Өнөөдөр бид бизнесийг илүү системтэй, дараагийн түвшинд хийх шаардлага тулгараад байна. Тиймээс бизнес эрхлэгчдэд суралцах, нэг нэгэнтэйгээ холбогдон мэдлэг, туршлагаа хуваалцах, түүгээрээ синержи үүсгэх том хэрэгцээ бий. Энэ талаас нь бизнес эрхлэгчдэд хөтөч болох мэргэжлийн көүч, бизнесийн зөвлөхүүд, хувь хүний хөгжлөөр мэргэшсэн амьдралын дасгалжуулагчид бий болсоор байна. Тэдний бүтээж буй гол үнэ цэн нь нэгдүгээрт мэдлэг, хоёрдугаарт үнэт зүйлс, алсын хараагаар нэгдсэн төрөл бүрийн коммюнити, гуравдугаарт тэндээс бий болж инновац, бизнесийн шийдлүүд юм.
“Дасгалжуулалтын Академи”-ийн хувьд хамгийн үр дүнтэй сургалтын платформ, гишүүнчлэлийн ашиг тусыг үзүүлж буй нэгдлийн томхон жишээ болж байна. “2030 он гэхэд 3 сая Монголчуудыг Сэтгэлгээний Ядуурлаас гаргана” гэсэн алсын хараатай тус байгууллага нь “Миний Бизнес” нетворкинг эвэнтээ гурав дахь удаагаа Монгол Улсдаа зохион байгууллаа.
Үндсэн илтгэлийг “Дасгалжуулалтын Академи”-ийн үүсгэн байгуулагч, Амьдралын дасгалжуулагч Б.Мөнгөнтуяа буюу Моника Батсүх тавилаа. Илтгэлийн гол санаа монгол хүний үнэт зүйлс, өрсөлдөх чадвар, сэтгэлгээний өөрчлөлт, хариуцлага, боловсрол, амьдралын чанар гэх мэт сэдэвт төвлөрч байлаа. Тэрээр улс орон хөгжихөд хариуцлагын мэдрэмж хэчнээн чухлыг яриад “Хариуцлагатай байна гэдэг нь хүчирхэг систем/хүний нэгэн чухал шинж” гэж хэлэв. Мөн бид өөрсдийн санхүү, эрүүл мэнд, цаг хугацаа, оюун санаа, сэтгэл зүй гэх мэт нөөцүүдээ нөөц хуваарилж чадахгүй байгааг ярилаа.
Моника Батсүх нь 2011 оноос эхлэн хувь хүний хөгжлийн чиглэлээр Англи улсад сурч, боловсрон гадаадын ментор, дасгалжуулагч нарын гараар бэлтгэгдэж, өөр улс орнуудад бие даан дасгалжуулалт явуулах эрхээ авсан мэргэжлийн көүч юм. Тэрээр хувь хүний хөгжил, санхүү, бизнесийн чиглэлээр ном бичихийн зэрэгцээ 2016 оноос онлайн хэлбэрээр дасгалжуулалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна.
Улмаар Дасгалжуулалтын академи нь өнгөрсөн найман жилд 3000 гаруй хүнийг сургалт, хөтөлбөртөө хамруулснаас 13% буюу 380 гаруй оролцогч орлогоо нэмж, дуртай зүйлээрээ бизнесээ бүтээж чадсан байна. Харин “Миний Бизнес” арга хэмжээ нь тэд бизнесээ дараагийн түвшинд гаргах, хоорондоо холбогдох, түншүүдээ олоход нь туслах зорилгоор зохион байгуулагдсан юм.
Арга хэмжээний өөр нэгэн чухал хэсэг болох хэлэлцүүлэгт Дасгалжуулалтын академиас төрөн гарсан, бизнесийн салбарт тодорхой туршлага бүтээсэн бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх удирдлагууд оролцож бизнест тулгардаг бэрхшээл, боломжуудыг хөндөн ярилцав.
Оролцогчдын хэлсэн зарим санааг онцлон хүргэе:
Тухайлбал, Түлэ жүр, Moms Touch, Caffe Bene, Оргио зэрэг брэндүүдийг зах зээлд нэвтрүүлсэн ARTISAN компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Ариунбат: “Асуудал их байсан ч, мөнгө бага байсан ч алсын хараа, үнэт зүйлсээ ухамсарлах нь маш их хүч өгдөг. Мөн амжилттай бизнес хийх хүн ЭГО-гоо дарж чаддаг, заримдаа компанидаа хар ажил хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэж хэллээ.
Харин Фемтек Солюшн ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Манд “Өөрийгөө тэмтэрч, юу хийх ёстойгоо ойлгоорой. Хүн болгоны амжилтын хэмжүүр өөр. Таны мөрөөдлийг нийгмээс зохиож өгдөггүй учраас та бусдын мөрөөдлийг copy past хийгээд байгаа эсэхээ нэг шалгаарай, та мөрөөдлийнхөө автор нь байх ёстой. Тиймээс хүсэл мөрөөдлийнхөө линзийг нэг арчаад хараарай” гэж уриалав.
“Миний Бизнес” хөтөлбөрийн оролцогч, Sex Coach Э.Наранцацрал
Би эмч мэргэжилтэй. 2021 онд Дасгалжуулалтын академид нэгдэж байсан. Ойрхон хугацаанд гурван хүүхэд төрүүлсний дараа эмчийнхээ мэргэжлээр ажиллахгүй юм байна гэдгээ ойлгож, өөрийн гэсэн зүйлийг бүтээх хүсэлтэй болсон. Олон төрлийн сургалтад хамрагдсан ч системтэй сургалтын хөтөлбөр хэрэгтэй байсан учраас Дасгалжуулалтын академийг сонгосон. Гурван жилийн дараа гэхэд өөрийн бизнестэй болчихсон, орлогоо нэмж чадсан байна.
Миний бизнесийн гол зорилго хэдийнээ гэр бүл болоод амьдарч буй хосуудыг урт хугацаандаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай, харилцаанаасаа таашаал авч чаддаг байхад нь туслахад чиглэж байгаа. Бэлгийн харилцаа гэдэг бол гэр бүл бүтэн байхад нөлөөлдөг маш чухал хүчин зүйл гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Энэ утгаараа улс үндэстнийхээ тусгаар тогтнолд ч хувь нэмрээ оруулж байна гэж боддог.
Би аялангаа ажилладаг, онлайнд лекцүүдээ байршуулдаг. Энэ нь надад хүссэн амьдралынхаа загварыг бүтээх боломжийг олгож байна. Жишээ нь, зуны улиралд хүүхдүүдтэйгээ агаарт амьдрахын зэрэгцээ ажлаа ч бас хийчихдэг.
“Mina” гоо сайхны мэс заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, “Миний Бизнес” хөтөлбөрийн оролцогч М.Мишээл
“Миний Бизнес” хөтөлбөрийн талаар өвчтөнөөсөө анх мэдэж байсан. Дасгалжуулалтын академийн хөтөлбөрүүдэд хамрагдсанаар өөрийгөө олон талаар хөгжүүлж чадсан гэж боддог. Өмнө нь би өөрийгөө бизнес хийж байна гэж үздэггүй байсан бол өнөөдөр бизнест маань юу хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох болсон. Ялангуяа маркетинг, алсын хараан дээр шинээр олж нээсэн зүйл олон бий. Алсын хараагаа шинэчилж “Монголдоо хамгийн шилдэг нэгдсэн эмнэлэг” болох зорилготой болсон.