Тархи бол таны хамгийн сайн найз мөн хамгийн заналт дайсан юм. Стэнфордын их сургуулийн багш Ширзад Чаминэ энэ талаар Positive Intelligence номдоо өгүүлжээ. Түүний судалгаанаас үзвэл амжилтад хүрэхийн тулд таныг хойш чангааж буй “хорлон сүйтгэгч”-дийг ялах ёстой аж. Та IQ, EQ гэж сонсож байсан бол түүний номоос PQ гэж юу болох талаар, хүрч болох хамгийн дээд боломждоо яаж хүрэх талаар мэдэж авах болно.
Эерэг сэтгэлгээ гэж юу вэ?
Эерэг сэтгэлгээ нь тархины ажиллаж буй хоёр горим буюу найз, дайсны хүчийг хэмждэг юм. Өөрөөр хэлбэл, Хорлон сүйтгэгч, Цэцэн мэргэнийг.
Хэрэв Эерэг Сэтгэлгээ их бол таны тархи дайсан бус найз шиг тантай хамтран ажиллана. Харин Эерэг Сэтгэлгээний хэмжээ бага бол таны тархи таны дайсан шиг ажиллана.
Харамсалтай нь Чаминэгийн судалгаанд хамрагдсан багуудын 80 хувь нь Эерэг Сэтгэлгээний зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур түвшинд ажиллаж байсан нь илт болсон агаад ингэснээр хүрч болох байсан амжилт, аз жаргалдаа хүрч чадахгүй байгаа нь тодорхой болжээ.
Яагаад?
Арван хорлон сүйтгэгч
Энэ хэсэгт 10 хорлон сүйтгэгчийн талаар өгүүлэх тул та тэдгээрийг гарч ирэх бүрт нь анзаардаг болно.
Гол хорлон сүйтгэгч: Шүүгч
Шүүгч бол хамгийн гол хорлон сүйтгэгч буюу хорлон сүйтгэгчдийн дарга нь юм.
Түүний гол ажил бол танаас, бусдаас, нөхцөл байдлаас алдаа, өө олох юм. Өөрийг нь байхгүй л бол таныг залхуу, биеэ тоосон болчихно гэж Шүүгч өөрийгөө зөвтгөдөг.
Өмнөх алдаа, одоогийн дутагдлыг чинь сануулах байдлаар Шүүгч танаас огт салахгүй. Бусадтай харилцах үед харин бусдын сайн талыг бус алдаа, дутагдлыг нь олж харахад л Шүүгч төвлөрнө.
Шүүгч таны толгойд “…………. яачихсан юм бол?” гэсэн бодлуудыг бий олгох үүрэгтэй.
Эдгээр бодол нь улмаар уур, гомдол, харамсал, ичгүүр гэсэн сэтгэл хөдлөл болж хувирдаг.
Есөн хамсаатан хорлон сүйтгэгч
Ажлаа сайн хийхэд нь Шүүгчид тусалдаг хамсаатнууд бий. Таны хүмүүжил, төрөлхийн шинж чанар нь Шүүгчтэй хамт аль хамсаатныг нь хамт ажиллуулахыг шийддэг гэж болно.
Энэ нь ухамсаргүйгээр хийгддэг зүйл агаад ихэнхдээ таны цөм сэдлүүд, хэв маягийн хослолоос хамаарна.
Хүнд гурван цөм сэдэл байдаг агаад хүн тэдгээрийн аль нэгт нь илүү ач холбогдол өгдөг байна.
- Бие даасан байдал: Бусадтай харилцахад танд хил хязгаар зайлшгүй хэрэгтэй.
- Хүлээн зөвшөөрөл: Та эерэг имиж бүрдүүлснээр бусдаар хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.
- Аюулгүй байдал: Түгшүүр, айдсаа хянадаг, аль болох багасгадаг байх хэрэгтэй.
Хүнд гурван төрлийн хэв маяг байдаг агаад тэдгээрийн аль нэгт нь илүү ач холбогдол өгдөг байна.
- Нотлох: Цөм сэдлийнхээ дагуу үндсэн хэрэгцээгээ хангахын тулд та үйлдэл хийнэ.
- Хүртэх: Цөм сэдлээ хэрэгжүүлэхийн төлөө та шаргуу хөдөлмөрлөнө.
- Зайлсхийх: Цөм сэдэлдээ хүрэхийн тулд зарим зүйлээс зайлсхийнэ.
Цөм сэдэл болон үндсэн хэв маягийн уулзах цэг нь таны хорлон сүйтгэгчдийг тодорхойлох юм. Ингээд бусад хорлон сүйтгэгчдийг танилцуулъя.
Хянагч (Бие даасан байдал/Нотлох)
- Хэрхэн илэрдэг вэ: Хянагч нарт нөхцөл байдлыг (түгшүүрт хөтлөгдсөн) хянах хэрэгцээ байдаг агаад бүхнийг өөрийнх нь хүслээр хийхийг хүмүүсээс шаарддаг.
- Онцлог шинж: Хянагч нь өрсөлдөөн, сорилтоор дамжуулан бусдыг холбодог бөгөөд боломжгүйг бүтээж, олны таамгийг давж гарч байхад амь ордог.
- Бодлууд: Хянагч нь “хэн ч надад юу хийхийг заахгүй”, “би нэг бол хянана эсвэл хянахгүй” гэсэн бодлыг таны тархинд суулгадаг.
- Мэдрэмж: Өөрийнх нь хүслээр болохгүй байгаа үед маш их түгшүүрийг, харин өөрийг нь дагахгүй үед уурыг Хянагч үүсгэдэг.
- Зөвтгөл: “Бусдын л төлөө ажлаа хийхийг хичээж байна”, “Би л байхгүй бол юу ч хийгдэхгүй” гэсэн бодлоор Хянагч өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Бусдын мэдрэмжийг хянаж, үл хайхрах замаар түр зуурын үр дүнд хүрдэг.
Дэмжигч: (Бие даасан байдал/Хүртэх)
- Хэрхэн илэрдэг вэ: Дэмжигч нь төгс байдлыг эрхэмлэгчийн дүрээр гарч ирдэг бөгөөд дэг журмыг хэт шүтдэг.
- Онцлог шинж: Системтэй, бусдыг ихээхэн шүүмжилдэг, өөрийгөө хэт хянадаг байдлаар Дэмжигч илэрдэг.
- Бодлууд: “Хэрэв төгс хийж чадахгүй бол хийсний хэрэггүй”, “Бусад хүн өөртөө сул стандарт тавих юм” гэх зэрэг бодлыг таны толгойд суулгадаг.
- Мэдрэмж: Өмнөө тавьсан стандартдаа хүрээгүй бол Дэмжигч нь танд бухимдал, харамслыг төрүүлдэг. Мөн шоолонгуй, өөрийгөө зөвтгөсөн өнгө аяыг агуулж байдаг.
- Зөвтгөл: “Үүнийг яаж хийх ёстойг би мэднэ, хийх ёстой хүн нь бий” гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Түгшүүр, сэтгэлээр уналтын байнгын эх үүсвэр болдог.
Бултагч (Бие даасан байдал/Зайлсхийх)
- Хэрхэн илэрдэг вэ: Бултагч эерэг, таатай зүйлд хэт их төвлөрдөг.
- Онцлог шинж: Зөрчлөөс зайлсхийж, заримдаа чухал асуудлын ач холбогдлыг үл хайхардаг.
- Бодол: “Үүнийг зөнгөөр нь орхивол өөрөө зүгээр болчих байх”, “Бусадтай маргалдах юм бол үүсгэсэн харилцаагаа алдана” гэх мэт бодлыг таны толгойд суулгадаг.
- Мэдрэмж: Зайлсхийж, бултсан зүйлдээ түгшиж, уур, дургүйцлийг дардаг.
- Зөвтгөл: “Зөрчлөөс сайн зүйл гарах нь үгүй”, “уян хатан байх нь зөв” гэх мэт бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Асуудлыг өсөж хөгжих боломж, бэлэг болгон харахад нь Зайлсхийгч нарт үгүйсгэл саад болдог.
Хэт-амжуулагч (Хүлээн зөвшөөрөх/Нотлох)
- Хэрхэн илэрдэг вэ: Хэт-амжуулагч нь өөрийгөө хүндлүүлэхийн төлөө байнга ажиллаж, ажлын хэнээтэн болсон байдаг.
- Онцлог шинж: Сул талаа далдлахад маш сайн, бусдад онцгой сэтгэгдэл төрүүлэхийн тулд зан араншингаа өөрчилж, дасан зохицдог.
- Бодол: “Хийдэг зүйлдээ хамгийн шилдэг нь байх ёстой”, “хөдлөл ажил хийхэд сэтгэл саад болно” гэх мэт бодлыг Хэт-амжуулагч таны толгойд суулгадаг.
- Мэдрэмж: Дотно байдал, сул талаа харуулахаас айдаг бөгөөд заримдаа сэтгэл хоосрох, депресст орсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гэвч сэтгэл хөдлөлд автах дургүй.
- Зөвтгөл: “Амьдрал бол үр дүнд хүрэхийн төлөөх тэмцэл”, “сэтгэл хөдлөл бол саад тотгор, юунд ч тус болохгүй” гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Аз жаргал богино настай, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд дараагийн том ялалтыг байгуулах эсэхээс үргэлж хамаарна. Эдгээр бодол нь хэт-амжуулагчийг бусадтай харилцаа үүсгэхэд нь саад болдог.
Бялдууч (Хүлээн зөвшөөрөх/Хүртэх)
- Хэрхэн илэрдэг вэ: бусдад туслах замаар хүлээн зөвшөөрөгдөх гэж Бялдууч нар шууд бус оролдлдог. Үүний улмаас та өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ болих, атаархуу болох шинж тэмдэг илэрнэ.
- Онцлог шинж: Хариу тус хүргэх ёстой гэсэн мэдрэмжийг хүмүүст төрүүлэх байдлаар Бялдууч нь өөрийн хэрэгцээг илэрхийлж, байнга бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг хичээж байдаг.
- Бодол: “Би хэт ихийг бусдад зориулаад өөрөө хоосон хоцорч байна”, “би сайн хүн, бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьдаг” гэх мэт бодлыг танд төрүүлдэг.
- Мэдрэмж: Хүсэл, хэрэгцээгээ илэрхийлвэл бусдыг өөрөөсөө холдуулна гэж бодож, намайг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дургүйцлийг бий болгодог.
- Зөвтгөл: “Хүн бүр бусдад амиа хичээлгүй тусалж, хариу тус нэхдэггүй бол дэлхий хавьгүй сайхан газар болох байсан” гэсэн бодлоор Хэт-амжуулагч өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Атаархал, ядаргаанд хүргэнэ.
Хохирогч (Хүлээн зөвшөөрөх/Зайлсхийх)
- Хэрхэн илэрдэг вэ: Хөндүүр, дотоод сэтгэл хөдлөлийн туйлшралаар Хохирогч илэрч гарч ирдэг. Ихэнхдээ үйл лай эдлэгчийн дүрд тоглодог.
- Онцлог шинж: Хэрэв шүүмжлэх юм бол няцаж, шантарна. Уураа хүчээр дардаг учир ноомой, байнгын ядралттай болдог.
- Бодол: “Надад үргэлж муухай зүйл тохиолддог”, “хэн ч намайг ойлгодоггүй” гэсэн бодлыг төрүүлдэг.
- Мэдрэмж: Гэр бүл, найз нөхөдтэйгээ байсан ч ганцаардах мэдрэмж төрүүлж, атаархсан, сөрөг харьцуулалтад гүн автуулдаг.
- Зөвтгөл: “Хэрэв ингэх юм бол хүртэх ёстой хайр, анхаарлаа бага ч гэсэн олж авна” гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Хохирогч нь ихэнхдээ хүмүүсийг өөрөөсөө улам холдуулдаг.
Тогтворгүй (Аюулгүй байдал/Нотлох)
- Хэрхэн илэрдэг вэ: Дараагийн үйл ажиллагааг эрэн хайх явцад Тогтворгүй гарч ирдэг.
- Онцлог шинж: Амархан уймарч будилдаг, олон янзын үүрэг, төлөвлөгөөнд өөрийгөө зориулж завгүй байдаг.
- Бодол: “Энэ ажил утга учиргүй юм”, “яагаад бусад нь надтай адил ажиллахгүй байна вэ” гэсэн бодлыг төрүүлдэг.
- Мэдрэмж: Яг одоо болж буй зүйлд тэвчээргүй хандах, бусад сонголтыг анзааралгүй орхисон байх вий гэсэн айдсыг төрүүлдэг.
- Зөвтгөл: “Амьдрал хэт богино”, “үүнээс хоцормооргүй байна” гэх мэт бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Таныг тун чухал асуудал, харилцаанаас зугтаж, зайлсхийхэд хүргэдэг.
Хэт-Сэрэмжлэгч (Аюулгүй байдал/Хүртэх)
- Хэрхэн илэрдэг вэ: Болзошгүй аюулын талаар үргэлж түгшиж, буруугаар эргэж болзошгүй зүйлд хэт их анхаардаг.
- Онцлог шинж: Бусдыг үргэлж хардаж, дүрэм журмаас баталгаа, заавар эрж хайдаг.
- Бодол: “хэзээ нөгөө гутал сугарч унах бол”, “хэрэв алдаа гаргавал хүн бүхэн над руу дайрна” гэх мэт бодлыг төрүүлдэг.
- Мэдрэмж: Гутранги бодол, түгшүүрийг төрүүлдэг.
- Зөвтгөл: “амьдрал аюулаар дүүрэн”, “хэрэв тэр аюулыг би олж харахгүй бол өөр хэн ч олохгүй” гэх мэт бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
- Нөлөө: Сайн үйлсийн төлөө ашиглаж болох байсан асар их эрч хүчийг түгшүүр нь хий дэмий үрж орхидог.
- Хэт-рациональ (Аюулгүй байдал/Зайлсхийх).
Хэрхэн илэрдэг вэ: Бүх зүйлийг рациональ байдлаар боловсруулахад хэт их анхаардаг учир хүйтэн хөндий, зай барихаар хүн гэж харагддаг.
Онцлог шинж: Заримдаа ухаалаг боловч ихэмсэг, биеэ тоосон байх бөгөөд ихэвчлэн шинэ санаа олж авахтай холбоотой сэтгэл хөдлөлийг гаргадаг.
Бодол: “Бусад хүн сэтгэхдээ рациональ биш, сул байдаг”, “бусдын хэрэгцээ, сэтгэл хөдлөл намайг ажлаа хийхэд саад болж байна” гэсэн бодлыг төрүүлдэг.
Мэдрэмж: Бусад хүмүүс сэтгэл хөдлөлтэй, рациональ бус байгаад гутарч, ихэвчлэн ганцаардмал, бусад хүн өөрийг нь ойлгохгүй байгаа гэсэн мэдрэмжид автуулдаг.
Зөвтгөл: “Рациональ сэтгэлгээ бол хамгийн чухал зүйл, тиймээс бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, зовлон бэрхшээлээс хамгаалах ёстой” гэсэн бодлоор өөрийгөө зөвтгөдөг.
Нөлөө: Ажил, амьдрал дээрх харилцааны утга учрыг ихээхэн хязгаарладаг.
Хорлон сүйтгэгчдийг хэрхэн дарах вэ?
Ямар сэтгэл хөдлөл, бодлын хэв маягийг Хорлон сүйтгэгч нар үүсгэж байгааг, тэдгээр нь яагаад танд ашиггүй вэ гэдгийг ойлгоход энэ стратеги тусална.
Гэхдээ дайсан мөртлөө найз мэт харагдаж чаддаг нь Хорлон сүйтгэгчдийн нэг хорлонтой шинж чанар билээ. Тэд нуугдаж байхдаа хорлонт ажлаа хамгийн сайн хийдэг юм.
Хорлон сүйтгэгчидтэй харилцахын тулд тэднийг царайгаа харуулангуут нь олж анзаарч, ангилах нь чухал. Жишээлбэл. “Хмм, Шүүгч эргээд ирж, намайг ахиад л бүтэлгүйтнэ гэж хэлж байна” хэмээн та өөртөө хэлж болно.
“Би бүтэлгүйтнэ” болон “Шүүгч намайг бүтэлгүйтнэ гэж хэлж байна” гэдгийн ялгааг анзаараарай.
Ингээд Хорлон сүйтгэгчийг хөөн зайлуулж, суларсан орон зайд нь эрүүл, илүү зөвөөр нөхцөл байдлыг авч үзэх Цэцэн мэргэний супер хүчийг ашиглаж болно.
Цэцэн мэргэний таван хүч
Энэ стратеги нь дотоод Цэцэн мэргэнтэйгээ холбогдож, Хорлон сүйтгэгчидтэй тэмцэх тухай юм. Сорилттой тулгарах үед танд тус болох таван хүчийг Цэцэн мэргэн эзэмшиж байдаг.
Энэрэх
Бусдыг өрөвдөж, өршөөх мэдрэмжийг хэлж байна. Эл мэдрэмжийг та бусдад болон өөртөө ч адилхан ашиглах хэрэгтэй. Шүүгч нь энэрлийг үзэн яддаг бөгөөд таныг эл мэдрэмжээ аль болох бага ашиглаасай (ялангуяа өөр дээрээ) гэж хүсдэг.
Улам их энэрэн өршөөдөг байхын тулд өөрийгөө эсвэл бусдыг (тухайн мөчид хэнд энэрэл хэрэгтэй буйгаас шалтгаалж) хүүхэд байна гэж төсөөлөх хэрэгтэй. Таны эсвэл бусдын жинхэнэ мөн чанар гэрэлтэж буй орчныг төсөөл. Магадгүй гөлөг тэвэрч байгаа, эсвэл дуртай тоглоомоо тоглож буйгаар төсөөлж болно.
Эрэл хайгуул
Хүүхэд байхдаа бид зөнгөөрөө дэлхий ертөнцийг сониуч зан, шохоорхлоор судалж байдаг. Маш том хямралын үед ч энэхүү сэтгэлгээгээ идэвхжүүлэх ёстой гэж Чаминэ сануулж байна.
Ийм нөхцөлд орвол та өөрөөсөө “би өөр юуг олж мэдэж болох вэ?” гэж асуух ёстой. Судлаач болж, байдлыг яг байгаа чигээр нь олж нээхийг оролд.
Жишээлбэл, хэрэв та нэг хүнтэй муудалцсан бол өөрийн хүсэл шаардлагыг ганцхан минут мартаад нөгөө хүн яагаад тийм сэтгэл хөдлөл, зан араншин гаргаж байгааг нь сонирхоод үз.
Инновац
Эрэл хайгуул нь аливаа зүйлийг байгаа байдлаар нь олж мэдэхийг хэлж айгаа бол инновац нь урагшлах цоо шинэ замыг бодож олохыг хэлнэ. “Үүнийг өөрөөр хийж болох ямар шинэ арга барил байж болох вэ?” гэж асуувал инновац төрнө.
Бодлыг хязгаарладаг элдэв бодлоос ангижирч, боломжгүй мэт асуудалд ер бусын өөр, содон шийдэл олох хүчийг инновац танд өгөх юм.
Цэцэн мэргэний эл хүчийг сэргээх хүчирхэг арга бол “тийм ээ…. тэгээд…..” гэж ярилцах юм. Ингэснээр шинэ санааг тэр даруй нухчин даралгүй үнэлж цэгнэх боломжтой болно.
Чиглүүлэх
Инновац бол боломжит замуудыг гаргаж ирэхийг хэлж байгаа бол харин чиглүүлэх гэж тэдгээрээс аль нэгийг нь сонгохыг хэлж байгаа юм. Ийм үед таны ашиглах ёстой луужин бол таны амьдралд утга учир, зорилго өгдөг асар чухал үнэ цэн байх ёстой.
Адармаатай хүнд нөхцөлд луужингаа зөв сонгоход туслах хамгийн зөв аргуудын нэг бол “урагш нь гүйлгэх” тоглоомыг тоглох билээ. Амьдралынхаа эцсийн цэг дээр ирээд өнөөдөр тулгарч буй асуудлаа эргэн санаж байна гэж төсөөл. Тэр цэг дээр зогсонгоо аль шийдвэрийг нь сонговол зөв бэ гэж өөрөөсөө асуу.
Идэвхжүүлэх
Замаа сонгосон бол та үйлдэл хийж, хүчээ идэвхжүүлэх ёстой болно. Ийм түвшинд ирсэн бол таны оюун ухаан, сэтгэлийн бүх эрч хүч зөвхөн үйлдэлд төвлөрч, Хорлон сүйтгэгчдэд автахгүй байх ёстой.
Ингэхийн тулд “Хорлон сүйтгэгчдийг суллах” гэдэг тоглоомыг тоглож болно. Та өөрийгөө Хорлон сүйтгэгчийн дүрд оруулаад, таны үйлдэлд яаж саад хийхийг нь төсөөлөх хэрэгтэй. Үүний дараа тэрхүү саадыг давах төлөвлөгөөг гарга.
Дүгнэлт
Эхэнд өгүүлснээ энэ удаад дахин давтъя. Тархи бол таны хамгийн сайн найзын зэрэгцээ хамгийн заналт дайсан. Гэхдээ Эерэг Сэтгэлгээг ашиглаж эхэлснээр та өөртөө хэрэгтэйг нь сонгох хүчтэй болно.
Та Хорлон сүйтгэгчдээ тодорхойлж, нэрлэж чаддаг болсон тул Цэцэн мэргэний хүчээ ашиглан тэдний хүчийг сулруулвал хорвоо ертөнцтэй харилцах аргаа эрс өөрчлөн сайжруулж, үр дүнд нь амжилтыг гартаа оруулна.