Уул уурхайн салбарын орлогыг урсгал төсвөөс тусгаарлаж ирээдүйд эдийн засгийн өсөлт бий болгох дэд бүтэц болон уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах нь хөгжлийн гарц юм.
***
Б.Жаргалан. Эдийн засагч
Байгалийн баялгаа яаж ашиглах, уул уурхайгаас орж ирж буй орлогыг хэрхэн удирдах тухай асуудал бол монголчуудын богино, дунд хугацаанд нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой хамгийн чухал асуудал. Энэ асуудлаар нийгэм хамгийн их хуваагддаг. Уул уурхайн төслүүд бусад салбарын нэгэн адил зах зээлийн зарчмаар явах ёстой, төр огт оролцох шаардлагагүй гэх үзэл нэг туйлд байдаг бол нөгөө туйлд нь байгалийн баялаг бол бүх нийтийн өмч учраас төр заавал оролцох ёстой, үр өгөөжөөс нь иргэн бүр хүртэх ёстой гэх үзэл байна. Аль аль нь үндэслэлтэй.
Уул уурхайн салбар эрсдэлтэй буюу хайгуулын өртөг, үнийн савлагаа гэхчлэн бэрхшээл ихтэй учраас уул уурхайн компаниуд амжилттай төслүүдээсээ аль болох өндөр өгөөж хүртэхийн төлөө явдаг. Тэгвэл үе удмаараа амьдарсан газар нутгаа сэндчүүлж буй иргэд ч мөн өндөр өгөөж хүсэх нь ойлгомжтой. Энд зайлшгүй анхаарах ёстой нэг зүйл гэвэл уул уурхайн салбар negative externality буюу сөрөг дам нөлөө ихтэй. Байгаль орчны доройтол, агаар, хөрсний бохирдол, талхлагдсан бэлчээр гэх мэт нутгийн иргэдийн амьдралын чанар, ирээдүйд нөлөөлөх олон хүчин зүйлсийг бид бодитоор үнэлж чаддаггүй. Энэ нь мөн л тухайн төслийг хэрэгжүүлэхэд бидний төлж буй төлбөр. Тиймээс бид дээрх хоёр туйлт үзэлд баригдалгүй, хоорондоо зөрчилдөхгүйгээр дундын хувилбар дээр санал нэгдмээр байгаа юм. Уул уурхайн салбарт төрийн зохицуулалт, оролцоо байх нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж дэмжих вэ гэдэг талаар ярилцаж консенсуст хүрч болмоор санагдана.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Оюу толгойн ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж суусан хүмүүс нэг ч удаа иргэддээ тайлан тавиагүй.
Хамгийн гол нь, бид хохирогчийн сэтгэлзүйгээс салж, эзний сэтгэлзүйтэй болох хэрэгтэй. “Рио Тинто манай байгалийн баялгаар гараа угааж байна, монголчуудыг луйвардаж байна, Эм Си Эс Ухаа худгийг ухаад дууслаа, иргэд юу ч хүртсэнгүй” гэхчлэн аливаа уул уурхайн төслийг гоочилж, жадлан эсэргүүцэх аваас бид бодит хэлэлцээр хийж чадахгүй. Бид гэдэг нь иргэдийн дэмжлэгтэй төрийг хэлж байгаа юм. Нийгэмд хохирогчийн сэтгэлзүй давамгайлж байгаа учраас хөрөнгө оруулагч компаниуд хүртэл үүнтэй ижил төстэй зүйл ярьдаг болсон. “Бид ийм их хөрөнгө оруулалт хийчхээд байхад төр биднийг дэмжихгүй байна, хувийн хэвшлийг дарамталж байна” гэх маягаар суртал ухуулга хийнэ. Энэ нь мөнөөх хоёр туйлт байр суурийг улам лавшруулж, ойлголцоход улам хүнд болгож байна. Ингэснээр харилцан ашигтай хамтын ажиллагаа улам алсарна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гэхэд иргэдийн бухимдлыг улам бүр дэвэргэж, хөрөнгө оруулагчидтай илт дайсагнах байр суурьтай байж ирсэн нь хөрөнгө оруулалтыг бүр мөсөн боомилох, ирээдүйн том төслүүдийг өлгийнд нь гацаах аюултай юм. Аливаа уул уурхайн төсөлд монголчууд 34 хувь эзэмшинэ гэдгээ дэлхий даяар зарлахад энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн компаниуд орж ирнэ, хэн ч ойлгоно. Гол нь бид төрийн эзэмшлийн хувиа хэрхэн яаж удирдах вэ гэдэг байна.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Оюу толгойн ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж суусан хүмүүс нэг ч удаа иргэддээ тайлан тавиагүй. Уул нь “Эрдэнэс Оюу толгой” ХХК төслийн тухай судалгаа, шинжилгээ бэлтгэж ТУЗ-ийн гишүүдээрээ дамжуулан компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайланд хяналт тавих ёстой. Энэ тухай тайлан иргэдэд хүрч байвал итгэлцэл бий болох ба энэ нь цаашдын хамтын ажиллагаанд ач тустай.
Хэрэв бид уул уурхайн бус эдийн засгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилго тавьж байгаа бол татварын бодлого ойлгомжтой, хялбар байх тусмаа сайн.
Анх төлөвлөж байсанчлан “Эрдэнэс Монгол” ХХК бол стратегийн орд газар бүхий төслүүдэд төрийн 34 хувийг эзэмшиж буй төрийн өмчит компаниудын толгой буюу холдинг компани билээ. Энэхүү компанийн ашиг орлого монголчуудын ирээдүйд хөрөнгө оруулалт болох учиртай. “Эрдэнэс Монгол” ХХК-иар дамжуулдаг сан уу, Баялгийн сан байгуулдаг сан уу, уул уурхайн салбараас олж буй орлогыг ирээдүйд ач тустай байдлаар үр ашигтай зарцуулж сурахгүй бол жил бүр төсвийн урсгал зардлаа өсгөөд байвал бид энэ чөтгөрийн тойргоос гарахгүй. Уул уурхайн салбарын орлогыг урсгал төсвөөс тусгаарлаж ирээдүйд эдийн засгийн өсөлт бий болгох дэд бүтэц болон уул уурхайн бус салбаруудад хөрөнгө оруулах нь хөгжлийн гарц юм.
Баялгийн сангийн тухай ярихаар intergenerational equity буюу үе хоорондын тэгш байдал гэдэг ойлголт гарч ирдэг. Өнөөдөр бидний гаргасан аливаа шийдвэр бидний үр хойч үед яаж нөлөөлөх вэ гэдэг талаар ямагт бодох ёстой буюу бидний хүүхдүүд, ач зээ нар, тэдний дараагийн үеийн амьдралын чанар, хүрээлэн буй орчин ямар байх нь биднээс хамаарахыг мартаж болохгүй.
Мөн уул уурхайн салбарын орлогыг хэрхэн бүрдүүлэх талаар тогтвортой шийдэлтэй байх нь чухал юм. Төрийн хувьцааны ноогдол ашгаас гадна татварын бодлого ямар байхаас их зүйл хамаарна. Үндэстэн дамнасан уул уурхайн компаниуд хуулийн хүрээнд татвараас зайлсхийн салбар хоорондын мөнгөн урсгалаа удирдах бодлого баримталдаг учраас орлогод суурилсан татварын бодлого төдийлөн үр дүнтэй байдаггүй. Жишээ нь, Монголын татварын албанд үндэстэн дамнасан корпорациудын санхүүгийн тайланг хянах, зөрчил илрүүлэх ур чадвар бүхий хүний нөөц хэд билээ? Оюу толгой төслийн татварын маргаан гэхэд л хэдэн жил үргэлжилж байгаа. Тиймээс АМНАТ болон бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх мэт бусад арга механизмыг ашиглах нь илүү үр дүнтэй байж болох юм.
Хэрэв бид уул уурхайн бус эдийн засгаа хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зорилго тавьж байгаа бол татварын бодлого ойлгомжтой, хялбар байх тусмаа сайн. Татварын ерөнхий хуулиар 30 төрлийн албан татвар, төлбөр, хураамжийг тодорхойлсон байдаг. Хамгийн сүүлд нохой, муурын албан татварыг нэмсэн байна. Татварын төрөл тус бүр өөрийн бие даасан хуультай, дагалдах тогтоол, журамтай гэж үзвэл татварын багц хуулийн учрыг олох нь маш нарийн мэргэжил шаардах ажил болж хувирдаг.
Мэдээллийн технологи хөгжсөн, их өгөгдлийн сан бий болсон энэ цаг үед е-Mongolia зэрэг цахим санаачилгын хүрээнд нэн түрүүнд хийх ажил бол иргэн, аж ахуйн нэгж татварын тайлан гаргах, хүргүүлэх, татвар төлөх үйл явцыг аль болох хялбаршуулах явдал юм. 2023 онд Монгол Улсад 219 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэнээс 64 мянга нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа огт ирүүлээгүй бөгөөд 70 мянга аж ахуйн нэгж Х тайлан хүргүүлжээ. Аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь ийнхүү орлогоо огт тайлагнахгүй байгаа нь эдийн засгийн идэвхжилтэй холбоотой байж болох ч, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдлэг дутуугаас тайлангаа хүргүүлж чадахгүй байгаа аж ахуйн нэгж олон бий. Тиймээс татварын шинэчлэл татвар тайлагнах үйл явцыг хялбаршуулахаас эхлэх нь зөв гэж боддог. Энэ нь татварын суурийг нэмэгдүүлэхээс гадна далд эдийн засгийг ил болгох замаар зах зээлийн өрсөлдөөнийг сайжруулах ач холбогдолтой.
Өнгөрсөн 34 жилийн хугацаанд эдийн засгийн тэгш бус байдал даамжирсан нь уул уурхайн орлогын хуваарилалт, мэдээллийн тэгш бус байдал, намчирхал, авлига зэрэг олон учир шалтгаантай. Энэ байдлыг залруулахын тулд өнгөрснийг шүүж, хэн нэгнийг цовдлохоос илүү бодлогын шийдэл санал болгох нь чухал юм. Татварын бодлого үүнд чухал үүрэгтэй. Тухайлбал, өмч хөрөнгийн тэгш бус байдлыг үе хооронд даамжруулахгүй байя гэвэл өв залгамжлалын татварыг өндөр хувь хэмжээтэй тогтоож болно. Энэ нь манай улсад төдийлөн ашиглагдахгүй байгаа татварын төрөл юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөр гэх мэт хөрөнгийн татваруудыг нэмэгдүүлж болно.
Манай улсын төсвийн орлогын 25 орчим хувийг НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварын орлого бүрдүүлдэг. НӨАТ нь ядуу болон орлого багатай хүмүүст илүү хүндээр тусдаг татварын төрөл юм.
Ядуурлыг бууруулж, эдийн засгийн тэгш бус байдлыг халахын тулд НӨАТ-ын хувь хэмжээг багасгах эсвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх арга хэмжээ авч болно. Түүнчлэн, уул уурхайн бус эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ашиг, орлогын татварыг аль болох бага түвшинд байлгах нь үр нөлөөтэй талаар олон судалгаа бий.
Төр буюу төсөв болон төрийн өмчид суурилсан эдийн засгаа хувийн өмч, хувийн хэвшлийн санаачилгад суурилсан эдийн засаг болгон хөгжүүлэхэд уул уурхайн салбарын менежмент болон төсөв, мөнгөний бодлого чухал үүрэгтэй. Хэрэв бид зөв бодлого баримталж чадах аваас богино хугацаанд дэлхийд өрсөлдөх эдийн засагтай болж чадна гэдэгт итгэж байна. Энэ нь зөвхөн та бидний хамтын хүчин чармайлтаас шалтгаална.