Success Bridge зөвлөх үйлчилгээний компани нь Японы Жайка байгууллагын захиалгаар Хоёр үе шаттай зээлийн төсөлд (ХҮШЗТ, манайхан хэлж заншсанаар “Жайкагийн зээл”) амжилттай оролцсон бизнес эрхлэгчдийн түүхийг өгүүлсэн “Мянган төслийн амжилтын түүх” номыг энэ оны дөрөвдүгээр сард бэлтгэн гаргасан. ХҮШЗТ нь 2007 оноос нийт 200 сая долларын урт хугацааны, хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хамтрагч банкнуудаар дамжуулан 1000 гаруй төсөлд олгожээ.
Бид уг номд 27 бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний бизнесийн түүх, хүндрэл сорилуудыг давсан арга барил, амжилтын үндэс шалтгаануудын талаар судалсан юм. Компани болгон өөр өөрийн замнал түүхтэй болов ч тэдний хөгжлийн замнал, амжилтаас бизнес эхлүүлж байгаа болон бизнесээ өргөжүүлэх бодолтой хэн бүхэн суралцах гол хэдэн зүйлс байлаа.
Даруухан эхлэл, тууштай байдал
Ихэнх компаниуд үйл ажиллагаа явуулаад 10 – 20 жил болж байгаа бөгөөд нэлээдгүй хэд нь орон сууцны хонгил түрээслэн үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Орчин нөхцөл, санхүү хязгаарлагдмал байсан ч бага багаар ахисаар өдгөө зах зээлд брэнд болон байр сууриа эзэлсэн байна. Валютын өсөлт, түүхий эдийн дутагдал, логистикийн бэрхшээл, ажиллах хүчний тогтворгүй байдал, жижиг зах зээл гээд олон бэрхшээлийг тухайн бизнесийг эхлүүлсэн энтрепренерүүд болон тэдний гэр бүл тууштай оролдлого, хөдөлмөр, “болно, чадна” гэсэн эерэг хандлагын хүчээр даван туулжээ. Эдгээрийн жишээ болсон түүхүүдээс сонирхуулахад:
- “Мон Жүүс” компанийн гүйцэтгэх захирал Л.Алтанзул 20-иод жилийн өмнө аав ээж хоёрынхоо орон сууцны хонгилд ганц шахагчаар шилтэй ундаа үйлдвэрлэж байсан бол эдүгээ 100 гаруй ажилтантай, гурван давхар барилга болон агуулах бүхий үйлдвэрийн цогцолборыг удирдан ажиллаж байна.
- 20 жилийн тэртээ 40 мянгатад орон сууцны хонгилд нэг дизайнертай хоёулхнаа нэрийн хуудас хэвлэн ажлаа эхэлж байсан “Пластик Дизайн” өдгөө дөрвөн давхар үйлдвэрийн байрнаасаа олон зуун компани болон сүлжээ үйлчилгээний газруудын хаягжилт, чимэглэл үйлдвэрлэж байна.
- 14 жилийн өмнө хоёр залуу “Бат-сэжү” компанийг байгуулахдаа орхигдсон, хаалга үүд ч үгүй гараашийг засварлан ажлын бээлий нэхдэг үйлдвэр эхлүүлж байв. Тэр нь аажим ахисаар өнөөдөр 200 машинтай, 80 гаруй ажилтантай үйлдвэр болж өргөжөөд бээлийнээс гадна оймс, өмд цамц, ороолт малгай гээд төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Чанарт анхаарах
Эдгээр компаниудын зах зээлд байр суурь эзэлж тэдний бүтээгдэхүүн үргэлж эрэлт ихтэй байдгийн гол үндэс нь богино хугацааны их ашигт биш урт хугацаандаа чанартай бүтээгдэхүүн ханган нийлүүлэхэд анхаардагт байна.
Snow fields компани 2004 оноос ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд гаргаж байгаа бөгөөд 2016 оноос түүх эд татах, ут ээрэх босоо интеграцтай болсноор түүхий эдийн, цаашлаад бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах боломжтой болжээ.
Мөн “Хаан бууз” компани нь амт, чанараа хадгалах үүднээс зөвхөн монгол мах, гурил ашигладаг. Түүхий эд, таталт авалт, нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат дамжлагыг олон улсын стандартын дагуу хийж экспортод бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байна.
Ажилтнуудаа халамжлах
Ажил хүнээр бүтдэгийг байгууллага бүр мэддэг ч ажиллах хүчээ халамжлах, урт хугацаанд амжилттай ажиллах орчин бүрдүүлэх талаар дотоодын аж ахуйн нэгжүүд сүүлийн хэдэн жилээс л анхаарч эхэлж буй нь ажиглагддаг. Тэгвэл “1000 төслийн амжилтын түүх” номд орсон компаниуд үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтнуудаа онцгой анхаарч ихэнх нь анхны баг хамт олноо авч үлдсэн ба тэдгээр хүмүүс нь туршлагажиж, тушаал дэвшиж, дараа дараагийн ажиллах хүчийг сурган ажиллуулж байна. Ихэнх компани ажилтнуудынхаа ар гэр, нийгмийн баталгаанд анхаарч байр, машинтай болоход нь туслалцаа үзүүлдэг бөгөөд ингэснээр чадвартай ажиллах хүч бүрдүүлэн өндөр бүтээмжтэй ажилладаг байна.
Жишээ нь, Монгол ванн компанийн захирал Л. Алтангэрэлийн өгүүлснээр “Би ажилчдаа үйлдвэр дээр бага цагаар, байгаа цагтаа бүтээмжтэй ажиллуулж, тэд аль болох гэр бүлдээ цаг гаргах нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримталдаг, ажилчдадаа байнга тэгж хэлж захидаг. Ингэхдээ сайн ажиллахад нь ажилласан цалинг нь сайн өгнө, цаашилбал, компанийн хувь хувьцааг өгье, компани сайн ажиллавал ажилтан хувиасаа ногдол ашиг авна гэдгийг санал болгож, ухуулж, уриалдаг.” Цаашлаад тэрээр ажилчдадаа машин лизингээр авахад нь туслалцаа үзүүлэн, олон ажилтнаа орон сууцтай болгосон нь ажлаа үнэлдэг, тогтвортой ажилладаг хамт олон үүсгэсэн байна.
Шинэ технологи нэвтрүүлэх
Жайкагийн зээл нь төслийн санхүүжилт тул компаниуд уг зээлээр үйлдвэрлэл, үйлчилгээний байраа томруулах, шинээр тоног төхөөрөмж авах, импортыг орлох бүтээгдэхүүн гаргахад зарцуулдаг. Үүний дундаас зах зээлд эрэлт ихтэй шинэ технологи нэвтрүүлсэн компаниуд хурдацтай өсөж цэнхэр тэнгисийн зах зээл эзэлдэг нь харагдаж байсан.
Жишээлбэл Пластик Дизайн компани нь жилд нэг шинэ технологи нэвтрүүлэх зорилттой ажилласнаар өдгөө зах зээлд тэргүүлэн томоохон банкнууд болон супермаркет, ая тухтай дэлгүүрүүдийн хаягжилтыг олон улсын жишигт үйлдвэрлэдэг болжээ. Бас нэг жишээ болох Пирамид Индастри компани нь Монголд анх удаа орчин үеийн шинэлэг технологиор чулуут өнгөлгөөний материал үйлдвэрлэсэн нь эрс тэс цаг ууртай манай нөхцөлд барилгын чанарт сайнаар нөлөөлж эдэлгээг уртасгадаг бол дулаалгын шинэ хөөсөнцөр нь өндөр нягтралтай, гал шаталтыг дэмждэггүй дулаан тусгаарлах давуу талтай.
Эдгээр 27 компаниас гадна Жайкагийн зээл авсан бусад 1000 төсөлд нийтлэг нэг зүйл байгаа нь санхүүгийн захилга бат, санхүүгийн зөв зарцуулалт юм. Төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулан санхүүгийн хариуцлагаа нотлон удаа дараа Жайкагийн зээл болон бусад зээл санхүүжилт авсан байна.
Англиар зээл авах нь leverage буюу хөшүүрэгдэх гэсэн утгатай байдаг. Зээлийн санхүүжилт нь тухайн байгууллагын эздийн өмчийг хөшүүрэгдэн бизнесийн боломжоо нэмэх биш үржүүлэх бололцоо бүрдүүлдэг. Мэдээж нөгөө талаас зээл авах нь бизнес эрхэгчид хариуцлага нэмэх болов ч бизнес, үйл ажиллагаа, хүний нөөц санхүүгээ зөв төлөвлөж, түүнийхээ дагуу хэрэгжүүлбэл дарамт багатайгаар зээлээ үр дүнтэй зарцуулан эргэн төлдөг.