Ихэнх хүн Тони Роббинсийг сайн илтгэгч гэдгээр нь мэддэг ч түүний нэг авьяас, ур чадвар бол амжилтад хүрэхэд нэн чухал субьектүүдийн талаар гүнзгий судлах, улмаар олж мэдсэн зүйлдээ үндэслэж ном бичих юм. Тэрбээр санхүүгийн эрүүл мэндийн тухай Money: Master the Game номыг бичсэн бол энэ удаад биеийн эрүүл мэндийн тухай Life Force номоо туурвижээ.
Тонигийн багш бол “Сурснаа үйлдэл болговол та гайхалтай амьдралыг бий болгож чадна” гэж хэлсэн Жим Рон юм. Чухам энэ талаар тус хураангуйд өгүүлэх бөгөөд нийт 700 хуудас тус номтой танилцаж, биеэ эрс өөрчлөхөд туслах 7 алхамтай танилцах болно.
Алхам 1: Шийдвэрлэ, хэрэгтэй мэдээллээ олж ав
Энэхүү аяллын эхний алхам бол чухам юу хүсэж буйгаа шийдэх юм. Номын хураангуйг үргэлжлүүлэн уншихаас өмнө нэг минут хэртэй завсарлаж, биеэ ямархуу болгох хүсэлтэй буйгаа төсөөл. Өдөр тутамдаа улам их эрч хүчтэй болмоор байна уу? Улам их хүчтэй, илүү уян хатан, улам залуужсан мэт мэдрэмжийг мэдэрмээр байна уу? Юу хүсэж буйгаа ойлгосон бол дараа нь энэхүү аяллыг эхлүүлэхэд туслах мэдээллийг цуглуул. Мөн аяллаа эхлүүлэхээс өмнө эмчтэй зөвлөж, тусламж авах боломжтойг сануулъя. Ингээд өөрийн эрүүл мэндийн хяналтыг гартаа авах аяллаа эхлүүлэхээс өмнө дараах тестийг хийлгэх нь зүйтэй.
- Хорт метал: зарим хоол хүнс хүний бие дэх хорт металлын хэмжээг нэмэгдүүлдэг
- Даавар: дааврын тэнцвэрийг барих нь хүний өдөр тутмын амьдралын эрч хүчинд маш их ялгаа авчирдаг
- Хорт хавдар: GRAIL бол 50 төрлийн хорт хавдрыг таньдаг эрт илрүүлгийн арга юм. Уг аргыг бүтэн биеийн MRI шинжилгээтэй хамтад нь хийлгэвэл санаа зовох зүйл байгаа эсэхийг мэдэж авах боломжтой.
- Зүрх: Зүрх судасны эрүүл мэндийн түвшин ямархуу байгааг мэдэх гол арга бол ССТА тест юм.
- Альцхаймер: энэхүү аймшигтай өвчинд өртөх удамшлын эрсдэл байгаа эсэхийг мэдэхийн тулд тест өгөх хэрэгтэй.
- Биологийн нас: уг тест нь таны “биологийн нас”-ыг хэлж өгнө. Жишээ болгоход, Тони бол 62 настай ч биологийн нас нь 51 юм.
Алхам 2: Мэдлэгээ эргэцүүл
Биеийн эрүүл мэндээ хянадаг байхын тулд анагаах ухаан, шинжлэх ухааны талбарт гарч буй шинэ ололт, нээлтийн тухай мэддэг байх ёстой. Үүнтэй холбоотойгоор танд мэдээлэл, мэдлэг өгөх олон сонирхолтой хэрэгсэл бий. Тэр талаар уг хураангуйд дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй ч аяллаа эхлүүлэх зөв чиглэлийг зааж өгөх болно.
Хаанаас аяллаа эхлүүлж болох вэ:
- Үүдэл эс: хэдий маргаантай боловч асар их боломжтой чиглэл учраас энэ талаарх мэдээллийг авч байх нь зүйтэй. Жишээлбэл, тархины цус харвалт, нугасны гэмтлийн дараа хөл, гараа хөдөлгөх, шөрмөсөө тасалсан хүнд эл гэмтлээ эдгээх, цус багадалттай хүүхдийн өвчнийг намжаах зэрэгт үүдэл эс нь ихээхэн амжилт авчраад байна.
- Хөгшрөлтийн эсрэг техник: наслалт, хөгшрөлтийн тухай маш их мэдээллийг Харвардын анагаахын сургуулийн генетикийн багш Дэвид Синклэйрийн бичсэн Lifespan номоос авч болно.
- Гений эмчилгээ, CRISPR: генд өөрчлөлт оруулах технологи нь зүрхний өвчнийг эмчлэх, сул харааг сайжруулах, Альцхаймерийн өвчинтэй холбоотой айдас түгшүүрийг арилгах, хөгшрөлтийг удаашруулах зэрэгт тус болж байна.
- Хэт авианы эмчилгээ: зүсэлт хийдэггүй тархины эл мэс засал нь Паркинсоны өвчин, хар тамхины донтлыг эмчлэх боломжтойд тооцогдож буй.
Эдгээр салбарын талаар гүнзгий мэдээлэлтэй болсноор найдвар байхгүй гэгдсэн ойр дотнын хүмүүстээ итгэл бэлэглэх шинэ боломжуудын талаар зөвлөх чадвартай болно.
Алхам 3: Эрч хүч, нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх
Эрч хүч, тамир тэнхээг нэмэгдүүлж, насыг уртасгах олон төрлийн эмчилгээ өдгөө зах зээлд бий болсон агаад тэдгээрийн цөөн хэдээс дурдвал:
- Даавар сайжруулах эмчилгээ: дааврын зөв тэнцвэр нь эрүүл, удаан амьдрахад нэн чухал агаад зохих түвшин хүртэл нэмэгдүүлснээр амьдралаа эрс өөрчлөх боломжтой.
- Пептид: био идэвхт эдгээр молекул нь булчингийн массыг бүрдүүлж, бэлгийн дур хүслийг сэргээх үйлчилгээг эр, эм аль аль хүйсийн хүмүүст үзүүлдэг
- NAD (никотинамид аденин динуклеотид) + нэмэлтүүд: хүний биеийн эс бүрд байдаг туслагч молекулууд бөгөөд дунд эргэм насанд ирэхэд эдгээрийн тал нь устсан байдаг. Харин нэмэлтийг хэрэглэснээр эрч хүч, цог золбоогоо эргэн сэргээхэд тус болдог.
Алхам 4: Унтах, өвдөлтгүй аж төрөх төлөвлөгөө гарга
Эрүүл амьдрахад туслах гурван багана бий. Зөв хооллолт, дасгал хоёрт хүмүүс хамгийн их анхаарал хандуулдаг боловч нойр хэмээх гурав дахь багана нь нөгөө хоёртоо асар их нөлөөлдөг. Нойр нь хоол боловсруулалт болон дасгал хөдөлгөөн хийх сэдэлд нөлөөлдөг.Нойрондоо зөв хооллолт, дасгалаас дутахааргүй анхаарал хандуулах ёстой бөгөөд энэ хоёр чухал зүйлгүйгээр эрүүл амьдралын хэв маягаасаа хялбархан хазайх билээ.
Дараах хоёр зүйлд анхаарал хандуулна уу:
- Хуваарь: багадаа долоон цаг унтах хуваарь гаргаж, түүнийгээ яс мөрд
- Хэмж: Хиймэл оюуны тусламжтайгаар нойрны чанараа хэмжиж мэдээлэлтэй бол, сайжруулах зүйл байгаа эсэхийг нягтал
Дараагийн сэдэв бол өвдөлт. Та болон таны хайртай хүн өвдөлт зовиурыг хэзээ нэгэн цагт мэдрэх бөгөөд АНУ-ын хүн амын 20 хувь нь амьдралынхаа туршид зарим төрлийн архаг өвчнөөр шаналдаг аж.
Азаар өвдөлт, өвчнийг багасгах, заримдаа бүрмөсөн үгүй хийх олон арга хэрэгсэл бий.
- PEMF: импульсийн цахилгаан соронзон оронт эмчилгээний ач тусыг олон мянган судалгаа нотлон харуулсан
- Эгоск арга: спортын гэмтэл, машины осол зэргээс шалтгаалсан архаг өвдөлтийг эмчлэх зориулалттай “биеийн дасгал хөдөлгөөний эмчилгээ”-ний нэг төрөл
- Сөрөг ачаалал: татсан шөрмөс, өвдөж буй үе мөчийг зовиургүй байрлалд оруулах үүрэгтэй өвчингүй, түргэн эмчилгээ
Алхам 5: Аль болох урт наслах хэв маягийг үүсгэ
Урт хугацаанд эрүүл мэндээ сайжруулахад хамгийн нөлөөтэй аргын нэг бол өдөр тутмын дадлаа өөрчлөх, урьдчилан сэргийлэх аргатай болох явдал юм.
Өнөөдрөөс эхлэн дараах аргуудыг ашиглаж эхэлвэл таны амьдралд ихээхэн өөрчлөлт гарна:
- Амьд хоол: боловсруулаагүй, амьд хоол илүү их идэж, боловсруулсан (ялангуяа элсэн чихэр) хоол хүнсийг багасгах нь таны эрүүл мэндэд маш их нөлөөтэй. Одоогийн хооллох хэв маягаа өөрчлөхийн тулд 10 өдрийн мацаг барьж, бие махбодио “дахин ачааллуул”.
- Илчлэгийг хас: эрүүл хооллохоос гадна та бага хэмжээгээр хооллодог байж магадгүй. Хоол хүнснээсээ та 300 ккал илчлэгийг хасаж чадах уу? Энэ бол нэг цагариган талханд агуулагдах илчлэгийн хэмжээ юм. Хоолны дуршлыг багасгадаг Plenity, эсвэл өлсөх мэдрэмжийг хариуцдаг дааврыг “унтуулдаг” Wegovy зэрэг эмчилгээг сонирхож үзээрэй.
- Орчин: хооллох дадлаа өөрчлөх хамгийн хялбар аргуудын нэг бол орчноо солих юм. Эрүүл хүнсийг ил харагдуулж, эрүүл бус хүнсийг нүднээсээ хол (эсвэл гэртээ байлгах хэрэггүй) байлга.
- Кофейн: үүнийг хэрэглэхгүй байх ямар ч боломжгүй ч та кофейны хэрэглээгээ бууруулах талаар заавал бодож үзэх ёстой
- Ус уух: та энэ талаар сонссон байх. Бие дэх усны хэмжээг нэмэгдүүлэхийн тулд биеийн жингийн тодорхой хувьтай тэнцэх усыг байнга хэрэглэх нь үнэхээр сайн
- Амьсгалах: нэг хором амьсгаа авч, дөрвөн хором амьсгалаа түгжиж, хоёр хоромд амьсгалаа гаргадаг дасгалыг хийвэл танд амралт болно
- Халуун, хүйтний шок: урт наслах, өвчнөөс хамгаалахад туслах халуун болон хүйтэн усны шокийг ашиглах талаар бодож үзээрэй
Мэдээж та эдгээр дасгалыг нэг дор хийх боломжгүй. Гэхдээ урт хугацаанд нэг нэгээр ашиглаж эхэлвэл эрүүл, удаан наслах боломжтой өөрчлөлтийг хийж чадах юм. Хамгийн гол нь дээр дурдсан дасгал, дадлууд үнэгүй гэдгийг анхаар.
Алхам 6: Фитнессийн төлөвлөгөө гаргах
Хэдхэн минутын дотор дараах ашиг тусыг танд авчрах нэгэн зүйл бий. Тэрхүү зүйл
- Хорт хавдар тусах эрсдэлийг 40 хувь бууруулна
- Цус харвах эрсдэлийг 45 хувь бууруулна
- Чихрийн шижин тусах эрсдэлийг 50 хувиар бууруулна
- Зүрх судасны өвчнөөр зуурдаар нас барах эрсдэлийг 50 хувь багасгана
- Эмэгтэй хүнийг ясны сийрэгжилтээс хамгаална
Хэрэв та юу болохыг нь хараахан таагаагүй бол энэ нь дасгал юм. Өдөрт ердөө 15 минут дасгал хийхэд та насаа гурван жилээр нэмэх боломжтой. Дасгал нь жин хасахад тустай, зүрхний эрүүл мэндэд сайн гэдгийг та мэдэх байх. Гэхдээ булчингийн масс нь эрүүл мэндэд цусны даралт, жин зэрэгтэй адил чухал үүрэгтэйг судлаачид тогтоосон юм. Хамгийн гол нь та тохирсон хэмжээний дасгал хөдөлгөөнийг, хялбар, зугаатай байдлаар хийх ёстой юм.
Хийх боломжтой дасгалууд:
- Алх, Ажилла: Тони заримдаа өдөрт 4-5 цаг алхангаа ажлаа хийдэг бөгөөд ингэхдээ 15 миль алхах үе байдаг. Та утсаар ярингаа алхдаг уу? Хэрэв боломжтой бол гүйлтийн замтай оффис ширээг ашигла.
- OsteoStrong: ердөө 10 минут хүрэхгүй ганц дасгал хийгээд булчин-ясны системийг хүчтэй болгодог машин юм. Түүнчлэн долоо хоногт нэг удаа хийхэд л үр дүн нь гардаг.
- Үндсэн дөрвөн дасгал: суулт, харайх, суниах, планк гэсэн дөрвөн дасгалын ядаж аль нэгд анхаарал хандуулахыг дэлхийн хамгийн алдартай хувийн зөвлөх дасгалжуулагчдын нэг Билли Бек санал болгосон. Түүний зөвлөгөө тэгвэл юу вэ? Хэрэв боломжтой бол суултаас эхэлж, түүнийгээ байнга хий.
- Тоглоом болго: дасгалаа дадал болгон хувиргах хамгийн шилдэг стратегийн нэг бол тоглоом болгон хувиргах юм. Энэ тал дээр туслах виртуал бодит байдлын хэрэглүүрүүд олон байгаа тул та эрүүл амьдралын хэв маягийг бий болгохын тулд тэдгээрийг туршиж үзээрэй.
Алхам 7: Бодлоо удирд
Хүнд буй хамгийн хүчирхэг хэрэгсэл болох тархийг анхаарахгүйгээр эрүүл амьдралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй юм. Тархийг энэ чиглэлд хөгжүүлэх хэд хэдэн арга, техникийг танилцуулъя:
- Бясалгал: өдөр юу хийх вэ, юу болох бол гэсэн бодлоор бид өглөөг ядарсан, лазан байдалтай угтдаг. Харин бясалгал нь бодол, сэтгэл хөдлөлөө зохицуулах байдлаар өдрийг оргил түвшинд эхэлхэд тусладаг юм. Энэ тал дээр туслах нэг дасгалыг та tonyrobbins.com/priming вэбсайтаас үзэх боломжтой.
- EFT (Emotional Freedom Techniques)/Товшуур: энэ бол эртний Хятадын цэгэн массаж, орчин үеийн сэтгэл зүйн хослол юм
- Сайхан төлөв: Юу ч болсон гэсэн хайр, баяр хөөр, аз жаргал, талархал, хүндлэл, хошин зангаа хадгалахын төлөө хичээвэл амьдрал тань ямар болох талаар бодож үзнэ үү? Ингэх нь бясалгал шиг сайхан төлөвт байхын нэр биш бөгөөд хамгийн гол нь сайхан төлөвт байхгүй гэдгээ анзаарах улмаар анзаарсан бол тэрхүү төлөвтөө эргэн орохын тулд юу хийх ёстойг мэдэх юм. Ингэх нэг аргыг танилцуулъя: Хэрэв сэтгэлээр унаж, уурлаж, бухимдсан бол тухайн нөхцөл байдлаас сайн талыг нь олж хараад асуудлаа шийдэхийг хичээ.
Дүгнэлт
Энэ долоон алхам маш их мэдээлэл агуулж байгаа учир нэг дор бүгдийг нь мэдэж, ойлгох боломжгүй юм. Харин та эдгээрээс аль нэгийг сонгож, тухайн алхамд буй заавар, дасгалыг ягштал хийж, улмаар тэрхүү нэг өөрчлөлт, дадлаар амьдралын хэв маягаа сайжруулахын төлөө хичээх ёстой. Ингэснээр та илүү эрүүл, илүү эрч хүчтэй, урт наслах замдаа орно.