“Woman entrepreneur” буланд голдуу хөрөг нийтлэл ордог ч энэ удаа ярилцлага оруулах нь зүйтэй гэж шийдлээ. Учир нь “Дасгалжуулалтын Академи”-ийн үүсгэн байгуулагч Monica Батсүхтэй өрнүүлсэн тус яриа Монголын бизнесийн хамгийн өвдөлттэй цэгүүдийг хөндөж, стратеги, бизнес загвар, маркетинг ба борлуулалт, хүний нөөц, технологи, экспортын тухайд ажил хэрэгч хүн бүрийн гээх ёсгүй санаануудыг багтаалаа.
Бизнес хийгээд тодорхой хугацаа өнгөрөөсөн хүмүүс стратегийн хомсдол гэх үү ямар нэг шалтгаанаар гацчихдаг. Таны харж байгаагаар бизнесүүдийг гацааж байгаа гол хүчин зүйлс юу байна вэ?
Хүний нөөцийн асуудал маш том сорилт дагуулж байна. Миний хувьд яг энэ чиглэлд хувь хүний ур чадваржуулах дээр ч, бизнесийн чадамжийг өсгөх чиглэл дээр ч мэргэжлийн түвшинд ажилладаг. Судлаад үзэхээр чадалтай хүн байхгүй учраас бус, захирлууд сэтгэлгээний цар хүрээний хувьд гацалттай учраас хүний нөөцийн асуудалтай байгаа харагдсан. Зах зээл маань тэр ч утгаараа үүсгэн байгуулагч, захирлаасаа эхлээд хувь хүний хөгжлийн болон бизнесийн боловсролын дутагдалтайгаас тэр чигээрээ хүний нөөцийн боломжийг оновчтой ашиглаж чадахгүй байна. Нөгөө талаас энийг хувь хүний хөгжлийн асуудал бөгөөд цаашилбал захирлууд, менежментийн баг, ажилтан ч давхар давхар сорилтот зах зээлийн цохилтод өртөж байна гэж би харж байгаа. Бизнес чадалтай бэлэн хүнийг гаднаас хайж олох гэсэн буруу ойлголт байдаг. Угаасаа Монгол улс хүн ам цөөтэй, бизнесүүдийн хяналтаас гадуур чадварлаг хүнийг гаднаас хайж горьдлого тавих нь зохимжгүй. Тухайн ажил горилогч өөр байгууллагад өөр дадал хэвшлээр ажиллаж байгаад ирж байгаа шүү дээ. Үүнд ажиллагаа хэрэгтэй. Харин оронд нь цөөн тооны чадварлаг хүнтэй, өндөр үр бүтээмжтэй ур чадварыг олгоход байгууллагууд төвлөрч ажиллах нь чухал.
Бизнесээ амжилтад хүргэхийн тулд тодорхой мөчлөгүүд байдгийг анзаарч мэдэж авах нь чухал. Мөчлөгүүд яаж хөгждөг вэ гэхээр чадвартай хүмүүс бий болох тусмаа бизнес дараагийн шат руугаа орж байдаг. Чадвартай хүмүүс бий болгож байж бизнесээ өсгөнө гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бизнес эрхлэгчид чадвартай хүн бэлтгэж байнгын өсөлтөө бодлогоор төлөвлөх ёстой. Зарим бизнес эрхлэгч яг өөр шигээ хүнийг, өөртэйгөө ижил төрлийн хүнийг л чадалтай хүн гэж эндүүрдэг. Үнэндээ бол өөрийнхөө дутууг орлох, нөхөх хүн бизнест нь илүү чухал ур чадварыг бий болгоход шаардлагатай, бизнесийг өсгөхөд хэрэгтэй.
Хүний оюун тархийг ашиглах нь бизнест маш чухал байтал тухайн хүнийх нь оюун ухаан, сэтгэлгээ нь ажлын байранд нь тохиромжгүй, зөв хүнийг зөв ажлын байран дээр тавиагүй, зөв хөгжүүлэхэд нь дэмтэй хуваарилалт дутагдалтай харагддаг. Бизнесийн сэтгэлгээнд суралцаж хөгжүүлээгүй тархитай хүний бизнестээ гаргадаг хор уршиг асар их, алдагдсан боломжийн өртөг хэдэн тэрбумаараа хэмжигддэг. Стартап байлаа гэхэд ихэнх гарааны бизнес эхэндээ мөнгөтэй болохын тулд, өөрийгөө тэжээхийн тулд бизнесээ эхэлдэг. Ингэхээр бизнес нь тодорхой хэмжээний өөрийгөө тэжээх мөнгөтэй болоод хэсэгхэн хугацааны дараа асуудалд унадаг. Өөрийгөө тэжээх гэсэн, аргацаасан бизнес эцэстээ зорилго нь утгагүй, цаашдаа явцгүй болж ирдэг. Бусад зүйлсээ анзаарахгүй, мөнгө олохдоо л анхаараад байхаар бизнес өргөжихөө больдог.
Үүсгэн байгуулагч бол бизнесийн машиныг бүтээх ёстой, хүн нь машинаасаа буусан ч тэр хүнгүйгээр бизнесийн машин урагшилж байх ёстой. Тангүйгээр явж байх ёстой тийм бизнесийг бүтээх ёстой байтал өөрөө бизнесийн машин болоод, дотоод асуудал, эд анги дотроо төөрөөд байвал хэр хол явах вэ. Бизнесийг томруулах явцад хүний сэтгэлгээнээс шалтгаалахгүйгээр явагдах үйл ажиллагааг автоматжуулах замаар хүний нөөцөө илүү бүтээмжтэй, олон дахин томруулж ашиглах гарц нь болдог. Өнөөдөр хүний гараар хийх шаардлагагүй маш олон ажлыг бид процессоор нь хялбаршуулж автоматжуулах шаардлагатай. Харамсалтай нь маш олон бизнес автоматжуулснаар томрохуйц түвшнээсээ өмнө унадаг нь ердөө л нөгөө бизнесийн сэтгэлгээний асуудал юм. Тэгэхээр өөрөөсөө илүү чадалтай хүнийг гаргахын төлөө, тэр хүндээ хариуцлагаар дамжуулж итгэлцлийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Гэтэл хүмүүс ямар хүнээр ямар ажил хийлгэх вэ гэсэн бизнесийнхээ суурь онолыг ойлгож мэдээгүй байх нь элбэг. Нөгөөтээгүүр мөнгөний төлөө бизнес хийж байгаа хүнд бизнесийг том зургаар нь харах чадвар байдаггүй. Томорч байгаа бизнесүүдэд гацалт хоёр янзаар тохиолддог. Эхний шалтгаан нь тэр бизнес хэтэрхий хурдан хөгжих гэж яарсан тохиолдолд. Дараагийн шалтгаан нь хэтэрхий удаан, улиг болсон зүйлээ хийсээр байвал гацдаг. Хэтэрхий удаан байснаараа хүмүүсээ залхаадаг, санхүүгийн алдагдалд унадаг. Харин хэтэрхий хурдан байснаар бизнесүүд дотроосоо цөмөрч унадаг. Хүмүүс нь ачааллаа дийлэхээ болиод ажлаасаа гараад явдаг.
Бизнесийг амжилтад хүргэх цөөн хэдэн чухал стратеги байдаг. Энэ цөөн хэдэн стратегиудын гинжин хэлхээ дараах байдлаар бий болдог. Нэг хэрэгцээг хангангуут дараагийн хэрэгцээ урган гардаг. Үүнийг нөхөж байж бизнесийн органик өсөлт бий болдог. Гэтэл ихэнх хүмүүс хаана, ямар хэрэгцээ байгааг зөв тодорхойлж чадахгүй өндөр хэрэгцээтэй хоёр, гурван мөчлөгийг алгасах гээд байдаг. Ингэж чухал шат дамжлагаа алгассан бизнес эрэлт, хэрэгцээ, өсөх боломжуудаа ч мөн алгассан байдаг. Хүн бүр өөр төрлийн авьяастай. Бизнесийн үндэслэгч ямар ур чадвартай байна түүгээр бизнесийн эхний суурь тавигддаг. Машинаар бол нэг дугуй нь эргэх боломжтой болж байна гэсэн үг. Улмаар бүтэн зураглалаа гаргаж бусад дугуйнуудыг эргэлдүүлж байж бизнес явж эхэлнэ. Хүнд итгэж зөв хүмүүсээр бизнесийн машинаа нэгэн цогц болгож дугуйнуудаа эргэлдүүлэх нь чухал.
Харамсалтай нь маш олон бизнес эрхлэгч хүнд итгэх, хүн удирдах сэтгэлгээний гацалтаасаа болоод чухал ажлын байрнууд дээр хамаатнаа аваачаад тавьчихдаг. Ингээд явчихаар хариуцлагын тогтолцоо сулраад ирдэг. Найзууд бизнесийн хамтрагч болсон бол мөн л бизнесийн хэрэгцээнд нь тохирсон циклүүдийг алгассанаасаа бүтэлгүйтэх магадлал өндөр болно. Энэ мэтчилэн мэдлэг, туршлагаар нимгэн хүнээр удирдуулсан, эготой, өөрийгөө төвийлгөх гэсэн хандлагатай хүмүүсийн эхлүүлсэн бизнес дээр шууд гацдаг. “Би” гэсэн ертөнцөөсөө ангижирч, буулт хийх, авах гээхийн ухаан хэрэгтэй гэдгээ мэдэхэд бизнесийн сэтгэлгээ л зөв чиглүүлэг өгнө. Чадахгүй байгаа зүйл дээрээ туслалцаа ав, ментороос зөвлөгөө ав.
Мөнгө төгрөгөө эд бараа, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулаад яваа атлаа, бизнесийг томруулах гол хэрэгсэл болсон оюун ухаан, сэтгэлгээгээ хөгжүүлэх хэрэгцээгээ бид гээдгээсээ болж бизнес алдагдалд ордог. Бизнес нь томроод, технологио шинэчлээд, бизнесээ өргөжүүлээд яваад байгаа хүмүүсийг харахаар тэд бүгд оюун ухаандаа арай дээр хөрөнгө оруулалт хийдэг, боловсролдоо үнэ цэн өгдөг, чухалчилдаг, өөрийн гэсэн көүч дасгалжуулагч, ментортой хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх бизнес томрох түвшин рүүгээ орж чаддаггүй. Бизнесийг өөрийн онцлог дээр үндэслэж хийдэггүй, бусдын хийж буй улиг болсон бэлэн загварыг хуулбарладаг. Тийм учраас монгол бизнесүүд инновацлаг биш. Үүний оронд импортын ариун цэврийн цаас авчраад зарчихъя гэдэг л бизнес сэтгэхүйтэй хүн олон. Ингэхээр бизнесүүд өсөж чадахгүй.
Хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвар, мэдлэгийн хомсдол их байна. Компаниуд маш оновчтой хүний нөөцийн стратегитай л байхгүй бол арчигдахаар байна. Тийм стратегитай байхын тулд ямар зарчмыг баримтлах вэ?
Тухайн хүний зорилгыг байгууллагын алсын хараа, зорилготойгоо уяж, итгэлийг нь олох чухал. Бид ярьдаг шүү дээ. Гайгүй сургаж сургаж авсан хүнээ алдчихлаа, сүүлийн үеийн залуучууд ч орж гардаг л болж дээ гэж. Гэтэл тэр хүний итгэлийг бид алсын хараа, зорилготойгоо уяж чадаагүй учраас гээгээд байгаа юм. Чадварлаг ажилтныг бүтээх процесс дутагдаад байгаа учраас хүмүүс нь ажлын байран дээр тогтвортой биш байна. Хүмүүс хоорондоо харилцааны зөрчилдөөнтэй, ойлголцолгүй учраас, ажил нь хоорондоо уялдаа холбоогүй учраас залуучууд гараад байгаа юм. Таны дор ажиллаж буй ажилчин ч бас үл ойлголцол бүхий хувь хүний хөгжлийн сэтгэлгээний асуудлаасаа болж ажлын байрнаасаа халширч байна.
Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тэгэхээр win-win зарчмаар тохиролцох хэрэгтэй. Зүгээр нэг манипуляц хийгээд хүнийхээ чадварыг нээхгүй, хүсэл зорилгыг нь чухалчлахгүй ажиллаад байвал хүнээ тогтоож чадахгүй, хөгжүүлж чадахгүй. Win-win зарчим үйлчлүүлэгчид ч нөлөөлж байх ёстой. Тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл хангалуун байдлаас ажилтан ч, бизнесийг удирдаж буй хүн ч аль аль нь кайф авч чадаж байвал тэр бизнес урагшилна. Хамтын зорилго, үнэт зүйл нь биеллээ олно. Тэгэхээр хүнийг хүчирхэг болгох процессын онолыг бид маш сайн мэдэж байх шаардлагатай.
Монгол залуучууд уйтгартай бизнесээс холддог. Бид ихэнхдээ чадалтай туршлагатай хүнийг авч ажиллуулах нь чухал гэж үздэг. Өөр байгууллагад ажиллаад туршлагатай болсон байлаа ч бид тухайн хүнийг байгууллагынхаа үнэт зүйлсэд улам их хурцалж, хөгжүүлэх шаардлагатай байдаг. Хүнд бас өөрөө өөрийгөө батлах хэрэгцээг нь хангаж өгөх шаардлагатай. Чи үүнийг хийж чадвал манай байгууллагад маш хэрэгтэй байна гэх мэтээр зоригжуулж, энэ зүйл яагаад чухал юм гэдэг философийг тухайн хүнийхээ тархинд суулгаж өгөх хэрэгтэй. Яагаад чухал вэ гэдгийг нь ойлгуулахгүй ажил өгчихөөр тэр ажил үнэ цэн, утгаа алддаг.
Тухайлбал бид KPI гээд л яриад байдаг. Гэтэл яагаад чухал юм бэ гэдэг философийг нь сэтгэлгээнийх нь цар хүрээнд суулгаж ойлгуулаагүйгээс тоогоо ойлгохгүй, ач холбогдлыг нь ойлгохгүй, ажил нь утгагүй болоод байдаг. Энэ хэмжилтүүдийн утга учир, уялдаа холбоог нарийн тодорхойлчихвол, үзүүлэлтүүдийг тодорхой гаргаад, технологийн тусламжтай харуулаад байвал хүн өөрчлөгддөг, урам аваад сайжирдаг. Гагцхүү үүнийг бодож олно гэдэг толгой эргүүлсэн ажил болохоос биш яг сэдээд хэрэгжүүлсэн тохиолдолд маш үр дүнтэй. Тэгэхээр бодож олохын тулд ярилцах шаардлагатай.
Манайх заримдаа зүгээр л хүн авахгүй байх зорилгоор ажил горилогчтой ярилцдаг. Манайх хүмүүсийг маш сайн сургаж хөгжүүлж чаддаг учраас маш их хүн орох сонирхолтой байдаг. Миний хувьд энэ хүн манайд юу авчирч өгөх вэ гэдгийг маш сайн харахыг хичээдэг. Хүн авах дургүйдээ хий дэмий яриад явуулаад байгаа юм биш л дээ. Бидний соёлыг тэтгэх хэмжээний сэтгэлтэй, хандлагатай хүнийг олохын тулд ярилцдаг. Чадахгүй, сэтгэлгүй, утсаа оролдсон, ялархсан хүнийг авснаас аваагүй нь дээр. Тийм хүн авчихаар ажил хийж байгаа хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг. Хандлагыг ажилд ав гэдэг. Гэтэл яг ажилд орохдоо маш зөв хандлагатай байснаа, ажилдаа ороод хэсэг хугацааны дараа хандлага нь өөрчлөгдөөд ирдэг хүмүүс бий. Тэгэхээр маш сайн таних хэрэгтэй. Заримдаа сорилт өгч мэдрүүлдэг. Тэр хүнийг доромжилж байгаадаа биш сургаж ойлгуулахын тулд сорилт мэдрүүлж хэсэг хугацаанд туршдаг. Үүний дараа ихэнх нь сурсан юмтай үлддэг. Үүндээ ч сэтгэл ханамжтай байдаг.
Тэгвэл “Дасгалжуулалтын Академи”-ийн соёл ямар зарчмууд дээр тогтдог вэ?
Манай алсын хараа маш тодорхой. Гурван сая монгол хүндээ л үйлчилнэ. Тийм болохоор чи яагаад манай байгууллагад орж байгаа юм, хүмүүст яагаад, юуны тулд үйлчилж байгаа юм гэдгээ ч маш сайн ойлгож байх нь чухал. Манай хөтөлбөрт хамрагдсан хүмүүс манай байгууллагын үнэт зүйлсийг маш сайн ойлгодог. Энэ нь манайх хүн ажилд авахдаа хэдийнээ боловсорсон нөөцөөс сонголт хийх боломжийг өгдөг. Манай хөтөлбөрт хамрагдсан хүмүүс энэ байгууллагад нь ороод үзчих юм сан гэсэн хүсэлтэй болчихдог.
Тэгэхээр бид загас ихтэй нуураас дэгээ хаяад л загасчилж байгаатай адил хүнээ маш амархан олдог. Ажлын зар тавихад л 10-аад хүн ороод ирдэг. Үүнээс нэг, хоёрыг нь авах уу үгүй гэж л шийддэг. Оръё гэсэн хүн болгоныг авахгүй учраас гижгээ дарж, түр зуур ажиллах гэсэн хүн барагтай оруулж ирэхгүй байлгах зорилготой ажилладаг. Маш нарийн шалгуураар орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр байгууллагын соёлын тухайд гэвэл манайх нэгдүгээрт алсын хараа тодорхой. Хоёрдугаарт, сурах хүсэлтэй, хурдан суралцдаг, манай брэндийг төлөөлөх хүмүүсийг бид эгнээндээ нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл, заасан зүйлийг хэр тусгаж авч ашиглаж чадаж байна вэ гэдгийг хардаг.
Зарим хүмүүсийн дадал муу байдаг учраас туршилтын хугацаанд зан чанар, төрөлхийн өгөгдөл дээр тест хийж ажилд авдаг. Манайх яах аргагүй боловсролын байгууллага учраас сургалтын процесс нэлээн орж ирдэг. Багийн сургалтаараа байгууллагын соёлоо танилцуулж, юуг ямар аргаар хийхээ заана. Тэгээд сургах явцдаа дадлагажуулна.
Маш сайн менежментийн болон төслийн багтай болохыг мөрөөддөг үүсгэн байгуулагч, удирдлага олон. Манай нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд сайн багийг яаж бүрдүүлэх вэ?
Сайн баг бүрдүүлэхийн тулд багийн гишүүн бүрээ маш сайн таньж, тэр хүн чинь ямар чадвартай, юуг яаж хийдэг гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тухайн хүн чинь баг дотор өөрөөрөө байж чадаж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Байгууллага дотор үр дүнтэй, бүтээмжтэй ажлын урсгал бүрдүүлэх дадал суулгах хэрэгтэй. Хурал, тайлан, уулзалтын цагууд байдаг шүү дээ. Тэр цагуудыг үр бүтээлтэй ашиглах хэрэгтэй. Менежер нь менторлоно, туршлагаа хуваалцана, байгууллагын соёлдоо нэгдэж уусахад нь тусална гэх мэт олон янзын зүйл байна. Тиймээс уулзалтуудыг тогтмол хийж, шийдэл гаргах процессууд, хяналтын цэгийг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Бид өөр өөр зориулалттай маш их уулзалт хийдэг. Өнөө цагт бид глобал ажилладаг болсон байна. Англи, Солонгос, Япон гэх мэт улсуудаас холбогдож уулзалт хийлээ гэхэд соёл нь өөр байлаа ч зорилго нь нэгдмэл байдаг. Цагийн зөрүү, байршлаас хамаараад заримдаа төвөгтэй байдаг ч зорилгоо мэддэг байхад асуудалгүй. Улаанбаатарт нэг оффист суудаг хүмүүстэй ярилцах, цоо шинэ хүмүүстэй баг болоод уулзаж ярилцах тэс өөр. Тэгэхээр баригдмал бус байдлаар уулзалт хийхэд давуу тал их байдаг. Бусад байгууллагад байхгүй зүйлийг, эсвэл манай байгууллагад байх шаардлагагүй зүйлсийг олж хардаг.
Манай байгууллагын бас нэг соёл нь жижиг зүйл дээр ч сэтгэлээ зориулдаг байдал. Энгийн, бие биеэ гэсэн соёл суулгачихаар түүнийгээ их үгүйлдэг. Бид хүний бүхэл бүтэн амьдралын ур чадварыг хөгжүүлэхэд хоорондоо уялдаа холбоотойгоор өсөх хэрэгцээнд нь нийцүүлсэн, үе шаттай төрөл бүрийн сургалт ордог. Үүнээс анзаарахад анхаарал төвлөрөл, хатуужилтай хүн л хамгийн чанартай юм гаргадаг. Анхаарал төвлөрөл муу байгаа хүн нүдэн дээр л мэдрэгддэг. Тэр хүнээ анзаараад ойлгуулах, бие биедээ менторын дэмжлэг өгөөд явах нь багийн гол зарчим.
Ажлаас гарч байгаа ихэнх хүн менежерээс болж ажлаас гардаг. Тэгэхээр менежер хүн гэж хэн байх ёстой юм гэдэг талаар ярилцъя.
Менежерийг ментор гэдэг талаас нь харах хандлага түгээмэл болж байна. Бас манлайлагч гэдэг утгаар ч хүлээж авч байна. Тэгэхээр энэ хоёрын яг дундаж утгаар ойлгож хүлээж авбал илүү оновчтой байж болох юм. Бүрэн эрх мэдэл нь байхгүй ч багаа удирдаад, хүнийхээ ур чадварыг өсгөж бүтээмжтэй ажиллуулах нь менежерийн гол ажил. Нөгөө хүндээ хийх ажил, гаргах үр дүнг нь маш сайн ойлгуулж байж тухайн ажлыг гүйцэтгүүлдэг гэдэг утгаар манлайлагчийн суурин дээр тавьж болох юм. Тэгэхээр хүнд нөлөөлөх харилцааны чадвартай байх ёстой.
Монголын нөхцөлд хүнээ өрөвдөөд туйлширчих гээд байдаг. Байгууллага дээр ч ийм хандлага менежерүүд гаргадаг. Хүнээ өрөвдөж, алдааг өөгшүүлж, толгойг нь илнэ гэдэг сөрөг нөлөө бүхий сул дорой байдлыг газар авхуулж, улмаар байгууллагын үйл ажиллагааг доголдуулах эрсдэлтэй. Мэдээж хүнээ ойлгох нь чухал. Гэхдээ хүнээ хэт өрөвдөх нь тухайн хүнийг үл хүндэлж буй буруу хандлага. Ямар үедээ хүнээ сонсож ойлгох уу, ямар үедээ хүнтэйгээ шаардлагатай чухал яриа хийх үү гэдэг менторын ур чадварт суралцах шаардлагатай.
Бид менторын ур чадвар суулгаад сайн менторуудыг бэлдээд эхэлсэн, маш том өөрчлөлтүүд хийж чадсан. Байгууллагууд манай менторуудын ур чадварыг байгууллага доторх ажилчидтайгаа харьцуулахад эрс тэс мэдэгддэг гэж ярьдаг. Манай менторуудын яаж ийм сайн хүн байж чаддаг, өөрөө стресстээд байхгүй хэрнээ хүмүүсээс маш сайн үр дүн гаргах яриаг хийж чаддаг хандлага нь шал өөр юм байна гэж хэлдэг. Бидний бэлдсэн менторууд, манай сертификатыг авсан ментор, менежерүүд хүнийг ойлгож чаддаг, хүнээс хариуцлага нэхэж чаддаг. Тэгэхээр менежер гэдэг бол өөрийгөө гээхгүйгээр өрөөл бусдын ур чадвар, мэдлэг туршлагыг зохицуулах, нөөц бололцоог олшруулах чадалтай шидтэн шиг тийм л хүнийг хэлнэ. Хүнээ улам хүч чадалтай болгож, хувь хүнийг нь төлөвшүүлэх, хүсээд байгаа зорилгыг нь, хүрч болох хамтын зорилгыг нь байгууллагын зорилготойгоо уялдуулж ажлаа урагшлуулж чаддаг тийм хүнийг л сайн менежер гэнэ.
Бизнесийн стратеги тал руугаа асуумаар байна. Монголын зах зээл жижиг, өндөр маржинтай ажиллах боломж бага, дээрээс нь татвар хураамж гээд тэлэх орон зай хязгаарлагдмал байна, ихэнх бизнес зардлаа нөхөх хэмжээнд л ажиллаад байна гэж ярих нь олонтоо. Тэгэхээр стратегийн сонголтуудын хувьд юу гэж үздэг вэ?
Монголын зах зээл жижиг гэдэг ойлголтоо эхлээд авч хаях хэрэгтэй. Монголын зах зээл үнэхээр жижиг байсан бол энэ олон солонгос ресторанууд нээгдэх үү. Тэгэхээр бид мэдэхгүй зүйл рүүгээ бурууг чихдэг. Татвар өндөр, энэ нь бизнесүүдэд чөдөр тушаа болж байна гэж бас ярьдаг. Би Англид амьдардаг болохоор Монголын татварыг харьцангуй бага гэж хэлнэ. Бизнес эхэлж байгаа хүн маань эхнээсээ яагаад, юуны төлөө энэ бизнесийг эхлүүлсэн бэ гэдгээ эргэж харах шаардлагатай.
Ярилцлагын эхэнд хэлж байсанчлан Монголын бизнес эрхлэгчид зардлаа нөхөөд жаахан ашиг олно гэсэн амь тэмцэх сэтгэхүйгээр бизнесээ явуулж байгаагаас алддаг. Хэдий өндөр зардал гаргахаа мэдэхгүй, нөөцийн хуваарилалт маш муу сэтгэл зүйгээр эхлүүлчихсэн учраас өндөр зардалтай бизнес бүтээчихдэг. Өөрөөр хэлбэл стратеги нь анхнаасаа буруу явсан гэсэн үг. Яг үнэндээ бизнес бол хүний сэтгэлгээний тусгал. Буруу юмнуудыг эвлүүлээд тоглочихсон хүнд хэцүү байхгүй яах юм бэ. Тэгэхээр бизнес томрохгүй байгаа шалтгаан нь сэтгэлгээтэй холбоотой. Бизнесээ эхлүүлэхдээ л ашгийн маржин дор хаяж 40 хувиас эхлэх ёстой гэж бодох хэрэгтэй. Бүр 70, 80 хувийн ч ашгийн маржинтай байж болно.
Би 2014 онд Англид дөрвөн хүнтэй, өчнөөн олон саяын орлоготой нэг байгууллагад дадлага хийж байхдаа маш бага зардлаар хэрхэн өндөр ашигтай ажиллаж болдгийг анзаарсан. Нууц нь ердөө автоматжуулалт байсан. Технологийн оновчтой шийдлээр өндөр бүтээмжийг бий болгосон байсан. Тэгэхээр бизнес үнэндээ дан хүний хөдөлмөрөөс шалтгаалах зүйл биш. Тэгэхээр технологи гэж юу юм бэ гэдгийг ярих хэрэгтэй болно. Технологи бол зөвхөн төмөр эсвэл машин, компьютер биш. Технологи заримдаа арга барил, нөү хау байж болно. Үүнийг ойлгож амжаагүй байхдаа бизнес эхэлчихээр бизнес гацдаг.
Өөрөөр хэлбэл, ядуу сэтгэлгээгээр бизнес эхлүүлчихээр зогсонги байдалд орчихдог. Миний хувьд юуг голчилж зөвлөдөг вэ гэвэл эхлээд сэтгэлгээнийхээ цар хүрээг өсгөхөө чухалчил, дараа нь өсөх томрох боломжтой, ашигтай бизнесийн том салбарт тогло, тоглохдоо хүний хүчээр зодох биш, технологийг чухалчил, системээ хөгжүүл, хиймэл оюун ухааныг ашигла, зөвхөн Монголд ингэдэг гэсэн баригдмал ойлголтоосоо сал гэх мэтээр зөвлөдөг. Хэрэглэгчдэд чанартай зүйл өгөх үнэ цэнийг бүтээж сурахын зэрэгцээ зардалдаа хяналт тавь, өндөр зардлаас татгалз гэдэг.
Хэтэрхий хүнд жинтэй хүнийг гүйлтийн уралдаанд тавиад үзвэл яах вэ, ядарна сульдана. Үүнтэй адилхан өндөр зардалтай бизнесийг өргөжүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тэгэхээр зарим бизнест бизнесийн дизайнаа оновчтой тодорхойлохоос эхлээд зөв өсөлтийн системд оруулахын тулд ашиггүй олон амлалтаасаа татгалзаж цэвэрлээд үз гэх зэргээр зардлаа бууруулахад нь тусалдаг. Заримдаа компаниуд маш анзаарамгүй сонин зүйлс дээр буруу зардал гаргаж байдаг. Хийсэн юмнуудаа хөдөлгөхөөс айгаад нэг ёсондоо зардалдаа дарлуулаад байж байх тохиолдол бишгүй. Салбартаа хэтэрхий баригдах шаардлагагүй. Манайхан чанараа өгч чадахгүй байж хэтийдсэн үнэ хэлэх нь ч байна. Энэ бол стратеги, зах зээлээ буруу тодорхойлсны шинж.
Төр нь муу учраас хөрөнгө оруулагчид биднийг сонирхохгүй байна гэдэг ойлголт бас түгээмэл. Тэгэхээр хөрөнгө оруулалтын боломжууд гэдэг дээр бид сэтгэлгээгээ хэрхэн өөрчлөх шаардлагатай гэж боддог вэ?
Хөрөнгө оруулагчид юу сонирхдог вэ? Ерөөсөө л та миний мөнгийг яаж өсгөх вэ, таны үйл ажиллагаа найдвартай юу гэдгийг л хардаг. Гадаад ч бай, дотоод ч бай үүнийг л чухалчилдаг. Энэ ажил чинь найдвартай юу, миний мөнгө яаж эргэж орж ирэх юм бэ, би эндээс юу хожих вэ? Үүнийг л сонирхож байдаг. Гэтэл манай бизнесүүд яадаг гэхээр найдвартай бизнесийн загвар бүтээгээгүй учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чаддаггүй. Найдвартай бизнесийг бүтээхийн тулд таны бизнес ямар ашиг авчрах вэ гэдэг асуулттай л тулгарна. Бас хийж байгаа зүйл чинь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ямар хэрэгтэй юм, ямар үр дүн гарах юм гэдэгт хариулах хэрэгтэй.
Гаднаас хөрөнгө оруулалт хайхаасаа өмнө үйлчлүүлэгчээ бид хэр татаж байна вэ гэдгээ анзаарах хэрэгтэй. Үйлчлүүлэгч чинь таны хамгийн анхны хөрөнгө оруулагч гэдгийг та ойлгох хэрэгтэй. Бүтээгдэхүүн зах зээл дээр гарахад хамгийн түрүүнд хүртдэг хүн нь үйлчлүүлэгч. Энэ бүтээгдэхүүн хэр юм гэдэг үнэлгээг үйлчлүүлэгч өгнө. Үйлчлүүлэгчдээ та юу амласан юм, амлалтдаа та хүрч чадсан уу, үйлчлүүлэгч тань сэтгэл ханамжтай байна уу гэдгийг анхаар. Хэрэв таны үйлчлүүлэгч сэтгэл ханамжтай байж чадвал бизнес өсөж, хөрөнгө оруулалт татах боломжтой болно. Үйлчлүүлэгчийг сэтгэл ханамжтай байлгаж чадаж байгаа тохиолдолд дараа нь хөрөнгө оруулагчидтай холбогдоход та айдасгүй, өөртөө итгэлтэй байж чадна.
Эцсийн эцэст хөрөнгө оруулагчийн оруулсан мөнгийг өсгөх эх суурь нь, үйлчлүүлэгчийн гар дээр очдог үнэ цэнэ. Бизнесийг чинь томруулах үндсэн элемент нь үйлчлүүлэгч. Үйлчлүүлэгч хүссэн чанар чансааг танай байгууллагаас олон дахин авч чаддаг, баталгаатай хүртдэг үед л бизнес чинь их хэмжээний мөнгө эргэлдэх чадалтай мөнгөний машин болж байна гэсэн үг.
Бизнес оршин тогтнох, тэлэх хамгийн гол үндэс суурь бол итгэлцэл
Экспортын тухайд бид нэг компанийн хийх зүйл биш, багаараа тоглох ёстой гэж үздэг. Гадаад зах зээлийг ойлгох хэрэгтэй гэж бас ярьдаг. Тэгэхээр энэ тал дээр та ямар ажиглалт хийсэн бэ? Бидний цаг болоогүй байгаа юм уу? Эсвэл чадамж сул байна уу?
Аль аль нь л тулгарч байна. Үйлчлүүлэгч маань хэн бэ гэдгээ бид маш сайн таних хэрэгтэй. Монголд зохицож, нийцэж байгаа бүхэн гадаад зах зээл дээр ч таарч тохирно гэсэн үг биш. Тэгэхээр үйлчлүүлэгчээ таньж, ямар орон зай байна гэдгээ оновчтой тодорхойлсон цагт экспорт хийх боломжтой. Мэдээж зах зээл, хүрээгээ тэлэхийн хэрээр түүхий эд, нөөцийн сан маань хэр дундаршгүй байна вэ гэдгээ үнэлж дүгнэх шаардлагатай. Мөн нүүдлийн шувууд толгойлогч хөтөчтэй байдаг шиг гадаад зах зээлд гарахад яалт ч гүй манлайлагчтай байх шаардлагатай. Яаж гадаад зах зээлд хөл тавьсан юм, ямар сорилттой тулгардаг юм, түүнийг хэрхэн шийдвэрлэдэг юм гэдгийг үлгэрлэж гадаад зах зээлд хөтлөх бодит туршлага, манлайлал бидэнд хэрэгтэй.
Гэхдээ салбар болгон өөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр экспорт гэж ярихаасаа урьдаар Монголын зах зээл дээр хөлөө бат олъё, Монголын хэрэглэгчдэдээ сэтгэл ханамж бэлэглэе, Монгол дотроо хариуцлагатай хүргэлт хийе гэж ярих нь оновчтой. Ингэж байж зах зээлээ тэлэхэд илүү сайн туршлагатай болж, бизнесээ томруулах нөөц боломж нь бүрдэж, энэ талаар бодох, төлөвлөх хэрэгтэй болов уу. Ингэхдээ Монголын зах зээлд ялалт байгуулсан салбараасаа экспортолбол оновчтой гэж боддог. Гадаад зах зээлд гарах чадамж нь байгаа тохиолдолд үүнийг хийхэд илүү зохимжтой загварыг бүтээж болно гэж боддог.
Бас тэвчээртэй тууштай байж гадаад хамтын ажиллагаагаа тэлэх хэрэгтэй. Энд мөн л сэтгэлгээний асуудал тулгардаг. Гадаад зах зээлд гарах гэж байгаагаа тусламж дэмжлэг авах гэж байгаа юм шигээр бид яриа хэлэлцээр хийдэг. Угтаа бол “Та бүхэнд ямар сайхан боломж нээгдэж байгаа гээч, манайхтай хамтарч байгаа та нарт үнэхээр хэрэгтэй, чухал нандин зүйлийг бид өгч байна” гэдэг сэтгэл зүйгээр хамтын ажиллагаа ярих хэрэгтэй. Үүнийг бид бизнес сэтгэлгээ, баян хүн шиг хүнд өгөх юмтай, өгч байгаа юм чинь үнэ цэнтэй, чанартай байх нөхцөл гэж ойлгож болно.
Одоо тэгвэл маркетинг талаасаа сэтгэлгээний хувьд яаж бүтээлч байх вэ?
Брэндээ маш сайн мэдэх хэрэгтэй. Бид хэн юм бэ, юуны төлөө ажиллаж байгаа юм бэ, танд ямар давуу талуудыг бий болгох вэ гэдгээ тодорхойлох ёстой. Танайх яагаад үүнийг хийдэг, юуны төлөө гэдгийг ойлгуулах асуудал юм. Бид брэндээ байр сууринд нь оруулсны дараа бараа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнээр дамжуулж брэнд амласан амлалтдаа нийцэхүйц чанартай сайн гэдгийг нь батлах нь хамгийн чухал зүйл.
Манайхан маркетинг гэхээр бизнесээсээ тусдаа, гадагшаа гоё харагдуулах ажил гэсэн байдлаар хүлээж авах гээд байдаг. Байгууллагыг брэнджүүлнэ гэхээс илүү хүнийг брэнджүүлэх нь илүү хялбар байдаг. Хүний дуу хоолой, хүний итгэл үнэмшлээр брэндийг танилцуулах нь илүү үр дүнтэй байдаг учраас инфлүнсэрүүд сүүлийн үед их хүчтэй газар авч байгаа. Маркетинг нь ойлголт төрүүлэх зорилготой бол түүний ард борлуулалт гэдэг том зүйл явж байдаг. Маркетингийнхаа зовлон жаргалыг борлуулалт нь үүрээд явдаг бол борлуулалт дээр гарч байгаа зөрчлийг маркетингаараа дамжуулж хэрэглэгчээ боловсруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр маркетингаар дамжуулж боловсрол олгох хэрэгтэй гэсэн үг. Ингэснээрээ үйлчлүүлэгчдээ илүү соёлтой болгож байгаа юм.
Үйлчлүүлэгчтэйгээ харилцаж байгаа яриаг илүү чанаржуулах яриаг маркетинг хийх ёстой. Танай байгууллага зах зээлтэйгээ ойртож, найзлах боломжийг маркетинг бүрдүүлж байх учиртай. Үйлчлүүлэгч өөрчлөгдлөө, тэр өөрчлөлтийг мэдэрч маркетингдаа байнгын хөгжүүлэлт хийж байх шаардлагатай. Ингэснээр борлуулалт өсөж байдаг. Тэгэхээр маркетинг, борлуулалт хоршиж чадвал газар тэнгэр нийлж байгаа мэт мөнгө орж ирээд л байна. Бизнесүүд зардал, татвар хураамж өндөр гэсэн шалтаг тоочих олон. Гэтэл борлуулалтаа өсгөхгүй бол яаж урагшлах юм. Маркетингаа сайжруулчихвал борлуулалт чинь өсчихнө. Маркетингаа, кампанит ажлуудаа зөв хий. Ямар нэр байх нь чухал биш, ямар зорилготой, ямар үр дүн гарах, юу хийж байгаа юм бэ гэдгээ л маш сайн ойлгох хэрэгтэй.
Та Монголдоо түлхүү ажиллана гэж байсан. Ер нь ямар ажлууд төлөвлөж байна. Зорилгоосоо хуваалцахгүй юу?
Гурван сая монголчуудаа сэтгэлгээний ядуурлаас гаргана том зорилго тавьсан. Сэтгэлгээ гэхээр хүнтэйгээ тулж ажиллана. Энэ бол манай байгууллагын бүх хөтөлбөрийн амин сүнс нь. Хүний мөн чанар, амьдралын утга учир, аз жаргал, зорилгыг, бизнесийн зорилго ч бай, хувь хүний зорилго ч бай, санхүүгийн асуудал ч бай бүгдийг нь шийдэж хөтөч болохдоо манайх бэлэн болсон байгаа.
Тэр систем маань аль хэдийнээ бүрэлдэн тогтоод байна. Одоо бид бизнесүүд рүү түлхүү анхаарч ажиллана. Бизнесийн уур амьсгалыг сайжруулах, байгууллагын соёл, боловсролыг шинэ түвшинд гаргахад анхаарч байна. Өнгөрсөн хугацаанд хүн дээрээ тулж ажилласан бол одоо бизнесийг цогцоор нь харж, доторх элементүүдийг цэгцлэх, хүний нөөцийн асуудлыг энгийнээр ойлгох, байгууллагын удирдлага ч бай, ажилтан ч бай манлайлах чадварт суралцах зэрэг боломжуудыг нээж өгнө.
Хүн гэдэг байнгын зөрчилдөөн дунд байдаг амьтан. Манлайлах чадвар дээр л гэхэд маш их асуудалтай тулгарч байна. Энэ тал дээр үүсгэн байгуулагчид ч асуудал байна, менежментийн баг дээр ч асуудал байна. Өөрийгөө илэрхийлэх, хаана нь ямар алдаа байгааг олж илрүүлэх чадвар гээд энэ бүхнээ сайжруулахад бид гол туслагч нь болно.
Монголын зах зээл жижиг гэдэг ойлголтоо авч хаях хэрэгтэй
Захирлын хэлсэн үг ажилчдадаа хүрч чадахгүй байх тохиолдол бий. Захирлын хэлдэг арга ч буруудаад байдаг. Ажилчид, үйлчлүүлэгчид ч бас хоорондоо ойлголцож чадахгүй тохиолдол байна. Гэтэл үүнийг өөрчилж болох загварыг бид боловсруулаад байна. Байгууллага доторх дадал, соёл, доголдол гээд маш олон юмнуудыг эргэн харж шүүлтүүрдэж, нөхцөл байдлаа сайжруулахад нь туслах юм. Гэхдээ үүнийг зөвхөн бид хийгээд, шийдээд өгөхгүй. Удирдлага, ажилчдын оролцоо, суралцах хүсэл эрмэлзэл зэргээс маш их зүйл хамаарна. Мөн үйлчлүүлэгчид хүрэх бүхий л шат дамжлагыг чанаржуулах шаардлагатай. Манай хийж байгаа юмнуудыг давхар бонусаар нь ашиглаад явчихвал бизнесийг цогцоор нь шүүлтүүрдэн цэвэрлэж, цэгцтэй болгох гаргалгааг нь бид өгнө гэсэн үг.
Хүн бол хүчтэй. Хүнийг хүчтэй болгодог гол юм нь тархи, сэтгэлгээний цар хүрээ. Хүчтэй бизнестэй болохын тулд сэтгэлгээгээ эхлээд хөгжүүл. Хүчтэй сэтгэлгээнээс хүчтэй бизнес төрдөг. Хүний тархийг бизнесийн салбарт хурцалж ирлэх дасгалжуулалтын явцад л бизнес томрох сэтгэлгээ сууж эхэлнэ. Бизнесийн чухал шийдвэрт оролцоотой удирдах баг хамт олны сэтгэлгээний түвшин танд маш чухал үүрэг роль гүйцэтгэнэ. Удирдлагуудын сэтгэлгээний хэв шинжүүд хоорондоо ойлгомжгүй байснаас болж маш олон тэрбумын алдагдалыг бизнесүүд хүлээдэг. Түүнийг засах хэмжээний сэтгэлээг тэлэх дасгалжуулалт нь Монголын бизнесүүдийг хүчтэй өөрчлөлт өгөхөд чухал ач холбогдолтой байгаа юм. Тийм ч учраас та ганцаараа биш, танай баг хамт олон хамтдаа сэтгэлгээний цар хүрээгээ тэлэх орон зайг бий болгох дараагийн төсөлдөө би их дуртай байгаа.
Удирдах баг чинь бие биеийгээ ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадвар маш чухал. Байгууллага дотор нэг хэлтэй болох шаардлагатай. Бид яг одоо Leadership Teamworkflow гэдэг загвараа боловсруулаад эхний хэдэн компанитайгаа хамтран ажиллах гэрээгээ хийх, үүнийхээ чанарыг олшруулах хяналтын аргачлалаа төлөвшүүлэх бодлогын түвшиндээ явж байна.