ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи болон “Содура Консалтинг” ХХК хамтран зохион байгуулдаг “Бизнесийн менежментийн цогц сургалт” хөтөлбөрийн LEVEL-3 түвшний сургалт эхлэхэд бэлэн болж сүүлийн шатанд шалгарсан 7 компанид зөвлөх үйлчилгээний тэтгэлэг олгож, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нийт 120 компани хүсэлтээ ирүүлснээс анхан шатны шалгаруулалтад тэнцсэн 80 компанийг нэг болон хоёрдугаар түвшинд хамруулах явцад тууштай суралцан, цаг зарцуулан өөрчлөлт хийж чадсан долоон компани бизнесээ өргөжин тэлэхэд түлхэц болох зөвлөх үйлчилгээний тэтгэлгийн эздээр сонгогджээ.
Уг тэтгэлэгт “Персон”ХХК, “Гэгээн Мэлмий” ХХК, “Дөмөн Эрдэнэ” ХХК, “Амдэ” ХХК, “Эбо Холдинг” ХХК, “Содура” ХХК, “Инфинити Аспирэйшн” ХХК зэрэг компаниуд шалгарч, тус бүр 21 сая төгрөгийн тэтгэлгийг хүртэж компанидаа хувьчилсан болон танхимын зөвлөх үйлчилгээ авах эрхийн эзэд боллоо. Энэхүү үйлчилгээний зах зээлийн үнийн тариф нь 30 саяас дээш үнэтэй байдаг тул байгууллага бүхэн тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй байдаг.
ХААН Банкнаас 70 хувийн тэтгэлэгтэйгээр бизнесийн менежментийн зөвлөх үйлчилгээг хүргэж байна.
Энэхүү сургалтын эхлэл нь 2021 онд тавигдаж байсан бөгөөд гурван сарын хугацаатайгаар онлайнаар 100 харилцагчийг хамруулан зохион байгуулсан байна. Тус онлайн сургалтын үр дүнг тооцоолоход тэдэнд дараагийн түвшний бизнесээ удирдах мэдлэг дутагдаж байсан тул ХААН Банкнаас санаачлан дахин хоёр болон гуравдугаар түвшний сургалтыг бэлтгэн жижиг дунд бизнесийг чадавхжуулж байна.
Бүтэн жилийн хугацаанд үргэлжилж буй “Бизнесийн менежментийн цогц сургалт”-ын гурван түвшинд бүрэн хамрагдсанаар компанийн удирдлагууд бизнесээ том зургаар нь төлөвлөх, багаа удирдан манлайлах, гүйцэтгэлийг сайжруулах арга техникүүдэд цогцоор нь суралцах чадварыг эзэмших юм.
Бас нэгэн үнэлэх боломжгүй том хөрөнгө оруулалт бол салбар бүрийн захирлууд бизнес эрхлэгчидтэй танилцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцож, бизнесийн хүрээллээ тэлж, урт хугацааны түншлэл үүсгэх боломж юм.
Тэтгэлэгт шалгарсан компаниуд “Содура Консалтинг” ХХК болон ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих академийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг хоёр сарын хугацаанд авах юм.
Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд тухайн компанитай хамтран ажиллаж 2-3 сарын хугацаанд мэргэжлийн зөвлөгөөг ганцаарчилсан болон танхимын сургалтаар хүргэнэ. Бүтэн жилийн хугацаанд нийтдээ 10 компанийг шалгаруулаад буй бөгөөд өнгөрсөн хавар гурван компани нь тэтгэлэгт хамрагдаад амжсан байна.
Уг зөвлөх үйлчилгээний сургалт нь долоо хоног бүр хоёр удаа танхимаар явагдаж багаараа ажиллаж, цаашдын гурван жилийн алсын хараа, стратеги төлөвлөгөөгөө тодорхойлон гаргах юм. Төсөл дууссаны дараагаар ч гурван жилийн хугацаанд эргэх холбоотойгоор уулзалт зохион байгуулж үр дүнг хэмжиж бизнесээ ямар түвшинд явж байгааг хөндлөнгөөс харахаас гадна цаашид анхаарах, сайжруулах асуудлуудаа шинжилж, төвлөрч ажиллах чиг баримжааг өгсөөр байх юм.
Монгол Улсад ажлын байрыг бий болгон бүрдүүлж буй хөгжлийн хөдөлгөгч гүүр нь жижиг дунд бизнесүүд байдаг. Тиймээс тэд нэг нэгнээ дэмжин хамтран ажиллаж өсөж хөгжих чадамжтай болоход энэхүү тэтгэлэг үнэтэй хувь нэмэр оруулж буй талаар тэтгэлгийн эзэд ийнхүү ярьж байна.
“Гэгээн Мэлмий” ХХК -ийн үүсгэн байгуулагч Ц.Мөнхцэцэг:
Манай компани нүд судлалын салбарт оношилгоо, эмчилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлгийн бусдаас ялгарах гол онцлог нь АШУИС-ийн суурь бааз эмнэлэг болдог. Мөн Монголдоо ховорхон байдаг нүдний донор шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг.
ХААН Банкны бизнесийн менежментийн сургалтад хамрагдсанаар байгууллагаа шинэ нүдээр харж оношилсон. Зөвхөн сайн эмч байхаас гадна бизнесийн үйл хэрэг гэдэг талаас нь харах сэтгэлгээ маань тэлсэн. Ёстой л миний нүдийг нээж өгсөн үр өгөөжтэй сургалтад сууж, энэхүү тэтгэлгийг авч чадлаа.
“Эбо Холдинг” ХХК. Д.Саранчимэг:
Манай компани ахуйн хэрэглээний гааз болон ОХУ-аас мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна эх орондоо цаасан аяга үйлдвэрлэдэг. Үйл ажиллагаа эрхлээд аль хэдийн 25 жилийг үдлээ. Бизнесээ эрхлэх энэ бүх цаг хугацаанд ХААН Банктай л тасралтгүй харилцдаг байсан. 2022 оноос эхлэн жижиг дунд бизнесүүдийг бойжуулдаг “Бизнесийн менежментийн цогц сургалт”-д хамрагдсан. Сургалтаас олж авсан чадвараараа байгууллагаа зөв оношилж, шинэ бизнесийн санаа, орон зайг олж харж, байгалийн эрдэс, витаминтай ус, ундааг импортлон оруулж ирээд байна.
“Амдэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Ариунболор:
2007 оноос эхлэн талх нарийн боовны үйлдвэрлэлийн салбарт ажиллаж эхэлсэн. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй 5-6 нэр төрлийн хэвийн боов үйлдвэрлэдэг. Дотоодын болон Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тасралтгүй хөгжсөөр байна.
Бизнесийн менежментийн хоёр түвшний сургалтад хамрагдаад өнөөдөр тэтгэлэгтэй суралцах гуравдугаар түвшинд тэнцэж чадлаа. Цаашдаа мэргэжлийн зөвлөх үйлчилгээний тусламжтайгаар бизнесийн стратегиа тодорхойлж, бизнестээ илүү том ахицыг авчирна гэдэгтээ итгэлтэй байна.