Манай улсад мөрдөж байгаа үндэсний стандартуудын ердөө 40 хувь нь олон улсын стандарттай уялдаж нийцдэг байна. Үлдсэн стандарт нь 1970, 1980-аад оны үед мөрдөгдөж байсан тэр л хувилбар дээрээ гацчихсан байгаа аж. “Хэрэв манай улс стандартчилал, тохирлын үнэлгээний салбарт оновчтой нүүдэл хийж чадвал шинэ цагийн “Алтан ордны улс”-ыг ч байгуулах боломж байна” хэмээн МонСертф ХХК-ийн ерөнхий захирал Г.Билгүүн онцоллоо.
Багаасаа хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж байсан таны хувьд эх орондоо эргэн ирэх болсон хамгийн том шалтгаан тань юу байв? Юу таныг Монгол руу хөтөлсөн бэ?
Одоогоос 15 жилийн өмнө эх орондоо эргэн ирж байлаа. Миний хувьд, 1992 оноос хойш Энэтхэг, ОХУ, ХБНГУ-д амьдарч байсан. Тэр дундаа ХБНГУ-д 2000-2009 онд амьдарч, тэндээ их сургуулиа төгссөн. 2009 онд намайг Монголд ирж байх үед Оюутолгойн нөлөөгөөр эдийн засаг огцом тэлж, хөрөнгө оруулагчид манай улс руу жинхэнэ шуурч байсан л даа. Тэр үед эдийн засаг 17 хувиар өсөж, дэлхий нийт ч энэ өсөлтийг анхаарч байсан шүү дээ.
Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь буцаж ирэхэд минь маш том хөшүүрэг болсон. Монгол Улс түүхэн хуудсаа эргүүлэхийнхээ өмнөхөн хилийн чанад дахь “ажилч зөгий”-нүүдээ эх оронд нь буцаан дуудсан нь тэр байсан. Тэр л дуудлагаар эх орондоо эргэн ирж байлаа. Тухайн үед Германаас 20 залуу ирж байсан ч харамсалтай нь одоо бас ихэнх нь буцчихаж.
Тэр үед эх орноо зорьж ирсэн залуус маш эрч хүчтэйгээр Монголоо хөгжүүлэх шийдлийг хайцгаасан. Чуулсан. Энэ эрлийн үеэр би нэг сонирхолтой зүйлийг анзаарсан л даа. Гадаадад төгсөгчид эх орноо өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулаад тэрэндээ стрессдээд байдаг сул талтай юм билээ. Би ч энэ бухимдлыг тойрч гараагүй л дээ. Германд тийм байхад Монголд ийм байна гээд л бухимдана шүү дээ. Үүний цаад учир шалтгааныг нь ухаад үзэхээр бүх асуудал стандарттай холбоотой болж таарсан.
Гадаадад олон жил болсон хүмүүс чинь хэм хэмжээ, стандартыг л үгүйлээд нэхээд байдаг юм билээ.
Шалтгааныг нь тайлбарлахын тулд стандартыг “соёл” гэж тодорхойлъё л доо. Бид тэр соёлын өв тээгчид нь болчихсон байсан юм билээ. Берлинд буунгуут, аль эсвэл Сөүлд очингуут монголчууд шүлсээ хаяхаа больчихдог. Энэ бол тухайн нийгэм, соёлын тогтсон стандарт нь гадаад хүнийг ч тэр бариад байна аа л гэсэн үг. Ерөөсөө хаа ч тэр, стандарт хөгжөөгүй л бол тэнд эрсдэл, хор уршиг, соёлгүй нийгэм оршин тогтноно.
Ингээд л би гэдэг хүн “стандарт” гэдэг зүйлд бүрэн автсан. “Зөгийн үүр” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо ирсэн залуусын дийлэнх нь буцаад хилийн чанадыг зорьчихсон ч гэлээ миний хувьд эхэлсэн зүйлийнхээ ард гарч, бага ч болов үр дүн гаргая гэж улайрсандаа өдийг хүрсэн гэвэл үнэнээс хол зөрөхгүй. Миний хувьд ирмэгцээ Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газарт гадаад харилцааны мэргэжилтнээс нь эхлүүлээд ажилласан. Ажилд ороод удалгүй Гадаад хэл, сургалт мэдээллийн албаны дарга болсон. Бас Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга, Тамгын газрын даргын албыг ч хашсан. Төрийн албанд дөрвөн жил маш бага цалингаар ажиллахдаа салбарын зовлон, жаргалыг дотроос нь мэдэрсэн.
Ер нь манай салбарт хууль, эрхзүйн зохицуулалт маш учир дутагдалтай санагдсан. Ингээд Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгох төсөл санаачилж, гурван жил захирлаар нь ажилласан. Төслийн хүрээнд евро стандартуудыг нутагшуулах тал дээр анхаарсан. Мөн хууль, эрхзүйн орчныг шинэчлэхэд гар бие оролцсон. Их том ажил байдаг юм билээ. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийг боловсруулж шинэчлэх ажилд гар бие оролцсондоо маш баяртай байгаа. Хуулийн төслийг УИХ 2017 онд баталж, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Мөн 2022 оноос Үндэсний итгэмжлэлийн төв-ийн хууль эрх зүйн байдал шинэчлэгдсэн. Салбарын дэд бүтэц ч шинэчлэгдэж Шадар сайдын дэргэдэх Үндэсний итгэмжлэлийн төв гэдэг болсон. Үүний үр дүнд баталгаажуулалт болон зөвлөх үйлчилгээний байгууллагууд хөгжөөд явах нөхцөл нь бүрдээд байна.
Одоо бид “Стандарттай Монгол Улс” хөтөлбөрийг санаачлаад явж байна. Засгийн Газрын зүгээс ч бидний энэ санаачилгыг дэмжиж байгаа. Нөлөөллийн аян ч өрнөж байна. Шадар сайдын хувьд стандартчилалын тал дээр анхаарч, хамгийн зоримог алхмуудыг хийж байгаад талархаж байна.
Мөн таны энэ асуултад хариулахдаа өвөөгийнхөө талаар дурсмаар байна. Миний өвөө Дондогийн Цэгмид гэж хүн байсан. Монгол Улс НҮБ-д элсэхэд өвөө минь их хувь нэмэр оруулсан. Өвөө маань Монгол Улсаа НҮБ-д данстай болгоход хүчин зүтгэж явсан бол одоо ач хүү нь “Стандарттай Монгол Улс”-ыг цогцлоохын төлөө хүчин зүтгэж байна. Энэ л хүсэл тэмүүлэл минь эх орондоо үлдэх хамгийн том шалтгаан маань болсон юм даа.
Монголд ирмэгцээ л стандарт, хэмжил зүйн салбарт хөл тавьж шүү дээ. Стандарт яагаад чухал гэдгийг та манай уншигчдад тайлбарлахгүй юу?
Стандарт яагаад чухлыг нэг жишээгээр тайлбарлая. Намайг Германд 2006 онд оюутан байх үед нэг инженер залуу машины шүүлтүүр судлаад стандарт дээр нь сайжруулалт хийсэн юм л даа. Ингэж сайжруулалт хийхдээ машины шүүлтүүрийн өмнөх хэв загвар нь яагаад учир дутагдалтай вэ гэдгийг маш нарийн судалж, яг тохирсон стандарт нь ямар байвал хүний эрүүл мэндэд ээлтэй байж болохыг харьцуулан судалж, өөрийнх нь дэвшүүлж буй стандартын тохиргоо илүү оновчтой болохыг баталж чадсан. Тэр ч байтугай эрүүл мэндийн байгууллагаар хуучин стандартын дагуу үйлдвэрлэсэн машины шүүлтүүрүүд хорт хавдар үүсгэдэг болохыг нь баталсан юм. Тэр залуугийн эхлүүлсэн ажил хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг татаж, нийгмийг цочирдуулсан. Бүр канцлер Ангела Меркель холбогдох байгууллагуудад яаралтай арга хэмжээ авахыг даалгасан байдаг. Ингээд заавал мөрдөх техникийн зохицуулалтын тоонд тэр залуугийн саналыг тусгасан байдаг.
Манай улс жил бүр автомашинуудыг техникийн хяналтаар оруулдаг шүү дээ. Германд ч ийм хяналт бий. Гол нь 83 сая хүн амтай Герман улсын бүх жолооч тэр шинэ стандартад нь нийцүүлж шүүлтүүрээ сольсон байх жишээтэй. Энэ мэтчилэн бүх зүйл стандарттай. Стандарт оновчтой бөгөөд бодит амьдралд тусгалаа олж хэрэгждэг байснаар та бидний амьдрал илүү аюулгүй, тав тухтай болж, нийгмийн стресс бухимдал багасна. Элдэв эрсдэлт хүчин зүйл багасаж, энэ хэрээр эдийн засгийн гарз хохирол ч буурна. Тиймээс стандартыг мөрдүүлэх, шаардлагатай бол түүнийг шинэчлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг энэ жишээнээс ойлгоосой гэж хүсэж байна.
Улаанбаатар хотын энэ их утаа, түгжрэл, гэнэтийн осол аваар стандарт сул байгаатай холбоотой. Мөн нэг зүйлийг онцлоход, нийгмийн амьдрал урагшилж, инновац ундарсаар байгаа энэ цаг үед шинэ стандартууд ч тасралтгүй төрөн гарсаар байх болно. Стандарт бол та бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Бизнесийн талбарт л гэхэд, хамгийн оновчтой стандартыг нутагшуулж чадсан компани л урт хугацаанд өрсөлдөх чадвартайгаар оршин тогтноно.
Монгол Улсад 6000 гаруй стандарт хэрэгждэг талаар дуулж байсан л даа. Монголд мөрдөгдөж байгаа стандартууд өнөөгийн хэрэгцээ шаардлагад хэр нийцсэн байдаг юм бол?
Манай улсад одоогийн байдлаар 6500 орчим стандарт мөрдөж байна. Хүмүүс ийм хэмжээний стандарт Монгол Улсад хэрэгжиж байгаа нь бусад улс оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт үү гэж их сонирхдог л доо. Тэгвэл үүнд хариулах нь харьцангуй ойлголт юм. Жишээлбэл, БНХАУ-тай харьцуулахад стандартын тоо хэмжээгээр манай улс бага. Солонгос гэхэд л 120 мянган стандарттай. Харьцуулахааргүй олон стандарттай байгаа биз. Бидний сайн мэдэх ISO гэхэд л 26 мянгаар хэмжигдэж байна. Гол нь тухайн стандарт хэр оновчтой байна вэ, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу гэдэг нь л чухал.
Манай улсад мөрдөж байгаа үндэсний 6500 стандартын 40 хувь нь л олон улсын стандарттай уялдаж нийцдэг.
Үлдсэн нь үнэндээ хуучирч, үеэ өнгөрөөсөн. Стандартуудын тухайд, 5-6 жилдээ байнга шинэчлэгдэж байдаг. Ингэж байж үүргээ гүйцэтгэж чаддаг. Гэвч манай стандартуудын дийлэнх нь нь 1970, 1980-аад оны үед мөрдөгдөж байсан тэр л хувилбар дээрээ гацчихсан байгаа. Уг нь стандартууд өнөөгийн амьдрал, хэм хэмжээ, нөхцөл байдалд уялдсан, таарсан байх тусмаа илүү өгөөжтэй байдаг.
Худалдааны салбарт ч тэр стандартууд хуучраад ирэхээр асар том сөрөг нөлөө үзүүлдэг. Яахав, техникийн зарим стандарт насан туршийн байж болдог. Гэвч зарим зүйл дээр стандартуудыг шинэчлэх шаардлага зайлшгүй гардаг. 1980-аад оны стандартуудыг мөрдлөг болгож ажилладаг ААН, бизнесийн байгууллагууд олон улсын зах зээлд хөл тавина гээд төсөөлөх гээд үз дээ. Ямар ч арга байхгүй. Ийм ч учраас алс ирээдүйгээ хардаг бизнесүүд бүс нутгийн болоод олон улсын стандартуудыг нутагшуулахыг зорьдог. Бид үндэсний стандартуудаа ч олон улсын туршлагаас судалж, сайжруулах шаардлагатай байна.
Олон улсын туршлагаас суралцах хэрэгтэй гэлээ шүү дээ. Тэгвэл бид аль улсаас суралцах хэрэгтэй вэ? Стандартын салбарт олон жил ажилласны хувьд, гаднын улсаас ямар туршлагыг нь онцолж, олзуурхаж хардаг вэ?
Стандартуудыг аваад үзвэл, ногоон стандартаар Тайвань, Япончууд илүү сайн байна. Банк, санхүүгийн салбарт мөрдөгдөж байгаа стандартуудын талаар яривал Сингапур, Солонгосчууд илүү манлайлах шинжтэй байна. Мэдээллийн аюулгүй байдлын стандартаар яах аргагүй Энэтхэгчүүд тэргүүлж байна. Герман гэхэд, боловсролын стандартаар тэргүүлээд явж байна.
Мөн Францыг дурдах хэрэгтэй. Тэд хүнсний стандартаар манлайлж байна. Хүнсний аюулгүй байдлын ISO стандартууд тэр чигээрээ Францынх гэхэд буруудахгүй. Авлига, хээл хахууль, хүний нөөцтэй холбоотой стандартууд гэхэд л Америкт илүү сайн хөгжсөн байна. Америкт мэдээллийн технологийн хөгжлийг хөтлөх стандартууд ч хамгийн зохистой түвшинд байна. Түүнчлэн барилга, уул уурхайн салбарын стандартуудыг бид Австрали, Шинэ Зеландын туршлагаас санаа авч шинэчилж болж байна. Ер нь тухайн орны эдийн засгийн гол хөдөлгүүр нь аль салбар гэдгээс хамаарч тэр салбарын стандартууд илүү оновчтой байдлаар хэлбэрээ олсон байдаг. Хятадууд ч мөн стандартын салбарт өөрийн гэсэн маш хүчирхэг тогтолцоог бий болгоод явж байна.
Манай улсад стандарт байгаад байдаг. Гэтэл үүнийг хэрэгжүүлж чадахгүй байгаагийн учир нь юунд байна вэ? Магадгүй тогтолцоондоо байна уу?
Миний хувьд асуудлыг шийдэхийн тулд гүнээс нь эрэл хайгуул хийдэг. Нэг бодлын сул тал ч байж мэднэ. Салбараа дотроос нь харахаар бид энэ салбарыг 1990-ээд оноос хойш орхигдуулсан нь маш тод анзаарагддаг. 1970, 1980 оны үед Монголд аж үйлдвэр маш эрчимтэй хөгжиж байсан. Ингэхдээ Зүүн Европ, тэр дундаа ЗХУ-ын стандартыг өөрийн болгож нутагшуулсан байдаг. Гэвч эдийн засгийн шилжилтийн үед энэ салбараа бүр орхичихсон. Боловсон хүчин ч бараг бэлдээгүй. Ер нь манай салбарт 1970-аад оныхон бараг байдаггүй нь энэ салбар хэрхэн орхигдож байсныг илтгэнэ.
Хүмүүс Стандарт, хэмжил зүйн газрыг зөвхөн хэмжил зүйн талаас нь харах нь түгээмэл. Зарим нь бүр статистикийн газартай ч андуурч байна. Өнөөг хүртэл стандарт гэхээсээ хэмжил зүй талаас нь илүү анхаарч байсан болохоор таны машинд үнэхээр үн 10 литр бензин орж байна уу, дэлгүүрийн худалдагч танд яг таван кг төмс торлож өгсөн үү гэдгийг л бид анхаараад байсан. Харин нөгөө талд тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүн үйлчилгээ баталгаажуулах, итгэмжлэх тогтолцоо нь сул яваад байсан.
Манай аудиторуудын хийсэн тайлан Олон улсын стандарт байгууллагын гишүүн 165 оронд хүчин төгөлдөр байж чадахаараа давуу талтай.
Нэгэн зууны түүхтэй салбар маань өөрсдөө стандартаа батлаад, баталсан стандартаа өөрсдөө баталгаажуулаад, заагаад, зараад, итгэмжлээд, хянаад байсан нь учир дутагдалтай байж таарсан. Уг нь төр тоглоомын дүрмийг тогтоож, манай Стандарт, хэмжил зүйн газар мэргэжлийн холбоодтой хамтарч стандартаа тогтоохоос гадна байгаа стандартаа тодорхой хугацаанд шинэчлээд явах байсан.
Нэн ялангуяа баталгаажуулалтыг хараат бус хувийн хэвшилд даатгаад, салбарын хөгжлийг үүрч яваа мориныхоо чөдрийг бид аль эрт мулталчих байсан юм билээ. Бусад оронд ч энэ жишгээр явдаг. Үүнийг анзаарсан учраас МонСертф компаниа 2016 оны нэгдүгээр сарын 27-нд үүсгэн байгуулж байлаа. Манай компани салбартаа анхдагч болж үүдээ нээсний дараахан салбарын эрхзүйн орчин сайжирч шинэчлэгдсэн. Одоо ирээдүй илүү гэрэлтэй байна гэдэгт итгэж байна.
МонСертф компанийн хувьд ямар үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна вэ?
Бид үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн тогтолцоо нь стандартын шаардлагад нийцсэн эсэхэд үнэлгээ хийдэг. Манайхаар баталгаажуулалт хийлгэснээр зах зээлд өрсөлдөх чадвар нь дээшлэх, үйлдвэрлэл нь хөгжих, экспортын чиг баримжаатайгаар алсын хараагаа төлөвлөх гээд олон боломж нээгддэг.
Манай компани 2016 онд байгуулагдсан ч гэлээ маш богино хугацаанд буюу 2018 оноос олон улсын итгэмжлэлтэй гэрчилгээг эх орноосоо авах боломжийг анхлан бүрдүүлсэн. Олон улсын итгэмжлэлийн байгууллага (IAF)-ын жинхэнэ гишүүн Казахстан улсын итгэмжлэлийн төвөөс МонСертф компанийн Баталгаажуулалтын газар нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авсан. Ингэснээр монгол аудитор олон улсын баталгаажуулалтын байгууллагын нэрийн өмнөөс Монголд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид аудит хийх эрхтэй болсон. Урьд нь үүнийг монголчууд бид хийж чаддаггүй байсан. Дандаа гаднын байгууллагуудаас аудитор авчирч, өндөр өртгөөр хийлгэдэг байсан.
Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн Төв 2018 оноос Олон улсын итгэмжлэлийн байгууллагын жинхэнэ гишүүн болсноор манай үндэсний итгэмжлэлтэй гэрчилгээ Чанар, Байгаль орчин, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Цаашид ч улам олон стандарт дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөөр ажиллаж байгаад бидний зүгээс маш талархалтайгаар хүлээн авч, дэмжин ажиллаж байна.
Гаднын аудиторууд, тэр дундаа европ аудиторууд өдрийн 1000 еврогийн хөлсөөр ажилладаг. Солонгос аудиторууд өдөрт дунджаар 600-700 ам.доллар авч байна. Хятадууд гэхэд л 450 ам.доллароор аудит хийж байна. Хамгийн хямд хөлсөөр ажилладаг нь энэтхэгүүд. Тэд өдрийн 250 ам.доллароор аудит хийж байна. Үүгээр зогсохгүй гаднын аудитор авчирсан тохиолдолд бичиг баримтын албан ёсны орчуулгаас эхлүүлээд маш төвөгтэй үйл явц өрнөдөг.
Харин одоо монгол хүн Монголдоо, монгол компаниа ISO буюу олон улсын стандартын дагуу баталгаажуулдаг болоод байна. Энэ хүрээнд бид мөн БНКУ-ын туршлагын дагуу 100 аудитор бэлтгэсэн. Манай компанийн аудиторуудын хийсэн тайлан Олон улсын стандартын байгууллагын гишүүн 167 оронд хүчин төгөлдөр байж чадахаараа давуу талтай. Томоохон компаниуд бүгд л манай байгууллагаар аудитаа хийлгэж байна. Мөн бид жил бүр олон улсын итгэмжлэл дээр хөрөнгө оруулалтаа чиглүүлж байна.
Танай компанийг баталгаажуулалтын зах зээл дээрх хувийн хэвшлийн анхны компани гэж ойлгож болох уу?
Манайхтай нийлээд долоон компани энэ зах зээл дээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Одоо л энэ салбар жинхэнэ утгаараа хөгжөөд явж байна. Манай компанийн хувьд, анхдагч гэдгээрээ давуу талтай. Мөн олон улсад итгэмжлэгдсэн гэдгээрээ ч анхдагч. Салбартаа анхдагч нь болоод замыг нь засаад, түүчээлээд явж байгаадаа баяртай байна.
Манай хамт олон монголынхоо ААН-үүдэд стандартыг хүртээмжтэйгээр нэвтрүүлэх зорилготой. Энэ ч үүднээс нэг хүнтэй хүнсний дэлгүүрээс эхлүүлээд мянган хүнтэй томоохон компани хүртэл ямар ч байгууллагад хүрч ажиллахыг зорьдог.
Түүнчлэн бид менежментийн тогтолцооны стандартаар мэргэшсэн үндэсний аудитор, сургагч багш нарын бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бүртгэх, тэдний чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор BSI-ийн ACP хөтөлбөрт хамрагдах, AFNOR болон ANKA GLOBAL-ийн аудиторын, EG-ийн сургагч багш нарын бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Манай бүртгэлд хамрагдах, улмаар олон улсын хэмжээнд менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, баталгаажуулах, багшлах чиглэлээр ажиллах, суралцах бүрэн боломжтой.
Танай компани 2016 оноос хойш хэдэн байгууллагад хүрч ажилласан бэ?
2016 онд Бодь даатгалд үйлчилгээ үзүүлж үйл ажиллагаагаа эхэлж байлаа. 2017 онд бид 17 байгууллагад үйлчилгээ үзүүлсэн бол 2018 онд 34, 2019 онд 54, 2020 онд 120 байгууллагад хүрч үйлчиллээ. Нийт үйлчилгээ үзүүлсэн, үзүүлж байгаа ААН-ийн тоо 500 гараад явчихлаа.
Давтан баталгаажуулалт хийж байгаа байгууллагуудын тоо нийт харилцагчийн 80 хувийг эзэлж байна. Энэ зах зээлд бид илүү олон байгууллагын итгэлийг хүлээж байна гэдэг нь анхдагч байсны ач гавьяа байх. Манай хамт олон Монголынхоо ААН-үүдэд стандартыг хүртээмжтэйгээр нэвтрүүлэх зорилготой. Энэ ч үүднээс нэг хүнтэй хүнсний дэлгүүрээс эхлүүлээд мянган хүнтэй томоохон компани хүртэл ямар ч байгууллагад хүрч ажиллахыг зорьдог.
Бидэнтэй хамтран ажилладаг томоохон компаниудаас дурдвал, Энержи ресурс байна. 2018 онд гаднаас аудитор авчралгүйгээр манайхаар баталгаажуулалтаа хийлгэж, гаднын зах зээлд IPO хийсэн. Мөн манайхтай хамтран ажилладаг Монос Косметикс бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн байна.
Гадаад худалдаа дээр бид юуг анхаарах шаардлагатай вэ? Импортын босгыг л гэхэд, стандартаар өндөрлөх шаардлагатай санагддаг.
Бид гаднын улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр хийдэг. Тэгвэл дипломатууд худалдааны хэлэлцээр хийхдээ бид ямар стандарт нэвтрүүлсэн бэ гэдгээ онцолж ярих хэрэгтэй. Стандартдаа анхаарчихвал хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний экспортод асар том ирээдүй бий. Халал стандарт нэвтрүүлчихвэл Ойрх Дорнодын орнууд руу экспорт хийх боломж байна.
Нөгөөтээгүүр манай импортын босго нам байгаа нь нууц биш. Японы зах зээлд нэвтэрдэггүй шүдний оо Монголын хилээр ороод ирэх жишээтэй. Тэгэхээр хүн амын эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд өнөө л стандартаа бид “босго” болгож тавих ёстой. Лабораторийн чадавх, хүртээмжийг ч нэмэгдүүлэх шаардлагатай.
Тендерт шалгарахын төлөө, эсвэл хэрэглэгчийн итгэлийг олж авах “хуурамч маркетинг”-ийн төлөө стандартын араас хошуурдаг байдал байсаар байна. Энэ үзэгдлээс яаж ангижрах вэ?
Зарим компани стандартыг огт анхаарч үздэггүй. Тендерт орох эсвэл томоохон компанийн ханган нийлүүлэгч болохын тулд л ямар нэгэн стандарт нэвтрүүлсэн гэж хоосон лоозогнодог. Угтаа өсөж тэлэхийг хүсэж байвал, гаднын зах зээлд хөл тавихыг эрмэлзэж байвал, IPO хийхийг зорьж байвал стандарттай болох хэрэгтэй. Стандартыг оновчтой, зөв хэрэгжүүлснээр тогтолцоогоороо ондоошно. Хүний нөөцийнхөө ур чадварыг баталгаажуулж бүтээмжээ өсгөнө. Ингэж байж компанийн өрсөлдөх чадвар сайжирна.
Стандартын шаардлага хангасан гэдэг бол хэзээ ч хангалттай үзүүлэлт биш. Стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, байгууллагын соёлдоо нэвт шингээж байж “стандарт” гэдэг зүйлийн ид шидийг мэдрэх боломжтой.
Ямар ч компани нэг зүйлийг ойлгоод авчих хэрэгтэй. Стандартыг хэзээ ч нутагшуулж дуусна гэж байхгүй. Үүнийг байнга шинэчилж байх шаардлагатай болдог. Тиймээс олон улсын стандарт нэвтрүүлэхийн сацуу олон улсын стандартад тулгуурлаад байгууллагын стандартаа бий болгож хөгжүүлэх хэрэгтэй. Түүнийгээ мөрдөх тал дээр ч анхаарах шаардлагатай.
Стандартын шаардлага хангасан гэдэг бол хэзээ ч хангалттай үзүүлэлт биш. Тэр стандартыг бүр өөрийн болгож, соёлдоо нэвт шингээж байж “стандарт” гэдэг зүйлийн ид шидийг мэдрэх боломжтой.
Стандарт бол тухайн байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах маш чухал хөшүүрэг байдаг. Ямар нэг стандарт нэвтрүүлсэн бол гурван жилийн хугацаанд жил бүр магадлан хийлгэх хэрэгтэй. Магадлангаа хийлгээд, стандартыг маш сайн мөрдөх тусам байгууллагын соёлтой уялдаж, соёлынх нь нэг хэсэг болоод төлөвшдөг зүй тогтол бий.
Салбарынхаа ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
Монголын баталгаажуулалтын үйлчилгээг Төв Азийн зах зээлд нэвтрүүлэх боломж байна. Учир нь барууны тохирлын үнэлгээний байгууллагууд дайны улмаас Москвад байсан бүсийн оффисоо хааснаар Төв Азийн бүс нутаг дахь үйл ажиллагаа нь ярвигтай болж эхэлсэн. Улмаар барууныхан бүсийн оффисоо Астана руу шилжүүлэх үү, Улаанбаатар луу шилжүүлэх үү гэдэг дээр эргэлзээтэй нөхцөл байдалд орсон л доо.
Яг энэ үед манай Франц дахь Элчин сайд нэлээн идэвх, зүтгэл гаргасны хүчинд Францын тохирлын үнэлгээний байгууллагын бүсийн оффис нь Улаанбаатар хотод байршихаар болсон. Өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд, төв азийн 19 байгууллагын аудитын үйл ажиллагааг Улаанбаатараас зохицуулж байна. Мөн манай бүс нутагт Казакстан, Монгол хоёрт л стандартчилал, тохирлын үнэлгээний салбар дэд бүтцийн хувьд, олон улсын жишгээр хөгжиж байна. Тэгэхээр энэ салбарт “Алтан ордны улс” байгуулах боломж монголчуудад нээлттэй байна.