Бидний олж авч болох хамгийн сайн мэдлэг боловсрол юу вэ? Зарим нь хамгийн сайн багш нартай, хичээлийг хамгийн чамбай нягт заадаг газар хүүхдээ сургаснаар мэдлэгтэй болгож байгаа гэдэг. Харин зарим нь хүүхэд минь сайхан сэтгэлтэй, мэдрэмжтэй, зөв эрүүл хүн болж өсөж торних нь л хамгийн чухал гэдэг шүү дээ. Гэхдээ энэ хоёр хүсэл, бас найдвар тусдаа зүйл байх ёсгүйг, хүүхэд хайраар дүүрэн орчинд, чанартай боловсрол эзэмшиж болохыг “Дүүрэн-Эрдэм” сургууль үлгэрлэж, өөрсдийн шинэ санаачилга, арга барилаар боловсролын салбарт цоо шинэ өнгө төрхийг бий болгож байна. Ийнхүү бид боловсролын салбарт манлайлж, шинэ уур амьсгал нэвтрүүлж, мөрөөдлөө биелүүлэхийн сацуу бусдын мөрөөдлийг ч биелүүлэхэд тусалж яваа, сургалтын төвөөс сургууль үүсгэн байгуулж чадсан залуу энтерпенёр О.Бямбарагчаатай ярилцсанаа хүргэж байна.
Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Багаасаа л багш болно гэж боддог байсан уу?
Би Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод бага насаа өнгөрүүлсэн. Хүүхэд байхаасаа л сурлага, идэвх зүтгэлээрээ бусдыгаа тэргүүлэн манлайлдаг уралдаан тэмцээн, олимпиадад их ордог, нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Тухайн үедээ математикт дурлан суралцдаг, математик боддог байх нь л хамгийн сайн, мундаг гэж боддог байв. Тиймээс ч мэргэжил сонголтоо хийх мөчид миний хамгийн дуртай зүйл юу билээ, би юуг чаддаг билээ гэж өөрөөсөө асуух үед “Бусдад зааж сургах, чиглүүлэх, манлайлах, тоо сайн бодох” гэсэн хариултууд толгойд хамгийн түрүүнд орж ирснээс үүдээд л багш болъё гэж шийдсэн. Ажлын гараагаа Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуульд математикийн багш мэргэжлээр эхлүүлж, тэр цагаас хойш хүүхдүүдэд сурч боловсроход нь тусалж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорилгыг олж мэдэхэд нь нэмэр болох сон гэх хүслээр үргэлжлүүлэн ажилласан. Багш байхын нэг сайхан зүйл нь хүүхдүүдэд ирээдүйд итгэх итгэл үнэмшлийг нь бий болгож, түүнийхээ төлөө явахад тусалж чадах тулгуур болж буйгаа ухаарах мөч байдаг.
“Дүүрэн-Эрдэм” сургуулийн суурийг анх хэрхэн тавьж байв. Таныг өөрийн сургуулиа нээхэд хөтөлсөн гол хүчин зүйл юу байсан бэ?
Би 2011 онд ээж болж, хүүгээ төрүүлж байсан юм. Харамсалтай нь, өвчний улмаас хүүгээ алдаж, хүүгийнхээ дурсгалыг хүндэтгэн нэрээр нь сургалтын төвөө анх нэрлэж байв. Тэрхүү хүүхэд хөгжлийн төвөө яг л өөрийн хүүхэд шиг хайрлаж, бусад хүүхдийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт нэмэр болгох үүднээс орхилгүй заавал үргэлжлүүлэн авч явна гэж өөртөө амласан. Маш их хайр, маш их сэтгэлээр бүтсэн “Дүүрэн-Эрдэм” хүүхэд хөгжлийн төв маань удалгүй дэргэдээ хичээлээс гадуурх давтлага өгөх сургалтын төв болон өргөжиж, одоогийн “Дүүрэн-Эрдэм” бага, дунд сургуулийн эхлэл тавигдсан. Тухайн үеэс л миний зорилго хүүхдүүдийн эрдэм боловсрол, хөгжилд илүү том нөлөө үзүүлж, өөртөө итгэлтэй, хайртай, бас оюунлаг, хүнлэг хүн бүтээхэд туслах болон тэлж өргөжсөн.
Анх сургалтын төвөө нээн ажиллуулж байхдаа анзаарч мэдсэн хамгийн том зүйл юу байсан бэ?
2017 онд хүүхэд хөгжлийн төвөө нээн ажиллуулснаас хойш сургалтын төв болон өргөжүүлэхэд тухайн үедээ л манайх шиг хоолтой, бүр хүүхдүүдээ хүргэж өгөх унаатай төвүүд байгаагүй. Хүүхдүүд ямар ч үед юугаар ч дутагдахгүй, бас аюулгүй байгаасай, эцэг эхэд нь амар, санаа зовох зүйлгүй байлгах үүднээс хүүхдүүдээ унаагаар зөөж, амт чанартай хоол хүнсээр дайлан, давхар хичээлд нь анхаарч, ажиллах болсон. Мундаг багш нарыг эгнээндээ нэгтгээд, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж эхэлснээс хойш олон ч хүнд танигдаж, хүмүүс хүүхдээ явуулахаар их сонирхож ирэх болсон. Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдийг авч тулж ажилладаг байсан учраас тэр үедээ хүүхдүүд яг юунаас болоод, яагаад хоцрогдолд орж байна, тэдэнд тэгш хүртээмжтэй мэдлэг боловсрол олгоход юу зайлшгүй шаардлагатай байна гэдгийг аажмаар олж харж эхэлсэн. Хүүхдүүд багш нарын хичээл заах арга барилд сэтгэл хангалуун бус байна уу, хичээлийн хөтөлбөр, сургалтын материал өөрөө асуудалтай байна уу гэх мэтээр олон асуудлыг олж харсан. Тогтолцоо, сургалтын арга барил зэргээ бүхэлд нь эргэн нэг харах, шинэчлэх шаардлагатай зүйлс олон байгааг анзаарч эхлэхдээ яг бага ангийн сурагчдыг авч, эхнээс нь суурийг нь тавьж бэлтгэх сургуультай болъё гэж бодох болсон. Сургууль нээх мөрөөдөл боломжгүй зүйл биш, харин ч Монголдоо онцгой, анхдагч сургалтын хөтөлбөртэй сургуулийг бий болгох зорилго маань ингэж л төрсөн дөө.
Сургуулиа нээх мөчид ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
2022 онд “Дүүрэн-Эрдэм” бага сургууль үүд хаалгаа нээж, анхны элсэлтээ авч байсан. Хэдийгээр 2022 онд анхны элсэлтээ авсан боловч сургуулийн тусгай зөвшөөрлөө авч чадалгүй хоёр жил болоод байв. Энэ хугацаанд олон бэрхшээлийг даван туулсан. Эргээд бодоход миний хамгийн том зорилго, мөрөөдөл байсан болохоор замд тулгарсан асуудлуудыг даван гарч, тууштай байж, сургуулиа нээж чадсандаа маш их баяртай байдаг. Энэ мөчийг хүртэл гэр бүл, найз нөхөд, багш нар минь хамт байж, тус дэм болсоор ирсэн. Дээр нь өөрийн хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй байсан учраас айж сандрахаас илүү догдлол дүүрэн байснаа тод санадаг. Хичээлдээ жаргалтай ирэх хүүхдүүд, урам зоригтой ажиллах багш нар, гэр шиг тав тухтай, аюулгүй мэдрэмж төрүүлэх анги танхим бүрдүүлэх нь нэн түрүүний зорилго байсан. Харин хүүхэд, эцэг эхчүүд маань энэ бүхнийг эерэгээр хүлээн авч, сэтгэл хангалуун байгааг харах нь маш их урам зориг өгсөн.
Танай сургуулийн хичээлийн хөтөлбөр, заах арга барилын хувьд ихээхэн онцгой болохыг хүмүүс онцолж байсан. Та бүхний зорьж хэрэгжүүлсэн шинэ арга барил юу байсан бэ?
Нэн түрүүнд, бид хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэхийг зорьсон. Гэхдээ хэт их даалгавараар дарах биш, ядартал нь суулгаж юм хийлгэх ч биш, харин хэрхэн хичээлд нь дурлуулж, сонирхолтой байлгаж болох вэ гэдэг талаас их бодсон. Мөн сургууль дээр зөвхөн хичээл бус олон төрлийн сонирхолтой, цогц сургалтуудыг явуулж эхэлсэн. Бага ангийн хүүхдүүдэд хамгийн тухтай байх анги танхимыг нэн түрүүнд бүрдүүлсэн. Дөнгөж нэгдүгээр ангид орж ирсэн хүүхдүүд хэт их хичээл, даалгавраас шантарч, сурах хүсэлгүй болох эрсдэл маш өндөр байдаг болохоор сургалтын системдээ өвөрмөц, бас маш сайн үр дүнтэй, хүүхдийг хичээлд нь дурлуулах арга барилуудыг ашиглах ёстойг ойлгож мэдэрсэн л дээ. Ер нь хүүхдийг зөвхөн академик мэдлэгээр л бөмбөгдөх бус орчин үеийн хүүхдүүдэд зориулсан онцлог байдлыг нь ойлгож, өөр арга барилаар сургах цаг үе нэгэнт ирсэн. Тиймээс манай сургууль хүн төвтэй буюу “Бүтэн боловсрол” хөтөлбөрийг сургуульдаа хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн тухайд та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Бага насны хүүхдүүдэд шинжлэх ухааны мэдлэгээс гадна урлагийн боловсрол, бие бялдрын боловсрол, хооллолт, эрүүл мэндийн боловсрол гээд бүгдийг цогцоор нь олгох ёстой. Бид хичээлийн ямар ч агуулгыг орхигдуулахгүй, бас хэт их дарамтаар шахаж, туйлдуулахгүйгээр хоорондоо ярилцаж, хамтран шийдэж, суралцах боломжийг бүрдүүлсэн. “Бүтэн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн сэтгэлзүйчтэй, олон төрлийн дугуйлан болоод сургалтуудаас сонгох боломжтой. Одоо бол арга барилаа улам илүү сайжруулан төгөлдөржүүлэхээр Оксфордын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Монгол Улсад танигдсан Кембрижийн хөтөлбөрөөс ялгаатай нэг зүйл нь Оксфордын хөтөлбөр 2017 оноос шинэ үеийн хүүхдүүдэд зориулан шинэчлэгдэн зохиогдсон бөгөөд хүүхдүүдийн онцлог тал, ялгаатай байдлыг хүндэтгэн үзэж, тэдэнд тохирох арга барилаар, Монголын хөрсөнд бүрэн нэвтэрч, хэрэгжих боломжтой болсноороо онцлог. Аливаа олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг зааж, хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөц нэн чухал байдаг. Оксфордын хөтөлбөрийн онцлог давуу тал нь Ази, тэр дундаа Монгол Улсад хэрхэн хэрэгжих боломжтойг харгалзан үзэж, бүхнийг боловсруулж өгдгөөрөө ялгагддаг, өнөө цагийн хамгийн үр дүнтэй суралцах хөтөлбөрүүдийн нэг гэж бид үзэж байгаа.
Эцэг эхчүүдийн зүгээс сургуулийн үйл ажиллагаа болоод арга барилыг хэрхэн үнэлж, хамтран ажилладаг вэ?
Боловсролын салбарт хийгдэх шаардлагатай байгаа өөрчлөлтүүдийг “Дүүрэн-Эрдэм” сургууль маань бага багаар шийдэж эхэлсэн гэх үгийг би сонсож байсан юм. Одоо боловсролын салбарт үнэхээр өөрчлөлт хэрэгтэй байгаа. Харин энэ бүхнийг бид өөрсдөө эхлэн хэрэгжүүлж, суралцаж мэдсэний үндсэн дээр хүмүүст боломжтой гэдгийг үлгэрлэн харуулахыг зорьсон. Өнөө л нэг самбарын өмнө гарч заадаг, анги танхимаасаа гарахгүй хичээллэдэг үе аажмаар ард хоцорч, одоо хүүхдүүд илүү харилцаа, практик дунд өөрсдөө турших, мэдрэх, оролцох байдлаар суралцахыг хүсэж байна. Яг л зургийн дугуйланд байгаа мэт орчинд зургийн хичээл орж, бүжгийн мэргэжлийн студид байгаа мэтээр бүжгийн хичээлдээ хамрагдаж, олон үндэстэн ястны бүжгийг сурч, хүүхэд нэг бүр, тэдний эцэг эхтэй ч ойр ажиллаж буй нь манай бас нэгэн давуу тал. Бид тийм олон хүүхэд элсүүлдэггүй. Өөрсдийн хүчин чадал, бололцоонд суурилан ажиллаж байна. Хүмүүсийн дунд “Хоцрогдол арилгадаг сургууль” гэх нэрээрээ алдаршсан байгааг сүүлд дуулсан. Сургалтын төвөөс сургууль болтлоо маш урт замыг туулсан болохоор тэр бүх туршлага маань хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж, тэдэнд шаардлагатай байгаа мэдлэг мэдээлэл, боловсролыг олгох вэ гэдэгт ихээхэн тус болж байна.
Сургууль нь Хан-Уул дүүрэгт байршилтай шүү дээ. Өөр газраас олон хүүхэд ирж суралцдаг байх?
Үнэхээр манай сургуульд л хүүхдээ сургамаар байна гээд ирэх тохиолдол олон бий. Гэхдээ бид элсэлтийн үеэр эцэг эхчүүдэд нэг зүйлийг зөвлөн хэлдэг нь “Үнэхээр хол амьдардаг бол манай сургуульд явуулахад хүүхэд нь замдаа ядарна шүү” гэх үг. Суралцах хүсэл их байгаа ч хол гэртэй бол хүүхэд тэр хооронд өдөр болгон шахам яваад ядарна, даарна. Түгжрэл ихтэй энэ цаг үед ихээхэн стресстэй байх болно. Тийм ч учраас бид “Хамгийн сайн сургууль бол гэрт ойр сургууль” гэдэг үгийг хүмүүст их хэлдэг. Манай сургууль нэн түрүүнд хүүхдийн амар тайван, аюулгүй, стрессгүй байдлыг анхаардаг учраас энэ тал дээрээ ч бас байр сууриа илэрхийлдэг.
Мөрөөдөл, зорилго тань энэ олон хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлж буйг харах үнэхээр сайхан байна. Таны дараагийн алхам юу вэ?
2024-2025 оны хичээлийн жилээс дунд сургуультай болж өргөжиж буйтай холбогдуулан захирлын нэрэмжит 900 сая төгрөгийн тэтгэлэг бүхий хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг санаачлан эхлүүлээд байна. Одоо дунд сургуультай болж байгаа ч бид 6, 7, 8 дугаар ангийн хүүхдүүд дунд элсэлт зарлаж байгаа. Учир нь дунд сургуулийн хүүхдүүдтэй ч мөн аль болох эртнээс ажиллаж, Оксфордын хөтөлбөр хэрэгжүүлсэн үр дүнгээ харах зорилготой байна. Бидний зорилго бол хүүхэд нэг бүртэй, тэдний онцлог байдлыг хүндэтгэн, хамтран ажиллах, суралцах юм. Цаашлаад суурь багаас нь цэцэрлэгийн түвшинд хүртэл “Дүүрэн боловсрол” хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа гэж харж байна. Үүний зэрэгцээ багш хүн гэдэг тасралтгүй суралцаж хөгжиж байх ёстой учраас докторын зэрэг хамгаалахаар гадаад улсыг зорин суралцах хувийн төлөвлөгөө ч бий. Багш хүн өөрийгөө хөгжүүлэх үйл явцыг хэзээ ч орхиж болохгүй, ямагт шинэ зүйлд суралцаж, мэдлэг олж авч ахиж байх ёстой.
Хүүхэдтэй ажилладаг энэ салбарт хамгийн чухал зүйл нь юу вэ?
Хамгийн чухал хайр, хандлага, харилцааны чадвар, мэдрэмж байдаг. Аливаа улс орны ирээдүй нь боловсролтой иргэн, хүүхэд байдаг. Тиймээс энэ чухал салбарт ажиллаж буй багш хүн үнэт зүйлс бүтээж, эх орондоо асар том хувь нэмэр оруулж байдаг гэж хэлж болно. Энэ том хариуцлагыг ухамсартай үүрч явахын тулд бид хүүхэдтэйгээ зөв харилцаж, үлгэрлэх хэрэгтэй.
Миний мөрөөдөл бол хүүдээ зориулсан “Дүүрэн-Эрдэм” гэх энэ нэрийг нийгэмд танигдсан, үнэ цэн үүсгэж чаддаг, зөв зүйтэй үлгэрлэл бүхий үйл ажиллагаатай байгууллага болгох. Энэ утгаараа би эхлүүлсэн уг төсөл, компаниа өөрийн хүү шигээ хайрлаж, хүүхдүүдийг жаргалтай, өөртөө итгэлтэй боловсролтой хүн болгохын төлөө хичээж ажилладаг. Би мөрөөдлөө тодорхой хэмжээнд биелүүлж чадсан ч гэж боддог. Тийм ч учраас “Дүүрэн-Эрдэм” сургуульдаа ажиллаж буй багш, ажилтнууд маань мөрөөдлөө биелүүлэх хүртэл хамт байж, туслахыг эрмэлздэг. Суралцаж буй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд ч мөн өөрийн гэсэн мөрөөдөл бий. Нэгэнт би өөрийн мөрөөдлийг биелүүлж чадсан хүн тул мөрөөдлөөрөө холбогдсон бусад хүний хүсэл зорилгыг ч мөн гүйцэлдүүлж, тэднийг санасан зорьсондоо хүрээсэй хэмээн хүсэж, энэ ажлаа урам зориг дүүрэн хийж байна. Энэ утгаараа бид сургуулийнхаа алсын хараа, үнэт зүйл, уриаг “Мөрөөдөл энд амилна” гэж тодорхойлсон байдаг юм.