Хөгжиж буй орны залуусын хэрэглээнд нийцсэн 24/7 үйлчилгээтэй, бусдаас илүү шинэлэг, хамгийн богино хугацаанд эрүүл пиццаг цаг алдалгүй худалдан авах боломжийг бүрдүүлсэн “Автомат пицца” ХХК-ийг онцолж байна.
Энтрепренер болох замнал
“Автомат пицца” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Ууганбат ажлын гараагаа тэртээ 1997 онд аавыгаа гадаад руу сургуульд явсны дараахан эхлүүлжээ. Ээжийнхээ бэлтгэсэн амтат цуйванг варьены шилнүүдэд савлаад, хөргөхгүйн тулд гадуур нь даавуугаар баадагнан “Нарны титэм” худалдааны төвд очиж борлуулах ажлыг нэг жил гаруйн хугацаанд хийсэн байна. Улмаар ажлын орлогоороо 1990-ээд оны айлууд ховорхон хэрэглэдэг будаа агшаагч, ус буцалгагч, угаалгын машин худалдан авсандаа ихэд урамшиж явсан түүхтэй.
Харин оюутан ахуй цагтаа танилынхаа рестораныг түрээсэлж, үйлчилгээний салбарт баг удирдан гурван жил ажиллажээ. Зоригтой хөдөлсөн ч нас залуу, туршлага нимгэн байсан тул рестораны үйл ажиллагаа төсөөлсөн шиг нь өсөлт үзүүлж чадаагүй ч хоол үйлдвэрлэлийн салбарт ирээдүйд хөл тавих том түлхэц болсон байна.
Тэрбээр Отгонтэнгэр их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд АНУ –ын Чикагогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан хуульч хүн. Эзэмшсэн мэргэжлээрээ Хууль зүй, дотоод хэргийн яам болон банканд тус бүр гурван жил гаруйн хугацаанд ажиллажээ. Гэсэн ч түүний багын өгөгдөл болох шинийг санаачлах, эрсдэл үүрэх чадвар нь эргэлт буцалтгүй бизнесийн хүн болоход нөлөөлсөн аж. Багаасаа л хоолны шинэлэг амтад татагддаг байсан учраас очсон газар бүрийнхээ элдэв содон, шинэ амтыг амталж үзэх хоббитой. Хэдийгээр мэргэжлийн тогооч биш ч хоолыг урлаг гэдэг утгаар харж, хоол хэмээх том соёлыг гүнзгий ойлгох болсноо ч бидэнтэй хуваалцсан юм.
Гуравхан минутад бэлтгэгдэх пицца
Хоол үйлдвэрлэлийн салбарт технологийн хувьслыг авчирсан автомат пицца хэмээх орчин үеийн түргэн хоолны бизнесийн санааг Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр Ж.Ууганбат бодож олжээ.
Ковид-19-ийн хатуу хөл хорионы үед хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хаалттай байсны улмаас гэрээс гадуур хийгдсэн час хийсэн хоолны амтыг тэр санагалзах болж. Гэвч тухайн үед мэдээж хэрэг тийм боломжгүй байв. Үүнээс улбаалан хүнээс хамааралгүй өөрөө өөртөө үйлчлэх брэнд машин, үйлчилгээний газар нээхийг хүссэн энтрепренерийн сэтгэлгээ давамгайлснаар уг санаагаа ажил хэрэг болгохоор сэтгэл шулуудан эрэл хайгуул хийж эхэлжээ. Судалгааны явцад Хятад, Өмнөд Солонгос, Франц, Америк зэрэг улсад пиццаны машин байдгийг олж мэдсэн байна. Төхөөрөмжөө сонгохдоо хамгийн чанартай, шинэлэг, артизан төрлийн пицца үйлдвэрлэдэг Франц улсын зах зээлд хэдийнэ танигдсан Pizza Door брэндийн автомат машиныг нэвтрүүлжээ.
Пиццаны автомат машин 24/7 цагаар ажиллаж, ердөө гуравхан минутад халуун пиццаг бэлэн болгон үйлчилнэ.
Дэлхий дахинд танигдсан Францын Pizza Door брэндийн автомат пицца нь манай улсад 2022 оны аравдугаар сараас ийнхүү үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Уг автомат машин 24/7 цагаар ажиллаж, гурван минутад халуун пицца бэлэн болгон үйлчилнэ. Нийт 70 пиццаны багтаамжтай. Энэ бүхний хажуугаар Ж.Ууганбат хоол үйлдвэрлэл, тeхнологийн зөвлөх үйлчилгээг мөн нэвтрүүлж чадсан байна.
Бизнес хийнэ гэдэг авах биш өгөх ухаан. Хэн нэгний ашигтай гэсэн салбар руу шуурч орох бус харин бусдад үнэ цэн өгч, салбартаа бусдаас ондоошихыг хэлдэг. Тиймээс ч анхнаасаа зах зээл дэх зорилтот бүлгээ зөв тодорхойлж, өрсөлдөөний орчноо үнэлснээр шинэхэн бизнес нь өсөлт үзүүлж, тасралтгүй урагшилсаар байна.
Монгол Улсад орхигдоод байсан шөнийн хоол үйлчилгээг хүнээс хамааралгүйгээр тэд чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр байгаа юм. Хөгжиж буй орны залуусын хэрэглээнд нийцсэн 24/7 үйлчилгээтэй, бусдаас илүү хямд, хамгийн богино хугацаанд шинэхэн, эрүүл бүтээгдэхүүнээр цаг алдалгүй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Үүний үр дүнд, одоогийн байдлаар 40-аас доош насны давхардсан тоогоор 100 мянган хэрэглэгчдэд үйлчлүүлсэн гэх тоо бий. Хамгийн эрэлттэй, үйлчлүүлэгчээр дүүрэн байдаг цаг нь оройн таван цагаас шөнийн гурван цаг аж.
Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнууд хэт ачаалалтай нөхцөлд ажилладгийг технологийн хүчээр шийдэж чадсан юм.
Есөн машины ард ердөө таван ажилтан ажилладаг. Бүтээгдэхүүний бэлдцээ бэлддэг дөрвөн ажилтан, нэг хүргэлтийн жолоочоос бүрдсэн цомхон баг тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.
Өглөөний найман цагаас эхлэн пиццаны бэлдцээ бэлтгэж, өдрийн 14 цаг гэхэд бүх хүргэлтээ хийж дуусдаг. Өөрөөр хэлбэл, ажилтан болон хэрэглэгчдэд тун амар, ойлгомжтой үйл ажиллагааны процессыг бий болгожээ. Автомат пицца худалдааны машин хэвийн ажиллахад пицца, цахилгаан, интернэт байхад л хангалттай. Тэд өөрсдийн зах зээлдээ шилдэгт тооцогдох технологийг эзэмшдэг ба бүтээгдэхүүн болон үйлчилгээ нь бүгд патент эрхтэй. Одоо ашиглаж буй машины онцлог нь пицца бэлэн болохдоо халуунд тэсвэртэй хайрцгийн хамт зуухандаа шарагдаж боловсордог. Хэрэглэгч төлбөрөө баталгаажуулсны дараа хайрцагны таг автоматаар нээгдэж, ил шарагддаг. Бүтээгдэхүүн борлогдоогүй 36 цаг болсон тохиолдолд машин автоматаар хорогдуулдаг байна.
Түүнчлэн төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд Франц улсын Pizza Door компани алсын зайнаас засах, хянах ажлуудыг хариуцан ажилладаг. Халуунд тэсвэртэй зориулалтын хайрцгаа ч мөн тус улсаас захиалан ашиглаж байна.
Олуулаа хуваалцах онцгой амт
“Автомат пицца” ХХК олуулаа хуваалцах онцгой амтыг хэрэглэгчдэдээ хүргэхийг чухалчилдаг. Учир нь нэг пицца захиалгын ард хэзээ ч ганц хүн байдаггүй. Хүмүүс голдуу л хайртай дотнын хүмүүстэйгээ хамтдаа хуваалцаж, пиццаны гойд амтыг мэдэрдэг.
Тодруулбал, “Автомат пицца”-ийн хамт олон Франц Италийн артизан төрлийн пиццаны амтыг эх орондоо нутагшуулан хэрэглэгчдэдээ таниулан ажиллаж байна. Уг пиццаны жорыг Pizza Door-ийн зөвлөх тогооч Жуан Кристиан Портет манай улсад ирж, хоолныхоо нөү-хауг заажээ. Мэдээж улс үндэстэн бүрийн амтлах мэдрэмж тухайн бүс нутгаасаа хамааран харилцан адилгүй учраас пиццаны зарим орцыг өөрсдийн гараар үйлдвэртээ бэлтгэж, монгол хүний амтлах мэдрэмжид тохируулан бусдаас ялгарах онцгой амтыг тэд гаргаж буй. Харин эх орондоо бэлтгэн үйлдвэрлэх боломжгүй олон төрлийн чийз, бяслаг, пеппероны хиам, зарим амтлагч, ногоонуудаа л зөвхөн импортоор авч ашигладаг.
Шаардлагатай бүх орцныхоо 80-85 хувийг өөрсдийн үйлдвэртээ бэлтгэн өглөө бүр шинээр нь хэрэглэгчдэдээ зориулж байна.
Энэхүү онцгой амттай пиццаны нууц жороос цухас дурдахад: Улаан лоолийн жимсээ байгалийн амьд ургамал базилакаар баяжуулж гарган авдаг. Гурилаа хүйтэн аргаар зуураад 72 цаг хадгалдаг. Ингэснээр гурлинд агуулагдах глютен буюу цавуулаг чанар нь буурч хүний биед хурдан шингэдэг ашиг тустай. Америк төрлийн пиццаны гурилаас хэд дахин хурдан шингэдэг учраас хоол боловсруулах системийг хямраах сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Хоолны бизнест хамгийн чухал нь хүн бүрд таалагдах амтыг гаргах гэж хичээхээс илүүтэй амтаараа ондооших. “Автомат пицца” компанийн зорьж буй чиглэл ч мөн ийм. Ингэснээр орц хоорондын нийлэмжийг зөв зохицуулахыг чухалчилж өөрсдийн өвөрмөц амтыг бий болгожээ. Хоол үйлдвэрлэлийн салбарт тогтвортой оршиж чадах нууц нь хэрэглэгчдийнхээ юу хүсэж буйг мэдэрч, тэрхүү орчин нөхцөлд тааруулан, өөрийн гэсэн гойд амт, брэнд өнгө төрхийг бүтээх ёстой гэдгийг үүсгэн байгуулагч Ж.Ууганбат хэлж байсан юм.
“Автомат пицца”-ийн хамт олны бэлтгэн худалдаалж буй бүтээгдэхүүний гол онцлогийг дахин дурдахад Франц Италийн артизан төрлийн пицца учраас шингэц хурдан, гурил нь цавуулаггүй, мөн гойд амттай байж чаддаг. Зах зээлийн судалгаагаар борлуулагдаж буй бүтээгдэхүүний бэлэн болох хугацаа нь хамгийн хурдан бөгөөд үнийн хувьд хамгийн хямд гэж харагдаж байна.
Одоогоор нийт есөн машин ажиллаж буйгаас Улаанбаатар хотод долоо нь байрлаж, Дархан, Эрдэнэт хотуудад хоёр нь ажиллаж байна. Цаашдаа 30 машинтай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр тэд зорьж байна.
Мөн тун удахгүй крипто зах зээлд шинээр PIZA COIN гэх виртуал хөрөнгийг гаргахаар ажлуудаа эхлүүлжээ. Үүнийг хэрэгжүүлээд эхэлмэгц хэрэглэгчид зөвхөн бэлэн мөнгөөр бус койноороо худалдан авалт хийх, 20 хувийн хөнгөлөлт эдлэх, биржээр дамжуулан койноо арилжаалах хөрөнгө оруулалт хийх гэх мэтээр маш олон төрлөөр хөрвүүлэн ашиглах боломжтой болох юм.