Технологи суурьтай, үндэсний хөрөнгө оруулалтын холдинг компани болохоор тэмүүлж буй Эхлэл группийн гүйцэтгэх захирал Б.Цогтбаяртай ярилцлаа. Эхлэл брэндийг бид электрониксийн чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр нь сайн мэднэ. Гэвч тус компани 2023 онд шинэ стратегиа гаргаж, бүтцийн шинэчлэл хийснээр Ehlel 2.0 брэндийг бий болгож, хэд хэдэн салбарт төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
-Эхлэл брэнд яагаад ребрэндинг хийх болсон талаар ярилцлагын эхэнд танилцуулна уу. Энэ хүрээнд ямар онцлох өөрчлөлтүүдийг хийсэн бэ?
-2023 онд манай салбар нэгжүүд өргөжиж, үйл ажиллагааны цар хүрээ тэлснээр илүү системтэй, шинэ стратегитай ажиллах, улмаар бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Ehlel 2.0 ребрэндингийн тухайд гурван том шинэчлэл хийлээ.
Нэгдүгээрт, бид бизнес моделио өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, судалгаанд суурилсан, өрсөлдөх чадвартай, төвлөрөл бүхий бизнесүүдийг хөгжүүлэх, шинээр бий болгох замаар санхүүгийн хөшүүрэгт оновчтой удирдлагыг хэрэгжүүлж байна. Аливаа компани өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулахаас гадна хөрөнгө оруулалт татах юм бол илүү өргөн хүрээнд бизнесээ хийх боломжтой болдог. Ингэж хөшүүрэгт хөрөнгө оруулалтын загвар руу шилжиж байгаа юм. Хоёрдугаарт, бид стратегиа өөрчилсөн. Зах зээл болон дотоод бүтэцдээ SWOT анализ хийхэд бизнесийн стратеги, загвар маань одоогийн нөхцөлд оновчгүй байсан. Монгол бол жижиг зах зээл мөртлөө брэндлэг, лояалтид суурилсан ард түмэн. iPhone, Samsung гэх мэт брэндийг л хэрэглэдэг, гэтэл дэлхий тийм биш. Нөгөө талдаа Монгол хүний онцлог нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт биш бөгөөд ажлыг дуусгаж чаддаг төрлийн хүмүүс биш нь олон улсын томоохон судалгаануудад маш ихээр дурдагддаг. Харин гол давуу тал маань нийлүүлэгч. Тийм болохоор бид дэлхийн брэнд болно гэхээс илүүтэй сайн бэлтгэн нийлүүлэгч болох ёстой гэж үзсэн.
Бидний хувьд гол зах зээл маань Монгол биш, харин Филиппин, Төв Азийн улсууд юм. Стратегийн үүднээс авч үзвэл бизнесийг хаанаас ч хийж болно. БНХАУ-д бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд харин толгой буюу менежментийн компани маань Хонконгт төвлөрөх ёстой, тиймээс үүнд нийцүүлж стратегиа шинэчлэх ёстой гэж бид дүгнэсэн. Гуравдугаарт, менежмент буюу засаглалаа өөрчилсөн. Өмнө нь толгой компани маань охин компаниудынхаа хувьцааг эзэмшдэг, төслөө хэрэгжүүлдэг байсан. Үүнийг өөрчилж, толгой компани нь бизнес хөгжүүлэлтийг хийж, хөрөнгө оруулалтаа босгоод охин компаниуд нь төслүүдээ хэрэгжүүлдэг болгосон. Энэ бол хөрөнгө оруулалтын холдинг компанийн сонгодог жишээ. Менежментийн компани нь санхүүгээ удирддаг болж, нэг талд нь гаргасан гэсэн үг юм. Мөн гүйцэтгэлийн удирдлагын системийг нэвтрүүллээ. Энэ гурван өөрчлөлтийн дараа компанийн актив гурав дахин өссөн.
Цаашид Хонконгт төвтэй хөрөнгө оруулалтын менежментийн компани болох зорилго өвөртөлж байна.
-“Эхлэл электроникс”-ийг монголчууд сайн мэддэг. Гэхдээ танай хамт олныг боловсрол, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлд үйл ажиллагаа явуулдгийг тэр бүр мэдэхгүй болов уу?
-Манай групп нийт найман компанийн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь таны хэлсэнчлэн “Эхлэл электроникс”. Мөсөн уулын орой хэсэг нь гэж хэлж болно. Ямартай ч “Эхлэл электроникс” маань гар утасны хэрэглэл, төхөөрөмжийн зах зээлд монгол брэнд болоод явж байна. Нийт 21 аймагт 200-гаад гэрээт борлуулагчтай. БНХАУ дахь “Эхлэл Шинжень” компани маань үйл ажиллагаагаа жигдрүүлээд, Хятадын топ худалдааны сайтуудад бүртгэлтэй болоод байна. Филиппин, Узбекистан, Казахстан, Турк руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг боллоо.
Группийн хамгийн том компани нь Smart IDBM Group. Орчин үеийн шинэлэг техник технологи, инновац шингэсэн Doogee, Ulefone, Redmagic, Nothing, Nubia гэсэн таван брэндийг Монгол Улсад оруулж ирдэг. Үүнээс дөрвөн брэндийнх нь албан ёсны цорын ганц дистрибьютер юм. Боловсролын салбарт гурван компани ажиллаж байна. Энэ чиглэлээр анх “Эхлэл академи”-ийг байгуулсан нь өдгөө “М Смарт кодинг” сургалтын төв болж өөрчлөгдсөн. Монголын бараг ихэнх дизайнер энэ сургуулийг төгссөн гэхэд хилсдэхгүй болов уу. Хоёр дахь нь “Цэлмэг” дижитал сургууль. Австрали, Филиппин улсуудтай хамтарсан, 800 хүүхдийн сургууль. STEM, GrapeSEED, Cambridge, Soft Skills зэрэг хөтөлбөрөөр хичээллэдэг. Харин өнгөрсөн онд Австралийн Мельбурн, Сидней, Брисбен хотын сургуулиудтай хамтарсан олон улсын STEM хөтөлбөртэй Australian Smart School of Ulaanbaatar сургуулиа нээсэн.
Үүнээс гадна санхүүгийн чиглэлээр “Тэн триллион Капитал” компани ажиллаж байна. Групп маань хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа учраас санхүүжилт босгох систем нь байх ёстой гэж бид үзсэн. Энэ компаниа цаашид андеррайтер болгох зорилготой. Мөн “Ийзи инвестмент” компани үйл ажиллагааны хүрээ, хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэн ББСБ болохоор ажиллаж байна. Найм дахь нь бизнес хөгжүүлэлт, судалгааны чиглэлийн “Инвест трэйд” компани. Эдгээр компанийг “Эхлэл брэнд” гэсэн толгой компани удирдаж байна. Групп маань нийт 250 орчим ажилтантай.
-Гүйцэтгэх захирлын хувьд эдгээр өөрчлөлтийг хийхэд ямар сорилтуудтай тулгарсан бэ?
-Эхлэл брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа бид хоёр эртний танилууд. Ч.Батзаяа бол залуугаасаа бизнес хийсэн, тэгээс нь эхэлж бизнесээ босгосон бол би жижиг том янз бүрийн компанид ажилтнаас удирдах албан тушаалтан хүртэл ажилласан, өөр өөр тушрлага болон намтартай хүмүүс. Миний хувьд хамгийн сүүлд Мастер группт топ түвшний төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байсан.
Ч.Батзаяа бид хоёрын үзэл санаа огтлолцсон цэг нь хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах байсан юм. Бизнесээ хөрөнгө оруулалтаар дэмжих юм бол хөгжлийн хурдасгуураа нэмнэ гэж үзсэн. Ингээд компаниа холдингийн зарчимд шилжүүлж, толгой компани нь хөрөнгө оруулалт босгож, ашигтай бизнесүүдэд хөрөнгө оруулаад өсгөөд, хянаад явж байна. Ингэснээр бизнес маань илүү хурдацтай хөгжих боломжтой болно. Хоёрдугаарт, стартапын соёлоос групп компанийн түвшинд очих шаардлага үүссэн, менежментийн хувьд ч шат ахих ёстой болсон. Энэхүү өөрчлөлт, шилжилтийг удирдаж ажиллалаа.
-Уг өөрчлөлтийг хийхдээ та юунд анхаарсан бэ?
-Компанийн хувьд шилжилтийн их том процесс болсон. Хүний нөөцийн бодлогоо өөрчилж, ажилтнуудынхаа ур чадварыг сайжрууллаа. Зөвхөн борлуулалтад суурилсан KPI индикаторуудтай байсан бол санхүү, маркетинг, үйл ажиллагаа, хүний нөөц гэсэн дөрвөн талбар дээр индикаторт суурилсан тоотой болсон. Гүйцэтгэлийн удирдлагын том системийг компанийн түвшинд нэвтрүүлсэн нь хамгийн том сорилт байлаа.
Би өөрөө бизнес хөгжлийг сонирхдог, энэ чиглэлээр ажиллаж байсан учраас бизнес хөгжлийн алба байгуулж, зах зээлийн судалгаа хийсний үндсэн дээр хэд хэдэн төслийн санаа гаргаж, тэдгээрээс дөрвөн төсөл нь амжилттай хэрэгжиж байна. Боловсролын болон санхүүгийн бизнес маань судалгаанд суурилсан учраас амжилттай хэрэгжсэн гэж боддог. Үүн дээр нэмээд үл хөдлөхийн төсөл рүү орж байна. Мэдээж амжилтгүй болсон төсөл ч бий.
Гэхдээ хийж чадвал бүх бизнес мөлжүүртэй, ямар ч бизнес хийсэн үндэсний том компани болох боломжтой гэж би боддог.
-Та өмнө нь Мастер группт Бизнес хөгжил хариуцсан захирал, Санхүү эрхэлсэн захирал, Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан. Таны бодлоор судалгаанд суурилж бизнес хийхийн ач холбогдол, давуу тал юу вэ?
-Ямар ч бизнесийг судалгаанд суурилж хийх ёстой. Ингэснээр тухайн төслийн дампуурах магадлал буурч, амжилттай хэрэгжих магадлал нь нэмэгддэг. Мега төслүүд, эсвэл барилгын төслүүдийн хувьд судалгааны зардал нь төсвийнх нь нэг хувьд ч хүрэхгүй.
Судалгаанд 100-200 сая төгрөг зарцуулах нь төсөл хэрэгжүүлэгч, аж ахуйн нэгжид хайран санагдаж болох ч төслийн гол үнэ цэн энд үүсэж байгааг ойлгох хэрэгтэй. Судалгаа шинжилгээний явцад л үнэ цэн бий болдог. Миний туршлагаас үзэхэд тухайн бизнес, төсөлд тохирсон судалгаа шинжилгээний арга зүй маш чухал. Тухайлбал, мэдээлэл технологийн төслийн хувьд прототайп үүсгэж турших нь оновчтой байдаг бол үл хөдлөхийн хувьд хэрэглэгчдийн судалгааг голлон хийсэн олон талт судалгааны аргачлал чухал болно.
Мөн бизнес, төслийг хэрэгжүүлэх бол бухын нүд аргачлалыг ашиглаж тухайн зах зээлд боломж байна уу, уг төсөл (эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээ) ашигтай юу, бид хэрэгжүүлж чадах уу гэдэг гурван огтлолцолд хариулж чадсан тохиолдолд тухайн бизнес рүү орж болно. Би өөрөө математик суурьтай болохоор бизнестээ математик загварчлал ашигладаг. Ингэсэн нөхцөлд бодит тооцоолол гардаг давуу талтай. Аль ч төслийн судалгаа ямар ч хугацаагаар үргэлжлэх бай, тухайн төслийг хэрэгжүүлэх эсэхийг нэг сарын дотор шийдвэрлэх нь зүйтэй.
-Эхлэл групп үл хөдлөхийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа талаар та өмнө дурдсан. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Мастер группт ажиллаж байхдаа би UB Tower, UB Tower Plus, Go.to market зэрэг үл хөдлөхийн хэд хэдэн төслийн багт ажиллаж байсан. Өмнө дурьдсанчлан 2021 оноос хойш маш их судалгаа, шинжилгээ хийж, эрэлт нийлүүлэлтийн маш том GAP байгаа дээр суурилан боловсруулагдсан төсөл. Өөрөөр хэлбэл, зургаан бүлгийн (зорилтот 600 өрхийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээний судалгаа, нийлүүлэлт, олон улсын чиг хандлага, зах зээлийн багтаамж, өрсөлдөгчийн судалгаа) маш олон жижиг судалгаа шинжилгээ, тэдгээрийн үр дүнд суурилсан оновчтой төлөвлөлт ба байршил бүхий төсөл гэж ойлгож болно.
Төслөө танилцуулахаас өмнө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн талаар товч тайлбар өгвөл зүйтэй байх гэж бодож байна. Улаанбаатарт орон сууцны зах зээл, оффисын зах зээл мөн худалдаа үйлчилгээний зах зээл ч нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа. Одоо баригдсан барилгууд 2-3 жилийн дараа л дүүрнэ. Их өсөлттэй зах зээл. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод хүмүүсийн байр худалдаж авах сонголт өөрчлөгдөж байна. Нэг хэсэг Зайсан, Яармаг руу шилжилт хөдөлгөөн их байсан бол түгжрэл, цаг хугацаа зэргээс шалтгаалаад эргээд хотын төв рүү чиглэсэн худалдан авалтын трэнд ажиглагдаж байна.
Эхлэл группийн хувьд хоёр блок, 72 айлын Modest Residence орон сууцны төслийг хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хотын төвийн хамгийн таатай бүс дэх хамгийн сайн төлөвлөлттэй орон сууц гэж дүгнэж байгаа. Завгүй амьдралын хэв маягтай, чинээлэг дундаж давхаргын хүмүүст зориулсан ухаалаг, энгийн, хялбар шийдлүүдийг санал болгосон төсөл гэж товч тодорхойлж болно.
Өөр нэг давуу тал бол манай байршил. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо буюу хүүхдийн 100, цирк орчимд баригдана. Энэ байршилд баригдсан ямар ч үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн тогтмол өснө. Үнэ цэнтэй байршил гэж болно. Хотын төвийн зарим хэсэгтэй харьцуулахад дуу чимээ багатай, нам гүм, агаарын бохирдол багатай бүс.
-Modest Residence төсөл худалдан авагчдадаа ямар үнэ цэнийг өгөх вэ?
-Бодитой үнэ цэнийг өгнө гэж бардам хэлж болно. Юуны түрүүнд, бодитой үнэ, дээд зэргийн байрлал нь уг төслийн давуу тал юм. Замын түгжрэлд цаг заваа алдахгүй учраас цаг хугацаа гэдэг үнэ цэнийг өгч байгаа. Хувцас угаалга, хүргэлтээр хоол авах зэрэг консьерж үйлчилгээг авах боломжтой. Нэг онцлох зүйл бол ногоон барилгын шаардлага, стандартыг хангасан төсөл болно. Мөн бид худалдан авагчдынхаа эрүүл мэндэд маш их анхаарсан. Тийм ч учраас шууд ууж болох цэвэршүүлсэн усны систем суурилуулж өгнө. Гаднах агаарын бохирдлыг бид шийдэж чадахгүй ч байрандаа эрүүл цэвэр агаараар амьсгалдаг байх ёстой гэж үзсэний үндсэн дээр гэрийн агаарын чанарыг хянах, шүүх, чийгшүүлэх боломжтой агааржуулалтын системийг мөн суурилуулах юм. Дүгнээд хэлбэл, шинэ тансаглалыг оршин суугч нартаа өгнө гэж ойлгож болно. Мөн хөрөнгө оруулах боломжийг ч өгч байгаа юм.
-Хөрөнгө оруулах ямар боломжуудыг санал болгож байгаа вэ?
-Modest Residence төсөл нь худалдан авагчдад мөнгөө өсгөх том хөшүүрэг болно. Бид төслийн санхүүжилт тал дээр хоёр гарцыг санал болгож байна. Нэгдүгээрт, төслийн маань стратегийн хөрөнгө оруулагч болох боломжтой. Сар сардаа хөрөнгө оруулалтаа графикийн дагуу хийх учраас хөрөнгө оруулагчдад мөнгөн урсгалын дарамт багатай байх юм. Хоёрдугаарт, төслийн эхний санхүүжилтэд зориулж зөвхөн 14 орон сууцанд бид онцгой үнийн санал, хөнгөлөлтийг долдугаар сарын 10 хүртэл зарлаад байна. Тодруулбал, та 40 хувийн урьдчилгаа төлж байраа захиалбал таны хөрөнгө 65 хувийн, 100 хувийн бүтэн төлөлт хийвэл 52 хувийн өсөлт үзүүлэх боломжтой юм. Эсвэл хамгийн багадаа 36 хувийн өсөлттэйгөөр төсөл хэрэгжүүлэгчид буцаан худалдах боломжтой. Өгөөж нь илүү сайн бөгөөд хөрөнгө оруулагчийн эрсдэлийг төсөл хэрэгжүүлэгч компани үүрч байгаа гэж ойлгож болно.
-Та МУИС-ийг эдийн засгийн математикч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш ХААН Банк, Мастер групп болон хувийн хэвшлүүдэд ажиллаж байлаа. Карьераасаа та юуг онцлох вэ?
-ХААН Банканд эдийн засагчаар ажиллаж байхдаа санхүү, менежментийн тал дээр сайн суралцсан гэж боддог. Дараа нь Мастер группт зах зээлийн судалгаа, бизнес хөгжүүлэлт, социологийн судалгаа, төсөл хөгжүүлэлт рүү түлхүү орсон. Улмаар хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшин, бичсэн төсөлдөө хөрөнгө оруулалт босгож, төслийнхөө санхүүгийн менежментийг нь давхар хариуцаж эхэлсэн. Өөрийгөө илүү шинжээч байдлаар ажилладаг, менежер-эдийн засагч гэж боддог. Санхүүгийн менежментийн чиглэлээр ажиллаж байгаад гүйцэтгэх удирдлагын багт ажиллаж эхэлсэн болохоор сүүлийн үед менежмент талдаа илүү анхаарч, суралцаж байна. Санхүүгийн мэргэжилтэй байх нь компанийн мөнгөн урсгалыг зохицуулах, холдинг менежментийн компани удирдахад илүү тохирдог юм байна гэж бодож байгаа.
-Гүйцэтгэх захирлын ажлын арга барилаас сонирхуулна уу?
-Сайн, шилдэг гүйцэтгэх захирлуудаас суралцаж, байнга ном уншиж, подкаст сонсдог. Тэдгээр захирлуудын нэг давуу тал нь маш их уншиж, судалдаг явдал гэдгийг ойлгосон. Үүнийг л өөртөө суулгаж, суралцахыг хичээдэг. Завгүй хүмүүсийн хувьд сүүлийн үед подкаст тун тохиромжтой болоод байна.
Миний бодлоор юм болгон өөрийн гэсэн загвартай, тавилантай, түүнд нь тохирсон арга зүй заавал байдаг. Тийм учраас тэрхүү арга зүй, аргачлал, шийдлийг олохын тулд би маш их боддог. Ямар ч ажлыг эхлүүлэхдээ зөв аргачлал гаргаж чадвал үр дүн нь ч зөв байна. Бидний хүсэж буй үр дүн юу вэ, түүнд хүрэхийн тулд юу хийх вэ, эхлээд үүнийг хийгээд дараа нь ингэнэ, үүнийг орхиё гэх мэтээр байнга бодож байгаа юм. Гүйцэтгэх захирлын ажил бодохоос л эхэлдэг болов уу.
Би өмнө нь гүйцэтгэх захирлыг их завтай хүн гэж боддог байсан. Гэтэл хамгийн их ядардаг албан тушаал гэдгийг ойлгосон. Заримдаа маш их ядарч, хамаг энергиэ соруулчихсан мэт байдаг. Тиймээс тухайн өдөртөө ажлаа зөв төлөвлөөд үдээс хойш 4-5 цагийн үед дүгнэдэг. Тэгэхгүй бол ажлын дараа ч ажлаа бодоод улам ядрах, стресстэх эрсдэл байдаг.
Мундаг, туршлагатай захирлуудтай харьцуулбал миний туршлага харьцангуй бага. Санхүүгийн менежмент ба судалгаа шинжилгээ л миний давуу тал юм болов уу гэж боддог. Мөн эдийн засгийн математик загварчлалаар суралцсан, энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа, төслийн борлуулалтыг магадлалын онол ба математик загварчлалд суурилж боловсруулдаг цөөн менежерийн нэг байх гэж боддог.