Өөртөө итгэлтэй байдал, загварлаг хувцаслалт, цэгцтэй яриа. Энэ бол бидний мэдэх Д.Санчирмааг тодорхойлох гол үгс. Тэрбээр хувийн инстаграм хаяг (@lueursanchirmaa) -аараа дамжуулан өөрийн амьдралын хэв маяг, сонирхол, загварын зөвлөгөөг мянга мянган дагагчдадаа хүргэдэг. Түүнийг өмнө нь сэтгүүлч, нэвтрүүлэгч байснаар нь олон нийт мэднэ. Харин энэ удаа бид түүнийг “Хобби” буландаа урьж, хэл шинжээч, соёл судлаач мэргэжилтэй ч өөрийн дотоод хүсэл тэмүүллээ дагаж хэрхэн загварын салбарт хөл тавьсан түүх болон өдгөө үүсгэн байгуулаад буй The Lueur Studio -ийнх нь талаар, мөн цаашид ямар зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж буй тухай сонирхлоо. Өөрөөр хэлбэл, бидний мэдэхгүй Д.Санчирмааг таны өмнө нээхийг зорилоо. Мэдээж хэрэг, загварын ертөнцийн талаар ч бид ярилцаж амжсаныг дуулгая.
Миний шийдвэр
Багаасаа л загварын салбарт сонирхолтой байсан бяцхан Д.Санчирмаа энэ сонирхлоо дагаад гоё ганган хувцаслахыг эрхэмлэдэг, гоё сайхан зүйлсээс эрч хүч, урам зориг авдаг охин байжээ. Ингэж явсаар оюутан болох жилээ МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуульд элсэж, хэл шинжээч, соёл судлаач мэргэжлээр сургуулиа дүүргэсэн байна.
“Би 12 жилийн турш телевизийн салбарт мэдээний сэтгүүлч, нэвтрүүлэгчээр ажилласан. “UBS”-ийн Санчирмаа гэж телевизээрээ овоглодог байлаа. Гадаад харилцааны чиглэлээр цаашид суралцах сонирхолтой байсан ч удаан бодсоны эцэст өөр зүйлд өөрийгөө сорих цаг нь иржээ гэж үзээд, зүрх сэтгэлийн дуудлагаа сонсож загварын салбарт, тэр дундаа стилистээр суралцахаар шийдсэн”.
Ингээд Д.Санчирмаа 2020 онд буюу Ковид-19 цар тахал ид дэгдэж байх үеэр Лондон хот дахь British College of Professional Styling сургуулийг онлайнаар суралцаж төгсжээ.
“Цөөн тооны чанартай хувцсаар өөртөө хөрөнгө оруулалт хийхэд сургах нь миний анхаардаг гол зүйл”.
Өөрийнхөөрөө гэрэлт!
Телевиз, контентын салбарт олон жил ажилласан туршлагатай учраас Д.Санчирмаа өөрийн гэсэн студи байгуулах хүсэлтэй байлаа. Энэ хүслээ бодит ажил хэрэг болгож The Lueur Studio -ээ тэрбээр байгуулсан нь 2019 оноос Лондонд албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Студиэ нэрлэсэн lueur хэмээх франц үг нь англиар glow, харин монголоор “гэрэлтэх” гэсэн утгатай бөгөөд түүнд эерэг, гоё, гэрэл гэгээ цацруулсан мэдрэмж төрүүлдгийг хуваалцсан юм. Үүний зэрэгцээ нэрний харагдах, сонсогдох байдал цаашид брэндинг хийхэд хамгийн тохиромжтой гэдгийг ч бодолцож үзжээ.
The Lueur Studio үйлчлүүлэгчдэдээ зориулан хувь хүнд тохирсон дүр төрх бүрдүүлэх, мөн өөртөө итгэх итгэлийг нь дээшлүүлэхэд туслах зорилготой ажилладаг. Түүнчлэн медиа салбарт олон төрлийн контент бүтээж, хамтран ажилладаг брэнд, бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, зар сурталчилгаа, онлайн зөвлөгөө өгөх, бизнес маркетингийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж.
Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн зөвлөгөө бол “Өөрийнхөө дотоод сэтгэлийг дага” хэмээх үг.
Д.Санчирмаа хувь хүний хэв маягийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг ганцаарчлан хүргэхээс гадна VIP зөвлөгөө өгөх үйлчилгээ ч үзүүлдэг. 2021 оны эхээр The Lueur Studio тогтвортой хувцасны брэндийг зөвхөн Европ, тэр дундаа Англи дахь харилцагчдадаа зориулан цөөн тоогоор гаргаж эхэлсэн бол ирэх он гэхэд өөрийн брэндийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр зэхэж байна.
Миний туршлага
“Лондонд төвтэй ажилладаг ч би Итали, Франц, Америк, Австрали улс гэх зэргээр дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчидтэйгээ биечлэн болон онлайн байдлаар харилцаж ажилладаг. Зөвхөн байгаа газартаа л оршихгүй, хүсэх л юм бол дэлхийн хаанаас ч, хэнтэй ч ажиллах боломжтой цаг үед амьдарч буйдаа би үргэлж талархдаг. Технологийн дэвшил, ялангуяа интернэтийн ачаар газарзүйн байршил, цагийн бүсийн зөрүү зэрэг саад бэрхшээлүүд арилж, бид хаанаас ч ажлаа амжилттай явуулах боломжтой болжээ.
Миний хувьд, тухайн хүнтэй сайн танилцаж, ярилцлага хийхээс үйлчлүүлэгчийнхээ гадаад төрхийг бүрдүүлэх ажил маань эхэлдэг. Харин шаардлагатай мэдээллийг цуглуулсны дараа үйлчлүүлэгчид тохирсон хувцаслалт, нүүр будалт, үс засалтын төлөвлөгөөг боловсруулдаг. Ингэхдээ бие галбирт нь сайн тохирсон, давуу талыг тодотгох хэмжээ, загвар сонгох, түүний зохицол, үйлчлүүлэгчийн хүссэн хэв маягийг мэргэжлийн өнцгөөс боловсронгуй болгох, чанартай, эдэлгээний хугацаа урт материал сонгох, мөн тухтай, өөртөө итгэлтэй мэдрэмж төрүүлэхүйц сонголт хийхэд онцгой анхаардаг. Эцэст нь, цөөн тооны чанартай хувцсаар өөртөө хөрөнгө оруулалт хийхэд сургах нь миний анхаардаг гол зүйл”.
“Өөртөө юу тохирохыг мэдэхгүй, хэрхэн зөв хувцаслах, цаашлаад хувийн брэндингээ яаж бий болгохоо мэдэхгүй байгаа хүмүүст хувийн стилистийн үйлчилгээ бол хамгийн шилдэг сонголт”.
Хувийн стилист гэж хэн бэ?
“Өөртөө юу тохирохыг мэдэхгүй, хэрхэн зөв хувцаслах, цаашлаад хувийн брэндингээ яаж бий болгохоо мэдэхгүй байгаа хүмүүст хувийн стилистийн үйлчилгээ бол хамгийн шилдэг сонголт. Учир нь хувийн стилист гэдэг тухайн хувь хүний онцлог, хэрэгцээг ойлгож, түүнд нийцсэн төгс төгөлдөр хувцаслалт, хэв маягийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Мөн хувцас сонголт, худалдан авалтын үеэр хамт явж, зөв сонголт хийхэд нь чиглүүлдэг. Товчхондоо, хувийн стилист нь үйлчлүүлэгчид өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг чухал мэргэжилтэн гэж хэлж болно.
Нэг үеэ бодвол хувийн стилисттэй байх нь амьдралд хэчнээн их цаг хугацаа, эдийн засаг, энерги хэмнэж, өөртөө хөрөнгө оруулалт хийх боломж олгодгийг хүмүүс сайтар ойлгох болсон. Cүүлийн үед хувийн стилисттэй ганцаарчлан ажиллах сонирхол, эрэлт их өссөн байна. Энэ нь нэг талаас мэргэжлийн стилистийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгох болсныг харуулж байгаа бол нөгөө талаас монголчууд өөртөө хөрөнгө оруулж, амьдралын чанараа дээшлүүлэх эрмэлзэлтэй болсныг ч илтгэж буй”.
Миний хэв маяг
Миний хэв маяг бол modern classic, chic, independent, feminine гэж тодорхойлж болно. Үүнийг тайлбарлавал,
Modern classic стиль нь сонгодог хэв маягийг орчин үеийн элементүүдтэй хослуулсан, цаг хугацааны шалгуурыг даван туулсан хувцаслалтын хэв маяг юм. Хэт олон чимэглэлгүй, энгийн хэрнээ нарийн, зохистой хувцаслах хэв маяг гэж хэлж болно. Чанартай даавуу, сайн оёдол, хоёр, гурван өнгийн уялдаа зэрэг нь энэ хэв маягийн гол онцлог.
Chic стиль нь үргэлж загварлаг хувцаслах хэв маяг юм. Энэ стилийг шинэлэг дизайн, нарийн хээ угалз, өндөр чанартай материал, анхаарал татахуйц хэсгүүд тодорхойлдог. Chic стильтэй хувцаслалт нь эмэгтэйлэг, зоримог, бие даасан байдлыг илтгэдэг бөгөөд улирлын хамгийн шинэ трэндүүдийг хамардаг.
Independent буюу бие даасан стиль нь хүний хувийн онцлог, итгэл үнэмшлийг илэрхийлдэг, тогтсон дүрмийг эвддэг хувцаслалтын хэв маяг юм. Хувь хүний онцлог хэрэгцээ, сонирхолд нийцсэн, өвөрмөц дүр төрхийг бий болгодог. Бие даасан стильтэй хувцаслалт нь тухайн хүний хувийн түүх, үнэт зүйлс, амьдралын хэв маягийг тусгадаг.
Feminine буюу эмэгтэйлэг стиль нь эмэгтэйлэг, зөөлөн, үл мэдэг эмзэг байдлыг илэрхийлдэг хувцаслалтын хэв маяг.
Хүн хувцаслалтдаа анхаарч, өөрт тохирсон стилийг бүрдүүлэх нь маш чухал. Энэ нь таны ажил, амьдралд эергээр нөлөөлөх, цаашилбал, мэргэжлийн ур чадвар, итгэл үнэмшлийг тань бусдад илэрхийлэхэд тусалдаг.
Миний эрэл хайгуул
Мэргэжлийн стилистийн хувьд, ажилдаа шаардлагатай мэдээлэл, санаа авахын тулд тогтмол зочилдог хэд хэдэн платформ бий. Эдгээрээс хамгийн үр дүнтэй, өргөн хэрэглээтэй нь Instagram болон Pinterest.
Instagram дээр дэлхийн алдартай дизайнерууд, стилистүүд, загварын сэтгүүлүүд болон брэндүүдийн албан ёсны хуудсуудыг дагаж, тэдний шинэ цуглуулга, санаа, трэндүүдтэй байнга танилцдаг. Мөн стилист, дизайнеруудын хувийн хуудсуудыг ч идэвхтэй ажиглаж, бүтээлүүдээс нь суралцан, шинэ санаа авахыг хичээдэг.
Харин Pinterest бол миний хувьд загварын салбарт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд тустай, үнэ цэнтэй платформ. Дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн хэв маяг, өнгө төрх, материал ашигласан жишээнүүдийг энд цуглуулсан байдаг нь сэтгэл зүйн зураглал гаргахад маш их тус болдог. Түүнчлэн Pinterest дэх мoodboard-үүд төсөөлөл болон бодит байдлыг холбох гүүр болж чаддаг.
Эдгээрээс гадна Vogue, Harper’s Bazaar, Elle зэрэг загварын салбарын нэр хүндтэй сэтгүүлийн цахим хувилбарыг тогтмол уншиж, шинэ коллекц, загвар өмсөгчид, оддын хувийн хэв маягийг судалдаг. Сүүлийн үед TikTok дээр ч мөн загварын чанартай, богино хэмжээний контент их бүтээгдэж буй нь анхаарал татахаас гадна шинэ үеийн чиг хандлагыг илтгэж байна.
Миний төлөвлөгөө
Ирээдүйд маш олон зүйлийг төлөвлөж, зорьж байна. 2025 онд стилистийн The Style номоо гаргахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн энэ жил CEO түвшний удирдах албан тушаалтай эмэгтэйчүүдэд зориулан ганцаарчилсан VIP зөвлөгөө өгөх үйлчилгээндээ илүү анхаарч ажиллахаар зорьж байна. Энэхүү үйлчилгээгээр дамжуулан тэдний хувийн хэв маяг, төрх байдлыг сайжруулахад туслах, мэргэжлийн зөвлөгөө өгөхийг зорьж байгаа юм.
Цаашлаад The Lueur Studio маань чанартай контент бүтээх, хувцас загварын чиглэлээр өргөжин тэлж, салбартаа тэргүүлэгч студи болохоор эрмэлзэж байна. Ингэснээр хэрэглэгчдэд өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ салбартаа шинэ жишиг тогтоох зорилготой.
Хэзээд өөрийгөө үнэнчээр илэрхийлж, зүрх сэтгэлдээ үнэн байхыг эрхэмлэдэг. Хэн нэгнийг хуулбарлах бус, өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай байх нь амжилтад хүрэх үндэс гэдэгт итгэдэг.
Миний зарчим
“Миний амьдралд хамгийн их нөлөөлсөн зөвлөгөө бол “Өөрийнхөө дотоод сэтгэлийг дага” хэмээх үг. Энэ зөвлөгөөг би өөрийн көүчөөс авсан. Мэргэжлийн замналаа эхлүүлээд удаагүй байсан тэр үед би маш их төөрөлдөж, эргэлзэж байлаа. Яг юу хийхээ мэдэхгүй, ямар чиглэлээр явахаа шийдэж чадахгүй байсан хэцүү үед маань энэ үг надад их хүчтэй нөлөөлсөн. Өөртөө илүү итгэж эхэлснээр би илүү эв зохиролд орж, бие даан шийдвэр гаргаж, эрсдэл хүлээж чаддаг болсон. Хамгийн гол нь, хувийн хэв маяг, онцлогоо олж, түүнийгээ илэрхийлж чадсан. Тэр цагаас хойш энэ зарчмаар ажиллаж, амьдарч байна. Хэзээд өөрийгөө үнэнчээр илэрхийлж, зүрх сэтгэлдээ үнэн байхыг эрхэмлэдэг. Хэн нэгнийг хуулбарлах бус, өөрийн гэсэн өвөрмөц байр суурьтай байх нь амжилтад хүрэх үндэс гэдэгт итгэдэг”.