Хиймэл оюунд сайн хийж чадахгүй маш олон зүйл бий. Гэхдээ хиймэл оюуныг бүтээмжээ дээшлүүлэх хэрэглүүр болгон ашиглах нь хамгийн зөв шийдэл агаад зарим уйтгартай, дахин давтагддаг ажлыг хавьгүй хурдан гүйцэтгэх боломжийг олгодог. Хиймэл оюуныг ажлын байранд ашиглаж болох зарим шилдэг аргуудаас таницуулъя. Ташрамд сануулахад, хиймэл оюуны үүсгэж буй мэдээллийг заавал хянаж, нягталж байгаарай. Аливаа текст, материалын хураангуйг үүсгэх зэрэг энгийн үйлдэл дээр ч хиймэл оюун нь худал, буруу мэдээлэл үүсгэх эрсдэлтэй юм.
Хиймэл оюун таны ажлыг таны өмнөөс хийхгүй. Гэхдээ та хиймэл оюуныг ашиглаж бүтээмжээ ихээхэн нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Microsoft Pilot ашиглах
Шантармаар урт (мөн уйтгартай) баримт бичигтэй ажиллах, эсвэл бүгдийг нь унших ямар ч боломжгүй 300 слайд танилцуулгатай ажиллах гэж байна уу? Браузерт суулгадаг хиймэл оюуны Copilot хэрэглүүр ийм үед танд хэрэг болно. Copilot бол Microsoft компанийн Bing браузерт багтдаг үнэгүй апп юм. Та доторх агуулгыг нь гаргахыг хүсэж буй вэбсайтаа ачаалсны дараа браузерынхаа баруун дээд буланд байгаа Copilot гэсэн айкон дээр дарж, хураангуй үүсгэхдээ юуг онцлох ёстой ёстойг тодорхойлно. Түүнчлэн нуршуу танилцуулга, баримт бичгээс хайж буй мэдээллийг нь олж өгөхийг хүсэж болно. Гэхдээ Copilot-ын үүсгэсэн мэдээллийг нягтлахаа мартуузай.
Zoom дуудлагын хураангуй үүсгэх
Хэрэв та Zoom-ээр ээлжит уулзалтаа хийгээд дунд нь анхаарлаа түр сатааруулсан бол тухайн хурлаар юу ярьсныг сануулдаг хиймэл оюуны хэрэглүүр Zoom-д байдаг болсныг сануулъя. Zoom-ийн AI Companion хэрэглүүр нь тус компанийн төлбөртэй багцад багтдаг агаад үнийн хувьд сарын 13.32 ам.доллароос эхэлдэг. Уг хэрэгсэл нь видео уулзалтын явцад бодит цагаар ажиллаж, гол санаануудыг тоймлон бэлтгэдэг юм. Түүнчлэн Meeting Summary үйлдлийг идэвхжүүлвэл тухайн уулзалтаар хэлэлцсэн гол санаануудыг оролцогчдын мэйл рүү илгээдэг байна. Харин видео уулзалтдаа хоцорч нэвтэрсэн бол хэлэлцсэн сэдвүүдийг бүлэгт хуваагаад тоймыг нь бичиж өгдөг функц бий.
Үг сонголтыг оновчтой болгох
Ямар нэгэн албан бичиг, захидал, хүсэлт бичих үед тохирох оновчтой үг толгойд орж ирэхгүй байна уу? Тэгвэл үнэ төлбөргүй, хэрэглээний хязгааргүй, 13 хэлээр ашиглах боломжтой goblin.tools платформыг ашиглаарай. Уг платформын Formalizer таб нь санаагаа албаны, энгийн, хар ярианы үг хэллэгийг сонгож, илэрхийлэх боломжийг олгодог. Хэрэв та хамт ажиллагч, харилцагч руугаа таагүй үг хэллэгтэй мэйл бичих гэж байгаа бол уг хиймэл оюуны цэснээс “spiciness level”-ийг сонгож санаагаа ямар үг хэллэг, өнгө аясаар илэрхийлэхээ сонгож болно.
Төслийн менежер
Хэдий та төслөө урагшлуулж, ахиулахыг хүсэж байгаа ч том зургаар харах болон өдөр тутмын ажлаа зэрэг амжуулах, бусад хүмүүсийг ажлаа цаг тухай бүрд нь оновчтой хийж байгаа эсэхийг хянахад цаг зав тань хүрэлцэхгүй, улмаар сайн баруун гартай болохыг хүсэж байна уу? Ийм нөхцөлд танд хиймэл оюуны шийдэл тус болно. Otter.ai таныг анхаарлаа төвлөрүүлж, эмх цэгцтэй ажиллахад туслах бөгөөд Meeting GenAI хэрэглүүр нь Zoom, Microsoft Teams, Google Meet-ийг дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл, уулзалт дээр ярьсан зүйлийн бичлэгийг хийх, аудиог текст болгон хөрвүүлэх, файлыг хадгалах үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн Otter.ai-ийн аккаунтыг Slack, Zoom, Dropbox, Google, Microsoft, Salesforce, HubSpot-ийн аккаунттайгаа холбох боломжтой. Уг хэрэглүүр нь эдгээр платформ дээр сануулга, тайлан үүсгэх, Slack дээр пост оруулах функцтай. Уг апп нь үнэгүй, Pro (сарын 10 доллар), Business (сарын 20 доллар) хувилбартай.
Хиймэл оюунтай Grammarly
Үг сонгох, текст засварлахад танд тусламж хэрэгтэй байна уу? Үнэгүй, Premium (сарын 12 доллар), Business (сарын 15 доллар) хувилбартай Grammarly нь таны компьютерт суусан Google Docs, мэйл, Instagram зэрэг олон апп дээр ажиллах боломжтой. Хэрэв та Instagram-ийг бизнесийн зориулалтаар ашигладаг бол Cаption Creator функцийг ашиглаад хэдхэн хормын дотор гарчигний санаануудтай болохоос гадна Google Doc, мэйл бичихдээ утга, үг үсгийн засвар хийх боломжтой.
Хиймэл оюунтай Google Doc
Хэрэв та голдуу Google Doc дээр ажилладаг, урт материалын товч агуулгыг яаралтай гаргах шаардлагатай үед Google Gemini тусална. Гэхдээ уг функцийг ашиглахын тулд та төлбөр төлөх ёстой. Та уг хиймэл оюуныг ашиглахын тулд файлаа нээгээд хураангуй үүсгэхийг хүсэж буй текстээ идэвхжүүлж Help me write, дараа нь Summarize товчлуур дээр дар. Мөн Tone, Bulletize, Elaborate, Shorten, Rephrase гэсэн командыг сонгож ашиглах боломжтой.
Танилцуулга бэлтгэх
Хэрэв та танилцуулга бэлтгэж байгаа бол goblin.tools хиймэл оюун нь презентацаа улам сайжруулахад тусална. Юун түрүүнд, та Estimator функцийг нь ашиглаж тухайн презентацыг бэлтгэхэд хэр хугацаа зарцуулахыг тооцоолж болно. Үүний дараа нооргоо Formalizer функц руу оруулж, доошоо унадаг менюнээс 14 ялгаатай хувилбарын аль нэгийг сонгон ашиглаж болно. Хэрэв уг презентацдаа ямар нэг мэдээллийг дутуу оруулсан мэт санагдаж байвал Professor функцийг ашиглаад илүү дэлгэрэнгүй, үнэн зөв, нэмэлт мэдээллийг авч болно. Учир нь goblin.tools нь OpenAI GPT модельтой холбоотой ажилладаг юм. Улмаар Judge функцийг ашиглаж, шинэчлэгдсэн презентацынхаа талаарх тойм, дүгнэлтийг авах боломжтой. Гэхдээ та хиймэл оюуны гаргасан санал, зөвлөгөөг сайтар уншиж, тухайн презентацыг танилцуулах хүмүүст хэр тохиромжтой болсныг нь нягтлахыг зөвлөе.
Эх сурвалж: cnet.com
Нийтлэлийг: Коринн Райхерт