Төлбөр тооцооны QPay үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч “Инновэйшн Инвестмент” компани олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноос хойш үйл ажиллагааны болон санхүүгийн бүх үзүүлэлтээ өсгөөд байна. Тус компанийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон төлбөр тооцооны системийн ирээдүйн чиг хандлагын талаар Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнхтэй ярилцлаа.
“Инновэйшн Инвестмент” ХК өнгөрсөн оны сүүлчээр IPO хийж, олон нийтэд нээлттэй компани болсон. Та бүхэн хөрөнгө оруулалтаараа төлөвлөсөн төсөл, тэлэлтээ хэрэгжүүлж чадсан уу?
Бид 2024 оны нэгдүгээр хагаст ихээхэн амжилттай ажиллалаа. Юун түрүүнд, олон улсын төлбөр тооцооны шийдлийг дараагийн үе шатанд гаргах, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд БНСУ-ын GLN International компанитай хамтарч, БНСУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын хэрэглэгч, жуулчдад зориулж зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлээд манай улсад QPay-ийн QR кодыг уншуулж төлбөр тооцоо хийх үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ. Өнөөдрийн байдлаар энэ үйлчилгээнд маань томоохон худалдаа үйлчилгээний газрууд, амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компани хамрагдаад байгаа ба QPay-ээр төлбөр хүлээн авдаг бүх мерчантууд хамрагдах боломжтой юм.
Энэ оны эхний хагас жилд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад гүйлгээний тоо, гүйлгээний үнийн дүн ихээхэн өсөлттэй, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна.
Тодруулбал, 2023 оны эхний хагас жилд бид 51 сая гүйлгээ дамжууулж байсан бол энэ оны нэгдүгээр хагаст 76 сая болж, өмнөх оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Гүйлгээ, харилцагч нэмэгдэхэд системийн тогтвортой ажиллагаа, аюулгүй байдал нэн чухал. Манай компани Монгол Банкны лицензтэй үйл ажиллагаа явуулдаг ба төлбөр тооцооны байгууллага гэдэг утгаараа 24/7 горимоор ажиллах ёстой. Түүнээс гадна QPay үйлчилгээ нь нийгмийн томоохон дэд бүтцийн шийдэл, хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Төрийн үйлчилгээнээс эхлээд таксины төлбөр хийх зэрэг төрөл бүрийн үйлчилгээг иргэд өдөр, шөнөгүй QPay ашиглан хийж байгаа учраас бид системийн дэд бүтцийг сайжруулахад ихэд анхаарч ажиллаж байна. Энэ ч үүднээс ойрын 3-5 жилийг харж төлөвлөсний үндсэн дээр системийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн сайжруулалт, мэдээллийн аюулгүй байдал, дата төвийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангахад нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн (8.3 тэрбум) 15 хувь буюу 1,247 тэрбумыг төлөвлөснөөс оны эхний зургаан сард 609 сая төгрөгийг зарцуулаад байна.
Ингэснээр манай хоёр дата төв нэг ижил түвшинд ажиллах боломжтой болсон. Хэрэв нэг төвийн үйл ажиллагаа доголдвол 1-3 минутын дотор нөгөөх нь нөхөж ажиллах юм. Үүний үр дүнд бизнесийн харилцагчид, үйлчилгээ эрхлэгчдэдээ зориулж, илүү тогтвортой, илүү найдвартай дэд бүтцийг бид байгуулж чадлаа.
Нээлттэй компани болсноос хойших хагас жилийн хугацаанд компанийн борлуулалт, цэвэр ашиг, орлого, хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд юу голлон нөлөөлсөн гэж дүгнэж байна вэ?
Манай хамт олон QPay QR кодоос гадна төр, хувийн хэвшилд зориулсан төлбөр тооцооны олон төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Тухайлбал, бид саяхан Төрийн банктай хамтарч хэрэглээний төлбөрийг цахимжуулах, иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар үйлчилгээг хүргэх зорилгоор хэрэглээний төлбөрийн цахим нэгдсэн дэд бүтэц буюу BPay шийдлийг зах зээлд нэвтрүүллээ. Ингэснээр иргэд заавал Төрийн банканд очихгүйгээр өөрийн болон бусад хүний СӨХ, байр, ус, цахилгаан, дулааны төлбөр зэрэг өдөр тутмын төлбөрөө онлайнаар хаанаас ч, хэдийд ч хийх боломжтой болж байгаа юм.
Мэдээж QPay бол манай үндсэн бизнесийн нэг. Монгол Улсад дижитал шилжилт явагдаж, бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн гүйлгээний тоо 2023 онд 1,8 их наядад хүрч 2020 онтой харьцуулахад 14 хувиар өссөн. Бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа цахимжиж, үүний үр дүнд биет дэлгүүр ажиллуулж, лангуун дээрээс бараа зарах нь илүү өртөг өндөртэй болж байна. Тийм учраас цахимаар бараа, бүтээгдэхүүнээ борлуулах нь арай хялбар, хямд болсон. Үүнээс шалтгаалж манай гүйлгээний тоо нэмэгдэж байна.
Мөн манай компани 2017 оноос хойш 7 жил үйл ажиллагаа явуулахдаа QPay үйлчилгээг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох суурийг маш сайн тавьж чадсан. Хүмүүс одоо төлбөрийн карт, хэтэвч биедээ авч явахаа больж, ердөө ухаалаг утастай байхад л бүх төрлийн төлбөр тооцоог хийж болж байна. Хүмүүсийн өдөр тутмын дадал зуршил, амьдралын хэв маяг иймэрхүү байдлаар өөрчлөгдөж, манай үйлчилгээ түүнд нь уусаж, салшгүй нэг хэсэг нь болжээ. Үүнтэй холбоотой өсөлтүүд манай санхүүгийн үзүүлэлт дээр тусгалаа олж байна. Зах зээл маань ийн тэлж, тэр хэрээр бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлдөж чадаж байгаа хэрэг. Үйлчлүүлэгч, хэрэглэгчид тухайн компаниас QPay үйлчилгээтэй болохыг бараг бидний өмнөөс шаарддаг болсон. Заавал QPay QR-тэй байх ёстой гэсэн ойлголт компаниудад бий болж байна. Бид сайн үйлчилгээ хүргэж байгаа нь үүнээс харагдаж байгаа болов уу.
Манай компанийн өөр нэг давуу тал бол тогтвортой үйл ажиллагаа явуулж, системийн доголдол, алдагдал, луйврын гүйлгээг маш сайн хянадаг, чанартай ажилладаг явдал юм.
Бидний ажигласнаар бизнесийн байгууллагуудад мэдээллээ цахимжуулах, вэбсайт бүтээх нь маш амархан болсон байна. Хамгийн гол цэг нь захиалга авах бөгөөд үүнд төлбөр тооцооны хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм нөхцөлд бидэнтэй заавал хамтарч ажиллах шаардлага компаниудад үүсээд байна. Тийм ч учраас QPay үйлчилгээг ашигладаггүй онлайн апп, вэбсайт өдгөө бараг байхгүй. QPay бараг дефолтоор төлбөр тооцооны хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдсөн, бид тэр хэмжээнд хүртэл ажиллаж чадсан байна. Өнөөдрийн байдлаар QPay үйлчилгээ нь 2,8 сая иргэнд хүрч, 200 мянга гаруй хувь хүн, компани манай системээр дамжуулан төлбөр тооцоог хүлээж авч байна.
Харилцагчийн сүлжээний найдвартай, аюулгүй байдлыг хангаж, бизнесийн харилцагчдадаа шуурхай үйлчилгээ үзүүлж байгаа нь бидний үнэт зүйл, давуу тал гэдгийг онцлох нь зүйтэй болов уу.
Үйл ажиллагааны тал дээр гадаад харилцааг өргөжүүлж, QPay төлбөрийн шийдлийн хэрэглээний цар хүрээг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллажээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Гадаад харилцааны тал дээр бид дэлхийд хамгийн олон төрлийн карт гаргагч UnionPay-тэй хамтарч ажилладаг. Ингэснээр дэлхийн 100 гаруй улсад манай хөгжүүлсэн системийг ашиглаж хэрэглэгчид маань төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой болсон.
Хоёрдугаарт, WeChat-тай хамтарч ажиллаж байна. Бизнес, аялал, эрүүл мэнд, боловсрол зэрэг маш олон чиглэлээр манай иргэд БНХАУ-д зорчдог. Тус улсын иргэд, бизнес эрхлэгчид ч манай улсад ихээр ирдэг. Бид хоёр улсын иргэд, байгууллага хоорондын бизнесийн ашигтай хамтын ажиллагаа, хэрэгцээг чанартай, шуурхай хангах үүднээс WeChat-тай 2022 оноос хамтран ажиллаж байна. Энэ оноос БНСУ-ын төлбөр тооцооны GLN International-тай хамтын ажиллагааг эхлүүллээ.
Бид цаашид манай иргэдийн зорчиж буй болон манай улсад хамгийн олон иргэд нь ирдэг улсуудыг зорилтот зах зээлээ болгон ажиллах юм. Тухайлбал, монголчууд өвлийн улиралд гадагшаа их аялдаг. Ингэж аялахдаа өндөр шимтгэлтэй банкны карт, эсвэл бэлэн мөнгөний эрсдэлтэйгээр төлбөр тооцоо хийсээр байна. Тиймээс бид эхний ээлжинд Зүүн Өмнөд Ази, Турк, Япон улсад QPay QR үйлчилгээг ашиглах боломжтой болгоно.
Хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байгаа гэж та бодож байна вэ?
Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 28-нд 90 гаруй хувийн ирцтэй амжилттай болж өндөрлөсөн. 2023 оны зорилтуудаа давуулан биелүүлсэн талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгч, жилийн эцсийн тайлан, аудитын тайлан, ТУЗ-ийн гишүүдийг шинэчлэн баталсан.
Манай компани хувьцаагаа анх 225 төгрөгөөр зах зээлд санал болгож байсан бөгөөд дээд тал нь 260 төгрөгт хүрч байлаа. Өнөөдрийн байдлаар хувьцааны нэгж үнэ 225 төгрөг байна. Хувьцааны арилжаа идэвхтэй хийгдэж байгаа.
Хамгийн гол нь компанийн үйл ажиллагаа тогтвортой, санхүүгийн үзүүлэлт эерэг байна. 2023 он, энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүд бүгд давж биелсэн, тиймээс компанийн ирээдүй өөдрөг байгаа гэж бид дүгнэж байна. Ирээдүйд маань итгэж хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид ч мөн адил бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна.
Гүйцэтгэх захирлын хувьд 2024 оны эхний улирлын онцлох статистик, тоон үзүүлэлтээр юуг нэрлэх вэ?
Тоон үзүүлэлтийг 2023 оны мөн үетэй харьцуулах нь зөв болов уу. Өнгөрсөн оны эхний хагаст борлуулалтын орлого 5,410 тэрбум, жилийн эцэст 13,238 тэрбум төгрөгт хүрсэн бол 2024 оны эхний хагас жилд 10,977 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ бол маш чухал онцлох үзүүлэлт.
Түүнчлэн 2023 оны эхний хагас жилд 3,464 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2024 оны мөн үед ашгийн хэмжээ 6,475 тэрбумд хүрээд байна. Харин цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны эцсээр 5,696 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 5,275 тэрбум болжээ. Бид үнэт цаасны проспектус дээр 2024 оны жилийн эцэст 7,8 тэрбумын ашигтай ажиллана гэж тодорхойлсон бол эхний хагас жилд бараг энэ хэмжээндээ хүрээд байна.
Манай улсад төлбөр, тооцооны бизнес нийгмээ дагаад улирлын чанартай байдаг. Хичээлийн шинэ жил эхэлж, бизнесийн байгууллагуудын арга хэмжээ, форум байнга явагддаг улирал ирж байна. Тиймээс бид зорьсон төлөвлөгөөт тоон үзүүлэлтээ давуулан биелүүлнэ гэсэн таамагтай ажиллаж байна.
Энэхүү өсөлтийн шалтгааныг судалж үзэхэд инфляц өсөөгүй, Монгол Банкны зорилтот хэмжээнд хадгалагдаж байгаа нь харагдсан. Харин манай улс хэрэглэгч төвтэй эдийн засагтайн дээр хүмүүсийн хэрэглээ өсөж байгаа нь голлон нөлөөлсөн гэж үзэж байна.
“Инновэйшн Инвестмент” ХК цахим төлбөрийн QPay үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж байсан. Танай хамт олон цаашид ямар шинэлэг шийдлийг хэрэглэгчдэд санал болгохоор ажиллаж байна вэ?
Бид арилжааны банкуудтай хамтарч QPay барьцаалсан зээлийг санал болгож байна. Мөн банкуудын тэр бүр хүрч үйлчилж чадахгүй байгаа зах зээл, хөдөө орон нутаг болон худалдаа, үйлчилгээний томоохон захуудад QPay үйлчилгээ нэвтрүүлэх аяныг эхлүүллээ.
Аpple Pay үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэх талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд асан Н.Учрал АНУ-д айлчлах үеэрээ ярилцаж байсан. Энэ хүрээнд манай компани Apple Pay-ийн реселлер эрхийг авахаар хэлэлцээ хийж байна. Мөн PayPal-ийн реселлер буюу Монгол Улсад төлбөр тооцоог гаднаас хүлээж авах эрхийг нэвтрүүлэх талаар ярилцаж эхэлсэн.
Түүнчлэн QPay үйлчилгээний бусад цэсийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага хоорондын төлбөр тооцоог QPay-ээр хийдэг болох зорилт тавин ажиллаж байна.
Цаашид бид хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэв маягт нөлөөлж, дадал зуршил болохуйц, тогтмол давтамжтай хэрэглэдэг үйлчилгээ буюу нийгмийн дэд бүтцийн шинж чанартай бараа, үйлчилгээнд хөрөнгө оруулах боломжтой. Ихэнх стартап нь сиймхий (niche) зах зээлд ажилладаг учраас хангалттай өсөлт үзүүлэхгүй, богино хэмжээний ашиг олоод ирээдүйгүй болох зэрэг эрсдэлийг агуулж байдаг. Харин бид урт хугацааны өсөлттэй, илүү тогтвортой, найдвартай бизнест хөрөнгө оруулах хүсэл бий.
Олон улсад төлбөр тооцоог дижиталаар хийх нь улам түгээмэл болж байна. Энэ орон зайд өрсөлдөөн ч ширүүсэж байгаа. Энэхүү чиглэлд Монголын компаниуд олон улсад, тухайлбал Төв Азийн улсуудад өрсөлдөх хэр боломж байдаг вэ?
Апп суурьтай төлбөр тооцооны шийдлийн тухайд гадаад зах зээлд гарах, өрсөлдөхөөс илүүтэй хамтрах нь зөв хувилбар юм. Таны дурдсан Төв Азийн улсуудад өөрийн гэсэн монополь систем байдаг, түүнийгээ дэмжиж ажилладаг. Харин клирингийн төвийн систем хөгжүүлэлт зэрэг нь хангалттай түвшинд хийгдээгүй байдал харагддаг.
Эдгээр улс өөр өөрийн шийдэлтэй учраас өөр чиглэлд хамтран ажиллах санал тавьдаг. Жишээлбэл, Казахстан, Киргиз улсын компаниуд манайхтай экспорт, импортын төлбөр, тооцооны чиглэлд хамтарч ажиллах, дундын үйлчилгээний төв зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар санал солилцож байна.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун, машин сургалт нь санхүүгийн салбарт, тэр дундаа төлбөр тооцоо, шилжүүлгийн шийдэл болон хүч түрэн орж ирж байна. Энэ чиглэлээр ойрын хугацаанд ямар шийдлүүд гарна гэж төсөөлж байна вэ?
Ирээдүйд криптовалют төлбөр тооцооны нэг шийдэл болно. Койны тухайд стэйбл койн буюу Төвбанкны койнууд олон улсын төлбөр тооцооны салбарт орж ирэх магадлал маш өндөр байна. Гэхдээ Япон, БНХАУ стэйблкойныг нэвтрүүлсэн ч хэрэглээ дутмаг байсан учраас амжилтад хүрээгүй. Хэрин Монгол Улсад стэйблкойн нэвтрэх боломжтой гэж боддог. Блокчэйнд суурилсан дижитал мөнгөний гол онцлог нь арилжаа хийж байгаа хүнийг мэдэх боломжгүй байдагт оршдог.
QPay-ийн хувьд свитчингийн төв буюу өөр орнуудын стэйбл койнуудтай арилжаа хийх нэгдсэн системийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ингэвэл олон улсын мөнгөн гуйвуулгын шимтгэл, шилжүүлгийн хугацаа маш их багасах юм.
Мөн контактлесс буюу зайнаас NFC-ээр төлбөр хийдэг, биометрик буюу хүний нүүр царай, хурууны хээгээр төлбөр тооцоо хийх боломж олон улсад гараад байна. Манай улсын тухайд NFC-ээр төлбөр хийх боломж хараахан бүрдээгүй.
Хиймэл оюун нь хүний амьдралын хэв маягт анализ хийж, төлбөр тооцооны тал дээр санал өгөх боломжтой. Жишээлбэл, таны 7 хоногийн өмнө авсан сүү дуусаж байна, сүү авах уу, та ойрд ийм худалдан авалт хийгээгүй байна гэх мэтээр зөвлөж, амьдралын хэв маягийг сайхан, эрүүл болгоход тусалдаг. Харин машин сургалт бол луйврын гүйлгээг зогсоох, илрүүлэхэд давуу талтай.
Манай компанийн зорьж ажиллаж буй дараагийн шийдэл бол юмсын интернэт (IoT) юм. Бугуйн цаг, бөгж, хүзүүний зүүлт, тэлээ, түрийвч, картны хайрцаг, утасны кэйс, түлхүүрний оосор зэргээ ашиглаж төлбөр тооцоо хийх боломж олгохоор бид идэвхтэй ажиллаж байна.
Хэрэглэгчийн датаг хамгаалах, хуурамч гүйлгээнээс сэргийлэх тал дээр ямар ажлууд хийж байна вэ?
Төлбөр тооцооны системийн хувьд хэрэглэгч нь хэзээ ч овог нэртэйгээ танигддаггүй бөгөөд төлбөр хийж буй хүн бүрийг зөвхөн тоо төлөөлдөг. Ямар нэг гүйлгээ үүсэхэд ийм дугаартай харилцагч дээр ийм дугаарын төлбөр тооцоо хийлээ гэж бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, бид хэрэглэгчийн дансны дугаарыг мэдэх боломжгүй. Цахим гүйлгээг цифрээр кодлох тухай PCI DSS гэсэн олон улсын стандарт байдаг. Уг стандартын хамгийн сүүлийн 4.0 хувилбар 2023 онд гарсан бөгөөд бид итгэмжлэлийг нь олон улсын байгууллагаас авч, нууцлалаа ханган ажиллаж байна.
Манай бүх гүйлгээ кодын түвшинд инкриплэгдэж, нууцлан хадгалагддаг. Тийм учраас гаднын байгууллага мэдээллийг хулгайлах, дата төв рүү гаднаас халдах боломжгүй. Өөрөөр хэлбэл, QPay систем нь хамгаалалтын хувьд ямар нэг асуудалгүй гэж ойлгож болно.
Та “Инновэйшн Инвестмент” ХК-ийг сүүлийн зургаан жил удирдаж байна. Хаалттай болон нээлттэй компани удирдахад ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
Өмнө нь компанитай холбоотой аливаа тоон мэдээлэл зөвхөн удирдлага, ТУЗ-ийн түвшинд яригддаг, алдаа оноо, амжилтаа ч цөөхүүлээ ярилцдаг байсан. Харин одоо 1200 гаруй хувьцаа эзэмшигчийнхээ итгэлийг дааж ажиллах шаардлагатай болж байна.
Компани амласан зорилгодоо хүрч чадахгүй бол тухайн хүний хөрөнгө эрсдэлд орох учраас хариуцлага маш их нэмэгдсэн. Мөн компаниа аль болох тогтвортой ажиллуулах, олон сайн үйлчилгээг санал болгож хувьцаа эзэмшигчдээ сэтгэл хангалуун байлгахад анхаарч ажиллаж байна. Компанийн удирдах ажилтнаас эхлээд менежер, ажилтнууд бүгдээрээ хариуцлагатай ажиллахад анхаардаг болсон. Энэ тал дээр л хамгийн их ялгаа ажиглагдаж байна. Танихгүй хүмүүс “танай компанийн хувьцааг худалдаж авсан шүү, сайн ажиллаарай” гэж урам өгөх нь сайхан санагддаг.
Дотоодын болон гадаадын компаниудтай харилцах, ажиллахад илүү амархан болж байгаа нь нээлттэй хувьцаат компани болохын нэг давуу тал юм. Цөөн хэдэн хүнээс хамааралтай бус олон хувьцаа эзэмшигчтэй, хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг аж ахуйн нэгж учраас гаднын харилцагч, компаниуд бидэнтэй харьцаж ажиллах дуртай, бид ч тэдэнтэй нэг түвшинд санал бодлоо солилцох боломж бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, “Инновэйшн инвестмент” бол нээлттэй хувьцаат компани, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг гэсэн нэр хүнд бий болсон.
Та компаниа ямар арга барилаар удирддаг вэ?
Хамгийн чухал зүйл бол харилцаа. Бизнесийн байгууллага төдийгүй хувь хүнтэй харилцаа үүсгэхдээ хэн хэндээ ашигтай, зөв саналыг тавьдаг байх ёстой. Өрсөлдөх гэхээсээ хамтрах нь чухал гэж би боддог. Байгууллагадаа ч тийм соёл суулгахыг хичээдэг.
Маш жижигхэн, үл ялиг зүйлээс болж ямарваа хамтын ажиллагаа, харилцаа хоёр тийшээ болох тохиолдол их ажиглагддаг. Манай хувьд сонсъё, бууж өгөх зүйл дээрээ буулт хийе, ямар нэгэн байдлаар хамтарч ажиллая гэсэн зорилготой ажилладаг.
Манай компанийн хувьд эдийн засгийг хөдөлгөдөг арилжааны том банкууд гол хамтрагч маань байдаг. Ийм үед итгэл л чухал. Хоёр хүний хоорондын амьд харилцаа, итгэлцэл дээр л бизнес явдаг шүү дээ. Тэрхүү итгэлийг алдахгүйн тулд маш их хичээх ёстой гэж боддог. Харилцаагаа үргэлж амьд авч явах ёстой, хэрэв болж бүтэхгүй зүйл гарвал түүнийгээ заавал хэлдэг байх хэрэгтэй. Хэрэв харилцааг сайн авч явбал ямар ч бизнесийг амжилтад хүргэх боломжтой. Мэдээж ажилтнууддаа ч амлалт өгч, боломж олгож, дэвшүүлж, урамшуулдаг.
Ажилтнаас эхлээд ТУЗ-ийн гишүүд, хувьцаа эзэмшигчид итгэлээ өгч, хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар сонгосон учраас тэрхүү итгэлийг алдалгүй ажиллах нь л гүйцэтгэх захирлын хамгийн чухал зүйл ажил юм.