Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн ч бусад залуусын адил сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орох уу? Өөр салбарт ажиллах уу гэдэг чухал сонголтын өмнө ирж байсан. Шинэхэн төгсөгч Э.Ууганцэцэгийн хувьд нэг жилийн хугацаанд асрагчаар ажиллах шийдвэр гаргасан нь өнөөдрийн амжилттай бизнес эрхлэгч болох суурь нь болсон байв.
Айлд асрагчаар ажиллаж байх хугацаандаа хамгийн их сонссон үг нь Э.Ууганцэцэгийн ажилтайг сайшааж, ийм ажилсаг хүнийг ахиад хаанаас олох уу гэж олон хүн хэлдэг байснаас үүдэн хүн амын дунд асрагчийн хэрэгцээ маш их байгааг олж харсан байна. Тухайн үед ажиллуулсан айл нь маш сайн ажиллалаа хэмээн талархаж 250 мянган төгрөгийн нэмэлт цалин өгч байв. Тэрхүү мөнгөөрөө Э.Ууганцэцэг Монгол Улсдаа анхдагч асрахуйн үйлчилгээ үзүүлдэг Хаппи Фловерс ХХК компаниа 2013 онд байгуулж байсан түүхтэй.
Асрахуйн үйлчилгээний үнэ цэн
Хөдөлмөр эрхлэх насны маш олон эмэгтэйчүүд хүүхэд харах, өндөр настнаа асрах, хөгжлийн бэрхшээлтэй хүнээ халамжлах гэх мэтээр гэртээ цалин хөлсгүй асрахуйн ажлыг давхар хийдэг. Нэг үгээр, эмэгтэйчүүд үндсэн хөдөлмөр эрхлэхийн хажуугаар тогтмол цалин хөлсгүй хөдөлмөрийн ачааг байнга үүрч явдаг. Зарим тохиолдолд асрах ажлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэртээ сууж, нийгмийн харилцаанаас удаан хугацаагаар тусгаарлагдаж, хөдөлмөрийн зах зээлд эрчүүдтэй харьцуулахад хэд дахин бага үүргийг гүйцэтгэдэг.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2023 оны байдлаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53.4 хувь байхад эрчүүдийнх 68.3 хувь байна. Тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн төв болсон Улаанбаатар хотод гэхэд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 43,2 хувь болж, сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа нь анхаарал хандуулах ёстой асуудал юм. Өнөөдрийн байдлаар манай улсад 120 мянган ээж хүүхэд харах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд орж чадахгүй байгаа аж. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор манай улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 63.2 хувь хүртэл өсгөж чадвал 30 жилийн дотор ДНБ -ийг 16 хувиар өсгөх боломжтой гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл Хаппи Фловерс ХХК нэг талаас эдгээр эмэгтэйчүүдийг хөлсгүй хөдөлмөрөөс чөлөөлж, нөгөө талаас асрахуйн хөдөлмөрийг эдийн засгийн эргэлтэд оруулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хоёр талд харилцан ашигтай бизнесийн модулийг хөгжүүлж чаджээ. Тус компани нь шинэ ажлын байрыг олноор бий болгож, жилд 600-1000 эмэгтэйчүүдийг шинээр ажилд авдаг. Үйл ажиллагаагаа тогтмол явуулсан 11 жилийн хугацаанд тэд нийт хөдөлмөрийн насны буюу 18-50 насны 11 мянга гаруй охид эмэгтэйчүүдийг түр болон байнгын ажлын байраар хангаж, амьдралд нь бодитой хувь нэмэр оруулж, давхардсан тоогоор 20 мянга гаруй айлд үйлчилгээ үзүүлсэн байна.
Нийгэм даяараа хөдөлмөр эрхлэх хүн хүч дутмаг гэж үзэж байгаа боловч хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжтой 80 мянган хүн байдаг. Эдгээрийн дийлэнхийг 45-60 насныхан голчлон эзэлдэг. Харин Хаппи Фловерс ХХК нь насны хязгаарлалтаас болж ажлын байранд тэнцээгүй 45-аас дээш насны эмэгтэйчүүдэд албан ёсоор хөдөлмөр эрхлэх бололцоог нээдэг. Том зургаараа бол асрахуйн үйлчилгээ нь “Асрахуйн эдийн засаг” гэх том салбар болон хөгжиж байгаа бөгөөд асарч, халамжлах хөдөлмөрөөр дамжуулан гэр бүл, найз нөхөд, олон нийтийн харилцаа, итгэлцлийг бэхжүүлж, нийгэмд хамтын хариуцлагын ухамсрыг бий болгодог чухал хүчин зүйл юм. Энэ утгаараа нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Түүнчлэн асрахуйн үйлчилгээний өөр нэг ач холбогдол нь гэр бүлийн тогтвортой байдал, хүүхдийн боловсрол, хүмүүжилд ч эерэг нөлөөтэй. Тодруулбал, хүүхдийн суурь боловсролыг зөв тавихад мэргэжлийн бэлтгэгдсэн асрагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн мэргэжлийн ийм үйлчилгээ нь хүүхэд харах хүн хүч дутмагаас шалтгаалсан гэр бүлийн маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлж, цаашлаад гэр бүл салалтыг багасгахад ч нөлөөлдөг.
Хаппи Фловерс ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Ууганцэцэгийн хувьд бизнесээ бизнесийнхээ энэхүү мөн чанарыг тодорхой харж чадсан учраас ашиг орлогоос илүүтэйгээр нийгэмд үнэ цэнтэй үйл хэрэг хийхийг зорьж ирсэн байна. Тус компани одоогийн байдлаар өндөр настан асрах, хүүхэд харах, айлын эзэгтэйд туслах, айл гэр, албан байгууллага дуудлагаар цэвэрлэх, гэрийн үйлчлэгч зэрэг нийтдээ таван төрлийн асрахуйн үйлчилгээ санал болгодог. Ингэхдээ тэд Монгол улсдаа асрах үйлчилгээний шинэ жишиг тогтоон, олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн олон улсын хүүхэд асрагчийн INA холбооны гишүүнээр элсэн гадаад харилцаагаа хөгжүүлсээр байна.
Happy Babycare хүүхэд харах төв
Өнөөдөр манай улсад 0-2 насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажил орхигдсоор байгаа юм. Ээжүүд хүүхдээ дор хаяж 2-3 жил асарч, нийгмийн харилцаанд оролцож чадахгүйд хүрч буй. Хүүхдээ асарч буй ээжид төр засгаас сард 50 мянган төгрөгийн цалин олгодог ч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 11 дахин бага учраас өрхийн орлого, амжиргаанд бодитой дэмжлэг болж чаддаггүй.
Харин Хаппи Фловерс ХХК төрийн бодлогоос гадуур зохицуулалтгүй орхигдсон нийгмийн энэхүү асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах үүднээс “Happy Babycare” хүүхэд харах төвийг байгуулсан байна. Энэ төв 24/7 горимоор тасралтгүй ажиллах бөгөөд цэцэрлэгээс ялгаатай нь насны хувьд гурван сартайгаас эхлээд аль ч насны хүүхэд хамрагдах бололцоог нээжээ. Цаашдаа Улаанбаатар хотод зөвхөн чинээлэг гэр бүлүүдэд хүргэдэг биш, тэдний үйлчилгээг хэрэгцээтэй хүн бүр авах боломжийг бүрдүүлж, илүү хүртээмжтэй болгохоор зорьж байна.
Мөн “Happy Babycare” төв хөнгөн зэргийн аутизмтай хүүхдийг харах тэгш хүртээмжтэй үйлчилгээг бий болгоод байна. Эхний салбараа Хүннү 2222 хорооллын 217 байрны нэгдүгээр давхарт нээгээд удаагүй байгаа ч аль хэдийн үйлчилгээгээ хэвийн явуулаад эхэлжээ.
Түүнчлэн тус компани төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлж хөдөө орон нутагт салбаруудаа нээх ажлаа эхлүүлээд буй. Одоогоор Эрдэнэт хотод шинэ салбараа нээсэн бөгөөд бусад аймгуудаас холбогдон үйлчилгээгээ нээх хүсэлтийг өгсөөр байгаа нь жилээс жилд асрахуйн салбарын үйлчилгээний хэрэгцээ улам нэмэгдэж буйг илтгэнэ. Орон нутгуудад хийсэн зах зээлийн судалгаанд үндэслэн дараагийн салбараа Дархан-Уул аймагт байгуулахаар сонгожээ. Мөн бүх аймагт тэгш хүртээмжтэйгээр үйлчилгээгээ хүргэх зорилгоор цаашид орон нутгаас онлайнаар холбогдон захиалга өгөх боломжийг бүрдүүлэхээр шинээр аппликэйшн хөгжүүлж байгаа аж.
Асрахуйн ажилтнуудыг мэргэшүүлж байна
Дэлхийд өдөр бүр 16.4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дэлхий даяар хоёр тэрбум хүний өдрийн найман цагийн хөдөлмөртэй тэнцэх бөгөөд цалин хөлсний хамгийн бага хэмжээгээр тооцоход дэлхийн нийт ДНБ -ний есөн хувь буюу 11 их наяд ам.доллартой тэнцэх ажээ. Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулалт хийснээр дэлхий нийтэд хамгийн багадаа 300 сая ажлын байр албан ёсоор бий болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Учир нь хиймэл оюун хөгжиж, ирээдүйд олон арван ажил мэргэжил үгүй болох хандлагатай байгаа ч асрахуйн ажлыг 100 хувь робот гүйцэтгэх боломжгүй юм.
Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж чадсан гадны улс орнуудад асрагчийн салбарыг тусгай бодлогоор дэмжиж, мэргэжил болтол нь хөгжүүлж, чадварлаг ажиллах хүчнийг зах зээлд бэлтгэн гаргадаг. Тухайлбал, нийгмийн хамгааллын бодлогоороо тэргүүлдэг Финланд улсад гурваас доош насны хүүхэд цэцэрлэгт явдаггүй, гэрт нь өсгөдөг тул гэр бүлд, хамгийн гол нь эмэгтэй хүнд сонголт хийх боломжийг олгох зорилгоор төрөөс гурваас доош насны хүүхэдтэй өрхөд сард 338 евро, 3-6 настай бол арай бага хэмжээний дэмжлэг олгодог.
Харин манай улсад энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байдаг. Тиймээс Хаппи Фловерс ХХК асрахуйн салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэсээр байгаа бөгөөд ажилтнаа тусгайлан боловсруулсан үе шаттай сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж, эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулж, зан төлөвийн тестээр тодорхойлж ажлын байранд гаргадаг байна.