“Санхүү өгнө, авна” төслийн эхний үе шат болох гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцааны тухай бодитоор өгүүлэх “Санхүү өгнө, авна” цуврал нийтлэлийн дугаар №9.
Санаачилга: “Хөрөнгө оруулалт бол дэмжлэг биш, мэргэжлийн бөгөөд хариуцлагатай харилцаа юм” гэдэг үзэл бодол бол бидний жижиг дунд бизнест шингээхийг хүсдэг хандлага. Үүнийгээ туршлага хуваалцахаас илүүтэйгээр хэрхэн ойлгуулах билээ дээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд оролцож байсан хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмшигчдийн харилцаанаас хамгийн сургамжтай гэж үзсэн 30-ийг нь шигшин авч, бодит үнэнийг өгүүлэхээр шийдлээ. Яриад суухаар сонссон хүмүүс нь юм боддог болохоор гэнэт өөрийгөө тоогоод, бичихээр шийдсэн нь энэ юм. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох болтугай.
Санамж: Энд өгүүлсэн үйл явдлууд нь үнэн бодит боловч оноосон нэрнүүд болон тоонуудыг зохиосон. Хэрвээ хэн нэгэнтэй давхацсан бол санамсаргүй тохиолдол юм шүү.
***
Оны эцэс дөхөхөд энд тэндэхийн бизнес төлөвлөгөөний хэлэлцүүлэгт оролцдог маань уламжлал гэхээсээ илүү бараг жам болждээ. MNC энэ удаад бизнес төлөвлөгөөгөө 10 сард багтаан боловсруулж, 11, 12-р сард өөрсдийн саналуудаа бусад компаниудын бизнес төлөвлөгөөнд багтаана гэсэн чухал санаачилга гаргажээ. БРАВО. Бравогийн хажуугаарх балай нь Гүйцэтгэх захирал Учка миний санахад 4 дэх жилийнхээ бизнес төлөвлөгөөнд “Өрөө дарах” гэсэн зорилго тавьснаа урьдчилсан хэлэлцүүлэг дээр зарлав. Инээмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг.
MNC уг нь аягүй хөөрхөн ажиллаж байгаад Ковидын үед үүссэн мөнгөн урсгалын дутагдлыг нөхөх зорилгоор зээл авсан ба түүнээс хойш өрнөөс өрний хооронд явдаг болсон. Үйл ажиллагаа өргөжсөнгүй, бодит орлого нэмэгдсэнгүй, өр төлбөр харин өссөөр. Өрөө дарах зорилго улам “томорсоор”. Асуудал нь хандлагатаа байсан тул хажуугаас нь юу ч яриад нэмэргүй лд. (Энэ их ач холбогдолтой өгүүлбэр болохыг сүүлд нь анзаарах байх аа гэж найджийнэ)
Энэ юунаас болдог вэ?
Монголын жижиг дунд бизнесийнхний дунд “жигдрэх” гэдэг нэг ойлголт бий. Бүгдээрээ л нэг жигдрэхийн төлөө л яваад байна. Мөнгөн урсгалын бага зэргийн дутагдал, операцид гардаг үл тохирлууд, эсвэл бизнес моделийнх нь нэг хэсэг нь дутагдалтай харагдаад байдым шиг байгаан. Компанийн захирлуудаас танай давуу тал юу вэ? гэж асуувал арай гэж таван хариулт хэлнэ. Харин сул тал юу вэ? гэвэл тавин хариулт дор нь хэлж чадна. Нэрлээд байгаа давуу талууд нь яг бодит давуу тал мөн үү? гэвэл бас эргэлзээтэй. Жишээ нь интерьерийн хэд хэдэн компаниуд өөрсдийнхөө давуу талыг “Уламжлалт дизайныг орчин үеийн барилгуудад хамгийн сайн загварчилдаг” гэж хэлнэ. Яг хэн нь яг юугаараа илүү болчихоод, тэр нь бодит давуу тал болоод байгаа нь эргэлзээтэй. Энийг нь хэлэхээр нилээн дургүйлхэх янзтай. Давуу тал болж санагддаггүй л юм чинь.
Энэ хандлага нь компаниудад гурван сөрөг үр дагаврыг бий болгодог.
Нэг. Бодит потенциалаа ашигладаггүй.
Ухаад үзэхээр компаниудад маш давуу тал, intelligence хуримтлагдсан байдаг ч түүнийгээ таньж мэдээгүй байдаг. Консалтинг хийдэг дийлэнх компанийн хувьд тэдний үнэмлэхүй давуу талыг олж тогтоох гэдэг хамгийн хүнд сорилтуудын нэг болдог. Уг нь хамтрагч түншүүд, ажилтнууд, хөрөнгө оруулагчид нь компаниудын давуу талууд, түүнээс бий болох үр ашигт л оролцох сонирхолтой байдаг. Харамсалтай нь тэд түүнийгээ танилцуулж мэддэггүй.
Хоёр. Стресс нэмэгддэг.
Бид хүсвэл өөрсдийн үлгэр жишээ болгодог төгс компаниуд, үндэстэн дамнасан корпорациудаас хүртэл сул тал олж харж чадна. Энэ сул тал хэзээ ч засагдахгүй. Сул талдаа төвлөрөх нь үнэ цэнийг бий болгож чаддаггүй, бизнесийн үйл ажиллагааг операци суурьтай буюу богино настай болгодог. Энэ талаар өмнөх бичвэрүүдэд мөн дурдаж байсан санагдаж байна. Операцитайгаа зууралдсаар байгаад бизнесменүүд ажлынхаа нэг хэсэг болчихдог. Уг нь ажил нь тэдний нэг хэсэг байх ёстой юм. Болдоггүй болохоор л ажлаасаа аз жаргал авахаа байчихдаг. Цааш нь бичээд юугхүү. Сэтгэлийн хат гээч нь хязгаартайм шиг билээ лд.
Гурав. Санхүүгийн эрсдэл.
Нэгэнт стресстэй, үнэ цэнэ-үр нөлөө бүтээх ёстойгоо мартчихсан бизнест ямар үр ашиг бий болох вэ дээ. Энэ нь компаниудыг нүдэн дээр дампууруулдаг, сайндаа дампуурахын наагуур гүйдэг. Тэгш ах үүнийг “хадны ирмэг дээгүүр гүйх” гэж томъёолдог. Хэлээд ойлгодоггүй болохоор санаа алдаад л өнгөрнө. Би нээрээ операци дээрээ суурилсаар байгаад компаниуд дампуурахыг, захирлууд нь эрх зүйн төвөгтэй асуудлуудад орохыг олонтаа харж байлаа. Тэдний бас нэг нийтлэг шинж нь асуудалдаа хэт төвлөрөөд бизнесээсээ ямар ашиг хүртэх гэж байгаагаа, ер нь ашиг хүртэх гэж ажиллаж байгаагаа ч мартчихсан байдаг. Аймшигтай.
Энэ бүхэнд захирлуудын хандлага, сэтгэлгээ чухал хэдий ч өөр нэг томоохон шалтгаан нь SWOT шинжилгээ байдаг. Сонин байгааз. За одоо, аан гээд уун гэжий. Дээр хэлсэнчлэн компаниуд давуу тал гэнгүүт хэдхээн юм яриад, сул тал гэнгүүт хуудас дүүрэн юм биччихдэг. Энэ нь бүх юм болохгүй байгаа мэт харагдуулдаг. Ядаж л хүний, эсвэл багийн бизнесээ хэрхэн үнэлж байгааг нь харж болдог. Тэгээд л сул талуудаа засах гээд баахан бизнес төлөвлөгөө хийчихдэг. Одоо жишээ яръя.
Долдугаар сард надтай MCU-н захирал ирж уулзсан юм. Үндсэн үйлчилгээ нь бол үнэн лаг. Тэрийгээ нэг их мэддэггүй байсан. Хэлчихээр та нар компанийг нь мэдчих гээд байна аа. Тэд SWOT шинжилгээ хийж үзээд, түүнд тусгагдсан эх үүсвэрийн хомстол, түүхий эдийн ханш, үйлдвэрлэлийн хүчин чадал бага зэрэг сул талууд буюу асуудлуудаа шийдвэрлэхийн тулд IT, худалдаа, нийтийн хоол зэрэг салбаруудад ажиллаж, сүүлдээ мөн л цоо шинэ үйлчилгээ нээжээ. Эдгээр нь нэгэнт өрсөлдөх чадамжгүй, хоорондоо синерги үүсгэх чадамжгүй олон бизнесүүд тул санхүүгийн үр дүнд нь хэн ч сэтгэл хангалуун байсангүй. Түүнчлэн сүүлд нээсэн үйлчилгээнийхээ санхүүжилтыг шийдвэрлэхийн тулд богино хугацаат зээл авсан нь асуудал үүсгэж эхэлсэн байв. Тэгээд ер нь бол надад компанийнхаа тодорхой хувийг зарах гэсэн юм гэж хэдэн үрчийсэн юмнууд хандсан юм. Хэн авах вэ дээ.
Ингээд би тэдэнтэй алдарт 5+1 хөтөлбөрөө хэрэгжүүлж, хөгжлийн төлөвлөгөөтэй болгосон юм. Рекламны пауз: 5+1 хөтөлбөр бол компаниудын хөгжлийн чиглэл, жилийн бизнес төлөвлөгөө 14 хоногт багтаан хамгийн олон арга зүй ашиглаж загварчилдаг, хөтөлбөрийн дараа талууд бие биенээ бүрэн таньж мэдсэнээр дараа дараагийн хамтын ажиллагааны боломжуудыг бий болгож байдаг манай strategical product билээ.
Хөгжлийн төлөвлөгөөний тухай өмнө нь ёстой харин ч нэг сайн бичсэн дээ. 5+1 хөтөлбөрт SWOT биш SCOT шинжилгээг ашигладаг. Weakness буюу сул талыг нь Challenge буюу сорилт болгож өөрчилсөн юм. Үүний гол эффект нь компаниуд сул талаа мартаж, зорилго зорилтдоо хүрэхэд шаардлагатай гол сорилтуудаа тодорхойлж, тэдгээрийг даван туулахад TOCS шинжилгээг ашигладаг юм. Тэрхүү сорилтуудыг тодорхойлоход бизнесийн хөгжлийн үе шат, eff&eff гэх мэт хэд хэдэн шинжилгээ хийх шаардлагатай болдог. Нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Мөнгөгүй байх бол сул тал биш, сул талын үр дүн байдаг. Тиймээс SWOT хийлээ ч санхүүгийн хувьд хүнрэлтэй, тогтворгүй, мөнгөн урсгалын тасалдалтай гэх мэтийг бичиж болдоггүй юм.
За тэр ч яахав. Тэд хөгжлийн төлөвлөгөөг шаардлагатай стандартын дагуу боловсруулж, өөрсдийн бодит давуу тал, даван туулах ёстой сорилтуудаа тодорхойлсноор шинэ төсөлтэй болж авсан юм. Үнэхээр сонирхолтой төсөл болсон. Үүний үр дүнд ойролцоогоор 1 тэрбум төгрөгний санхүүгийн эх үүсвэрүүдийг маш таатай нөхцөлөөр шийдвэрлэх шатандаа орж, төвөг болж байсан өрийн асуудал, шинэ төслийнхөө санхүүгийн эх үүсвэр, мөн хамтрагчдыг хялбархан олж чадсан юм. Тэд одоо үрчийсээр л байгаа. Гэхдээ SCOТ-с өмнө стресстэж үрчийж байсан бол саяхнаас инээж үрчийж байгаа. Энэ бол SCOT-н үр нөлөө юм. SCOT бол бидний сүүлийн 2 жилд олж авч, компаниудад амжилттай нэвтрүүлсэн нэг томоохон ололтуудын нэг билээ. Энийг Оюука ёстой лаг ухаарцан надад хоол авч өгөөд, Сүхээтэй ярилцаж ойлгуулсны дараа хэд хэдэн пиво авч өгөөд… Энэ хэсэг нь миний ололт юм шиг байгаан хөөрхий… ;p
Дээрхи бүгдийг дүгнэхэд ашиг олох гэж бизнес хийж байгаагаа мартаж болохгүй. Үүний тулд үнэ цэнэ-үр нөлөө бүтээх шаардлагатай. Эдгээрийг бүтээхэд сул талаа засах хангалтгүй, харин бодит үр нөлөөнд хүрэх сорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг даван туулах нь чухал. Эцсийн эцэст бизнесийнхээ нэг хэсэг биш, бизнес чинь амьдралын хэв маягийн нэг хэсэг байх ёстой. Аз жаргалтай байх ёстой.
Тиймээс ирэх жилийнхээ бизнес төлөвлөгөөнд SCOT ашигла.
Байг гэхэд SWOT л битгий хийж үзээрэй гэж чин сэтгэлээсээ хүсье.