Бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо нутагшуулахын сацуу монгол хүний арьсыг илүү чийгшүүлж, нөхөн төлжүүлэх монгол бүтээгдэхүүнийг санаачлан бүтээж, зах зээлд нийлүүлээд буй энтрепренер Top Step компанийн үүсгэн байгуулагч Ц.Дэжээгийн түүх, туршлагыг онцоллоо.
Өмнөтгөл:
Лабораторидоо ихэнх цагийг гоо сайхны орц найрлага гаргахад зарцуулдаг И Жон Бук хэмээх эм зүйч, судлаач эрдэмтэн гэр бүл зохиосныхоо дараахан удаа ч үгүй аав болсон ч анхны хүүхэд нь төрөлхийн харшилтай төрсөн бөгөөд нярай хүүхдийг шууд эмээр эмчилж болохгүй хүнд нөхцөл байдалтай тулгарчээ. Тэрбээр харшилтай төрсөн өөрийн нялх хүү, мөн хүү шиг нь олон бяцхан үрст зориулан ходоодыг нь гэмтээлгүй арьсаар нь эмчлэх санаа төрж, эмзэг арьсны тосыг эмийн хамт гарган авахаар өөрийн жижиг лабораторидоо судалгааны ажлаа эхэлсэн байна. Үүнээс яг нэг жилийн дараа анхны харшлын эмчилгээний тосоо амжилттай гарган авч, чанарын шаардлагыг бүрэн хангаснаар борлуулах, үйлдвэрлэх эрхээ авчээ. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвшөөрсөн хэд хэдэн арьс, харшлын эмнэлгүүдэд нийлүүлэхэд клиник тестүүд бүгд сайн гарч, эдгэсэн хүмүүсээс баярласан захидал ирсээр байв. Ийнхүү эмчилгээний харшлын тосыг гарган авсан нь өнөөдрийн органик гоо сайхны Ovaco брэнд үүсэх эхлэл тавигдсан түүхтэй. Уг эмчилгээний гоо сайхны брэнд албан ёсоор дэлхийн 18 улсад салбартай. Түүний нэг нь Top Step компани болж, 2017 онд эх орондоо тус бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн нь өдгөө олонд танигдсан Ovaco Mongolia билээ.
320 саяын инээмсэглэл
Чин сэтгэлээсээ инээмсэглэж байхдаа л хамгийн тухтай мэдрэмжийг авч, хайр хүндлэлийг бусдад түгээж чаддаг хүн бол Монгол Улсдаа 100 хувь веган гоо сайхны Ovaco болон Orgabebe брэндийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэгч Ц.Дэжээ юм. Тэрбээр бизнесийн салбарт шинэ, залуу энтерпернер бөгөөд бизнесийн эргэлтийн хөрөнгөө тун чиг сонирхолтой байдлаар бүрдүүлж чаджээ. Эл түүх Ц.Дэжээг ковидын дараах хүнд үе байсан 2021 онд өрнөсөн аж. Бизнесээ өргөжүүлэхээр банканд зээлийн хүсэлт гаргасан боловч барьцаа төлбөр хүрэлцэхгүй, зээл гарах боломжгүй эгзэгтэй нөхцөл байдалтай тулгарчээ. Тухайн мөчид хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтаг тоочно гэгчээр шантралгүй бизнесийнхээ ирээдүйн үр өгөөжийг итгэлтэйгээр тайлбарлаж, унаган зангаараа инээмсэглэн зогссон байна.
Тэгтэл тун удалгүй зээлийн эдийн засагч нь “Таныг чин сэтгэлээсээ инээмсэглэж, шаргуу хөдөлмөрлөж чаддаг тул итгээд зээл гаргаж байна” хэмээжээ. Ийнхүү инээмсэглэл нь түүний хүч болж дансанд нь 320 сая төгрөгийг авчирсан содон түүхтэй. Цаашлаад хүн бүрийн инээмсэглэл үнэ цэнтэй гэдгийг баталж чадсан Top Steps компанийн үүсгэн байгуулагч Ц.Дэжээ магистраа БНСУ-ын Үндэсний их сургуулийг газарзүйн мэдээллийн систем мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд нутаг буцахдаа Ovacо брэндийг эх орондоо нутагшуулах ажилдаа ханцуй шамлан орж, зах зээлийн судалгаа, бизнесийн стратеги тодорхойлох гэх мэт бүхий л ажлыг гүйцэтгэн амжуулаад бүтээгдэхүүнээ аваад ирсэн аж.
Дэлгүүрээ нээсэн эхний 10 хоногтоо Ц.Дэжээ дэлгүүрийнхээ лангууны ард өөрөө зогсоод мишээл тодруулсаар худалдагчаар ажиллав. Удаа ч үгүй анхны ажилтнаа сургаж авснаар худалдааны зөвлөх мэргэжилтнээс жинхэнэ энтрепренер болох аялалдаа гарчээ. Түүний шинийг санаачлах авьяас нь сэргэснээр Монгол Улсад худалдаалагдаж буй 68 төрлийн маскийг өөрөө хэрэглэж, орц найрлагыг нь нарийвчлан судалж тооцоолох ажилд хөтөлсөн байна. Энэ судалгааны үр дүнд арьсыг нөхөн төлжүүлэх маскны сонголт хомс байгааг олж тогтоожээ. Ингээд монгол хүний арсны онцлогт тохирсон нөхөн төлжүүлэх, чийгшүүлэх гэсэн тус тусын үйлчилгээтэй хоёр төрлийн маск бүтээхээр зорьж Ovaсo брэндийн тусгай лабораторид үйлдвэрлүүлж, тэдний охин компани болох Savia брэндийн нэрээр худалдаанд гаргажээ. Тус маскууд нь Европын зах зээлд худалдаалагддаг эрэлттэй бүтээгдэхүүн болж чадсан юм.
Үүнээс гадна чийгшүүлэгч пад, зөөлрүүлэгчтэй гар ариутгагч зэрэг шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлүүлэн зах зээлд нийлүүлээд амжжээ. Уг зөөлрүүлэгчтэй гар ариутгагч нь Хонконгт Ковид-19 цар тахлын үеэр эрэлттэй бүтээгдэхүүн болсон амжилтыг үзүүлээд буй. Гэвч тухайн үед бизнесийн салбартаа туршлага нимгэн байсны улмаас оюуны өмчөөр хамгаалуулаагүй тул хараахан ашиг хүртэж чадаагүй байна. Өмнөх алдаанаасаа суралцан хамгийн сүүлд захиалан үйлдвэрлүүлсэн чийгшүүлэх падаа хийлгэхдээ “Top Step компанийн захиалгаар хийлгэв” хэмээн орц найрлагыг нь монгол тайлбартайгаар бичүүлсэн бөгөөд оюуны өмчөөр батлуулах үйл явц ид өрнөж байгаа аж.
Ovaco брэндийн амьд өндөгний үүдэл эсний найрлага бүхий нөхөн сэргээх, төлжүүлэх бүтээгдэхүүн нь Дэлхийн гоо сайхны үзэсгэлэнгийн алтан медалийг хүртжээ.
Ц.Дэжээгийн хувьд бизнесээ хийхдээ аль болох цаг үеэ мэдэрч, уян хатан хандахыг хичээдэг. Үүний нэг жишээ нь дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахлын улмаас Хятадын Тяньжинь боомт хаагдаж, худалдаа эрхлэгчид бараагаа түгжээд байсан цагт тээвэр ложистикийг ОХУ -аар дамжуулан авснаар бараа материалын хомсдолоос сэргийлж чадсан байна. Ингэснээр хаалгаа барих бус харин ч хурдтай өсөлтийг үзүүлж хүнд цагийг ажралгүй давахад тун ч их нөлөөлжээ. Түүний хувьд гоо сайхны өрсөлдөөн ихтэй салбарт ашиг харахаас илүүтэй байгаль, амьтан, хүний эрүүл мэндэд ээлтэй брэндийг нэвтрүүлэх зарчимтай. Тиймдээ ч “Бизнес хийх чухал ч хүнд хэрэгтэй зүйл бүтээж, түгээх нь надад таалагддаг” хэмээн хэлж байлаа.
Ногоон хувьслын инновац
Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл бол мөнхийн эрэлттэй, өсөлттэй салбар. Тэр дундаа БНСУ-д гоо сайхны салбарын өрсөлдөөн бүр ч ширүүн өрнөдөг. Сард дөрвөн шинэ брэнд бий болж, өдөрт 8-11 бүтээгдэхүүн зах зээлд шинээр нэвтэрч байдаг. Гэвч тэдгээр шинэ брэндийн дийлэнх нь өөрсдийн үйлдвэргүй бусад гоо сайхны үйлдвэрт бүтээгдэхүүнээ захиалан үйлдвэрлүүлдэг. Харин Ovaco брэнд нь өөрийн гэсэн томоохон үйлдвэртэй, олон тооны судлаач эрдэмтэнтэйгээрээ ялгардаг. Тодруулбал, өндөр нягтралтай ургамлын хандыг боловсруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд 50 гаруй тооны серумтайгаараа онцлог. Хэрэглэгчийн арьс тослог уу, хуурай юу, холимог уу гэж ангилахаас илүүтэй үрчлээтэй, сэвх, нөсөө толботой гэх зэргээр үүссэн асуудалд нь эрүүл бүтээгдэхүүнээр хүрч үйлчлэн үр дүн үзүүлэхийг зорьдог байна.
Учир нь химийн гаралтай орц найрлагын агууламж өндөр гоо сайхны бүтээгдэхүүн хүний арьсаар дамжин элгэнд сөргөөр нөлөөлдөг. Хүний биеийн хамгийн том шингээгч эрхтэн бол арьс юм. Ялангуяа хүүхдийн арьс насанд хүрсэн хүний арьснаас гурав дахин нимгэн байдаг учир хорт чанар өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх нь нэн чухал. Тиймээс Ц.Дэжээ өөрөө дөрвөн хүүхэдтэй ээж хүний хувиар энэ л хайраараа монгол хүүхдүүдэд зориулан хоол болохгүй юм аа гэхэд хор болохгүй байх 100 хувь ургамлын гаралтай, химийн орц найрлагагүй Orgabebe-ийн органик бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлээд удаагүй билээ.
Orgabebe бол дэлхийн шилдэг гоо сайны мэргэжилтнүүдийн бүтээл бөгөөд хүүхэд хэрэглэхэд эрүүл, аюулгүй түүхий эдийн орц найрлагаас бүтсэн. 1978 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан арьс судлалын хүрээлэнгээс явуулдаг Derma Test буюу аюулгүй байдлыг шинжлэх стандарт, процедурын шалгалтад орж маш сайн үнэлгээг авчээ. Мөн уг хүүхдийн бүтээгдэхүүн нь Веган стандарт гэрчилгээгээр баталгаажиж, патентлагдсан цөөхөн төрлийн орц найрлага агуулсан байна. Хүүхдийн угаагч, шүдний оо, тэжээлийн тос, нарны крем, лосьон, шампунь гэх мэт дөнгөж төрсөн цагаасаа эхлэн хэрэглэх боломжтой олон төрлийн бүтээгдэхүүнийг инновац шингээн илүү аюулгүй бөгөөд хэрэглэхэд энгийн болгон үйлдвэрлэжээ.
Orgabebe бол дэлхийн шилдэг гоо сайхны мэргэжилтнүүдийн бүтээл бөгөөд хүүхэд хэрэглэхэд эрүүл, аюулгүй түүхий эдийн орц найрлагаас бүтжээ.
Ovaco болон Orgabebe брэндүүд нь тогтвортой хөгжлийн заалтуудаас нэлээдийг хангаж чадсан веган бүтээгдэхүүн. Ялангуяа Ovaco брэндийг лангуун дээр өрөөд тавихаар хэсэг хугацааны дараа гаднах савлагааны өнгө өөрчлөгддөг нь сонирхол татам. Ихэнх гоо сайхны брэндүүд бүтээгдэхүүнийхээ шошгоны хорыг нүүрснээс гаргаж авдаг. Харин Ovaco брэнд савлагааныхаа гаднах шошгыг шошны тосноос гаргадаг тул нарны туяа, гэрэлд амархан өнгө нь өөрчлөгддөг байна. Сав баглаа боодол нь илүү ногоон, дахин ашиглах, боловсруулах боломжтой амархан уусдаг уутыг ашигладаг тул хүн болоод байгальд ээлтэй байж чаддаг.
Гоо сайхны боловсрол түгээнэ
Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад хар тугалга болон химийн орц найрлага өндөртэй бүтээгдэхүүнийг худалдахыг хуулиар хориглосон байдаг. Харин манай улсад хууль зүйн зохицуулалт байхгүйн улмаас албан ёсны эрхтэй дистрибьютер байгууллагууд тухайн брэндийг таниулсны дараагаар хуурамч бүтээгдэхүүнүүдийг чанаргүй тээвэрлэлтээр оруулж ирэн худалдаалах нь бий. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага маш эмзэг тул температур баригчтай чингэлэгээр тээвэрлэдэг.
Өрсөлдөөн ихтэй гоо сайхны салбарт ашиг харахаас илүүтэй байгаль, амьтан, хүний эрүүл мэндэд ээлтэй брэндийг нэвтрүүлэхийг чухалчилж байна.
Хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүний ард маш олон эрсдэл бий. Бага насандаа химийн орц найрлага өндөртэй, чанарын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн хэрэглэсний үр дүнд ихэнх нь эмзэг арьстай, харшилтай болж хувирдаг. Мөн бас нэг анхаарах зүйл бол массыг хамарсан трэнд болж буй ихэнх бүтээгдэхүүн арьсыг яг л тэр хэмжээнд нь барих зорилготой орц найрлагаас бүтсэн байдаг. Гэтэл хэрэглэгчид арьсныхаа төрөл бүрийн асуудлыг шийдэж тодорхой үр дүнд хүрэхийн тулд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс хэрэглэгчдэд хуурамч, чанаргүй бүтээгдэхүүний хор уршгийг таниулах, арьс арчилгааны зөв дадалд сургах гэх мэт гоо сайхны боловсрол олгоход анхаарч ажилладаг ажээ.
Энэ хүрээнд 2022 онд “Таны гоо сайхны ширээн дээр юу байна вэ?” нэртэйгээр онлайн зөвлөгөөний кампанит ажил өрнүүлжээ. Мөн сошиал медиад нийтэлж буй контентдоо мэдлэг түгээх агуулга ямар нэг байдлаар заавал бэлтгэн шингээдэг байна. Бүтээгдэхүүн бүр нь өндөр чанартай, итгэж болохуйц учраас өнөөдрийг хүртэл инфюленсерүүдтэй хамтран ажиллахаас илүүтэй аман маркетингаар зах зээлээ тэлсээр яваа. Цаг үеэ даган хурдтай өсөж буй Top Step компани одоогоор Улаанбаатарт таван салбар дэлгүүр, орон нутагт 13 гэрээт салбартай бөгөөд Өвөрмонголд шинэ салбараа нээгээд буй.
Монгол Улсад худалдаалагдаж буй 68 төрлийн маскийн орц найрлагыг нарийвчлан судалсны үндсэн дээр монгол хүний арьсны онцлогт тохирсон нөхөн төлжүүлэх чийгшүүлэх үйлчилгээтэй хуудсан маскийг бий болгов.
Мөн сувгийн борлуулалтад анхаарч “Монос”, “Зуун наст” зэрэг эмийн сан болон Номингийн сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулж, хэрэглэгчдэдээ илүү ойртжээ. Цаашлаад хүн бүр хэрэглэхэд хамгийн үр дүнтэй байгалийн цэвэр орцтой органик бүтээгдэхүүнийг түгээхээр 10 шинэ брэндийг зах зээлд нийлүүлэхээр гэрээний ажилдаа ороод байна. Ийнхүү Ц.Дэжээгийн төлөвлөсөн ажлууд ар араасаа ундарч, бидэнтэй ярилцаж дуусаад дараагийн ажил руугаа орохоор тэрбээр яаравчилсан юм.