Манай улсын даатгалын салбар харьцангуй жижиг. Дэлхийн ихэнх улсад даатгалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 хувийг эзэлдэг бол манай улсад эл үзүүлэлт 0,66 хувь байна. Гэвч энэ салбарт сүүлийн таван жилд өндөр өсөлт үзүүлж, орлогын хэмжээгээ 33 дахин нэмэгдүүлж чадсан хамт олон бол “Амар даатгал” компани юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Т.Батзултай энэхүү амжилтынх нь нууц болон даатгалын салбарын 90 жилийн ойн талаар ярилцлаа.
-2023 онд “Амар даатгал” компани үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиосон. Та компанийнхаа 20 жилийн түүх болон гол ололт амжилтын талаар сонирхуулна уу?
-Манай компани 2003 онд “Гэр даатгал” нэртэйгээр анх байгуулагдаж, тусгай зөвшөөрлөө авч байсан. 2019 оны 1-р сараас шинэ удирдлагын баг компанийн тодорхой хувийг авч, ребрэндинг хийснээр нэн шинэ түүх маань эхэлсэн гэж болно. Манай удирдлагын багт банк санхүү, даатгалын салбарт 20-оос дээш жил ажилласан туршлагатай хүмүүс багтдаг. Даатгалыг гэрээ, хууль эрхзүйн олон шатлалтай, ойлгоход төвөгтэй үйлчилгээ гэх ойлголт зах зээлд байдаг учраас даатгалын үйлчилгээг амар хялбар байлгах зорилго дэвшүүлж, ребрэндингийн хүрээнд бид компаниа “Амар даатгал” гэж нэрлэсэн юм. Бид даатгалын үйлчилгээг аль болох амар хялбар байдлаар хүргэх энэ зорилгоо хэрэгжүүлсээр явна.
Тухайн үед даатгалын компаниуд аппликэйшн маш их гаргаж байсан. Ийм апп-ийг даатгал авахдаа ашиглаж болох ч тэр бүр хэрэг болохгүй учраас хүмүүс устгачихдаг. Тиймээс бид харилцагч нарынхаа байнгын хэрэглээ болж, үргэлж хажууд нь байх шийдэл гаргах зорилго тавьж даатгалын салбарт анх удаа фэйсбүүк мессенжерт байршуулсан апп-ийг нэвтрүүлсэн. Харилцагчид манай компанийн фэйсбүүк чатаар ороод сонгосон бүтээгдэхүүнээ авах, ослын зураг, материалаа илгээх, нөхөн төлбөрөө авах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Ийм шинэлэг бүтээгдэхүүнээр манай баг үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.
2018 онд “Амар даатгал”-ын орлого 600 сая орчим төгрөг байсан бол 2023 онд 20,3 тэрбумд хүрч, 33 дахин нэмэгдсэн. Таван жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлттэй, хурдан томорч буй компани болж чадсан байна. Манай компани эрсдэлээ удирдаж, бууруулахыг зорьдог харилцагч нартаа тусалж, дэмжих үүднээс экспертийн баг ажиллуулдаг. Барилгын инженер, ХАБЭА хариуцсан инженер, уул уурхайн инженер зэрэг шилдэг мэргэжилтнүүд бүхий экспертийн багийг даатгалын компаниудаас анх удаа манайх бүрдүүлсэн. Экспертүүд маань харилцагч нартаа сургалт хийх, эрсдэлийг нь үнэлж, бууруулах чиглэлд анхаарч ажилладаг. Тиймээс манай харилцагч нар нөхөн төлбөр авах гэж биш, харин нөхөн төлбөрөө бууруулах тал дээр ажиллах сонирхолтой болсон, тийм соёлыг ч бид харилцагч нартаа бий болгосон нь манай нэг онцлох амжилт гэж бодож байна.
Дунд хугацааны стратеги зорилтоо тодорхойлохдоо бид мэдээллийн технологийг түлхүү хөгжлийн сууриа болгохоор боловсруулсан. Энэ хүрээнд даатгалын үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан, амар авах боломж олгосон технологийн шийдлийг бүтээж, олон улсад гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд бид хоёр ч бүтээгдэхүүнийг туршиж байгаа, тун удахгүй энэ талаараа олон нийтэд мэдээлнэ.
-Өмнөх амжилт, алдаа онооноос гадна компанийнхаа цаашдын ирээдүй, стратегийг та бүхэн хэрхэн тодорхойлж байна вэ
-Ирэх таван жилд бид гадаад түнш, Монголын шилдэг технологийн компанитай хамтраад олон улсын зах зээлд гарахаар ажиллаж байна. Хоёр дахь гол зорилго бол салбарынхаа топ компанийн нэг болох. Ингэж чадна гэдгийг ч манай баг хамт олон сүүлийн таван жилд харууллаа. Бид бүхнийг шинээр эхлүүлж ургуулан бойжуулж, эрийн цээнд хүргэсэн.
Үүнийгээ цаашид улам эрчтэй хөгжүүлж, технологийн шийдлээрээ зах зээлд ялгарсан, хүмүүст амар үйлчилгээ үзүүлдэг топ даатгалын компани болно.
-“Амар Даатгал” компанийн харилцагчдын бааз суурь ямар харьцаатай байдаг вэ?
-Өнгөрсөн таван жилд бид иргэдийн даатгалд түлхүү анхаарсан. Технологид суурилсан шийдлүүд санал болгож, шоппи.мн вэбсайт дээр ландинг пэйж байршуулж, киоск машин, мөн банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо, брокерын компаниудаар бүтээгдэхүүнээ борлуулж байна.
Сүүлийн хоёр жилд байгууллагын зах зээл рүү түлхүү орсон. “Хүннү Эйр”, “Аэро монголиа”, “Монголиан эйрвэйс” зэрэг агаарын тээврийн томоохон компани манай харилцагч болоод байна. Мөн манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж байна. Ирэх жилүүдэд байгууллагын даатгалын зах зээлд түлхүү ажиллахаар төлөвлөж буй. Бүтээгдэхүүний багцын харьцааны тухайд иргэд, байгууллагын даатгал ижилхэн 50, 50 хувьтай байгаа.
-Танай компани өнгөрсөн сард Вьетнамын Ханой Ре компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хамтын ажиллагааны талаар сонирхуулна уу?
-Вьетнам бол их сонирхолтой зах зээл. Нэг намын засаглалтай боловч эдийн засаг нь либералчлагдсан, чөлөөт зах зээлтэй улс. Вьетнамын даатгалын зах зээл ДНБ-ий 1,5 хувийг эзэлж байгаа бөгөөд ойрын жилүүдэд 4-5 хувь болж өсөх прогноз бий. 100 сая хүн амтай тус улсын даатгалын зах зээл нь хоёр оронтой тоогоор жил бүр өсөж байна.
Түүнчлэн тус улс руу монголчууд их аялдаг боллоо. Энэ оны 1-р сард 6000 монгол хүн аялсан байна. Түүнчлэн Монголоос мах экспортлох сонирхол тус улсад бий. Монгол малын махыг их амттай, органик гэж үздэг. Манай махны үйлдвэрүүд ч Вьетнамын зах зээл рүү орж байна. Тиймээс тус улсад аялж амарч буй монголчуудынхаа амь нас, эрүүл мэнд, махны компаниудын ажил, үйлчилгээний эрсдэлийг хаах, хамгаалах зорилгыг бид тавьж байгаа юм.
Вьетнамын багагүй хөрөнгө оруулалт манай улсад орж ирдэг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд саяхан Вьетнамын хэд хэдэн бизнес групп ирж, манай зах зээлийг сонирхож судалсан. Энэ харилцаа, бизнесийг хамгаалах үүднээс Ханой Ре компанитай гэрээг бид байгуулж, эрсдэлээс хамгаалах үйлчилгээг хамтран үзүүлэхээр ажилдаа ороод байна.
-Монголчууд ямар эрсдэлд хамгийн их өртөж байна вэ? Эдгээр эрсдэлийн шалтгаан нь юу байна вэ?
-Манай компани жил бүр Эрсдэлийн судалгаа хийж, харилцагч болон олон нийтэд хүргэдэг. Монголд номер нэг эрсдэл нь галын эрсдэл байна. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр үерийн эрсдэл тогтмолжих нь тодорхой боллоо. Гурав дахь түгээмэл эрсдэл нь авто тээврийн осол. Тэр дундаа жижиг осол нийт тохиолдлын 80 хувийг эзэлдэг. Дөрөв дэх том эрсдэл нь иргэдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан гэнэтийн осол. Тавдугаарт, төрөл бүрийн өвчлөл, тэр дундаа хавдрын өвчлөл орж байна.
Эрсдэлийн шалтгааны тухайд монголчууд нүүдэлчин удамтай, бие биенээсээ хамааралтай эрсдэлтэй тулгарч байгаагүй онцлогтой. Байгалийн эрсдэлтэй л ойрхон явж ирсэн. Энэ сэтгэхүй нь одоо ч бидэнд гүн оршиж байдаг. Эрсдэл надад учрахгүй гэж боддог. Харин хотжилт, төвлөрлөөс үүдэлтэйгээр илүү эрсдэлтэй нөхцөлд бид амьдарч байгаа учраас шинэ үеийн залуус даатгалын үйлчилгээ авах хандлагатай болж байна.
“Гандан бол даатгалын компанийн гол өрсөлдөгч” гэж хүмүүс хошигнодог. Мөрөө гаргаж, засал хийлгэчихвэл л алзахгүй гэж боддог. Хэдий болтол бид ийм бодолтой, далд ухамсартаа найдаж явах билээ. Тиймээс даатгалын үйлчилгээг зайлшгүй авч, санхүүгийн эрсдэлээс хамгаалах ёстой.
Ялангуяа амьдралын даатгалыг хийлгэдэг болох шаардлагатай байна. Монголчууд өөрийнхөө амь насийг даатгадаггүй мөртлөө машинаа даатгуулдаг хүмүүс. Таны амь нас, амьдрал баталгаатай байгаад хөдөлмөрлөж л байвал ямар ч машин унаж болно шүү дээ. Сүүлийн жилүүдэд дундаж амьдралтай гэр бүлийн тоо нэмэгдэж, эдийн засаг өсөж, хүмүүс байр, зуслантай болж байна. Гэхдээ амьдралд юу ч тохиолдож болно. Гол орлого олдог хүн нь өвдөх, гэмтэх, нас барах үед тухайн гэр бүл санхүүгийн дарамтанд орохгүй байх баталгаа нь амьдралын даатгал болдог.
Тиймээс дундаж гэр бүл, баялаг бүтээгчид энэ даатгалд хамрагдаж гэр бүлээ, ирээдүйгээ баталгаатай болгоход анхаарах хэрэгтэй байна. Энэ даатгалыг бид дадал болгох ёстой.
Нэг жишээ дурдахад, Дарханы зам дээр эхнэр, нөхөр хоёр авто ослоор нас барж, ард нь ипотекийн 200 сая төгрөгийн зээл, насанд хүрээгүй гурван хүүхэд нь үлдсэн тохиолдол гарч байсан. Уг гэр бүл амьдралын даатгалтай байсны ачаар даатгалаас зээлийг нь төлсөн. Та гэр бүлдээ хайртай л бол амьдралын даатгал заавал хийлгэх хэрэгтэй.
-Манай улсад даатгалын нэвтрэлт сайжрахад саад болж буй голлох хүчин зүйлсийг та юу гэж тодорхойлох вэ?
-Нэгдүгээрт, манай салбарын хууль, эрхзүйн орчин хоцрогдсон. 2004 оноос хэрэгжиж байгаа Даатгалын тухай хууль одоогийн зах зээлийн нөхцөл, эрсдэлд хүрч үйлчилж, зохицуулж чадахгүй байна. Тус хуулийг шинэчлэх шаардлагатай. Энэ хүрээнд хуулийн шинэчилсэн төслийг бэлэн болгосон, шинэ парламент хэлэлцэж батлана гэдэгт найдаж байгаа.
Хоёр дахь шалтгаан бол даатгуулах соёл, мэдлэг бидэнд дутмаг байна. Даатгалын компаниуд хүчин чармайлт гаргаж байгаа ч энэ талын боловсрол, мэдлэг хангалтгүй хэвээрээ л байна. Хүмүүстэй уулзаад даатгалын бүтээгдэхүүн танилцуулж, тайлбарлахад худалдаж авах хүсэлтэй болдог. Гагцхүү энэ сэдлийг олон нийтэд бий болгож, ойлгуулах хэрэгтэй. Улаанбаатар зэрэг төв суурин газарт нягтаршил нэмэгдсэнээр эрсдэлийн талаарх хүмүүсийн ойлголт харьцангуй сайжирч байна. Өнгөрсөн өвөл газ ачиж явсан машин дэлбэрсэн, ноднин жилийн үерийн аюул гэх мэт гашуун туршлага, эрсдэл хаяанд байгаа учраас хүмүүст даатгуулах сонирхол төрж байна. Цаашид даатгалын тухай иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлж чадвал даатгалын нэвтрэлт сайжирна.
Хэдий манай даатгалын зах зээл хоёр оронтой тоогоор өсөж байгаа ч эдийн засгийн өсөлтөө гүйцэж томорч чадахгүй байна. Эл өсөлтөөр бий болсон баялгаа хамгаалж, улс эх орныхоо эдийн засгийг дархлаатай болгоё гэвэл даатгалын салбарыг бодлогоор дэмжиж, томруулах ёстой. Заавал даатгуулах даатгалыг хуулиндаа тусгаж, олноор нь бий болгох хэрэгтэй. Байгалийн гамшиг тохиож, улсаараа аюулд өртлөө гэхэд эдийн засгаа сэргээн босгох капиталыг даатгалын компаниуд нь гаргаж чаддаг байх ёстой. Энэ салбарыг зөвхөн хувийн хэдэн компанид даатгаад орхилгүй, эдийн засгийн дархлаа болох салбар гэж харах хэрэгтэй байна.
-Даатгалын мэдээллийн сангийн талаар мэдээлэл өгнө үү? Уг сангийн гол ач холбогдол нь юу вэ?
-Даатгал бол мэдээлэлд суурилдаг бизнес. Тухайлбал, амьдралын даатгал хийхдээ үйлчлүүлэгчийн нас хүйс, өмнөх өвчний түүх, удамшлын өвчин, ямар ажил хийдэг, машин барьдаг эсэх гэх мэтээр эрсдэлийн факторыг тодорхойлж, үүнд нь үндэслээд тухайн хүний даатгалын үнийг гаргадаг. Гэтэл бид иймэрхүү мэдээллээ хуваалцдаггүй. Компани бүр мэдээллээ дараад суулгүй, хуваалцах хэрэгтэй байна. Ингэвэл тухайн даатгуулагч ямар эрсдэлтэй вэ гэдгийг бүх даатгалын компани мэддэг болно.
Хариуцлагатай хүнийг хямд даатгах, харин осол аваар гаргадаг жолоочийг үнэтэй даатгах гэх мэт боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, нийгмээ хүмүүжүүлэх, эрсдэлийг багасгахад даатгалын мэдээлэл нэн чухал юм. Манай холбоо блокчэйнд суурилсан тээврийн хэрэгслийн даатгалын мэдээллийн санг байгуулсан. Ингэснээр тухайн машиныг худалдаж авах гэж байгаа хүн ямар осолд орсныг, банкууд машины зээл өгөхдөө худалдан авч буй хүнийг нь хэр хариуцлагатай вэ зэрэг мэдээллийг авч болно. Цаашлаад байшин барилга гээд бүх зүйл дээр ийм сан үүсгэх юм бол Монгол Улс эрсдэлийн мэдээллийн сантай болно. Үүнийг Даатгалын тухай хуулийн шинэчилсэн төсөлд тусгаж өгсөн. Бодлого зохицуулагчид ч эрсдэлийн мэдээллийн санг ашиглаж тооцоо судалгаатай шийдвэр гаргах боломжтой болно.
-Монгол Улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож буй. Эл салбарын ололт амжилт, алдаа оноо, хөгжлийн түвшний талаар Монголын даатгалын холбооны ерөнхийлөгчийн хувьд сонирхуулна уу?
-1934 онд Улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр одоогийн “Монгол даатгал” компани байгуулагдсанаар Монгол Улсад даатгалын салбар үүсэж бий болсон түүхтэй. Социализмын үед даатгалын ганц байгууллага байсан бол зах зээлийн нийгэмд шилжсэнээр хувийн компаниуд үүсэж, өдгөө давхар даатгалын нэг, амьдралын даатгалын хоёр, ердийн даатгалын 15 гээд нийт 18 компани ажиллаж байна.
90 жилийн хугацаанд алдсан, оносон зүйл мэдээж бий. Миний онцлохыг хүсэж буй нэг зүйл бол хамтарч эрсдэлээ хуваах соёл манайд хараахан бүрдээгүй нь юм. Жишээлбэл, нэг барилгыг даатгалын компаниуд 5 хувь, 10 хувь, 30 хувь гэх мэтээр хувааж даатгах замаар эрсдэлээ хуваадаг жишиг олон улсад бий. Харин манай улсад даатгалын нэг компани барилгыг бүхэлд нь даатгаад, цааш нь давхар даатгал руу гаргачихдаг. Ингэснээр жилд 60 сая орчим долларыг давхар даатгалаар гадагшаа алдаж байна. Шинэ хууль эрх зүйн орчин бүрдвэл гадаад руу ийм хэмжээний мөнгө гаргахгүй багасгах, даатгалын компаниуд хамтарч даатгал хийдэг болно. Ийм соёлыг бүрдүүлэхийн төлөө манай холбоо ажиллаж байна.
Даатгалын компаниуд зөвхөн нөхөн төлбөр өгөхөөс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, хямд зардалтай, урт хугацаатай, банкуудтай өрсөлдөхүйц санхүүжүүлэгч болж ажиллах практик манайд дутмаг,хязгаарлагдмал байна.
Энэ чиглэлээр даатгалын компаниуд түлхүү ажиллаж институциональ хөрөнгө оруулагч болох, гадаадын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээр эрсдэлээ зөв тооцож ажилладаг болох хэрэгтэй.
Жолоочийн даатгалын тухай хууль 2012 онд батлагдсан. Энэ хуулийн нэг алдаатай зүйл бол даатгалын суурь хураамжийг хуульд тодорхой заасан нь юм. 2012 оноос хойш мөнгөний ханш унасны улмаас албан журмын даатгалаас бүрдэж буй нөөц сан нь өнөөдөр нөхөн төлбөрөө төлж дийлэхгүйд хүрсэн. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхдээ ард иргэдээс гадна зах зээлийн зарчмаар явах талаар бид бодолцох хэрэгтэй. Заавал даатгалын тогтолцоог бий болгохдоо энэ алдааг давтахгүй байх нь чухал. Нийгэмд болоод олон нийтэд аюултай үйл ажиллагаа явуулж буй бизнесийн салбаруудыг заавал даатгалд хамруулах хэрэгтэй байна. Ингэж байж хариуцлагаа хүлээж, аливаа эрсдэлийг хохиролгүй давж гарах нөхцөл бүрдэнэ, осол эндэгдэл гарлаа ч тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээх боломжтой болно.
-Монголын даатгалын салбарын хөгжлийн түвшин олон улстай харьцуулахад ямар байна вэ?
-Хуучин социалист улсуудын даатгалын зах зээл ДНБ-ийнх нь 2-3 хувьд хүрсэн. Энэ утгаараа манай улс маш их хоцрогдолтой байгаа. Гэвч манай даатгалын компаниуд технологид хөрөнгө их оруулж байна. Саяхан “Агула Даатгал” компани хиймэл оюунаар автомашины эвдрэл таниж үнэлдэг Зурагу системийг гаргасан. “Монре даатгал” компани эрсдэлийн газрын зураг хийж байна. Энэ нь олон улсад шинэлэг шийдэл юм. Хэдий ДНБ-д даатгалын салбарын эзлэх хувь бага ч гэсэн бид технологийн хувьд бусад улсаас түрүүлж алхаж байна, үүгээрээ дамжуулаад олон улсад шинэ зах зээл нээх боломж бий. Зөвхөн уул уурхай бус даатгалын салбар ч гаднаас валют олох боломжтой.
-Монголын даатгалын холбоо 90 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Түүхэн ойн хүрээнд бид даатгалын талаарх иргэдийн ойлголтыг өөрчлөх зорилгоор “Жилийн хамгийн том нэг хувь” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна. Даатгалын компаниуд нийгэмдээ нэг хувийн өөрчлөлт авчирснаар юу өөрчлөгдөх вэ гэдгийг харуулах зорилготой юм. Энэ хүрээнд бид цуврал хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. Жишээлбэл, “Түгжрэлийг бууруулахад иншуртекийн эерэг нөлөө” салбар хуралдаанаар манай холбооны гишүүн “Монре”, “Агула” компанийн гаргасан шийдлийг ашиглаад замын түгжрэлийг 10 хувь бууруулах боломжтой талаарх мэдээлэл өгч, нийслэлийн удирдлага, Тээврийн цагдаагийн газар, Авто тээврийн газрын төлөөллийг урьж оролцуулсан.
Хоёрдугаарт, “Хавдраас сэргийлэхэд даатгалын салбарын оролцоо” салбар хуралдаанаар хувийн эрүүл мэндийн даатгалаар дамжуулж харилцагчдадаа даатгалын компаниуд хэрхэн туслах боломжтойг танилцууллаа. Мөн нийтийн хоолны газруудыг заавал хариуцлагын даатгал хийлгэх, уурын угаагчтай болох уриалгыг манай холбоо гаргасан. Уурын угаагч ашигласнаар хеликобактер тарахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд ийм угаагчтай газруудыг манай гишүүн байгууллагууд хямд үнээр даатган, сертификатжуулж олон нийтэд ил тод сурталчлах шийдэл гаргасан. Эдгээр нь хохирол, эрсдэл үүсэхээс өмнө даатгалын компаниуд юу хийж чадах талаар эерэг ойлголтыг иргэд, шийдвэр гаргагчдад өгөхөд чиглэж байгаа юм. Ойн хүрээнд даатгалын компани бүр нийгэмд зориулсан кампанит ажил хийх үүрэг хүлээсэн.
Мөн бид “Иншуранс Монголиа” форумыг ирэх намар хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн даатгалын компанийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах, эрсдэлээс сэргийлэх судалгаа хийх, үр дүнг нь төр засагт хүргэж, улмаар судалгаанд суурилсан шийдвэр гаргадаг болоход хувь нэмрээ оруулах зорилгоор Даатгалын институт байгуулсан бөгөөд төсөл боловсруулж олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байна.
-Та арилжааны банкнаас ажлын гараагаа эхлүүлж байсан. Яагаад даатгалын салбарт ажиллах болсон бэ?
-Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгсөөд 2000 оноос 2007 он хүртэл Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байхдаа даатгалын салбарт хөл тавьж байлаа. 2006 онд банкны ТУЗ “банк-даатгалын салбар хамтдаа явдаг, банкашурранс Монголд хөгжөөгүй байна, үүнийг хөгжүүлье” гэж шийдээд хөрөнгө оруулалтын хэлтэс байгуулахад нь би орж ажиллаж байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас уг төсөл зогсож, өөр нэгэн банкны даатгалын чиглэлээр хэрэгжүүлж байсан төсөл рүү шилжиж ажилласан. Тухайн үед бид даатгалын нэгэн компанийн 45 хувийг худалдаж авч, банкаараа дамжуулаад банкашуррансийг Монголд анх нэвтрүүлж байлаа.
Харин 2010 онд “Монгол даатгал” компани гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлахад нь тэнцэж, уг компанид 2018 оны 11-р сар хүртэл ажиллаад “Амар даатгал” компанид хамтрагчдын хамт ирж, хувь эзэмшигчээр ороод гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Удирдлагын багтайгаа урт хугацаанд гар нийлэн ажиллаж, нэг зүгт харж, бие биенээ ойлгож, алдаа дутагдлаа нөхөж ирсэн нь өнөөгийн хурдтай өсөлттэй компани болоход голлон нөлөөлсөн гэж би боддог.
-Олон жил удирдах ажил хийсэн таны ажлын онцлог, арга барил юу вэ?
-Сайн баг бүрдүүлэх нь чухал. Хамгийн гол нь багийн гишүүдээ юу хийж чаддагийг нь мэдэж, мэдэрч, ажлаа хийх орон зай, эрх мэдлийг нь өгч, итгэл хүлээлгэх юм бол үр дүн гардаг гэдгийг өөрийн туршлагаас ойлгосон.
Миний удирдах нэг онцлог бол уян хатан, хүлээцтэй арга барил. Зөөлөн нь хатуугаа дийлдэг гэдэг зүйр үгэнд би итгэдэг. Хүнийг уучилж чаддаг байх ёстой. Хүмүүс алдаа гаргадаг, санаатай, санамсаргүй алдах нь бий. Ажлаа хийж байгаад санамсаргүй алдсан бол хариуцлага тооцохоос илүү итгэл үзүүлж, алдааг нь ухамсарлуулбал тухайн хүний карьер өсөх боломжтой. Монгол компаниудын зарим захирал маш их дүрэм журам гаргаж, түүнийгээ яс мөрдөж, уян хатан байж чаддаггүй, ингэснээр хүмүүсээ алддаг юм шиг санагддаг. Мөн амлалтдаа хүрдэггүй. Захирал хэлсэндээ хүрч байж, ажилтнуудынхаа итгэлийг олж авна. Миний зарчим бол амласан л бол биелүүлэхийг хичээдэг.
Түүнчлэн ажилтнуудынхаа ар гэрийг, ард нь ямар асуудал, өвчин зовлон байгааг мэдэж, харилцан ярилцаж, тусалж дэмжихийг хичээдэг. Ажилтнуудынхаа итгэлийг хүлээх юм бол захирал зорьж буй зүйлдээ хүрэх боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Монголчууд өөрийг нь ойлгодог, дэмждэг, уян хатан удирдагчтай байхыг хүсдэг болов уу гэж боддог.
-Компани болон төрийн бус байгууллага удирдахын ялгаа юу вэ?
-Багаа сайн бүрдүүлээд, хамт олон маань хариуцсан ажлаа хийгээд явах үед компанийн ажил надтай надгүй явна. Хүнээс хамааралтай бизнес байгуулах нь эрсдэлтэй, тиймээс би хүнээс хамааралгүй бизнес босгоход их анхаардаг. Харин төрийн бус байгууллага удирдахад харилцаа маш чухал. Олны танил болж, сайн хүрээлэл үүсгэх шаардлагатай. Нэг бус нэлээд хэдэн компанийг төлөөлж байгаа учраас өөрийн болон хувийн бизнесээ хойш нь тавиад гишүүдийнхээ төлөө явах, ачаалал даах шаардлагатай болдог. ТББ удирдах нь цэвэр өөрөөс хамаарах ажил бөгөөд тухайн салбарынхаа алс хэтийн ирээдүйг харсан, асуудлыг ойлгосон, түүнийг шийдэх шийдэлтэй байх ёстой юм. Тэр утгаараа илүү хариуцлагатай, алдаж болохгүй ажил.