Энэ удаагийн Business.mn-н ярилцлагын буланд Норд Роуд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тайванг онцолж байна.
ХушХан брэнд Монголд анх удаа Европын Холбооны Органик Стандартын шаардлагыг хангаж, баталгаажуулсан брэнд болсон. Үүнээс ярилцлагаа эхлүүлье.
Бид Европын Холбооны Органик Стандартын сертификатаа маш хурдан авах хүлээлттэй байсан ч 2-3 жил ажил боллоо. Тухайлбал, өнгөрсөн 3 жилийн хугацаанд технологи цаашлаад компанитай холбоотой процесс гэхээсээ илүүтэй дэд бүтцийн асуудлуудыг шийдэх томоохон даалгавартай тулгарч байсан. Монголчуудад органик гэдэг үг их ойрхон сонсогддог. Сүү, цагаан идээнээс эхлээд идэж, хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ органик гэж бүгдээрээ боддог. Угаасаа ч органик.
Гол нь тэр органик бүтээгдэхүүнээ олон улсад, Европ, Америк тэргүүтэй өндөр хөгжилтэй, нарийн стандарт мөрддөг орнуудад батална гэдэг хамгийн том даваа болж байгаа юм. Тухайлбал, хэчнээн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь органик байлаа гээд савлаж буй савлагаа, тээвэрлэлт нь чанар, стандарт хангахгүй бол тэр бүтээгдэхүүн органик байж чадахгүй. Ер нь л хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүнээ шинээр нь амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр хүргэх нь өөрөө өрсөлдөөн болчхоод байгаа. Тэгэхээр үйлдвэрлэлийн бүхий л процесс органик байхаас аргагүй. Тэгж байж л зах зээл дээрх хэдэн зуун мянган бүтээгдэхүүн, брэнд дундаас онцгойрч харагдана. Органик гэдэг бол өөрөө шинэ ондоошил болоод байгаа.
Бидний зүгээс ямар нэгэн бичиг баримт, журам боловсруулж уг стандартыг давахаасаа илүүтэйгээр амьдралдаа нийцүүлэн органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах тэр дундаа Монголд анхдагч болж буй үүднээс нэлээн их бэлтгэл ажлын ард гарлаа. Цаашлаад, бүтээгдэхүүнээ органик гэдгийг олон улсад баталж, сертификат авах асуудал бол нэг хэрэг. Гол нь авсны дараа үүнийгээ цаашид алдахгүйхэн авч явна гэдэг нь бас том ажил гэж харж байгаа. Зөвхөн манай компаниас үл шалтгаалах одоо Монгол Улсын дэд бүтэц, стандартууд хэрхэн мөрдөгдөж байгаа вэ, гэдэг нь нэлээн том сорилт болох болов уу.
ХушХан брэндэд Европын Холбооны Органик Стандартын сертификатыг авснаар ямар өөрчлөлт гарсан бэ?
ХушХан брэнд “Органик” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүний жагсаалтад орж, Европын Холбооны органик бүтээгдэхүүний албан ёсны вэбсайт дээр нь бүртгэлжүүлээд орчихсон байгаа. Сертификатаа авсны дараа манай компани бусад компаниудтай шууд органик гэрээнүүдийг хийж эхэлсэн. Органик бүтээгдэхүүний гэрээ гэдэг утгаараа өмнө нь хийж байсан гэрээнүүдээс тодорхой хэмжээний өндөр үнийн дүнтэй. 2-рт, цаашид урт хугацаанд хамтарч ажиллах саналууд авч байгаа.
“Органик” тэмдэглэгээний хувьд сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт болон хотжилт эрчимжсэнээр маш олон органик бус бүтээгдэхүүнүүд зах зээлд давамгайлах болсон. Хүмүүс ч урт наслахын тулд аль болох органик, шим тэжээлтэй, элдэв химийн бодисгүй бүтээгдэхүүн хэрэглэх хандлагатай болсон. Өөртөө хортой бүтээгдэхүүн идье, хэрэглэе гэдэг хүн байхгүй шүү дээ. Сонирхуулахад, хамгийн эрүүл хүнс ялангуяа хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн дээр “Органик” гэх тэмдэглэгээг өргөн ашигладаг. Тус тэмдэглэгээ бол хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүнийг хамгийн шим тэжээлтэй, ямар нэгэн хольцгүй гэх итгэлийг төрүүлж байдаг учраас Америк, Европ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад бусад бүтээгдэхүүнээс бага зэрэг үнэтэй борлуулдаг.
Цаашлаад, хүнсний шим тэжээлийн оноо буюу “Nutrition score”-г өндөр хөгжилтэй орнуудад маш чухалчилж авч үздэг. Энэ оноог зүгээр таамгаараа тавьчихдаггүй буюу байгалийн органик бүтээгдэхүүнийг байгалиас нь хураахаас эхлээд чанар, стандартыг нь алдагдуулахгүйгээр хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх бүх процесс нь органик гэдгийг илтгэж байдаг.
Түүнчлэн тус тэмдэглэгээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны материалаас авхуулаад сав, баглаа боодол бүх зүйлүүд нь органик гэдгийг илтгэж байдаг. Мэдээж бид үйлдвэрлэлээ органик, байгаль орчинд ээлтэй байлгах бүх стандартыг хангахын тулд тодорхой хэмжээний томоохон хөрөнгө оруулалт, зардлуудыг гаргасан. Гэхдээ үүнийг зардал гэж харахгүй байгаа. Энэ бол ирээдүйд компанийн орлого талаасаа, мөн Монгол Улсын хүнсний салбарт томоохон ач холбогдолтой бенчмарк болох хөрөнгө оруулалт гэх талаас нь харж ажилласан.
“Органик” тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү өндөр үнэтэй борлуулагддаг. Энэ ХушХан брэндийн Европ руу экспортлох бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөх үү?
Өмнөхтэй харьцуулахад мэдээж нэмэгдэнэ. 10%-20%-ийн нэмэгдэлтэйгээр эхний гэрээгээ хийж байгаа. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүн буюу дэлгүүрүүдэд борлуулагдахдаа хэдэн хувь нэмэгдэхийг нь мэдэхгүй байна. Жишээ нь Walmart, Costco ч юм уу бусад гадаадын сүлжээ дэлгүүрүүд органик болон органик бус тасагтай байдаг. Органик бүтээгдэхүүний тасаг дахь бүтээгдэхүүнүүдийн үнэ нь өсчихсөн тохиолдлууд байдаг.
Европын Холбооны стандартаас гадна Америкийн органик бүтээгдэхүүний шалгуурыг хангасан гэж сонссон. Ер нь одоогийн байдлаар ХушХан брэнд ямар, ямар стандарт, гэрчилгээтэй байгаа вэ?
Тийм. Бид Америкийн USDA органик бүтээгдэхүүний сертификатаа саяхан авсан. Ингэснээр тус сертификатыг Монгол Улсаас анх удаа яг хүнсний бүтээгдэхүүн дээр авсан компани болсон. Одоогоор ХушХан брэнд ISO 9001:2015, ISO 22000:2018 Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт, Монгол Улсын органик хүнсний бүтээгдэхүүний стандартыг тус тус хангасан. Энэ бол хамгийн эхний шалгуур үзүүлэлтүүд гэж хэлж болно. Бидний бизнесийн хувьд ер нь л дадал болж эхэлж байна. Өөрөөр бол бид тус стандартуудыг бизнестээ хэлбэрээс илүү агуулгын хувьд шингээж үндсэн үйл ажиллагааны хэвшил болгосон. Бидний зорилго бол ханан дээрээ ямар нэгэн гоё, ганган сертификат хадах бус үйл ажиллагаандаа нэвтрүүлэх байсан. Яг энэ зарчмаараа л ажиллаад явж байна даа. Цаашлаад энэ бол нэг л компанийнамжилт гэхээс илүүтэйгээр Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлд гарч буй ахиц хэмээн харж байгаа.
Яг өнгөрсөн жилийн өдийд бид тантай ярилцлага хийж байсан юм байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болов? Бизнесийнхээ сонин сайхнаас уншигч нартай маань хуваалцвал?
ХушХан брэнд Монголд ирсэн жуулчдаа жинхэнэ утгаар нь дайлж карман болгондоо бидний самрыг халааслаад явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ нь манай борлуулалтын тоо хэмжээгээр ч гэсэн нотлогдоно. Цаашлаад өнгөрсөн жилийн өдийд бид цөөхөн хэдэн улстай харьцдаг байсан бол одоо Зүүн Азийн улсуудтай харилцаагаа нэлээн өргөжүүллээ. Зарим ойр улсуудаас албан ёсны дистрибьютер компани болъё гэдэг саналаа ч ирж байгаа. Тийм л сайхан мэдээтэй байна.
Цаашлаад энэ зуны хувьд түрүү жилийнхээсээ их жуулчид ирж байна. Бидний санаа зовж буй нэг зүйл бол ирээдүйд Монголыг зорих жуулчдын урсгал хэр тогтвортой байх вэ гэдэг явдал. Ирсэн байхад бол бид бүтээгдэхүүнээр дайлаад явуулчхаж чадаж байна. ХушХан брэндийг хэрэглэж үзсэн жуулчид эргээд бидэнтэй холбогдох нь ч их байгаа. Тухайлбал, албан ёсны дистрибьютер болмоор байна, танай бүтээгдэхүүнийг улсдаа туршиж үзмээр байна гэх мэт санал тавьж байна.
Ер нь бол аялал жуулчлал зөвхөн эдийн засгийг солонгоруулах нэг урсгал болохоосоо гадна дотоодын компаниудын ирээдүйн экспортыг дэмжиж, сурталчилж байдаг маш чухал салбар. Бидний хувьд дотоодын зах зээлээ л гэхээс илүүтэйгээр гаднын зах зээл дээр төвлөрч ажиллаж байгаа. Аялал жуулчлал нэмэгдэж байгаа нь бидэнд ч эергээр нөлөөлсөн иймэрхүү ололт амжилттай нэг жилийг үдсэн байна даа.
Цаг гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.
Баярлалаа.
Ярилцлагын эх сурвалж: Lemonpress.mn