Гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай сургамжтай түүх өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №8.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү.
Өнгөрсөн парламентын үед нэг салбарыг “дэмжих” гэх тодотголтой хуулийн төслийн хэлэлцүүлэг СТӨ-д ихээхэн сүр дуулиантай болсон юм. Тухайлчилсан салбарыг “дэмжих” нэртэй хуулийн төслүүдийн үндсэн консепци нь хүүгүй шахуу зээл, хөнгөлөлттэй татвараас төдийлөн хэтэрдэггүйг бид мэднэ.
Үүний үр дагаварт газар тариалангийн салбар органик хэв шинжээ бүрэн алдаж, ХАА-н салбарт хөрөнгө оруулалт орохоо байж, ЖДҮ нэртэй баахан өрийн сүлжээ үүсэж, эрүүл мэнд, боловсролын салбарын үр нөлөө дэлхийн ранкаараа сүүл мушгих болсон. Хүмүүсийн уурыг хүргэдэг бас нэгэн үгээн хэлье би. “Сонгодог утгаараа Монголд ХАА-н салбар гэж байхгүй. Хэдэн мал, жоохон төмс л байгаа.” Жишээ нь ХАА болчихсон болохоос шал өөр юм ярьж байгаа шүү.
Энийгээ дэлгэрүүлээд постолчихсон чинь сайнаар бол сайдынх нь багийн хүмүүс, муугаар бол суганы үснүүд нь надруу залгаад, би тэгээд постоо устгасийшд. “Бид наад хуулийн төсөл дээр чинь гурван жил ажилласан” нтр гэж гомдоллоод. Тиймээ тийн, та нар гурван жил ажилласан байх. Гэхдээ хууль гэдэгт түүний үр дагавар чухал болохоос хэдэн жил хийсэн нь тийм ч чухал биш. Эерэг нөлөөтэй бол тэр хуулийг гурав хоногт ч хийж болох биз.
Энэ хандлага төрд битгий хэл, хувийн хэвшилд ч бий. Саяхан нэг компани надад “Манай KPI-ууд биелээд байгаа мөртлөө бид мөнгөгүй байна” гэж гомдоллосон билээ лд. Тэд мөн л үр ашиг, үр нөлөөнд биш, операцид л ач холбогдол өгдгийн тод жишээ байв. Тодруулбал барилгын материалын худалдааны тэр компани овоо хэдэн тэрбумын борлуулалттай байж ашиггүй, өртэй гэх мэт үр ашгийн хувьд тун хангалтгүй үзүүлэлттэй байлаа.
Шалтгаан нь тэд Замын-Үүдээс материал авчирсан жолоочийг, агуулах руу материал зөөж оруулсан грушикуудыг, дэлгүүрт борлуулалт хийж байгаа худалдагчдыг л ажил хийдэгт тооцдог байв. Гэтэл энэ бүхэн үр нөлөө, үр ашиг бий болгоно гэдэг итгэл үнэмшил нь үнэндээ 1990 оных. Үнэндээ надад хандсан нь ч эргэлтийн хөрөнгийн дутагдалд ороод, санхүүжилт босгоход оршиж байв. Энэ бүтэхгүй лдээ.
Тэгвэл юу үр ашиг болгодог юм бэ гэвэл стратеги, өрсөлдөх чадвар, бизнес төлөвлөгөө, санхүүгийн тооцоо, хувь хүний хөгжил, сахилга бат гэх мэт олон зүйл ярьж болох байх. Гэхдээ энэ бүхнийг бүрэн гүйцэт гэж үзвэл бизнесийн бүх багш, эсвэл сэтгэл зүйчид сайн бизнесмен болох ёстой биз. Ер нь миний нэг игзаар хүрдэг зүйл нь ярьдаг зүйлсээ бизнест зайлшгүй шаардлагатай, уг үндэс нь юм гэж итгүүлдэг зөвлөхүүд, багш нар уран гоё питчээр олон ЖДҮ-чдийг хохироож байгаа тохиолдол маш олон. Бүх зүйл өөрийн үндэслэл, хэрэгцээ шаардлага, хүлээгдэж буй үр дүн, бас цаг хугацаатай билээ лд. Заза, хадуурчихлаа. Үндсэн асуудалдаа оръё. Гэснээс…
Санамж: Цаашид бичигдсэн зүйлсийг амжилт олох, ашиг хийх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй гэж үзэх нь миний хувьд хэт эгорсон зүйл болох бол та бүгд итгэх нь хэтэрхий гэнэн тэнэг хэрэг болно. Би ажигласан зүйлээ абстракт болгон судалж, баталгаатай гэж үзсэн зөвлөмжөө хуваалцдаг нэгэн билээ. Үүнийхээ хүрээнд зайлшгүй шаардлагатай таван хандлагын тухай бичье.
Зиаөөөө, явлөө.
Нэг. Системчилсэн хандлага
Бидний ихэнх нь шугаман сэтгэлгээтэй. Энгийнээр бол нэг асуудлыг нэг л шийдлээр шийдвэрлэх гэж зүтгэдэг. Энэ нь шийдвэр гаргахад авч үзэх ёстой факторуудыг бүрэн харж чаддаггүй гэсэн үг. Маш олон салангид шийдвэр үр ашиг бүтээж чаддаггүй. Гэвч бид хүссэн хүсээгүй тодорхой системүүдийн нэг бүрдэл хэсэг болж амьдардаг. Макро талаасаа систем нь эрх зүй, нийтийн хандлага, процесс болон бусад системийн уялдаа гэх мэтийг авч үзэх ёстой. Харин микро талдаа хангалттай биш ч ядаж бизнес модель, канвасаа харчих шаардлагатай. Ингэж байж бид асуудлаа цогцоор шийдвэрлэх боломж бага багаар бүрдэнэ.
Хоёр. Мэргэжлийн хандлага
Та нар “Мэргэжлийн бай” гэх зөвлөмж, шаардлагыг нэг бус удаа сонсож байсан биз. Гэвч мэргэжлийн байх гэж яг юуг хэлж байгаа тухай тодорхойлолт бараг сонсоогүй гэдэгт итгэлтэй байна. Бидний хувьд мэргэжлийн байх гэдгийг “Аливаа ажлыг арга зүй, стандарт, ур чадвар шингэсэн процессоор явуулж, үр дүнг нь хууль болон ёс зүйн хэм хэмжээний өмнө хариуцах чадамж” гэж тодорхойлдог. Энэ тодорхойлолт биднийг обьектив дүгнэлт рүү хөтөлдөг.
Энэхүү обьектив дүгнэлт нь ажлыг үр дүнгийн оноо болон алдааг хүнээс үл хамааруулан дүгнэх боломж болгож, цаашид илүү сайжруулах талаар мэргэжлийн зөвлөмж олоход тусалдаг. Саяхан нэг томоохон бизнесментэй хамтарч ажиллахаар болсон юм. Бидний питч дандаа алдааны тухай байдаг. Харин тэрхүү алдааг хэрхэн оношилж, шийдвэрлэж, ямар үнэ цэнтэй зүйл бий болсон бэ гэдэгт оршдог. Энэ нь явсаар өмнөх бичвэрүүдэд дурдагдсан business intelligence-г бүтээдэг. Үүнд мэргэжлийн хандлага л тусална. Алдаж, онож явсаар одоо борлуулалтын хэлцэлд айхаа байжээ, бид.
Гурав. Үнэ цэнийн хандлага
Дээр ярьсан гурван жил ажилласан хуулийн төсөл, гурван машин ачаа буулгах нь чухал биш. Харин тэдгээрийн үр дүнд ямар үнэ цэнтэй зүйл бий болсон бэ гэдэг л чухал. Энийг би яг одоо нэг төслийн маркетинг дээр ажиллаж байгаа иргэнд ойлгуулах гэж их зүйл болж байна даа. Нөхрийн ярианд “Сошиал маркетингаа сайн хийх хэрэгтэй”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй”, “Амжилттай болно гэж үзэж байна” гэх мэт үгнүүд олон сонсогдоно. Гол нь эдгээрийн үр дүн юу вэ гэдэг нь тодорхой биш.
Үнэндээ тухайн маркетингийн хөтөлбөрт тус компани руу ердөө 60 хүн л залгах, тэдгээр нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих биш, өөрт 50%-ийн өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж байгаа нь, эргээд хийсэн ажлаараа бид зорилтот 9 хэлцлээ ашигтай хийх нь чухал юм. Иргэний үгнүүд бол бидний нийтлэг сонсдог лекц, подкаст, улс төрчийн илтгэл, сурах бичиг дээр л байхаас бодит үнэ цэн бүтээх зүйл биш юм. Үр дагавар нь юу вэ гэж бодох нь үнэ цэнийн хандлагын эхлэл юм.
Дөрөв. Бие даасан хандлага
Хоёр захиралтай нэг жижиг компани байв. Манай хоёр сонирхолтой сонирхолтой төсөл их санаачилна. Тэгээд “Хамтдаа бүтээнэ” гэх уриатайгаар маш олон санамж бичиг зурна. Тэдний зурсан санамж бичиг жижиг унтлаганы өрөөг дүүргэх байх. Харамсалтай нь дээрх сонирхолтой санаачилгууд бодит байдал дээр биелсэн нь үгүй.
Шалтгаан нь тэд хамтын үнэ цэнийн тухай ярьснаас тус тусын үнэ цэнийн тухай огт яриагүй юм. Бизнест сайн хамтын үр ашиг чухал байж болох л юм. Гэхдээ нөгөө талын эрх ашгийг хүндэтгэх шаардлага бол зайлшгүй бий. Үүнийг зөв хийхийн үндэс бол бусдыг ганцаараа амьдарч чадна, бусдад эрх ашиг бий гэдгийг бодитоор ухамсарлах явдал юм. Хэрвээ үүнийг ухаж чадвал та бүгд хүний нөөц, хамтын ажиллагааны дутагдалд орохгүй, харин бодитоор хэрэгжүүлж чадвал хүмүүс хамтарч ажиллая гэж өөрсдөө ирэх болно.
Тав. Рационал хандлага
Одоо би та нарт муухай юм яръя. Бидний хүндэлж хайрладаг, үлгэр жишээ болдог олон бизнесмен олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр маш уран гоё үгээр бизнесийн зөвлөмж ярьдаг. Харин хөшигний ард бүгдээрээ системчлэгчид, мэргэжлийнхэн, үнэ цэнийн мэдрэмж өндөр, бас индивидуалистууд байдаг. Тэд эдгээрийг бүгдийг тоогоор илэрхийлдэг. Хөшигний урд яригддаг сайхан зүйлс ихэнх нь пиарын шинжтэй байдаг бол хурлын өрөөнд бодит байдал, мөн тоо л яригддаг. Энэ ч яахав, ажлын шаардлага, хийгээд хүнд хохиролгүй юмдаа гэж бодоход “залилагчид” тэдгээр уран гоё үгсийг ашиглах нь элбэг.
Тоо, тодорхойлолт хоёроос ангид зүйлс ярьж шийдвэр гаргуулахаар хичээж байгаа этгээдийг “залилагч” гэж нэг удаа бодоход илүүдэхгүй. Тоо тодорхойлолт хоёр бол бизнесээ үнэлэх, сайн муу үр дүнгийн учир шалтгааныг бодитоор олохын үндэс бөгөөд өмнө дурдагдсан бүх хандлагын хэмжигч юм. Тийм ч учраас бизнесийн сул талд “санхүүгийн байдал муу” гэдэг үгийг оруулдаггүй. Асуудалд бодитоор хандахын үндэс бол рационализм бөгөөд “бодит байдал нь хуулийн дагуу байдаг” гэх үзэл юм. Өөрсдөө цааш нь дэлгэрүүлж уншаарай.
Одоо бичвэрийнхээ гарчиг руу эргэн оръё. Оффисгүй, ажилтангүй, үйлдвэрийн тоног төхөөрөмжгүй, машиныхаа голын хайрцганд ганц тамга хийчхээд ресторан, кофе шопуудаар уулзалт хийгээд явж байгаа залуучууд тэрбумтан байхын үгүйсгэхгүй. Энэ нь ч буруу биш юм. Тэд эрс тэс ашиг сонирхлуудыг нэгтгэн, олон төрлийн хамтын ажиллагаа бий болгон, түүнээсээ ашиг хүртдэг. Үүнд дээр дурдсан таван хандлага тусалдаг.
Долоон тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компани жилд 11 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, ердөө 5 хувийн цэвэр ашгийн маржинтай ажиллаж байхад ижил төстэй бизнес эрхэлдэг залуу мөн орлогыг хамаагүй өндөр маржинтайгаар олж, Swiss coffee shop-т сэтгүүл гарчиглан суугаа. Та нарт шударга бус санагдаж байвал би бичвэрээ муу л бичсэн байна гэсэн үг, уучлаарай.
Эцсийн эцэст та нарын яаж зовж байгаа нь хэнд ч ач холбогдолгүй, харин ямар үнэ цэн бүтээж байгаа чинь бүгдэд сонирхолтой юм. Асуудлыг системтэйгээр тодорхойлж, мэргэжлийн шийдэл боловсруулан, өгөх үнэ цэнээ рациональ байдлаар тодорхойлон, хамтын ажиллагаагаа индивидуал байдлаар удирдах явдал бол бизнесийн үр цэн, үр ашгийн тулгуур ойлголт юм. Цүнхний компаниудын үйлдвэрүүдээс ялгарах үнэ цэн, ашиг ганцхан үүнд л оршдог.
Одоо та нар нилээн туршлагатай болсных, дээрхи хандлагуудыг нэмчихвэл оффисоо хааж, ажилтнуудаа халж явуулаад, цүнхний компанитай болцгоовол хамаагүй их ашиг олно доо. ;p
Би жинхнээсээ ингээд хөөрхөн ажиллаад явж байгаа хүн мэдийшд.