Агууд хүрэх эхний алхам бол урсгалаараа амьдардаг хүн болохгүй гэж шийдвэрлэх юм.
Эрс өөрчлөлтийг бий болгодог таван зүйл байдаг боловч цаадах нууц нь тун энгийн буюу зоригтой байх юм. Та стартапад ажилладаг, эсвэл амьдралаа эрс өөрчлөхийн тулд урам зориг хайж байгаа эсвэл хувь хүнийхээ хувьд салаа замын уулзвар дээр ирээд байгаа бол “Зоригтой бай” зарчим нь таныг дараагийн алхмаа хийх замч болох юм. Тэрхүү алхмаа хийх мөч нь яг одоо билээ.
Бүлэг 1: Том бооцоо тавь
Ямарваа төслийг эхлүүлэх хамгийн шилдэг бөгөөд цорын ганц зам бол одоо байгаа газраасаа эхлэх юм. Ийм аялал “Яагаад болохгүй гэж?” гэсэн асуултаас ихэвчлэн эхэлдэг. Шинэ аялал болгон сорилт, саадтай тулгардаг. Гэхдээ тухайн төсөл, аяллаа олон жижиг хэсэгт хувааж, одоо байгаа газраасаа эхлэх юм бол том зүйлийн төлөө удаан ч болов урагшлах болно. Том бооцоог эхлүүлэхэд заавал том төсөв, хур туршлага, том компани эсвэл байгууллагын тусламж хэрэггүй. Одоо байгаа нөхцөл байдлаа хэрхэн хөшүүрэгдэж зорилгодоо хүрэх вэ гэдгийг нягтлах, ойлгох чадвар байхад л хангалттай. Яг одоо, эндээс эхэл.
Дэлхийг илүү сайхан болгохын тулд бид илүү том эрсдэл гаргаж, илүү том бооцоо тавих хэрэгтэй. Танд хийхийг хүссэн том санаа төрж байсан ч доторх дуу хоолой чинь “чи хэзээ ч тэгж чадахгүй” гэж хэлэх үе байсан уу. Том, амбицтай санааг зөвхөн олон мянган жижиг алхмын хүчээр хэрэгжүүлдэг юм. Эхэндээ боломжгүй мэт санагдаж байсан зүйл нь зорилгынхоо төлөө хийх шинэ үйлдэл тус бүрийн хүчээр боломжтой, биелэгдэх зүйл мэт санагдаж эхэлнэ.
Ганц хүн ямар өөрчлөлт гаргах боломжтой талаарх бусад хүмүүсийн (заримдаа өөрийн) ойлголтыг өөрчлөхөөс том бооцоо тавих аялал эхэлнэ. Том бооцоонуудад байдаг нийтлэг нэг шинж чанар бол уламжлалт сэтгэлгээ, эсвэл итгэл үнэмшлийг өөрчлөх явдал юм. Агуу санаа хаанаас ч, хэнээс ч, тэр дундаа хүмүүсийн үл хайхарсан газраас ч гарч ирэх боломжтой. Тогтсон үзэл бодлыг эвдэж, мөрөөдөлдөө хүр.
Өнөөгийн тренд хаашаа чиглэж байгааг ажиглахаас эсвэл шинийг эхлүүлэхээс Том бооцоонууд төрж гардаг. Ирээдүйг хэлэх мэргэн толь гэж байхгүй ч бусдын олж хараагүй огт өөр ирээдүйг зоригтойгоор төсөөлж, түүнийхээ төлөө зүтгэсэн хүмүүсийн ачаар олон Том бооцоо хэрэгжиж бодитой болдог. Бүтээхийг хүсэж буй ирээдүйгээ олж харахын тулд сайн эрэл хайгуул хий, таны алсын харааг хуваалцдаггүй хүмүүсээс зайгаа барь.
Энэ бүхний эцэст Том бооцоогоо тавь. Зорилгоо тодорхойл, удирдаж болох олон хэсэгт хуваа. Агуу санаа бүр урагш алхсан жижиг алхмаас эхэлдэг. Таныг урагшаа хөтлөх алтан гадастаа бүх анхаарлаа хандуул.
Бүлэг 2: Зоригтой бай, эрсдэл гарга
Та бүх зүйлийг хийж чадахгүй ч оролдоод үзэх боломж хэзээд байдаг. Тав тухгүй байдалд орж үз. Хэдий хийе гэж бодсоор ирсэн ч сайн чадахгүй байх гэсэн айдсынхаа улмаас больж байсан зүйлсийн жагсаалтыг гарга. Хэрэв та эрсдэл гаргах юм бол таны амьдрал илүү баялаг болж ирдэг. Айдасгүй хувь хүмүүс нь айдаггүй бус харин айдсаа давж гарах чадвартай байдаг юм. Та алдаж, сэтгэлээр унаж магадгүй ч эргээд хөл дээрээ босох, хийснээ үргэлжлүүлэх боломж үргэлж байдаг. Тав тухтай бүсдээ байсаар байх юм бол гайхалтай зүйл огт төрөхгүй. Зоримог бай, үл мэдэх орчинд хөл тавьж, шинэ зүйлсийг турш. Хамгийн хэцүү нь анхны алхам байдаг юм шүү. Гэхдээ та заавал оролдоод үзэх хэрэгтэй.
Цөөн хүн эрсдэл гаргахыг хүсдэг бол ихэнх хүн эрдсэлийг бууруулах эсвэл үгүй хийхийг хүсдэг. Гэхдээ “судалгаа хөгжүүлэлт” гэсэн үгийг эрсдэл гаргах гэдэг үгээр солих юм бол эрсдэлтэй нүүр тулах нь хамаагүй амар болно. Эрсдэл бол нээлт хийх процессын салшгүй нэг хэсэг юм. Эхэн үедээ байнга туршилт хийх нь үнэ цэнтэй төдийгүй тухайн санаа, санаачилгыг урагшлуулахад зайлшгүй зүйл юм. Байнга шинэ зүйл оролдох, бугшсан асуудлыг шийдэх өөр өөр арга замыг оролдох аргыг эрхэмлэ. Ингэх зуураа та эрсдэл бол бидний өөрсдийгөө судалж, хөгжүүлэхийн нэг хувилбар, агуу амжилтад хүрэх процессын нэг хэсэг гэдгийг та ухамсарлах юм.
Инновац, байнгын хөгжүүлэлт нь гар нийлэн алхах ёстой бөгөөд аль хэдийн туршсан санаануудыг аваад дээр нь шинэ санаа, шинэ багийг нэмж өгвөл ихээхэн үр дүнтэй байдаг. Том инновац нь жижиг, урт хугацааны нээлтүүдээс төрдөг гэж болно. Уламжлалт секторт ч гэсэн шинийг сэтгэх орон зай үргэлж байдаг юм. Бусдын бодолгүй орхисон зүйлийг үргэжлжлүүл.
Ихэнх хүний хувьд харамсал нь хийсэн зүйлтэй нь бус харин хүссэн боловч хийж чадаагүй зүйлстэй нь холбоотой байдаг юм. Тухайн мөчийг алдалгүй барьж авах нь чухал: хэрэв та үйлдэл хийхийг бус харин илүү тав тухтай замыг сонгох юм бол хожим ихээхэн харамсаж магадгүй. Тухтай бүсээсээ гарч, Том бооцоондоо хүрэхийн төлөө шинэ зүйл туршиж үзэх тухай бодож байгаа бол эрсдэл гаргахгүй үлдэхийн сул талыг бичээд үзээрэй.
Тухтай бүсээс агуу зүйл хэзээ ч төрж гарахгүй. Үр дүнг нь таах боломжгүй зүйлийг туршиж үзэхэд зориг хэрэгтэй бөгөөд чухам эндээс ид шид үүсдэг юм. Жижигхэн зоригтой алхмыг эхлээд хий, түүнийг тууштай үргэлжлүүл. Өмнө нь оролдож үзэж байсан хүмүүсээс суралцахыг дэвшил гэж нэрлэдэг юм. Тэдгээр хүмүүсийн амжилт, бүтэлгүйтлийг судал. Агуу зүйлийг бүтээхэд заавал сод ухаантан байх хэрэггүй. Сайн суралцагч бай, суралцаад урагшил.
Бүлэг 3: Алдаанаас суралц
Ямар нэгэн гайхалтай амжилт гаргасан хүмүүсийн намтрыг судалж үзэх юм бол тэндээс та алдаа бүтэлгүйтэл заавал олж уншина. Бүтэлгүйтсэн үедээ дахин оролдож, босож чадах уу гэдгийг бид нар өөрсдөөсөө асуух ёстой. Алдах нь зайлшгүй. Магадгүй та алдаагүй байж болох ч нэг л өдөр алдаж, бүтэлгүйтнэ. Хэрэв тийм зүйл болвол хурдан уна, урагшаа уна, алдаанаасаа суралцаад сайжир, дараа нь бүр агуу зүйлийг хий. Алдаанаас суралцаж чадах юм бол бүтэлгүйтэл нь эерэг нөлөө үзүүлэх юм.
Няцаагдах нь хэцүү боловч бүтээлч байдлыг үүсгэж болдог. Бидний хүндэлж биширдэг ихэнх хүн алдаан дээрээ үндэслэж амжилтад хүрсэн байдаг агаад алдаа нь тэднийг агуу өөрчлөлт хийх оч болсон байдаг юм. Орон нутгийн телевизийн хөтлөгчийн анхны ажлаас Опра Уинфри хөөгдөж байв. Нэгэн багш нь Томас Эдисоныг “сургуульд сурахад хэт тэнэг” гэж байлаа. Стив Жобс 1985 онд Apple-аас халагдаж байсан. Гайхалтай манлайлагчид, амжилтад хүрэгчид нь амжилтын төлөөх зам зууртаа алдаж байсан, зарим нь бүр маш олон удаа алдаж байсан. Тиймээс та алдах юм бол агуу хүмүүсийн зам мөрөөр явж байгаа гэдгээ санах хэрэгтэй.
Нийгэмд арай “өөр” гэж харагддаг хүмүүсийн хувьд бүтэлгүйтэхээс айх нь бүр хүндээр тусдаг байж болох юм. Тийм хүмүүс ямар нэг зүйлийг нотолж харуулах ёстой учраас алдах эрхээ хасуулсан мэт мэдрэмж нь таагүй санагддаг. Хэрэв алдаа гаргавал бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэсэн дарамтыг тэд мэдэрдэг. Ялангуяа таныг хэн болох, агуу зүйл хийх эрхгүй гэсэн өрөөсгөл хандлага төрөхөд энэхүү алдаа нь нөлөөлнө гэж та эмээж байж магадгүй. Гэвч маш олон хүн хаана төрсөн, хэн болж төрснөөс үл хамаарч иймэрхүү дарамтыг даван гарч агууг бүтээсэн учир та ч гэсэн мөн чадна.
Хүний амьдрал олон бүлэгтэй. Харамслаас шинэ боломжууд гарч ирж магадгүй. Цаг хугацаа, гадны хүчин зүйл аливаа санааг амжилтад хүрэхэд, эсвэл бүтэлгүйтэхэд чухал нөлөө үзүүлдэг. Ямар нэг зүйл эхлүүлэхийн өмнө эрсдэлийг нь бодитоор харах нь чухал. Заримдаа муу санаа байснаас бус харин гүйцэтгэл нь тааруу байснаас бүтэлгүйтдэг. Ийм үед хамгийн чухал нь алдаа, бүтэлгүйтлийг эртхэн олж харах явдал бөгөөд ингэснээр хэт оройтохоос нь өмнө чиглэлээ өөрчилж чадах юм. Юу болж байгаа, юу болохгүй байгаа тухай шударгаар ярилцах нь чухал бөгөөд бусдаас алдаа онооныхоо талаар асуух юм бол та зам зуураа шаардлагатай засвар өөрчлөлтийг хийгээд явах боломжтой болно. Эхэн үеийн алдаа нь заавал сүйрлийн аюултай байх албагүй. Урт хугацаандаа хар, ирээдүйн тухай эрүүл зөв төсөөлөлтэй бай.
Шинийг бүтээгчид бүгд алдаж байсан боловч зөвхөн хамгийн агуу бүтээгчид л алдаанаас үүссэн сургамжаа урагшлах хүч болгох арга замыг болгож байжээ. Алдаа, эсвэл алдаанаас айх нь таны замд саад болж байгаа эсэхийг асуу. Ичгэвтэр байдалд орохоос айдаг учир алдаа дутагдлаа нуух нь хүний төрөлхийн зан чанар юм. Харин үүний оронд та алдаагаа зарлаж, энэхүү алдаанаас юу сурснаа бусдад мэдэгдэх, тухайн зорилгодоо үнэнч хэвээр үлдсэн гэдгийг баталгаажуулах боломж гэж хар. Төгс хийх нь үлгэр. Бодит байдал дээр амжилтад хүрэх зам нь урт бөгөөд энэ зам нь өндөр оргил, урт хөндий, хад чулуугаар дүүрэн юм. Таны давж чадахгүй зүйл гэж үгүй.
Бүлэг 4: Хөөснөөсөө гар
Хүн бүрд өрөөсгөл тал бий. Хэрэв та өөрчлөлтийг үүсгэгч болохыг хүсэж байгаа бол дэлхийг илүү өргөнөөр ойлгох ёстой. Сэтгэлгээний хоосон орон зайг арилгах нь амаргүй байж болох ч ингэх нь ирээдүйн талаарх төсөөллөө улам өргөжүүлэх, шинэ шийдэлд хөтлөх тун хүчирхэг боломж байж болно. Өөрийн гэсэн хөөсөн дотор байхдаа хүн тийм зүйл дотор байгаа гэдгээ мэддэггүй. Сэтгэл ханамжтай байдлаасаа салахад анхаарал, хүчин чармайлт ихээхэн шаардагдана. Том бооцооны төлөө явахдаа танаас огт өөр үзэл бодол, гарал угсаатай хүмүүстэй холбоо тогтоо. Огт өөр хүмүүстэй хамт ажиллах, тэднийг ойлгох нь амжилтад хүрэхийн нэг нууц билээ.
Энэ шалтгааны улмаас гэнэтийн, содон харилцааг үүсгэх нь чухал юм. Хэн хэнээсээ ялгаатай, нэг нэгнийхээ ур чадварыг нөхдөг хүмүүсийн хамтын хүчин зүтгэлээс агуу байгууллага, бүтээгдэхүүн, хөдөлгөөн үүсдэг билээ. Заримдаа бусдад харагдаж, сонсогдохын тулд та огт төсөөлөөгүй хамтрагчтай болох ёстой. Маш олон хүн өөрийн гэсэн буландаа хоргодож байгаа өнөөгийн эринд өөрчлөлтийг авчрагч зоригтнууд нь талбайн голд очоод өөртэйгээ нэгдэхийг бусдадаа уриалах ёстой юм.
Дэлхийтэй харилцах аргаа өөрчлөхийн тулд бид бие биенээ харах аргаа өөрчлөх ёстой. Ялгаатай байдал нь компаниудыг илүү бүтээлч болж, хөгжиж цэцэглэхэд хөтөлдөг. Хэрэв энтрепренершипийг ардчилж, оролцоо сайтай илүү олон бизнесийг бүтээх юм бол эдийн засгаа хүчирхэгжүүлж, аль ч улсын ямар ч иргэн Америк мөрөөдөлд хүрэх боломжийг үүсгэнэ. Энэ нь зөвхөн бизнес төдийгүй бүхий л соёлын хүрээнд статускво-г арилгахаас айхгүй байхыг хэлж байгаа юм. Ялгаатай байдал нь таатай зүйл төдий бус харин гүйцэтгэлийг дээд зэргээр нэмэгдүүлэх ухаалаг стратеги гэдгийг судалгаанууд харуулж байна.
Төсөл, эсвэл хөдөлгөөн үүсгэхээр төлөвлөж байгаа бол “хуучны хүмүүстээ” найдахаас зайлсхийж, хамтарч болох өөр өөр талуудыг сайтар судлах хэрэгтэй. Хүчирхэг хувь хүн таны төсөлтэй хамтрах юм бол үр дүн нь гайхалтай байж болно. Өсөлтийн төлөө хамтралыг ашигла, хөшүүрэгд. Хамтдаа байвал илүү хүчтэй.
Бидэнд төрөлхийн лташаа бодол, сул талууд байдаг агаад эдгээр нь бидний хорвоог үзэх үзлийг гажуудуулж байдаг. Үүнийг давж гарах цорын ганц арга бол мэдэхгүй зүйлээ олж харж, биеэр мэдрэхийн төлөөх туйлбартай оролдлого юм. Том бооцоогоо эхлүүлэхдээ өөрийгөө ялгаатай хүмүүсээр хүрээлүүлэх юм бол тэд танд өөр өөр санаа бодлоор туслах болно. Хамтрагч нараа сонгохдоо бодолтой бай. Тухтай бүсээсээ гарч, илүү хүчирхэг зүйлийг бүтээхийн тулд ялгаатай байдлыг ашигла.
Бүлэг 5: Яаралтай байдал айдсыг ялах ёстой
Хойшлуулшгүй яаралтай байдал нь ашигтай зүйл байж болно. Та хананд шахагдаж, сонголт тун бага болж, цаг хугацаа таны талд биш байгаа үед ямар нэг тодорхой байдал бий болвол үүнтэй зэрэгцээд зориг төрж болно. Яаралтай байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг дээр бидэнд үргэлж сонголт байдаг. Та яаралтай байдлаас нүүр буруулж, таныг сэтгэл хангалуун байлгадаг хуучин байрандаа хэвээр үлдэж болно, эсвэл тэдгээр мөчийг айдсаа дарах боломж гэж үзээд өөрчлөлтийг эхлүүлж болно.
Ямар ч компани мөн хүн хямралын төвд очоод өөрчлөлт хийх чадамжтай байдаг. Ийм үед эхэлж хариу үзүүлэгчдийг зоригтой, яаруу гэж дүгнэх амархан ч ямарваа хямралын эсрэг хариу үзүүлэх эхний хүн нь хэн ч байж болно. Хямрал руу дайран орж, үйлдлээр хариу үйлдэл хийдэг бол.
Хэт их бүү бод, хэт их анализ бүү хий. Зүгээр л хий. Мэдээлэл цуглуулах, сонголт гаргахад илүү их цаг зарцуулах тусам та улам бүр эргэлзэж, статускво-д улам бүр шигдэж, улмаар илүү сайн сонголтыг үл ойшоож магадгүй. Асуудал руу аймшиггүйгээр шумбан ороход хөтлөх хүч нь яаралтай байдал байж болдог юм. Яаралтай хойшлуулшгүй байдлын үед айдсаа даван туулж, урагш алхах эсэх нь зөвхөн танаас л шалтгаална.
Агууд хүрэх эхний алхам бол урсгалаараа амьдардаг хүн болохгүй гэж шийдвэрлэх юм. Дэлхийд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ шийдэх нь зөвхөн таны сонголт. Та өөрийн хүч үзэх талбарыг сонгоод эхэл. Ер бусын хүч чадалтайдаа бус харин яаралтай байдлыг олж харсан үедээ үйлдэл хийдэг учраас л тийм хүмүүс баатар болж хувирдаг юм. Эхний алхам хийгчдийн нэг нь бай. Босоод дэлхийг өөрчил.