Барууны компаниуд чигээ өөрчилснөөр Хятадын бизнесүүд дэлхийн өмнөд бүсэд давамгайлж эхэллээ.
Хүйтэн дайн эцэслэснээс хойш баян орнуудын томоохон компаниуд дэлхийн худалдааны гол хүч болж байв. Өдгөө дэлхийн бараг бүхий л улсын хэрэглэгч, ажилчид нь Америк, Европ, болон Японы үндэстэн дамнасан компаниудын дэлхийг хэрсэн үйл ажиллагаанд ямар нэг байдлаар оролцож, нөлөөнд нь автаж байна. Харин автомашин үйлдвэрлэлээс эхлээд хувцас зэрэг олон салбарт Хятадын компаниуд ер бусын хурдаар хаяагаа тэлж эхэлллээ. Ингэснээр Барууны том компаниудын оршин тогтнол эрсдэлд орж байна. Ийнхүү худалдааны шинэ өрсөлдөөн эхэлж, тулааны талбар нь Хятад, эсвэл баян гүрнүүд бус дэлхийн өмнөд хэсгийн (Global South) хурдтай өсөж буй эдийн засагтай улсууд болов.
Хятадын компаниудын тэлэлт хоёр хэлбэрээр өрнөж буй. Нэгдүгээрт, даяарчлагдсан нийлүүлэлтийн сүлжээгээр дамжиж байна. Хятадын фирмүүдийн гадаад улсад үйл ажиллагаа эрхлэх замаар оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жил 160 тэрбум ам.долларт хүрч гурав дахин нэмэгджээ. Эдгээрийн ихэнхийг Малайз, Марокко зэрэг улсад үйлдвэр барихад зарцуулсан байна. Түүнчлэн Хятадын компаниуд хөгжиж буй бусад орнуудын 5 тэрбум хэрэглэгчийн араас хөөцөлдөж эхэлсэн. Тус улсын нээлттэй компаниуд 2016 оноос хойш дэлхийн өмнөд хэсгийн улсуудад хийх борлуулалтаа дөрөв дахин нэмэгдүүлж, 800 тэрбум ам.долларт хүргэсэн юм. Энэ нь баян улсуудад хийж буй борлуулалтаас нь ч их юм. Хятадын тэлэлтийн учрыг олохыг хичээж буй Барууны хувьд энэ нь тун таагүй сургамж болж хувирч байна.
Эх нутагт нь эдийн засгийн өсөлт удааширч, өрсөлдөөн ширүүссэний улмаас Хятадын бизнесүүд хилийн чанадыг зорих нь нэмэгдсэн. Индонезээс эхлээд Нигери хүртэлх улсуудад ноёрхдог том корпорацуудын зах зээлээс тэд булааж эхлэв. Электрон барааны Transsion компани л гэхэд африкчуудын худалдаж авдаг ухаалаг гар утасны талыг нь үйлдвэрлэж буй. Mindray компани Латин Америк дахь өвчтөний хяналтын системийн тэргүүлэх нийлүүлэгч болсон. Хятадын цахилгаан автомашин, салхин сэнснүүдийн худалдаа хөгжиж буй орнуудад нэмэгдсээр байна.
Гэхдээ Хятадын эл тэлэлтийн жинхэнэ өнгө төрх нь Баруун болон Хятадын Засгийн газруудын бодлогын үр дагавраас шалтгаалж буй. Хятадын барааг хязгаарлахын тулд баян улсууд худалдааны хориг тавьж байгаа учраас Хятадын зарим компани эл хоригоос зайлсхийхийн тулд үйлдвэрлэлээ өмнөд хэсгийн улсууд руу нүүлгэж эхэлсэн. Түүнээс гадна шинээр бий болж буй зах зээлүүдэд нэвтэрч, борлуулалт хийх нь ямар ч компанид ашигтай, хорхой хүргэм юм. Мөн Засгийн газраас нь 11 тэрбум ам.долларын өртөг бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Бүс ба Зам төсөл хэрэгжүүлэх зэргээр өмнөд хэсгийн улсуудтай дипломат харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа нь ч үүнд нөлөөлдөг.
Барууны улсууд дотогшоо хумьж байгаа бол харин Хятад болон дэлхийн бусад улс хоорондоо улам ойртож байна.
Даяарчлалд аюул тулгарч буй энэ цаг дор арилжаа нь асар их ач тустай гэдгийг энэхүү явдал Барууны болон Америкийн бодлого боловсруулагч нарт сануулж байгаа юм. Хямд, инновацлаг, ногоон бараа бүтээгдэхүүний ачаар олон тэрбум хүний амьдралын чанар сайжирч байна. Transsion-ий 100 долларын утас худалдаж авсан дэлхийн хамгийн ядуу улсуудын иргэд интернэтэд буй асар их мэдлэг, үйлчилгээг авах боломжтой болсон. Боломжийн үнэтэй эмнэлгийн төхөөрөмжүүд тоолж баршгүй олон хүний амийг аварч, хямд, уур амьсгалд ээлтэй технологиуд нь хөгжиж буй орнуудад хүлэмжийн хийн ялгарлаа хянах боломжийг олгож байна.
Барууны үндэстэн дамнасан компаниудыг өрсөлдөөнөөс хамгаалах нь тун өндөр зардалтай болсон гэдэг нь өөр нэг сургамж юм. Чанар муутай дуураймал бүтээгдэхүүн хийдэг гэж шоглуулдаг байсан Хятадын компаниуд нь дотоодын өрсөлдөөний үр дүнд бага орлоготой хэрэглэгчдэд зориулсан боломжийн чанартай барааг Барууны компаниудын хэзээ ч хийж байгаагүйгээр үйлдвэрлэн нийлүүлдэг болжээ. Хятадын фирмүүд өдгөө цахилгаан машин, батерей чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд баттай орсон. Хятадын компаниуд олон улсад алдарших боломжгүй гэсэн үзлийг бэлэн хувцасны Shein зэрэг брэнд аль хэдийн үгүйсгэж буй. Өмнөд хэсгийн улсуудад Хятадын компаниудын хийж буй борлуулалт Японы том компаниудыг нэгэнт гүйцсэн бөгөөд энэ эрчээрээ 2030 он гэхэд Европын компаниудаас илүү гарч Америкийнхтай эн зэрэгцэх боломжтой юм.
Харин Хятадын фирмүүдтэй өрсөлдөж буй Барууны аж ахуйн нэгжүүд Хятадын Засгийн газрын үзүүлдэг хөнгөлөлт, тусгай хамгаалалтыг дурддаг. Одоогоор Бразил улс Хятадын цахилгаан машинд тарифф тавьж байгаа бол Хятадын экспортын зарим бараанд Индонез татвар ногдуулж эхэлсэн. Энэ мэт арга хэмжээ авч байгаа нь ч шалтгаантай. Зарим улс Бүс ба Зам төслийн хүрээнд хэрэгжүүлсэн төслийн өрөнд орж эхэлсэн. Түүнчлэн Хятадын компаниуд өмнөд хэсгийн улсуудад зөвхөн эцсийн шатны үйлдвэрлэл байгуулдаг. Мөн тухайн улсаас бус Хятадаас ажиллах хүчээ авчирдаг гэх мэт асуудал бий.
Хөгжиж буй орнууд нь Хятадын эл тэлэлтээс бодит ашиг хүртэхийн тулд орон нутгийн ажилтнуудыг авах, технологио хуваалцах, байгаль орчны болон ажиллах хүчний стандартуудыг мөрдөж ажиллахыг нь шахаж шаардах ёстой юм.
Хятадын тал ч ийм аргаар ажиллахыг хүлээн зөвшөөрөх магадлалтай. Америк, Японы том компаниуд сүүлийн жилүүдэд зах зээлдээ ойртох, зардлаа бууруулах, иргэдийнх нь эсэргүүцлээс зайлсхийхийн тулд тухайн улсын иргэдийг сургаж, ноухаугаа импортолж ирсэн бөгөөд үүнийхээ үр шимийг ч хүртсэн. Үүнтэй адилаар Хятадын компаниуд ч хөгжиж буй улсуудад илүү гүн гүнзгий нэвтрэн үр шимийг нь хүртэх боломжтой болно. Худалдааны харилцаа нь ХХ зуунд Америк, Японы зөөлөн хүчний бодлогыг улам хүчтэй болгож байсны адилаар Хятад ч ийм аргаар өмнөд хагаст илүү их нөлөөтэй болох магадлалтай.
Олон арван жилийн турш даяарчлал, хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалт, нээлттэй байдлын жишиг болж ирсэн Барууны үндэстэн дамнасан компаниуд дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй, хамгийн их хүн амтай зах зээлүүдэд давуу байдлаа алдаж эхэллээ. Үүнийх нь үр шимийг Хятадын компаниуд л хамгийн их хүртэж байна.
Эх сурвалж: The Economist сэтгүүл