“Monduct” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлага, хүний нөөцтэй холбоотой сорилтууд, технологийн нэвтрэлт, бизнесийн загвар, төрөлжилт, хөрөнгө оруулалтын талаар, мөн Мондакт ХХК-ийн стратеги зорилтуудын тухай ярилцлаа.
Цар тахлын үеэс хойш манай зочлох үйлчилгээний салбар хөл дээрээ хэр босож чадав? Танай компанид ямар өөрчлөлтүүд ажиглагдаж байна вэ?
Үйлчилгээ бол ДНБ-ий 46.5%, ажиллах хүчний 51%-ийг эзэлдэг томоохон салбар юм. Цар тахлын хорио цээр нь үйлчилгээний салбарыг бүхэлд нь зогсоож царцаасан тул мөнгөн урсгал хүнд нөхцөлд орох, хөрөнгө оруулалт хийсэн чадварлаг ажилчдаа хэрхэн авч үлдэх гээд нэлээдгүй бэрхшээлтэй байгууллагууд нүүр тулсан. Манай байгууллагын хувьд зарим салбараа түр хугацаанд хааж, үндсэн ажилчдынхаа цалинг нь тодорхой хувиар бууруулах, шаардлагатай үед онлайнаар ажиллаж байсан. Цар тахлын нөлөө аажмаар багасаж үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх үед тээвэр логистиктой холбоотой түүхий эд бараа материалын үнийн хөөрөгдөл, хомсдол гэх мэт бэрхшээл тулгарч байсан. Бидний хувьд цар тахал нь туулах ёстой нэг сорилт байсан төдийгүй байгууллагынхаа үндсэн философи, систем, соёл, эрсдэлийн удирдлага, алсын хараа, эрхэм зорилгыг эргэн харж дүгнэх, шинэчлэгдэх нэг том боломж байсан гэж хардаг.
Манай багийнхан цар тахлаас хойш 2022 оны хавар Triple Vip Chinese Restaurant, 2023 оны хоёрдугаар улиралд Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газарт Glory Resort Mongolia компанитай хамтран хөрөнгө оруулж 300 зочны багтаамжтай Glory ballroom, 800 зочны багтаамжтай Их Монгол Өргөө зэрэг эвент танхимууд, 200 зочны багтаамжтай Triple Taste Kitchen салбар ресторан, 2023 оны 12 дугаар сард Evento Ballroom тус тус ашиглалтад оруулсан. Улмаар 2024 оны дөрөвдүгээр улиралд Evento Live house, Evento Lounge & Karaoke гэсэн хоёр салбараа нээхээр төлөвлөн ажиллаж байна.
Хоол хүнс, соёл уламжлал, үүх түүх, тэр бүү хэл эмнэлгийн үйлчилгээгээр гаднын зочид, жуулчдыг Монголд татах боломжтой. Таны бодлоор Монголын зочлох үйлчилгээний салбарын олон улс дахь онцлог нь юу вэ? Бид түүнийгээ хэр хөгжүүлж чадаж байна вэ ?
Монголын уламжлалт идээ ундаа нь эрүүл чийрэг, хүч чадалтай нүүдэлчин үндэстний оршин тогтноход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Бид бол жилийн дөрвөн улирлын цаг уурт тохируулан хоол хүнсээ сонгон хэрэглэдэг уламжлалтай ард түмэн. Тухайлбал өвлийн тэсгим хүйтэнд махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан идээ голлон хэрэглэж ирсэн. Бид өөрсдийн зоог зуушны томоохон соёлыг дам болон шууд байдлаар олон улсад таниулах компанит ажлуудыг зохион байгуулах ёстой гэж боддог.
“Content is King, Distribution is Queen” гэсэн хэлц үг байдаг. Манай салбарынхан үйлчлүүлэгчээ татахын тулд олон сайхан контент бүтээдэг болжээ. Түгээлтийн суваг дээрээ л бага зэрэг алдаж байгаа юм шиг санагддаг. Би “Mark Weins” блогийг их үздэг, зөвхөн түүнийг дагадаг 10.8 сая хүн байна гэхээр яг энэ салбарт түгээлтийн суваг хийчих хэмжээний олон том тоглогч бий, гол нь зөвийг нь сонгох чухал. Эдгээрийг хамгийн сайн ашиглаж, зочлох үйлчилгээний салбар үндэсний уламжлалт зоогийг сурталчилж байгаа нь “Art Ger” гэж боддог шүү. Харин бидний хувьд уламжлалт зоогийн соёлыг орчин үеийн технологи, инновацтай хослуулан хөгжүүлэх, гаднын жуулчдад зориулсан тусгай цэс гарган үйлчилдэг.
Энэ салбарын өнөөгийн хөгжлийг олон улсын түвшинтэй харьцуулбал салбарын компаниуд юунд хамгийн их анхаарах ёстой гэж бодож байна вэ?
Зочлох салбар “үйлчилгээний” бизнес гэхээс илүүтэй “систем”-ийн бизнес. Тухайлсан нэгж бүрд тодорхой стандартууд хэрэгжиж гэмээнэ хамгийн сайн бүтээгдэхүүн үйлчилгээ үйлчлүүлэгчдэд хүрдэг. Байгууллагын үндсэн философи, бизнесийн онцлог, ялгарлаас процесс урган гардаг. Процессуудыг хооронд нь холбоо хамаарал бүхий логик дараалалд оруулан стандарчилж ажилчдадаа мөрдүүлэхийг хичээдэг.
Гэвч энэ салбар өөрөө хүний нөөцийн эргэц ихтэй учраас бэлтгэгдсэн ажилчдаа тогтоон ажиллуулахад амаргүй л байна. Салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт, тогтвортой байдал, хувь хүний ур чадварыг дээшлүүлэх зорилгоор өнгөрсөн дөрөвдүгээр сард Мондакт Академийг байгуулсан. Манай академи 2024 оны есдүгээр сараас эхлэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн QR code бүхий чадамжийн гэрчилгээтэй тогооч, зөөгч, бармен зэрэг мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулахаар анхны элсэлтээ авч байна. Дөнгөж төгссөн оюутан сурагчид, нийгмийн даатгал төлдөггүй тэтгэврийн өмнөх насны иргэдийг сургалтад хамруулах юм.
Зочлох үйлчилгээний салбарт дижитал шилжилт эрчимтэй нэвтэрч байна. Технологи, инновацын ямар шийдэл, программууд манай зах зээлд нэвтэрч, үйлчлүүлэгчдийн ая тав тухыг хангах бодит практик болж байна вэ? Мөн тухайн компанидаа ямар давуу талыг бий болгодог вэ?
Төлбөрийн систем, лояалти хөтөлбөрүүд гэх мэтчилэн үйлчлүүлэгч рүү чиглэсэн технологийн шийдлүүд зочлох үйлчилгээний салбарт маш хурдацтай нэвтэрч амжилттай ажиллаж байна. Манайх салбарууддаа Upoint, Tok Tok, Pocket app зэрэг төлбөр болон лояалти системүүдийг ашигладаг. Гэвч шимтгэл нь өндөр санагддаг. Нөгөө талдаа бизнесийн дотоод орчин зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн ERP болон CRM системүүдийг туршиж үзсэн. Нэг үеэ бодвол олон сонголттой болсон байна. Одоогоор Smart logic программын санхүү бүртгэл, рестораны модулиудыг ашиглаж байна. Ажил төлөвлөлт, ажлын гүйцэтгэл зэргийг Microsoft 365 ашигладаг. Цаашид Smart logic-н Хүний нөөцийн цогц системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Бизнесийн зорилтот хэрэглэгчээ тодорхойл гэвэл …?
Зочлох үйлчилгээний салбар бусад салбартай нэгэн адил улирлын болон байршлын хамаарал ихтэй. Жишээ нь: Тэрэлжид байрлах Glory Resort зуны улиралд жуулчид болон жуулчны байгууллагуудыг голчлох сегментээ болгодог бол өвлийн улиралд дотоодын аялагч амрагчдыг түлхүү татах чиглэлтэй ажилладаг. Мөн дотор байрлах дэд бүтэц бүртээ өөр өөр зорилтот үйлчлүүлэгчийн сегменттэй. 800 зочин хүлээн авах хүчин чадалтай ИХ МОНГОЛ ӨРГӨӨ гэхэд тоглолт, энтертайнмент арга хэмжээ, хурим найр гэх мэт зорилтот үйлчлүүлэгчийн сегменттэй. Triple Event Hall, Evento Ballroom мөн адил. Улирлаас хамаарч бидний зорилтод хэрэглэгч борлуулалтын сувгууд өөрчлөгддөг.
Зочлох үйлчилгээний салбар нь үйлчилгээ ханган нийлүүлдэг салбар байсан бол аз жаргалтай амьдрал, хэв маягийг бэлэглэгч болж өөрчлөгдөж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
Санал нийлнэ. Бид хүний хүслийг өөрт нь таашаал хэлбэрээр өгч аз жаргал бэлэглэж тэндээсээ урам, хүч авдаг. Зочин бүрийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс манай байгууллага Дотоод аудитын албыг ажиллуулан стандартын хэрэгжилт, зочдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлуудыг дэс дараатай зохион байгуулдаг.
Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, мөн хөрөнгө оруулах сонирхол ямархуу хэмжээнд байна вэ ?
Гадаадын хөрөнгө оруулалт татах нь зөвхөн нэг байгууллагын хийх ажил гэхээс илүүтэй төрийн болон мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн олон байгууллагын үр дүнтэй, уялдаа холбоо, зохион байгуулалт бүхий хамтын ажил юм. Нэг талаас хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц, нөгөө талаас өрсөлдөх давуу талаа бий болгох боломжтой салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг юм билээ.
Ийм салбарт хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим худалдааны салбаруудыг түлхүү сонирхож байгаа нь ажиглагддаг. Зочлох үйлчилгээ аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт, сүлжээ франчайзинг нэвтрээд даруй 10 гаран жил болсон. Нэг талдаа дотоодын дундаж байгууллагууд зах зээлээ алдах эрсдэл бий болдог ч нөгөө талдаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанар олон улсын түвшинд хүрч үйлчлүүлэгч хожиж байгаа нь сайшаалтай.
Олон улсад зочлох үйлчилгээний салбарт ямар трэндүүд бий болж байна вэ?
Цар тахлын нөлөөгөөр Ghost Kitchen (Clou Kitchen ч гэдэг) буюу “үл үзэгдэх гал тогоо”-ны бизнес эрчээ авсан. Олон улсад Uber Eats, манайд Ub Eats гэх мэт тээвэр логистикийн бизнес загвартай байгууллагууд хоол үйлдвэрлэлийн салбарт диверсификаци (төрөлжилт) хийн орж ирцгээсэн, цаашид ч том зах зээл байгаа гэж хардаг.
Сүүлийн жилүүдэд зочлох үйлчилгээний байгууллагын ажиллах хүчний хомсдол үйлчилгээний байгууллагуудад ихээхэн бэрхшээл болж байна. Эдгээрийг шийдэх, цөөн тооны ажиллах хүчнээр ижил хэмжээний хөдөлмөрийн бүтээмж бий болгох технологийн шийдлүүд дэлхийн олон орнуудад нэвтрээд байна. Манай зарим нэг ресторан ч ашиглаад эхэлжээ. Бид ч мөн адил хөдөлмөр хөнгөвчлөх технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахаар бизнесийн стратегидаа тусгаад байна.
Мондакт ХХК зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээний ямар ялгарал бий болгохыг зорьж ажиллаж байгаа вэ?
Зочдод үйлчилгээ үзүүлж буй салбар тус бүрд зориулан тухайлсан стандарт, процессыг нутагшуулан ажиллаж байна. 2022 онд ISO9001:2015 стандарт нэвтрүүлсэн. Үйлчлүүлэгчдэд хоолны амт чанар, үйлчилгээнээс гадна тухайн орчин чухал байдаг. Тиймээс бид sound system-н дуугаралт, гэрэлтүүлгийг олон улсын жишигт нийцүүлэх, үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд улирал бүр шаардлагатай техник технологийн засвар үйлчилгээ, танхимуудын чимэглэлийг сайжруулан ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл бидний гол ялгарал нь олон улсын зочлох үйлчилгээний стандартыг үйлчлүүлэгч бүрд хүргэх юм.
“Бид хүний хүслийг өөрт нь таашаал хэлбэрээр өгч аз жаргал бэлэглэж тэндээсээ урам, хүч авдаг”
Танай компани хүний нөөцийн тал дээр ямар бодлого баримталж ажилладаг вэ?
Хүний нөөц энэ салбарт хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг. Манай байгууллагын Хүний нөөцийн бодлогын хувьд Хүн бүрийн мэргэжил, ур чадварт тулгуурласан чадварлаг багийн ажиллагааг орчин үеийн хүний нөөцийн менежментийн арга технологитой хослуулж, урт хугацаанд тогтвортой ажиллах хүний нөөцийг бий болгох, улмаар Ажилтны тасралтгүй суралцах, зогсолтгүй хөгжих хүсэл эрмэлзлэлийг тогтмол дэмжих, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамгийн чухал хийх ёстой ажил юм. Мөн ажилтан нь цалингаасаа гадна борлуулалтын урамшуулал авдаг, жилийн эцэст ногдол ашиг хүртдэг, амьдрал нь баталгаажсан, ирээдүйдээ сэтгэл хангалуун, чадварлаг, тогтвор суурьшилтай мэргэжлийн баг хамт олныг бий болгохыг зорин ажилладаг.
Таны бизнесийн цаашдын стратеги, үнэт зүйлсээс дурдвал ?
Яг одоо бол Монголын зочлох үйлчилгээний зочлох үйлчилгээний чанар стандарт, байгууллагынхаа дотоод чадавх, процесс системийг сайжруулж, мөн Солонгос, Хятад, Казакстан зэрэг улсууд руу бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх стратеги баримтлан ажиллаж байна. Байгууллагын үнэт зүйлсийн хувьд Ажилтан, Үйлчлүүлэгч, Эрүүл аюулгүй бүтээгдэхүүн, Ёс зүйтэй бизнес, Хүрээлэн буй орчиндоо ээлтэй байх нь бидний гол үнэт зүйлс юм.