“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага MNS ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж “МонСертф” Тохирлын үнэлгээний байгууллагаас баталгаажуулалтын гэрчилгээ гардан авлаа.
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь энэхүү стандартын шаардлагыг хангах зорилгоор 2023 оноос бодлого, хамрах хүрээг тодорхойлох, суурь дүрэм журам боловсруулах, бусад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан. “МонСертф” Тохирлын үнэлгээний байгууллага нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс ISO/IEC 27006:2023 стандартын дагуу итгэмжлэгдсэн бөгөөд олон улсын баталгаажуулалтын байгууллага Франц улсын “Афнор групп”-ийн Ази дахь таван улсыг хариуцсан албан ёсны төлөөлөгч байгууллага юм.