Алдаа оноо, уналт сэргэлт, ухаарал туршлагаас ангид бизнес байхгүй. Бизнесмэн бүр карьерынхаа туршид олон удаа бүтэлгүйтэж, дампуурч, өөрөөс үл шалтгаалах сорилтуудтай тулгардаг агаад энэхүү нийтлэлийн эзэн маань ч мөн тэрхүү замыг туулжээ. “DEOT Promotion Mongolia” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Отгонтуулд шантрах, “маргаашнаас энэ ажлаа болъё” гэж өөртөө андгайлах өдрүүд цөөнгүй байсан. Гэвч тэрбээр сорилт бүрийг даван туулсаар, удирдаж буй компани нь өдгөө салбартаа хүчтэй өрсөлдөгчдийн нэг болж чаджээ. “DEOT Promotion Mongolia”-ийн аялал долоон жилийн өмнө эхэлсэн юм.
Амаа цуцтал ярьдаг байсан өдрүүд
Г.Отгонтуул 2005 онд Бээжингийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж ирээд хувийн хэвшил болон төрийн хэд хэдэн байгууллагад ажиллаж байхдаа нэгэн зүйлийг ажиглажээ. Барилга, хот байгуулалтын яамны гадаад харилцааны алба, Улаанбаатар төмөр зам ХНН-д мэргэжилтэн, “Алтан жолоо” группийн борлуулалт маркетингийн ахлах, “Юнайтед Апперайл“ ХХК-ийн худалдан авах ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан түүний хувьд байгууллагууд стратеги, маркетингдаа маш өндөр төсөв баталдаг хэрнээ хамгийн үнэ цэнтэй буюу маркетингийн хүчтэй хэрэгсэл болох өөрийн лого, нэр бүхий бүтээгдэхүүнийг үнэнч харилцагч, үйлчлүүлэгч нартаа бэлэглэхэд төдий л анхаарал хандуулахгүй байгаа нь харагджээ.
Маркетингийн хамгийн том гэж болох энэхүү сувгийн талаарх ойлголт тухайн үед төдий л хөгжөөгүй, бэлэн бөгөөд хямд бүтээгдэхүүн ашиглаж хийдэг гэсэн буруу хандлага түгээмэл байсан нь үүнд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байв.
Харин сониуч зантай, дээл оёж зарахаас эхлээд ажлынхаа хажуугаар олон төрлийн бизнес оролдож үзсэн Г.Отгонтуулд энэ чиглэлээр бизнес хийвэл ирээдүйтэй байж магадгүй гэсэн бодол байнга төрөх болжээ.
Оюутан байхдаа Бээжингийн “Макдональдс”, КFC-д ажиллаж, эдгээр франчайз компани үнэгүй промо бүтээгдэхүүнийг худалдан авагч нартаа өгдөг байсныг олж харсантай нь ч тэрхүү бодол нь холбогдож эхэлсэн байна. Ундаа худалдаж авахад л “Thank you” гэсэн бичигтэй, бариад явахад амархан, хаяж үрэгдүүлэхээргүй гоёмсог дурсгалын зүйлс өгдөг байсан нь түүний санаанаас гарахгүй байв.
Өөр олон улсаар явахдаа ч үйлчилгээний соёл, маркетингийн зэвсэг гэж болох энэхүү тактикийг компаниуд янз бүрийн байдлаар ашиглаж байгааг анзаарсан байна. Гэтэл манай улсад ийм соёл бараг суугаагүй, түгээмэл бус байлаа. Ингээд тэрбээр 2016 онд компаниа байгуулж, гадаад, дотоод судалгааг хангалттай сайн хийсний үндсэн дээр дараа жилээс нь үйл ажиллагаагаа эхлүүлэв.
Гэвч байдал бишдэв. Промо бүтээгдэхүүний талаарх ойлголт маруухан зах зээлд хэрэглэгчээ бэлдэх гэсэн том сорилт түүнийг угтав.
“Монголын хэрэглэгчдэд промо бүтээгдэхүүнийг таниулахын тулд 3-4 жил бараг л нойр хоолгүй ажиллаж, компаниудын захирал, маркетинг, худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтнүүдийн хаалгыг тогшдог байсан. Манай улсад энэ нь огт хөгжөөгүй бизнес биш, гэхдээ хүмүүсийн сэтгэхүйд промо бүтээгдэхүүн бол нэг удаагийн, үнэ цэнгүй бүтээгдэхүүн гэсэн ойлголт гүн бат суусан байсан. Үүнийг өөрчлөхийн тулд компаниа байгуулсан эхний жилүүдэд маш их хичээж ажиллахаас өөр аргагүй болсон. Амаа цуцтал, эрүүний булчингаа сулартал өдөржин ярьдаг байлаа” хэмээн Г.Отгонтуул тэрхүү үеэ дурсав.
Бизнесийн орчин, компаниудын хөгжил, цаг үеэ дагаад энэ байдал сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж байна. Түүний өгүүлснээр цар тахлын дараа үеэс л промо бүтээгдэхүүний үнэ цэн, чанар болоод тухайн байгууллагыг он удаан жил сурталчилдаг ач холбогдлыг нь бизнесийн байгууллагууд ойлгож эхэлжээ. Энэхүү өөрчлөлтөд түүний, “DEOT Promotion Mongolia” компанийн хамт олны оруулсан хувь нэмэр их бий.
Хүсэл биелүүлэгчид
Тус компани сүүлийн 6 жилд 2000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож, 400 гаруй хамтрагч, аж ахуйн нэгжийн захиалгаар 950 мянга орчим промо бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулаад байна. Энэ чиглэлийн бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага гарвал компанийн захирлуудын толгойд хамгийн түрүүнд орж ирдэг аж ахуйн нэгж болтлоо “DEOT Promotion Mongolia” өсөж хөгжиж байгаа нь тэдний сүүлийн жилүүдийн хөдөлмөрийн үр шим юм.
Тухайн үед промо бүтээгдэхүүн буюу байгууллагын логотой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 3-4 компани, хэвлэлийн салбарт олон том компани ажиллаж байв. Харин хэрэглэгч, харилцагчийн хүсэж байгаа бараа, бүтээгдэхүүнийг технологийн дэвшил ашиглан урлаж, бүтээж өгөхийг “DEOT”-ийн хамт олон гол зорилгоо болгон ажилласан нь тэдэнд зах зээлд давуу талыг бий болгож, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс ялгаруулж өгчээ.
“Хэвлэсэн бэлэн хэв загвар, бүтээгдэхүүнээс сонгох бус харин тухайн үйлчлүүлэгчийн хэрэгцээ, брэндбүүкт нь нийцсэн чанартай, олон сонголттой, сүүлийн үеийн технологи агуулсан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэхийг хичээдэг. Үүний тулд бизнесийн чиглэлд нь тохирсон багцыг компаниудад санал болгож эхэлсэн. Жишээлбэл, уул уурхайн салбарын инженер, техникийн ажилтанд л тэмдэглэлийн дэвтэр хэрэг болно, харин жолооч, механикч зэрэг ажилтанд дэвтэр огт хэрэггүй. Харин смарт түлхүүрийн оосор, халуун хүйтнээ барьдаг усны сав, цацруулагчтай наалт тэдэнд шаардлагатай. Энэ мэтээр барилга, эрүүл мэнд, санхүү, боловсрол, харилцаа холбоо зэрэг олон салбарын ажилтнуудад хэрэгтэй багцуудыг бид сайтар тооцоо, судалгааны үндсэн дээр гаргасан” хэмээн Г.Отгонтуул амжилтын нэгэн нууцаа сонирхуулав. Санхүүгийн салбарт ажиллагсдад тууш бус дөрвөлжин шугамтай дэвтэр санал болгох гэх мэт нарийн чимхлүүр, мэдрэмжтэй санал тавьдаг нь тэдний нэг давуу тал.
Энэ салбарын нэг онцлог бол техник, технологийн хурдтай хөгжил юм. Нийгмийн сүлжээнээс харсан сурталчилгааны өнгө, загварын дагуу бүтээгдэхүүнээ хэвлүүлэх гэсэн хэрэглэгч ирэхэд “чадахгүй” гэж хэлэх эрх тэдэнд байхгүй. Хэвлэлийн болон промо бүтээгдэхүүний салбарын энэхүү хурдыг дагаж хөгжихөөс өөр аргагүй агаад үүнд технологи гол үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг тэрбээр онцолсон.
“DEOT”-ийн хамт олон технологийн дэвшлээр тэргүүлэгч орны хэвлэлийн машин, тоног төхөөрөмжөөр мод, хуванцар, арьс, төмөр, цаас, мод зэрэг бүх төрлийн гадаргуу дээр лазерь, UV хэвлэлийг чанарын өндөр түвшинд хийж байна.
Цаас зүсэгч, нугалагч өргөн хэвлэлтийн машин нь л гэхэд 1 мм-100 мм хүртэлх бүх төрлийн цаасыг зүсэж, нугалбар үүсгэдэг бөгөөд нэг минутанд 20 ширхэг хайрцагны цаас бэлдэц зүсэх хүчин чадалтай юм.
Мөн промо бүтээгдэхүүнүүд ч жилээс жилд өнгө үзэмжтэй, хэрэглэхэд амар, илүү ухаалаг болж байна. USB оролттой, түлхүүр байдлаар ашиглах повербанк, шөнө орой сууж ажилладаг хүмүүст зориулсан повербанктай ширээний гэрэл, USB-тэй үзэг, олон үйлдэлт дэвтэр гэх мэт хүний хэрэглээг хялбаршуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг тус компани санал болгодог. Хамгийн гол нь компаниуд промо бүтээгдэхүүнийг хямд, нэг удаагийн хэрэглээ гэж дүгнэдгээ больж, реклам цацахаас ч илүү үр дүнтэй маркетинг, борлуулалтын суваг гэж үнэлэх болжээ. Ийм бүтээгдэхүүн нь нэг талаар тухайн компанидаа сурталчилгаа болдог бол худалдан авагч нарын хувьд үнэ цэнтэй, байнгын хэрэглээ болж чаддаг аж. Тийм ч учраас “DEOT”-ийн хамт олон түүхий эдээ БНСУ, БНХАУ, технологи чиглэлийн бүтээгдэхүүнийг АНУ, чип, суурилуулдаг бүтээгдэхүүнийг Тайваниас авдаг байна.
“DEOT Promotion Mongolia” компанийн гол зах зээл нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд. Тэдний онцолсноор тавхан хүнтэй компанид ч ижилхэн подволк, малгай, аяга, нэрийн хуудас бүхий промо бүтээгдэхүүнийг санал болгож, захиалгыг нь хүлээж авахыг зорьдог. Энэ бол компаниудын тэр бүр зориглож мөн тоож хүлээж авдаггүй харилцагчийн сегмент юм. Энэ талаар Г.Отгонтуул “Аарц, зөгийн бал, оймс, ааруул, нэрмэл архи гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг компаниудад хайрцаг, хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж өгдөг компани бараг байхгүй. Гэтэл бар код, хаяг, шошгогүй барааг дэлгүүрүүд борлуулахаас татгалздаг. Тиймээс бичил, жижиг дунд бизнес эрхлэгч нарт зах зээлээ томруулахад нь туслах, нэг ч гэсэн өрхийн амьдрал сайжраасай гэсэн бодол өвөртөлж үйлдвэрийн хүчин чадлаа нэмэхээр ажиллаж эхэлсэн. Ингэснээр хэвлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг хараат бусаар үйлдвэрлэх боломж бүрдэнэ” гэж өгүүлэв. “DEOT Printing Mongolia” компанийн 1000м.кв талбай бүхий цоо шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд 2025 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Хөл дээрээ бат зогсохын тулд
Цөөнгүй өрсөлдөгчтэй, ойлголтын зөрүүтэй салбарт хөл тавьсан цагаасаа хойш бизнес эрхлэхийн жаргал зовлонг мэдэрч буй Г.Отгонтуулын хувьд өнөөдөр компанийнх нь үйл ажиллагаа тогтворжсоноор түр ч болов амсхийх, сэтгэл амрах боломжтой болсон. Гэхдээ түүнийг урьдын адил өндөр, нам даваанууд хүлээж байгааг тэрбээр ойлгодог. Өдгөө тэрбээр ямар ч сорилтыг даваад гарах туршлага, хатуужил, ухааралтай болсон.
“Зориг, итгэл найдвар, судалгаа, багахан мөнгөн хөрөнгөдөө түшиглээд бизнесээ эхлүүлж байлаа. Бизнес эрхлэхийг хүсэж буй залууст хамгийн гол нь тууштай, аливаа зүйлийн эцсийг нь үздэг байхыг хичээгээрэй гэж зөвлөе. Судалгааг маш сайн хий. Бизнес бол дан зоригоор хийдэг зүйл биш. Мөнгө ч бас айхтар хичээж зорих гол зүйл биш шүү” гэж тэрбээр онцлов.
Тэр тусмаа Монголын бизнесийн орчин дэндүү адармаатай бөгөөд хэр баргийн бизнес эрхлэгчийн шандсыг сорьдог бэрхшээл нугачаа олонтой. Хэдэн жилийн өмнө шинэ жилийн захиалгат бараануудыг нь ачсан тээврийн компанийн машин галд өртөж шатсанаар олон зуун сая төгрөгийн хохирол хүлээсэн түүх түүнд бий. Өдгөө ч шийдэгдээгүй, иргэний шүүхээр “явж” буй уг асуудал нь бизнес эрхлэх гинжин хэлхээний нэгд нь л хариуцлагагүй байдал, ойлгомжгүй хууль эрхзүй, ялгаатай стандарт, ижил тэгш бус эрх үүрэг нөлөөлөхөд түүнээс шалтгаалж оролцогч талууд, хамт бизнес эрхлэгчид хохирол амсаж, доголддог орчин Монголд байгаагийн нэг жишээ болов.
“Манайд бизнес хийх орчин амаргүй. Харин бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань олон юманд анхаарч олон зүйл амжуулдаг, тууштай, шаргуу байдаг учраас ийм хэцүү бизнесийн орчинд эрчүүдтэй харьцуулбал илүү нийцэж, илүү ихийг хийж чадаж байна уу даа гэж боддог. Харин бизнесийн орчин нь таатай, бүх юм нь ойлгомжтой улсад эрэгтэй бизнесмэнүүд том зургаар харж, илүү амжилттай ажилладаг. Жишээлбэл, манай компанитай харилцдаг БНХАУ-ын бүх үйлдвэрийн захирал нь эрэгтэй. Ер нь монгол эмэгтэйчүүд маш хүчирхэг” гэж Г.Отгонтуул хэллээ.
Өнөөдөр тэрхүү хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг төлөөлөл болоход түүнд тууштай, найдвартай, итгэл даах зан чанар нь хамгийн их нөлөөлсөн гэдгийг удирдаж буй компанийнх нь үйл ажиллагаа харуулж байна.