Өдгөө маш олон төсөл амжилтад хүрэлгүй бүтэлгүйтэх болжээ. Үүний нэг шалтгаан нь өөрт төрсөн эргэлзээ, тээнэгэлзлийг төлөвлөлтийн тун чухал шатанд хэлэхээс зарим хүн халгаж, зүрхшээдэгт оршиж байдаг. Төслийн гүйцэтгэлийн талаар мэдэж байгаа боловч санал бодлоо хэлэхээс эмээдэг, өөр санал бодолтой хүмүүст өөрийгөө илэрхийлэх, ярих боломжийг олгосноор та төслөө амжилтад хүргэх магадлалыг ихээхэн нэмэгдүүлнэ.
Ирээдүйг урьдчилан таамаглах буюу ямар нэгэн зүйлийг аль хэдийн болсон гэж төсөөлөх нь ирээдүйд гарах үр дүнгийн шалтгааныг зөв тодорхойлох боломжийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг Вартоны их сургуулийн Дебора Ж.Митчелл, Корнеллийн их сургуулийн Жэй Руссо, Колорадогийн их сургуулийн Нэнси Пеннингтон нарын судалгаа харуулжээ. Ирээдүйг таамаглаж, аливаа эрсдэлийг болохоос нь өмнө тодорхойлоход төслийн багт премортем тусалдаг юм.
Премортем бол постмортемын эсрэг нь билээ. Анагаах ухаанд постмортем нь өвчтөний үхлийн шалтгааныг тодорхойлох боломжийг эмч болон гэр бүлийнхэнд нь олгодог арга юм. Харин бизнесийн орчинд премортемыг төслийн төгсгөлд бус эхэнд хийх бөгөөд ингэснээр төслөө бүтэлгүйтсэн хойно нь задлан хийх бус харин амжилттай хэрэгжих магадлалыг нь нэмэгдүүлнэ. Юу буруугаар эргэж болох талаар багийн гишүүд саналаа хэлдэг шүүмжлэх уулзалтаас ялгаатай нь премортемыг хийхдээ “өвчтөн”-ийг нас барсан гэж үзээд юун дээр алдсан шалтгааныг тодорхойлдог.
Төлөвлөгөөний талаарх мэдээллийг төслийн багийнханд өгснөөр премортем эхэлдэг. Тухайн төсөл сүйрч, бүтэлгүйтсэн гэж төслийн удирдагч мэдэгдэх бөгөөд өрөөнд байгаа бүх хүн хэдэн минутад багтааж уг сүйрлийн шалтгаан юу байсан талаар өөрт байгаа бүх таамаг, шалтгааныг бичих ёстой. Тэдгээр шалтгааны тоонд бүдүүлэг гэж хэлүүлэхгүйн тулд хэлээ хазаад өнгөрсөн энгийн бус шалтгаанууд ч байж болно. Тухайлбал, Fortune 50-д багтдаг нэгэн том компанид уг дасгалыг хийх үед гүйцэтгэх захирал ажлаасаа гарсны дараа хүмүүсийн сонирхол буурсан учраас тэрбум долларын өртөгтэй байгаль орчны төсөл бүтэлгүйтэх магадлалтай хэмээн нэгэн мэргэжилтэн нь бичсэн тохиолдол бий.
Дараа нь төсөл яагаад бүтэлгүйтсэн талаарх боломжит хувилбараа хэлэхийг багийн гишүүдээс төслийн удирдагч хүснэ. Ийм маягаар бүх хүн ганцхан шалтгаан хэлэх бөгөөд шалтгаан нь хоорондоо дахин давтагдахгүй байх ёстой. Уг дасгал дууссаны дараа төслийн менежер багийн гишүүдийн хэлсэн шалтгааныг судалж, төслөө амжилттай хэрэгжүүлэх арга замуудыг судлах ёстой.
Агаарын тулааныг төлөвлөхөд зориулагдсан дээд зэргийн компьютерийн алгоритмыг боловсруулах үеэр өмнөх сунжруу хурал дээр юу ч яриагүй багийн нэгэн гишүүн премортемын үеэр нэг алгоритм нь армид ашиглаж буй тодорхой брэндийн лаптопт тийм амархан тохирч суухгүй гэж хэлсэн байна. Хэрэв үүнийг шийдэх аргыг олохгүй бол уг төсөл практик ач холбогдолгүй болно гэж тэрбээр үзэж байв. Асуудлыг нарийвчлан судалж үзтэл алгоритм хөгжүүлэгчид аль хэдийн тун оновчтой шийдэл олсон нь тодорхой болжээ. Гагцхүү тэд үүнийгээ танилцуулахаас санаа нь зовж байсан аж. Улмаар тэдний шийдлийг ашигласнаар төсөл нь маш амжилттай хэрэгжжээ.
Тухайн төслийг яагаад хэрэгжүүлэх ёстой талаарх баримт, нотолгоог бэлтгэх хангалттай цаг байгаагүй учраас уг төсөл “бүтэлгүйтсэн” гэж өөр байгууллагад хэрэгжүүлэх судалгааны төслийн талаар ярилцаж байх үеэр нэгэн захирал премортем дээр санал болгосон байна. Үнэхээр ч төслийн талаар 90 минутын турш ярилцахад цаг хугацаа давчуу байгаа гэсэн санааг хэн ч хэлээгүй аж. Улмаар төслийн менежер төслөө шинэчилж, захирлуудын шийдвэр гаргах мөчлөгийг тооцоондоо оруулсан байна.
Төслийн ихэнх баг эрсдэлийн анализ хийдэг ч ирээдүйг таамагладаг премортемын онцлог нь өөр ямар ч арга барилын өгч чадахгүй давуу талуудыг бий болгодог юм. Премортем нь төслийн багуудад болзошгүй аюулыг урьдчилан сануулахаас ч илүү чухал ач холбогдолтой. Мөн тухайн төсөлд хэт их анхаарлаа хандуулсан хүмүүсийн юуг ч үл хайхран урагшлахыг хүсдэг арга барилыг нь хязгаарладаг байна. Түүнчлэн хэний ч анзаараагүй сул талыг олж харснаар өөрийнх нь үнэ цэн, ухааныг бусад нь үнэлж байгаа гэсэн мэдрэмж багийн гишүүдэд төрөхөөс гадна бусад ажилтнууд түүнээс суралцдаг давуу талтай. Дүгнэвэл, постмортем хийхээс зайлсхийхэд туслах хамгийн шилдэг арга нь премортем юм.
Эх сурвалж: Harvard Business Review