Дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөг нь нийгэм, эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой бөгөөд олон улсад тус спортыг нийгмийн сайн сайхны төлөө бодитой хүч болж чадна гэдгийг нь хэдийн хүлээн зөвшөөрч, зөөлөн хүчний бодлого болгон ашигладаг юм. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ) нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын санаачилсан усыг хайрлан хамгаалахад чиглэсэн “Цэнхэр тууз” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд эмэгтэй хөлбөмбөгийн дээд лигийн багууд өмсгөл дээрээ цэнхэр туузтай тоглох юм.
Энэ талаар МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж “Байгаль дэлхийгээ, тэр дундаа цэвэр усыг хайрлан хамгаалах нь манай улсын хувьд нэн тулгамдсан асуудал болсон. Тиймээс цэвэр усны нөөцийг хамгаалах Усны газрын санаачилгыг МХБХ дэмжиж, “Цэнхэр тууз аян”-д нэгдээд байна. Ийн нэгдэхдээ эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэх бодлоготой уялдуулж ажиллахаар боллоо. Манай холбоо богино, дунд, урт хугацааны бодлогодоо эмэгтэй хөлбөмбөгийг дэмжих, энэ спортоор хичээллэх эмэгтэй тамирчдын тоог нэмэгдүүлэх, шигшээ багийн чадамжийг дээшлүүлэх, эмэгтэй лигийн үйл ажиллагааг сайжруулах зорилт тавьсан. Тийм ч учраас 2023 оны есдүгээр сараас эхэлж эмэгтэй хөлбөмбөгийн төсөл хөтөлбөрүүдийг ФИФА-гийн дэмжлэгээр хэрэгжүүлж байна” гэж өгүүлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд МХБХ хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах бөгөөд үүний эхлэл нь өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн эмэгтэй хөлбөмбөгийн лигийн тэмцээн байлаа. Лигийн тэмцээний нээлтийн арга хэмжээний хүрээнд грассрүүтс, хүүхдийн хөтөлбөрт хамрагдсан 250 гаруй охид оролцсон аж.
2024-25 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн лигт “Хараацай”, “Ховд вестерн”, “Хад”, “Шинэ яармаг” багууд оролцож байна. Лигийн тоглолт аравдугаар сар хүртэл үргэлжлэх бол 2025 оны шинэ улирал гуравдугаар сард эхэлж, долдугаар сар хүртэл үргэлжлэх товтой байна. Цаашид эмэгтэй лигийн тэмцээнийг 10 багтай болгох, зургаан сар зохион байгуулах зэрэг олон улсын стандартыг хангаж ажиллах зорилгыг МХБХ тавид байна. Энэ хүрээнд клубүүдийг эмэгтэй багтай болох, тэдгээр тоглогчдыг хувцас хэрэглэл, бөмбөг, шаардлагатай материалаар хангах, эмэгтэй багтай болох клубүүдэд зориулж дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа аж. Цаашид эмэгтэй хөлбөмбөгчдийн нас, насны ангиллын тэмцээн зохион байгуулах бөгөөд үүний эхлэл болгож аравдугаар сард эмэгтэй багуудын заалны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах юм. Тус тэмцээний нээлт дээр мөн “цэнхэр тууз” аяныг сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.
Ташрамд дурдахад, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид олон улсын дөрвөн тоглолтод оролцох бөгөөд өрсөлдөгч багуудын нэрс ирэх аравдугаар сард тодорно. Эдгээр тоглолтод шигшээ багийн тамирчид цэнхэр туузтай тоглох агаад энэ нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг цэвэр усыг хайрлан хамгаалах үйлсэд Монгол Улс анхаарал хандуулж байгааг олон улсад таниулах, сурталчлах зорилго агуулж байгаа юм.
Эцэст өгүүлэхэд, Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг улс орнуудын нэг бөгөөд дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улс юм. Зөвхөн 2022 онд нийт 362 гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэсэн тоо баримт бий.