Саяхан би Мэндээтэй Цогоогийн талаар мөрийцөх гээд чадаагүй юм.
– Хоёулаа Цогоог гурван жилийн дотор – Монголоос зугтана гэж мөрийцөх үү?
– Чи аль нь юм?
– Зугтана л гэдэг дээр нь шд..
– Би ч бас тэгж боддийшд…
Хүний зовлонгоор “жаргал” хийсэн бид хоёрын хүн чанарыг уу. Гэхдээ энд бидний биш, Цогоогийн тухай ярьж байгаа болохоор Цогооруугаа л оръё доо.
Цогоо уг нь маш том салбарын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн нилээн өргөн сүлжээг бий болгож, үндэсний том компаниуд ч түүхий эд бэлтгэлийн сүлжээгээ түүгээр хийлгэж, олон тэрбум төгрөг эргэлддэг бизнесийн үүсгэн байгуулагч юм. Уг нь их хөөрхөн эхэлсэн юм. Дөнгөж эхэлж байх үед нь ч нэр бүхий хүмүүс хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажиллах санал тавьж байж. Эхний саналын дараа л Цогоо “ирээдүйтэй юм байна” гэдгийг ойлгосон. Харамсалтай нь мань эр арай буруу хадуурч олон тэрбумын зээлийн санхүүжилт авсан юм. Гэвч бизнесийн тодорхой эрсдэлүүдийг даван туулж чадалгүйгээр одоо тэрээр маш хүнд нөхцөлд орчихсон. Сошиалд ч харагдахаа байж.
Уг нь өөрөө муу хүн биш юм. Зүгээр л эрсдэлээ дааж чадаагүй. Энэ бүхний үндэс нь Цогоо сонирхолтой, шинэлэг бизнес моделийг уламжлалт арга барилаар явуулах гэж хичээдэгт оршдог. Тэр арга барилын хувьд хэд хэдэн алдаа гаргасан юм. Чухал гурвыг нь л дурдъя.
Нэг. Цогоо шугаман сэтгэлгээтэй. Операцид хэтэрхий төвлөрдөг гэсэн үг юм. Ер нь нам, улс төр, оюутан залуучуудын байгууллагаар явсан хүмүүс нэг ийм болчихдог. Коммунистууд 70 жилийн турш стратегийг Кремльд боловсруулж, Монголд зөвхөн операци явдаг байсан нь энэ барилыг үлдээчихсэн би үздэг. Үүний нэг илрэл нь тэд үр дүнд биш, үйлдэлд төвлөрдөг. Саяхан нэг хуулийн төслийн хэлэлцүүлэгт “Та нар салбараа алчихлаа” гэсэн чинь төсөл дээр нь ажиллаж байсан хүүхэн “Бид энэ төсөл дээр гурван жил ажилласан” гэж гоморхож билээ. Нийтийн хувьд тэдний гурван жил ажилласан нь биш, хууль нь ямар үр дагавартай вэ гэдэг нь чухал юм.
Цогоогийн шугаман сэтгэлгээ нь бизнесийнхээ эрсдэлийг Монголын зам тээвэр, байгаль цаг уур, заримдаа бүр геополитикийн хүндрэлүүдтэй ч холбож тайлбарлахад хүргэдэг байв. Тэр хэзээ ч асуудалд системтэй хандаж байсангүй. Стратегийн наад захын хандлага түүнд огт байгаагүй. Энэ нь үнэ цэн, нөөцийн үр ашиг, эрсдэлийн бодит үнэлгээнээс холдуулдаг байв. Түүнийг хэдхэн хоног бизнес төлөвлөгөө гэдэг зүйлд ач холбогдол өгөөд, нэг төвлөрч бодооч гэж олон удаа ятгасан боловч амжилт олоогүй. ТҮЦ ажиллуулж байсан бол “ажиллах” ёстой байх. Харин хүмүүсийн олон арван тэрбумаар эрсдэл хийж байгаа бол тогтож бодохоос өөр аргагүй. Эцэст нь санхүүжүүлэгчдийн өмнө хариуцлага хүлээх нь чухал биш болж, мөнгө босгох нь л чухал болж ирэв. Аймшигтай.
Хоёр. Түүний консерватив хандлага нь зээлийн санхүүжилтээр олон тэрбумын үл хөдлөх хөрөнгө босгосон явдал байлаа. Энэ бол Монголын маш олон жижиг дундынхны алдаа. “Үл хөдлөх хөрөнгөтэй л болох ёстой” гэсэн мэссежийг Монголд үлдээсэн хүмүүс бол олон жижиг дунд бизнесийг эрсдэлрүү хөтөлсөн дөө. Үндсэн хөрөнгийн өгөөж өгөх хугацаа нилээн урт байдгийн хувьд үүнийг богино хугацаат зээлийн эр үүсвэрээр санхүүжүүлэх нь бизнесийг мөнгөн урсгалын асуудалд оруулж, энэ нь компаниуд өрийн бүтэцдээ олон төрлийн аргаар өөрчлөлт оруулах үндэслэл болдог. Нэгэнт зээлжих чадвар нь муудсан бол нийтлэг тохиолдолд зээлийн нөхцөл хүндэрдэг.
Бидний дийлэнх нь орлогоос зардал хассан ашгийн тухай ойлголттой боловч, өгөөжийн тухай хангалттай төсөөлөлгүй. Бизнес нь сардаа 100 саяын цэвэр ашигтай байгаад түүнийг 10 тэрбум төгрөгөөр босгосон бол ямар хэрэг байх вэ дээ. Энэ нь цаанаа хөрвөх чадвар гэсэн маш чухал ойлголттой холбогддог. Бид жижиг дунд бизнесийнхэнд үүнийг ойлгуулахын тулд ашиг ба өгөөжийн матрицыг хийсэн юм. Зөвхөн жижиг дундынханд тодорхой зүйл ойлгуулах зорилготой болохоор бичвэртээ оруулахаа больё доо.
Гурав. Нэгтэйгээ бараг адилхан. Тэр софт бүтцийг олж хардаггүй. Түүний хувьд ажил гэдэг бол агуулахруу хоёр машин ачаа зөөж оруулахыг л хэлнэ. Тэр энгийн нэг аппликэйшн асуудлыг нь бүрэн шийднэ гэж итгэдэг. Ажилтан л ажил хийнэ гэж итгэдгээс түүний ард явдаг процессийг чухалчилдаггүй. Хөрөнгө гэдэг бол түүний хувьд түүний хувьд баланс дээрх үндсэн хөрөнгө. Харин түүнээс үр ашиг бий болгодог интеллиженсийг ойлгодоггүй. Ур чадвар, стандарт, арга зүй гэсэн мэргэжлийн чиг баримжааны суурь асуудлууд бол түүнийхээр хоосон яриа. Энэ ч утгаараа процесс, өрсөлдөх чадвар, үр ашиг гэх ойлголт түүнийн бизнест байхгүй. Ашгийн чиг баримжаагүйгээр “бизнес хийдэг”. Энэ хандлага нь түүний оффист мэргэжилтнүүдийг биш, зүгээр ажилтнуудыг суулгах үндэслэл болчихсон.
Би уг нь түүнд компаниуд дээр чинь 5+1 хөтөлбөрөө хэнд ч өгч байгаагүй хөнгөлөлттэй үнээр хийе гэж санал болгосон. Тэр “Чалва хийгээд, өөрчилж чадахгүй” гэж үзсэн. Үнээн үнэн. Угаас 5+1 хөтөлбөр бол өөрчлөлтөнд ач холбогдол өгдөг, стратегийн чиг баримжаатай бизнесүүдэд эх үүсвэр татан төвлөрүүлэх, бизнес моделийг үр ашигтай хэлбэрлүү шилжүүлдэг хөтөлбөр. Ийм операцид өндөр ач холбогдол өгдөг хүмүүст бол цагийн гарз. Өмнөх бичвэрүүд дээрээ Операцид өндөр ач холбогдол өгдөг бизнес богино настай, стратегид ач холбогдол өгдөг бол дунд хугацааны настай гэж бичиж л байсан. Иймээс ч би уг нь operational mindset-тэй хүмүүсийг яаж strategical mindset-тэй болгох талаар уншиж судалж, нэг жижиг бизнес дээр туршъя гэж зорьж, нэг олон улсын байгууллагын төсөлд оролцож байгаа. Даан ч тэрнийхээ талаар хоёр артикл уншсанаас цааш хэтрээгүй л явна. Цогоогийн бизнес бол operational mindset-тэй бизнесүүдийн үр дүнгийн тод жишээ.
Цогоо гээд нилээн хүндрүүлсэн жишээ л авчихсан болохоос бизнестээ системтэй ханддаг, ашгийн бодлогогүй, зөвхөн биеэр үйлдэж байгаа ажлыг ажил гэж хардаг, энэ арга барилаар ажилладаг жижиг бизнесүүд олон. Хариуцлага томрох тусам, эрсдэл нь томорч, түүнийгээ дааж чадахгүйд хүрдэг. Эрсдэлд орж хүндэрдэггүй юмаа гэхэд бодит үр ашиггүй, зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхчих гээд л, зарим нь өөрсөддөө энтрепренёр нтр гээд гоё гоё нэр өгчихсөн. За за уучлаарай, мөн л байх. Гэхдээ л… өдөр бүр төрдөг гомдол, цөхрөл, алдаа, татгалзлууд, олон олон нойргүй шөнүүд, гэр бүлийн эсэргүүцэл, үй түмэн эрсдэлээс үүсэх сэтгэл гутрал нь нөгөө талдаа цөөхөн тохиолдох багахан амжилт, жижигхэн урмын үгэнд арилан, сэтгэлийг нь тэжээсээр… Яджаахад түрээс, татвар, нийгмийн даатгал гэх мэт жижиг жижиг нэхэмжлэхүүдээр булаастай. Зарим нь жаахан өрөнд орж морцон, утас мутас нь дугарангуут жаахан айдас майдастай, нулимсаа дотогшоо залгиж ч байх шиг. Товчоор бол та нар бизнес биш зүгээр л ажил хийж байна. Одоо тэгээд яах уу? Үргэлжүүлээд уйлах уу, эсвэл арай өөрөөр бодоод үзэх үү?
Та нар маш олон амжилттай бизнесүүд бөөн бөөн асуудалтай байдаг, мөртлөө эзэд нь саятнууд байдгийг мэдэх үү? Гаднаасаа маш сайхан харагдах ч балансын хувьд та бүгдийн төсөөлснөөс ч их алдагдал. Гэхдээ үүсгэн байгуулагчид нь дээр ярьсан сэтгэл гутралын асуудлыг хэдийн даван туулаад, итгэлтэйгээр урагшилж яваа. Бодит жишээ дурдмаар байвч болохгүй байлгүй дээ. Яаж? Үүсгэн байгуулагчдын тэр сая сая төгрөг хаанаас гараад ирэв?
Энэ бол бизнесээ хэсэгчилж, тодруулбал дүрмэн дээрээ бичигдсэн хувьцааг хэсэгчилж зарах тухай асуудал юм. Одоо Цогоо нарт үүнээс өөр арга байхгүй. Би уг нь Цогоод энэ талаар санал болгож байсан юм. Хариулт нь даанч харамсалтай. Тэрээр:
– Хүнтэй бизнес хийвэл мууддаг. Төвөг төвөг гэсэн юм. Жаахан онгирчихъё. Уг нь урдаас нь яг энэ асуудлыг нь шийдэхийн тулд Монголд хамгийн олон арга хөгжүүлсэн компанийн үүсгэн байгуулагч хараад сууж байгаа юм. Тэр жижиг болсон практикаас илүүтэй энэ асуудлыг “Трютлайз” яаж шийдсэн юм бол гэж нэг удаа бодох ёстой байсан юм. Монголоор “хохь чинь” л гэдэг байх даа.
Үүнээс цааш Сурталчилгаа гэж бодох уу? Туршлага гэж сонсох уу? өөрсдөө л мэд. Бид анх компаниа байгуулахдаа (2021 он) өөрсдийгөө “хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани” гэж хэлэхээс ичээд байдаг байлаа. Хэд хэдэн арга зүйг хөгжүүлэн харилцагчид дээрээ амжилттай туршиж, хүмүүсийг алдагдалтай бизнесээс нь ашигтай гаргасан цөөнгүй практик бий. Ингээд өнгөрсөн жилээс л харилцагчид биднийг өөрсдөө “хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний компани” гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Тэгвэл тэр мөнгө хаанаас гараад ирэв?
Хөрөнгө оруулалт гэдэг бол присентаци хийгээд хайгаад явдаг зүйл биш, харин гэрийн даалгавраа сайн хийчихвэл өөрсдөө ирдэг зүйл юм. Салбарын томоохон түүхий эд нийлүүлэлтийн сүлжээг сонирхохгүй хөрөнгө оруулагчид хэн байх вэ дээ. Одоо Цогоод маш сайн стратеги, хөрөнгө оруулалтын санал хоёр л хэрэгтэй. Харин хөрөнгө оруулалтын тодорхой эх үүсвэрээр өр төлбөрөө цэвэрлэх, эсвэл өөртөө бэлэн мөнгө болгон гаргаж болдог. Азаар манайдаа л мэргэжлийн гэж болох хөрөнгө оруулагчид бизнес бүрт асуудал байдаг гэдгийг аль хэдийнэ ойлгодог болсон. Тэд ирээдүйн бизнесээ үр ашигтай байлгах тулд өнөөдрийн өрийн асуудлыг, үүсгэн байгуулагчдын хувийн санхүүгийн байдалтай нь шийдвэрлэх сонирхолтой болсон. Энэхүү хамтын ажиллагааны үед талуудын тохиролцох ёстой 31 хүчин зүйлсийн хүрээнд дээрхи асуудлыг нээлттэйгээр тохиролцсоноор таны бизнес “өргүй”, та “мөнгөтэй” болох боломжтой байдаг. Цогоогийн хэлснээр муудалцах ч боломжгүй болно. Үндсэн зарчмыг нь дэндүү богинохон бичсэнг минь санаарай.
Та нарын бизнес алдагдалтай, өртэй байж болно. Гэхдээ та бүгдийн түүх, ирээдүйн стратеги хоёр бол маш үнэтэй гэдгийг олж харах ёстой. Үүнийг зарж болдог нь бүр гайхамшиг юм.
Одоо уйлахаа түр азнаад өөрөөсөө “Би түүхтэй билүү?”, “Надад хөгжийн стратеги байгаа билүү?” гэсэн хоёрхон асуулт асуугаад үзээрэй. Жаахан л хугацаа байхад та нар бизнесийнхээ жилийн орлогын багадаа 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг өөртөө гаргаж боломжтой юм. Өмнөх нэг бичвэрт “муулсан” нэг эмэгтэйд хүртэл нэг хүн хөрөнгө оруулалт хийе гээд өөрөө хүрээд ирсэн. Ийм учраас л та нарыг тэрбумтнууд гэж итгэлтэй хэлж байгаа юм.
Одоо дараагийн Цогоо байх уу? Хэсэг бодоод тэрбумтан болох уу? өөрсдөө л шийд.