо шинэ агуулгаар ойлгох цаг болсон. Тодруулбал, нүүрс, зэс, автомашин, тоног төхөөрөмж, үл хөдлөх зэрэг биет эд баялаг нь ямар нэгэн үнэт зүйл бүтээхэд шаардлагатай нөөц төдий. Харин жинхэнэ баялаг бол монгол хүний бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, арга барил, туршлага юм. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эзэмшсэн мэдлэг, ур чадварыг эдийн засгийн эргэлтэд хэдий чинээ сайн оруулна, баялаг төдий чинээ буй болно” гэж ярилаа.
“Бичил глобус”-ынхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү эх дэлхий, Монгол орныхоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй тэмцэгчид байхын төлөө, мөн хойч үедээ оюуны их өв үлдээхийг тэргүүний зорилгоо болгон ажиллаж байна.