Олон улсад гэр хэмээх монгол брэндийг таниулах эрхэм зорилгыг өвөртлөн, өвлөгдөн ирсэн уламжлалт сууцаа орчин үеийн амьдралын хэв маягт тохируулан шинэчилж, өдөр тутмын хэрэглээнд нийцүүлэн нэвтрүүлээд буй “Орд гэр” ХХК-ийг онцолж байна.
Монгол үндэстэн эрт цагаас байгаль орчны эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ахуй соёлынхоо өвөрмөц онцлогт тохируулан бүтээсэн уламжлалт сууц бол монгол гэр. 3000 орчим жилийн тэртээгээс өвлөгдөн, ашиглаж ирсэн нүүдэлчдийн соёлын энэхүү өвийг дэлхийн энх тайван аюулгүй байдлыг дэмжих зорилготой ЮНЕСКО 2013 онд хүн төрөлхтний соёлын биет бус өв болгон зарлаж, албан ёсоор бүртгэсэн билээ.
Гэр хэмээх уламжлалт сууц ахуй соёлтойгоо нэвт уусан нэгдэж чадсан хэдий ч, нэмж сайжруулаагүйн улмаас уламжлал төдий болж өдөр тутмын хэрэглээнээс аажмаар гарч эхэлсэн. Үүнийг “Орд гэр” компанийн үүсгэн байгуулагчид гярхай анзаарч, орчин цагийн хэрэглээнд нийцсэн монгол гэрийг хөгжүүлж эхэлжээ.
Барилга угсралт, зураг төслийн үйл ажиллагаа эрхэлдэг салбартаа тэргүүлэгчдийн нэг NCD группийн ерөнхий захирал Ш.Уламбаяр, архитектор Б.Ганбаатар хоёр хүн дотроо олон жил бодож боловсруулсан, монгол гэрийг сайжруулан хөгжүүлж, өв уламжлалаа дараагийн шинэ үедээ өвлүүлэх хүсэл нь шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнес санаа болж, “Орд гэр” компани байгуулагджээ.
Тэд хоёулаа барилга, орон сууцын талаар өргөн мэдлэгтэй байсан тул санаагаа шууд ажил хэрэг болгосон нь Б.Ганбаатарын уран сэтгэмж, Ш.Уламбаярын чанар, хийцлэлд хяналт тавьж чаддаг чадвартай хоршин өнөөдрийн “Орд Гэр” компанийг бүтээж, шинэ брэнд бий болгоод байна. Уг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах алсын хараатай “Орд Гэр” компанийн гүйцэтгэх удирдлагыг Ш.Алтанхуяг хэрэгжүүлж байна.
Уламжлал + Инновац
“Орд гэр” компани Монголын уламжлалт ахуй соёлыг, орчин үеийн амьдралын хэв маяг, технологийн дэвшилтэй хослуулан уламжлалт монгол гэр, модуль хийцлэлтэй угсармал гэр, доум гэр гэсэн үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд нийт 12 төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж, зах зээлд нийлүүлж байна. Тус компанийн брэнд бүтээгдэхүүнүүд гар урлалын аргаар биш үйлдвэрлэлийн түвшинд хийгддэг тул инновац болон нарийн стандартыг хослуулж чадсанаараа онцлогтой.
Гар аргаар хийдэг уламжлалт монгол гэрийн хэмжээний стандарт нэмэх, хасах 20 см-ийн зөрүүтэй байдаг. Харин гэр үйлдвэрлэлийн гол онцлог нь өнөөдөр хийсэн бүтээгдэхүүнийг маргааш ч мөн яг адил стандартаар үйлдвэрлэдэгт оршино. Тиймээс “Орд гэр” -ийн хамт олон гэрийнхээ хэмжээг диаметрээр нарийвчлан хэмжиж, нэг ч сантиметрийн алдааг гаргахгүй байхад онцгой анхаардаг. Цаашлаад үйлдвэрлэлийг стандартжуулж, монгол гэрийн хөгжлийг шинэ шатанд гаргахаар хичээн ажиллаж байна.
Тухайлбал, Өнөөгийн байдлаар малчдыг эс тооцвол монголчуудын амьдралын хэв маяг илүү суурьшмал болж хувирсан тул монгол гэрт амьдарч байнгын сууцаар ашиглахад арчилгаа их шаарддаг, дулаан алдагдал ихтэй гэх мэт сул талуудаас шалтгаалаад уламжлалт монгол гэрийг орчин цагийн амьдралын хэв маягт тохируулан хөгжүүлэх хэрэгцээ зайлшгүй үүсэж байна.
Өв уламжлалаа хадгалан авч үлдэхийн зэрэгцээ, энэхүү өв уламжлалыг чадварлаг монгол архитектор, инженерүүдийн уран сэтгэмж, инновацыг шингээн байнга сайжруулахад анхаарч ажилладаг. Иймдээ ч өв уламжлал, инновац, ажилтан гурвыг “Орд гэр” компани өөрийн үнэт зүйлээ болгон эрхэмлэдэг аж.
Монгол гэрийн дулаан алдагдлыг 65 хувиар бууруулсан
Монгол гэр бол тэртээх хүрэл зэвсгийн үеэс одоогийн хэлбэр хийцлэлээ олсон архитектурын төгс шийдэл юм. Бидэнд өвлөгдөн ирэхдээ л бүтэц зохиомжийнхоо хувьд нүүдэллэн явахад хамгийн тохиромжтой, барьж буулгахад хөнгөн хялбар, эдэлгээ сайн даадаг, цаашилбал агаарын солилцоо сайн явагддаг, дотор орчинд гэрлийн тусгал жигд тархдаг, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой зэрэг маш олон давуу талтай. Тиймээс “Орд гэр”-ийнхэн орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж сайжруулалт хийхдээ монгол гэрийн үндсэн бэлгэдэлд гүн хүндэтгэлтэй хандаж, хэрэглээг илүү хялбарчлах, тав тухтай минимал шинж чанартай болгоход түлхүү анхаардаг.
Орчин цагт монгол гэрт аж төрөхөд тулгарч буй доор дурдсан үндсэн таван асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чаджээ. Үүнд:
- Ус чийг нэвтрэхгүй. Ус чийгээс хамгаалсан амьсгалдаг мембран материал ашигласан. Гадна цагаан бүрээсийг ус чийгийн, нарны хэт ягаан туяаны, тоосжилтын эсрэг хамгаалалт бүхий материалаар бүрсэн. Ингэснээр хур тунадас ихтэй үед ч чийгээс бүрэн сайн хамгаалж, түүнээс үүсдэг эсгийний үнэр, цана цохих зэрэг асуудлыг арилгасан.
- Арчилгаа багатай. Суурьшмал амьдралын хэв маягт тохируулан барилгын стандартыг монгол гэрийн үйлдвэрлэлд нэвтрүүлж өгснөөр хавар, намартаа буулгаж, хатаах, давхарлагааг нэмэх хасах гэсэн цаг зав шаардсан арчилгааны асуудлыг шийдвэрлэсэн.
- Дулаан алдагдлыг багасгасан. Гэрийн ханын дулаалгыг 10 см -ийн зузаантай, угаасан цэвэр хонины ноосоор хийж, ханыг нэг давхар, дээврийг хоёр давхар эсгийгээр дулаалж, ус чийгээс хамгаалсан олон улсын стандартад нийцсэн цагаан бүрээсээр бүрж өгчээ. Ингэж дулаалсан гэрийг “Эрчим хүчний аудитор”-аар шинжлүүлэхэд монгол гэрийн дулаан алдагдлыг 65 хувиар бууруулсан гэх дүгнэлт гарчээ. Үүний “нууц” нэгт – өмнө дурьдсан ханын дулаалгын бүтэц, хоёрт – давхар шиллэгээтэй вакум хаалга цонхны битүүмжлэл, гуравт – гэрийг барихдаа суурь, шалыг газраас хөндийрүүлж угсрах шийдэл юм.
- Эдэлгээг сайжруулсан. Хананы үдээрийг сураар хийдэг байсан технологийг шинэчилж, хөнгөн цагаан тавлагчаар хийснээр ус чийгт хананы сур элэгдэж, сунах, тасрах, чийгээс болж элдэв үнэр гарах эрсдэлийг арилгасан.
- Орчин үеийн хэрэглээний стандартад нийцсэн. Монгол гэрт ариун цэврийн өрөө, душ өрөөг төлөвлөх, мөн агааржуулалт салхивчны автоматжуулалт, түүнийг дагасан цахилгаан монтажийг далд байдлаар хийх шийдлийг санал болгосноор хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, ая тухыг бий болгосон шинэлэг алхам болжээ.
Уламжлалт монгол гэр углуурган хийцлэлтэй, ямар ч хадаас, эрэг шураг ашиглалгүйгээр байгалийн материалаар хийгддэг эко сууц юм.“Орд гэр” компанийн чадварлаг инженерүүд уг шинж чанарыг хадгалахын тулд байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай байхад анхааран гэрийн бүрдэл хэсэг бүрийг цэвэр байгалийн гаралтай эко материалыг сонгон үйлдвэрлэдэг.
Үйлдвэрлэлийг стандартжуулж монгол гэрийн хөгжлийг шинэ шатанд гаргана.
“Орд гэр” компани “Ашиг харж олон тооны бүтээгдэхүүн зарж, нийлүүлэх гэхээс илүүтэй” хэрэглэгчид рүүгээ илүү чиглэсэн үйлчилгээг нэвтрүүлж, бүтээгдэхүүндээ нэг хүртэл жилийн баталгаа өгдөг. Тус компаниас таван жилийн өмнө гэр худалдан авсан анхны хэрэглэгчтэйгээ одоо ч эргэх холбоотой байдаг.
Тус компани 1600 м2 талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байр, 45 гаруй мэргэшсэн мужаан, инженер техникийн мэргэжилтэнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хэрэглэгчийн хүсэлтээр захиалж буй бүтээгдэхүүний зураг боловсруулахаас эхлээд түлхүүр гардуулж өгөх хүртэлх үйлчилгээг цогц байдлаар санал болгодог.
Үйлдвэртээ Европын, тэр дундаа, Герман улсын Hundegger, Homag болон Австрийн Felder АНУ-ын Powermatic зэрэг брэндийн хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглон автоматжуулжээ.
Бүтээгдэхүүнийхээ хийцлэлийн гол түүхий эдийг сонгохдоо Монгол болон Оросын холбооны улсын нэгдүгээр сортын сайн чанарын нарс модыг үйлдвэрийн аргаар хатааж ашигладаг. Уг нарс мод нь 6-12 хувийн чийгшилтэй учраас ямар ч тохиолдолд хэв гажилт үүсдэггүй. Модыг хорхой шавж, хөгцрөлт элэгдлээс хамгаалахаар боловсруулсан учир гэрт ороход л байгалийн үнэрийг мэдрүүлсэн тааламжтай орчныг бий болгодог.
“Орд гэр” компанийн нийт хэрэглэгчдийн 30 хувь нь премиум зэрэглэлийн амралтын баазууд байдаг бол хувь хэрэглэгчид 70 хувийг эзэлж байна. Ялангуяа амралтын баазууд бизнесийн хүрээгээ тэлж хэрэглэгчдийг татах зорилгоор бөмбөрцөг хэлбэртэй доум гэрүүд, мөн гадаадын жуулчид хүлээн авахад тулгардаг асуудлыг шийдвэрлэж чадсан модуль хийцлэлтэй гэрүүдийг захиалдаг.
Модуль хийцлэлтэй гэрт гадаадын жуулчдыг хүлээн авахад өв соёл, уламжлал талаасаа сонирхол татахуйц байхаас гадна, хамгийн гол нь чийг авсан эсгийний үнэргүй, цэвэр, ая тухтай нөхцөлийг бүрдүүлж чаддаг гэж үнэлдэг.
Модуль хийцлэлтэй гэрийн онцлог гэвэл хана, дээвэр, тооно гээд нийтдээ 17 модуль хэсгээс бүрдсэн бүтцүүд нь хоорондоо угсрагддаг, буулгаж дахин барихад хялбар, модуль хийцлэлтэй хананы аль ч хэсэгт нэмэлтээр цонх, террасын хаалга гаргах боломжтой, Мөн хаалга, цонхыг давхар шиллэгээтэй вакум метал болон хуванцар шийдэлтэй хийсэн нь тоос, шороо нэвтрэхгүй, мөн дулаан алдагдалгүй, битүүмжлэл сайтай болж, зардал хэмнэж, цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг.
Тооно нь автомат нээлхийтэй. Захиалагчдадаа зориулан монгол гэрийн хана болон хатавчин дундуур аюулгүй байдлыг бүрэн хангасан зориулалтын хамгаалалттай гуурсаар цахилгаан монтажийг шийдвэрлэж, хэрэглэгчдийн хүсэлтээр шаардлагатай хэсгүүдэд розетка, гэрлийн унтраалга, цахилгааны автомат зэргийг суурилуулдаг. Хэрэглэгч халаалтыг өөрт тохиромжтой байдлаар буюу цахилгаан шалны халаалт, тень эсвэл гал түлэх гэх мэт байдлаар шийдэх боломжтой.
“Нэг л удаа манайхыг сонгон үйлчлүүлсэн бол дахин өөр компани сонгох талаар огт боддоггүй манай үнэнч хэрэглэгч болдог. Учир нь манай бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний найдвартай байдалтай салшгүй холбоотой”
Экспортыг түүчээлэх монгол гэр
“Цахим орчинд хайлт хийж үзвэл “ГЭР” гэдэг үгийг дэлхий нийтээр нүүдэлчин сууц гэдэг утгаараа “Юрта” гэдэг орос үгнээс улбаалсан “Yurt” гэсэн хэллэг, нэршил голдуу гарч ирдэг. Нүүдэлчдийн сууц гэр тухайн бүс нутгийн нүүдэлчин соёлоос хамаарч өөрийн гэсэн онцлог шинжтэй гэрүүд (монгол, казак, киргиз, хакас, тува, татар гэрүүд гэх мэт) байх ба үндсэндээ монгол болон түрэг гэр гэж ангилдаг. Жишээ нь одоогийн Казахстан улсад “түрэг” хэлбэрийн жижиг тоонотой, унь урт, шовгор казак гэрийг ашигладаг ба “Юрта” гэсэн хэллэгээр брэнд болж танигдсан байдаг. “Харин бид өөрсдийн өв соёл болох монгол гэрийн ондоошлыг бий болгож, “Гэр” гэдэг үгийг брэнджүүлж “Ger” гэх монгол хэллэгийг дэлхийд таниулах зорилготой” гэж Орд гэрийнхэн үздэг.
Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд NCD группийн “One Day Mongolia” охин компаниараа дамжуулан Европын зах зээлд Монгол гэрийнхээ экспортыг эхлүүлж, дэлхийн хэрэглэгчдэд нэг алхам ойртоод байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хувьд тухайн улс орны хэрэглэгчдийн онцлог, цаг уурын нөхцөл байдалд тохируулан тусгайлан уламжлалт монгол гэр, модуль хийцлэлтэй гэр, хайбрид гэр гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн экспортолж байна. Ингэхдээ гэрийн үндсэн шинж чанарыг алдагдуулахгүйгээр, гол тулгардаг асуудал болох тээвэрлэлтийг хөнгөвчлөх, мөн монгол гэрийн талаар огт мэдлэггүй гадаад хүмүүст барьж буулгахад амар, ойлгомжтой байх зэрэг зорилгоор нэмэлтээр хөгжүүлэлт хийж, стандартыг дээд зэргээр хангах гэсэн үндсэн шаардлагуудыг баримталдаг.
Экспортын монгол гэрүүдийн үндсэн давуу талуудыг дурдвал:
- Ханын өндөрлөлт. Монгол гэрийн хэлбэр, хэмжээний харьцааг алдагдуулахгүйгээр европ хэрэглэгчдийн биеийн өндөрт тохируулан ханын өндрийг 210см хүртэл өндөрлөснөөр нийт гэрийн өндөр 3.6м-3.7метр болсон.
- Аюулгүй байдал. Монгол гэрийг ашиглахад гэрийн унь унах гэнэтийн тохиолдлууд гардаг. Тиймээс гэрийн унь унах эрсдэлийг арилгах зорилгоор нэгдүгээрт, унины хана, тоононд залгагдах хэсгийн углуургыг илүү гүн, тогтвортой байхаар хийсэн, хоёрдугаарт, бүх унийг хооронд нь нэгдсэн байдлаар бэхэлж хөдөлгөөнгүй болгожээ.
- Гарын авлага зааварчилгаа. Монгол гэрийн талаарх ойлголтгүй хэрэглэгч зааврын дагуу угсрах боломжийг бүрдүүлж, тухай улсын хэл дээр боловсруулсан гарын авлага, зааварчилгааг дагалдуулдаг.
- Стандарт. Нэр төрөл бүрийн бүрдэл хэсгүүдийг стандартын дагуу үйлдвэрлэсэн тул тухайн төрлийн бүрдэл хэсгүүдийг хэсэгчилсэн байдлаар солих, шинэчлэх боломжтой.
- Тээвэрлэлт. Тээвэрлэлтийг хялбаршуулах үүднээс нэг гэрийн иж бүрдлийг 3,5-5м3 эзлэхүүнтэй байхаар тооцоолсон.
Экспортод гаргаж буй монгол гэрийн өөр нэгэн хэрэглэгчид бол гадаадад ажиллаж амьдардаг монголчууд. Тэдний хувьд монгол гэрийг хувийн, бизнесийн, соёлоо сурталчлан таниулах гэх мэт олон шалтгаанаар сонгон ашигладаг. Тиймээс экспортод уламжлалт монгол гэрийг гаргахдаа дээр дурдсан хөгжүүлэлтийг хийхээс гадна монгол гэрийн багана тулгуурыг уламжлалт байдлаар шийдсэн. Ингэснээр монгол ахуй орчныг үгүйлсэн, уламжлалт орчноо мэдэрч, амьдарч байгаа орчныхоо гадаад иргэдэд болон үр хүүхдүүдээ үндэсний соёлоо таниулах, ойлгуулах гэсэн хэрэглэгчдийнхээ хүсэл хэрэгцээг хангаж чадаж байна.
Харин уламжлалт болон орчин үеийн монгол гэрийг хослуулсан загвараа Хайбрид гэж нэрлээд байгаа бөгөөд зай талбайг томруулах зорилгоор баганагүй болгон даацыг хана руу шилжүүлж хананд нь багана хийж өгчээ. Уг баганатай холбогдсон унийг мөн даацын болгож бүдүүн хийцлэлтэй хийж өгснөөр хайбрид гэр нь маш тогтвортой байдлыг хангасан байдаг. Даацыг тогтоон барьж буй тусгай унийг “эцэг унь” гэж нэрлэсэн. Үүний зэрэгцээ тээвэрлэлт болон угсрах явцыг хялбарчлах үүднээс ханыг үргэлж урт байдлаар хийж, хуйлж эвхэгддэг байх инновацлаг шийдэл олжээ.
Мөн экспортод гарч буй модуль хийцлэлтэй монгол гэрийг тээвэрлэлтэд хялбар болгох үүднээс деталь болгоноор салангид бэлтгэн тээвэрлэж, очоод деталийг түргэн угсрахад зориулж хялбарчилж өгсөн. Үүний сацуу бүтээгдэхүүний төрлүүд дээр хэмжээний сонголтуудыг санал болгох гэх мэт загвар тус бүр дээр монгол инженерүүд, урлаач нарынхаа ур ухаан, шинэлэг санааг шингээж олон улсын зах зээлд үндэсний бүтээн байгуулалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг зорин ажиллаж байна.
Өв соёлоо үр хойчдоо таниулах хөтөч
“Орд гэр” компанийн энэ зуны хамгийн онцлох үйл явдлуудын нэг бол Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны Олимпын XXXIII дахь наадам байсан. Тус наадмын үеэр Парис хотын “La Villette” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан олон үндэстний өв соёлоо таниулан сурталчлах арга хэмжээнд Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны санаачилгаар хэрэгжүүлсэн “Mongolia House” төслийг дэмжин ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож өөрсдийн бүтээсэн модуль хийцлэлтэй гэр болон уламжлалт монгол гэрээ танилцуулж өв соёлоо сурталчилжээ.
Олимпын наадмын хаалтын өдрийг дуустал үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр нийт 15 улс оролцсоноос, тэр дундаа монгол соёлын хэсгээр ачаалал маш ихтэй, өдөртөө 6000 гаруй зочид, жуулчид, олимпын тамирчид зочлон монголчуудын, нүүдэлчин ард түмний гол илэрхийлэл монгол үндэсний язгуур урлаг, уламжлалт бөхийн барилдаан, монгол идээ ундаа, Парис хотноо сүндэрлэж буй монголын уламжлалт сууц гэрийн хийцлэл, эко байдлыг бишрэх эерэг сэтгэгдлийг ихээр сонсжээ.
Цаашид “Орд гэр” компани монгол гэрийг орчин цагт тохируулан шинэчлэн сайжруулж, шинэ шатанд гаргаж, эко амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэрэглээ болгоод зогсохгүй гэрийн доторх бүх тавилгыг Монголдоо үйлдвэрлэн, нэмүү өртөг шингээн, гаднын зах зээл рүү гаргахаар зорьж байна.
“Орд гэр”-ийнхний хувьд өөрсдийн зориглон эхлүүлсэн, бүтээлээ бүх л төрлөөр хөгжүүлж малчдад зориулан отрын гэр, хотод өсөж буй хүүхдүүдэд монгол ахуйтайгаа ойр байхад нь туслах зорилгоор хүүхдийн гэр хөгжүүлэн тун удахгүй худалдаанд гаргахаар ажиллаж байгаа аж.