Хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгч ялгаруулалтын татвар нэвтрүүлсэн дэлхийн анхны улс нь Дани болно. Ингэснээр тус улсын сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэгчид 2030 оноос үхрийн тоо толгой тутамд жилд 672 кроны (96 ам.доллар) татвар төлөх ёстой болж байна. Энэхүү шийдвэрийг Данийн эвслийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.
Дани бол сүүн бүтээгдэхүүн, гахайн мах үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйн салбар нь нүүрстөрөгчийн ялгарлын нэг гол эх үүсвэр болдог. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-д өгсөн амлалтаа биелүүлэх зорилгоор Засгийн газар нь дахин ойжуулах, намаг үүсгэх зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 40 тэрбум крон (3,7 тэрбум ам.доллар) зарцуулахаар шийдвэрлэсэн байна. “Эвслийн Засгийн газар ийн санал нэгдсэнээр сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн том байгаль орчны өөрчлөлтийг хийхэд олон тэрбумын хөрөнгө оруулах боллоо. Ингэснээр манай улс хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулсан дэлхийн анхны улс болно” гэж Гадаад харилцааны сайд Ларс Локке Расмуссен мэдэгдсэн байна.
Данийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид уг шийдвэрийг таатай хүлээж авсан ч зарим фермерүүд үүнд ихээхэн бухимдаж байна. Уг шийдвэр гарахаас хэдхэн сарын өмнө Европын маш олон улсын фермерүүд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэн авто замуудыг трактороор хааж, Европын парламентын байр луу өндөг шидэж байсныг сануулъя. Тэд байгаль орчинтой холбоотой дүрэм журмууд, хэт дарамттай хүнд суртлыг эсэргүүцэж ийн жагссан юм.
Дэлхийн хүнсний систем нь уур амьсгалын хямралын гол буруутны нэг бөгөөд хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Үүнд, мал аж ахуй багагүй хувийг эзэлдэг байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээс үзвэл 2015 онд хүлэмжийн хийн ялгарлын 12 хувь мал аж ахуйн гаралтай байжээ. Энэхүү ялгарлын тодорхой хувь нь үхэр, гахай зэрэг амьтны бааснаас ялгардаг дэлхийг дулааруулагч метан хий юм.
Энэ оны сүүлчээр Данийн парламент батлах хүлээлттэй байгаа уг татвар нь 2030 оноос эхэлж мал, амьтнаас ялгарсан нүүрстөрөгчийн тонн тутамд 300 крон (43 ам.доллар) байх бөгөөд 2035 оноос 750 крон болж нэмэгдэх юм. Гэхдээ уг татварыг 60 хувь хөнгөлснөөр фермерүүд малаасаа ялгарч буй тонн тутамд 2030 оноос 120 крон (17 ам.доллар), 2035 оноос 300 кроны (43 ам.доллар) татвар төлөх ажээ.
Данийн ногоон тинк-танк Concito-ийн тооцооллоос үзвэл тус улсын мал сүргийн ихэнх хувийг эзэлдэг сүүний чиглэлийн үнээнүүд жилд дунджаар 5.6 тоннтой тэнцэх хэмжээний нүүрстөрөгч ялгаруулдаг аж. Татвар ногдуулж эхэлсэн эхний хоёр жилд татварын орлогыг хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилтэд зарцуулж, дараа нь үнэлгээ хийх юм. “Уг татварыг нэвтрүүлж буйн гол шалтгаан бол нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулах шийдлийг тус салбар боловсруулахад нь түлхэц үзүүлэх юм. Жишээлбэл, фермерүүд малын тэжээлээ өөрчилж болно” гэж Concito-ийн ахлах эдийн засагч Т.Хасфорт ярьжээ.
Данийн фермерүүдийн Bæredygtigt Landbrug холбооны зүгээс уг арга хэмжээг “айдас дагуулсан туршилт” гэж тодорхойлов. “Энэхүү татвар нь тэрчигтээ хүнд суртлаас өөр юу ч биш. Уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгааг бид ойлгож байгаа ч энэхүү шийдэл нь уг асуудлыг шийдвэрлэхгүй. Яагаад гэвэл энэ татвар нь хөдөө аж ахуйг чиглэсэн ногоон хөрөнгө оруулалтад тээг болно” хэмээн тус холбооны тэргүүн П.Кьяер шүүмжилсэн байна.
Данийн Засгийн газрын уг шийдвэр нь “зөв” боловч “нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахыг хичээж байгаа фермерүүдыг” уг татварт хамруулахгүй байх нь зөв гэсэн байр суурийг Европын хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Arla Foods-ийн гүйцэтгэх захирал П.Туборг илэрхийлжээ. Харин Европын хамгийн том хөдөө аж ахуйн компанийн нэг, Данийн 25 мянган фермер хамтран эзэмшдэг DLG Group-ийн гүйцэтгэх захирал К.Хандеболлын үзэж буйгаар Европын холбооны хууль тогтоомжид уг татварыг багтаавал “өрсөлдөх чадварыг дэмжих” чухал ач холбогдолтой болох ажээ. “Зөвхөн Дани улс дангаараа ийм шийдвэр гаргах нь уур амьсгал, хөдөө аж ахуй, түүний туслах салбаруудад үр дүнгээ өгөхгүй шүү дээ” хэмээн тэрбээр онцолсон байна.