Америкийн зохиолч, бизнесийн зөвлөх Стивен Киво “Сургамжуудыг хүлээн авах, шийдвэр гаргах процессыг сайжруулахад эрсдэлийг тооцоолох, урьдчилан харах чадвар чухал”.
Түрүүвч түнтийсэн жилүүд
Цар тахлаас хойш манай улсын эдийн засаг аажмаар өндийж буй. Зээлийн зэрэглэл ч ахиж, засгийн газрын магнай тэнийв. Угтаа ирэх жилүүд “Монгол улс хөгжил бүтээлийг цогцлоох жил байна” гэдгийг бодлого тодорхойлогчид зарласан. Учир нь зээлжих зэрэглэлээс гадна БНХАУ-ын эдийн засаг ч цар тахлаас хойш сэргэсэн. Улмаар ган болон бусад үйлдвэрлэл идэвхжиж коксожсон нүүрсний эрэлт нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд “түрүүвч түнтийсэн” том шалтгаануудын нэг.
“Хүзүү хаашаа, толгой тийшээ” гэгчээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнээс манай улсын орлогын гол тулгуур болох нүүрсний экспорт хамааралтай.
Учир нь “2022 оноос хойш Хятадын гангийн үйлдвэрүүд нүүрсний хэрэглээг нэмэгдүүлж буй шалтгаан нь эдийн засгийн сэргэлт, эрчим хүчний нөөцийн дутагдал зэрэг хүчин зүйлс юм” гэж “IEA” олон улсын мэдээллийн сайтад тайлбарлажээ.
Тэгвэл манай улс энэ оны эхний найман сард нийт 53.7 сая тонн нүүрс экспортолсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 40.9 сая тонноос 31.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2025 онд түүхий эдийн экспортыг дэмжих замаар экспортын орлого, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тодорхойлсон. Улмаар нүүрсний экспортыг “ТҮҮХЭН ДЭЭД” хэмжээ буюу 83.3 сая тонн, зэсийн баяжмалыг 1.8 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд боомтуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах болон экспорт хийх ажлыг бууруулах ажлыг зохион байгуулах юм байна. Мөн нүүрс, зэсийн баяжмал гарч буй гол боомтын үйл ажиллагааг сайжруулах, тээвэр логистикийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах замаар хилээр нэвтрүүлэх түүхий эдийн хэмжээг нэмэгдүүлэх аж.
Хүзүү хаашаа, толгой тийшээ
Ер нь бидний экспортолж буй нүүрсний 80 гаруй хувийг Хятад улс худалдаж авдаг бөгөөд тус улсын гангийн үйлдвэрлэлд ашигладагийг бид сайн мэднэ. Тэгэхээр “хүзүү хаашаа, толгой тийшээ” гэгчээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнээс манай улсын орлогын гол тулгуур болох нүүрсний экспорт хамаарна.
Гэвч “Deutsche Welle” олон улсын мэдээллийн сайтын мэдээлж буйгаар Европын холбоо тус бүсийн автомашины үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах, Хятадын төрийн дэмжлэгтэй машины борлуулалтыг хязгаарлах зорилгоор Хятад улсаас ирж буй цахилгаан автомашинд нэмэлт татвар ногдуулсан.
Энэ нь Хятад улсын гангийн үйлдвэрлэлд үзүүлэх хэд хэдэн сөрөг талтай. Үүнд:
- Татварын улмаас Хятадын үйлдвэрлэгчид Европын зах зээлд өрсөлдөх чадвараа алдвал гангийн зах зээлийн үнэ, тэр дундаа чанартай гангийн үнэд нөлөөлөх магадлалтай,
- Дотоодын үйлдвэрлэлд дарамт үүсэж магадгүй. Үйлдвэрлэл буурах нь ажилгүйдэл өсөх, үйлдвэрлэгчдийн орлого багасахад хүргэх эрсдэлтэй,
Мөн Хятад улс дотоодын болон гадаадын эрэлтийн бууралттай нүүр тулгарч, үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орж байна. Иймд нүүрсэн суурьтай гангийн үйлдвэр шинээр барихыг зогсоож байгаа аж.
Энэ талаар “China Sinopec” байгууллагын мэдээлж буйгаар “Хятадын гангийн үйлдвэрийн нүүрстөрөгчийн ялгарал, эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилготой “хос нүүрстөрөгч”-ийн зорилтуудын хүрээнд зардлаа бууруулж, хүчин чадлаа бууруулах дарамттай тулгарч байна. Ирэх жилүүдэд эдгээр зорилтод хүрэхийн тулд гангийн үйлдвэрлэлийг хязгаарлах арга хэмжээ авч, хяналтыг чангатгах, эрчим хүчний хэмнэлттэй шинэчлэлийг дэмжих бодлого баримтална” гэжээ. Эдгээр арга хэмжээ нь гангийн үйлдвэрлэлийн чанар, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэж буй.
Нэмж дурдахад Хятадын засгийн газар ган үйлдвэрлэгчдийг цахилгаан нуман зуух, устөрөгч дээр суурилсан хайлуулах зэрэг ногоон технологийг нэвтрүүлэхийг шахаж байгаа.
Дээрх агуулгуудыг товчлоход Хятад улс гангын үйлдвэрийг ногооруулах зарчмаар зардлаа хэмнэх бодлогыг баримталж байна. Мөн Европ болон АНУ-аас тулгаж буй шаардлагууд одоохондоо “нам жим” байх төлөвтэйг олон улсын судлаачид тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл огцом, эрс шийдвэр гаргахгүй нь тодорхой.
Хэрэв Хятадын гангийн үйлдвэрлэлийн үнэ, эрэлт, хэрэгцээ буурвал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ:
- Хятадын гангийн үйлдвэрлэл багасаж, нүүрсний эрэлт буурвал, нүүрсний үнэ унах магадлалтай,
- Хэрэв Хятад улс дотоодын хэрэглээнд анхаарч, Европын зах зээлээс татварын улмаас цахилгаан автомашинаа татах бодлого баримталбал Монголын нүүрсний эрэлт зарим талаар тогтвортой байх боломжтой ч, урт хугацаанд өөрчлөлт гарах магадлалтай,
- Нүүрс экспортлох зардал нэмэгдэж болзошгүй,
- Хятад болон Европын зах зээлд үүссэн нөхцөл байдлын улмаас Монгол Улс өөр зах зээлүүдийг хайх шаардлага гарч болзошгүй.
Мөн “2025 он гэхэд Хятад улсын байгалийн хийн хэрэгцээ 425 тэрбум метр/куб хүрэх таамагтай байна. Тиймээс, Хятадын нүүрсний эрэлт 2025 онд өсөж, дараа жилүүдэд буурах магадлалтай гэж үзэж байна. Нүүрсний зах зээлд шинэ сорилт, өөрчлөлтүүд ирж болох юм” гэж CNА агентлаг өнгөрөгч сард мэдээлсэн.
ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр:
-Гадаад зах зээлийн эрэлт энэ оных шиг хадгалагдах уу гэдэг нь Монгол Улсын хувьд том асуулт. Хэдийгээр бид нүүрсний экспортын биет хэмжээг ихэсгэж чадаж байгаа ч гадаад зээл дэх түүхийн эдийн үнэ биднээс шууд хамаарахгүй. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын орлого 460 гаруй сая гаруй ам долларт хүрсэн. Тус өсөлтийг оны сүүл хүртэл хадгалж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Бид нүүрсийг Хятадын зах зээлд эргэлдүүлдэг. Харин Азийн зах зээлд нүүрсний хэрэглээ буурах хандлагатай байна хэмээв.
Мөн ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс 2025 оны төсвийн асуудлаар УИХ, Засгийн газарт санал, зөвлөмж, дүгнэлт хүргүүлсэн. Тус зөвлөмжид “эдийн засгийн төлөв байдлын хувилбартай таамаглал тооцоолол хийх буюу нүүрс 80 сая тонныг экспортолж чадахгүй бол орлого хэрхэх вэ гэдгийг танилцуулах” гэж зөвлөсөн.
Энэ талаар тус форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс төсвийн шинжилгээнд экспортын орлого буурах зэрэг эрсдэлүүд төсвийн орлогын бүрдэлт, зарлагад хэрхэн нөлөөлөх, ямар арга хэмжээ авах, нөхцөл байдлын хувилбарууд ямар байхыг төсвийн төсөлт огт тусгаагүй байна гэж тодорхойлж буй. Олон улсын хямралт нөхцөл байдал, зөрчилдөөн даамжрах үед гарах олон тооны эрсдэл нь зөвхөн импортын бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй байх талтай гэдгийг 2024 оны төсвийн төсөлд өгөх санал, дүгнэлтдээ уламжилж байсан ч ирэх жилийн төсвийн төсөлд экспорт буурвал хэрхэх талаарх арга хэмжээ дахин тусгагдсангүй.
Төмөр замын төслүүд ба Монголын эдийн засгийн эрсдэл
Манай улсад төмөр зам үүсэж, хөгжөөд 70 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан бол 2019-2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, нийт 2020 км болоод буй. Хэдийгээр сүүлийн жилүүдэд шинэчлэгдэж байгаа ч олон газарт хуучирч, засвар үйлчилгээ шаардлагатай байна. Мөн олон улсын стандартын дагуу төмөр замын сүлжээг өргөжүүлэх шаардлагатай нүүр тулаад буй. Энэхүү салбарт хөрөнгө хаяснаар Ази болон олон улсын зах зээлд гарах өргөн боломжтой. Тэгвэл төмөр зам болоод нүүрсний зах зээд тулгарч буй нэгэн эрсдэл нь Орос, Хятад хоёр улсын хооронд хэрэгжих төмөр замын төслүүд юм. Тухайлбал, Москва-Бээжин чиглэлд өндөр хурдны төмөр зам барих төсөл яригдаж байгаа аж. Уг төсөл амжилттай хэрэгжвэл хоёр улсын нийслэлийн хоорондын аяллын хугацааг зургаан хоногоос хоёр хоног болгон богиносгох боломжтой аж.
Бид нүүрсийг Хятадын зах зээлд эргэлдүүлдэг. Харин Азийн зах зээлд нүүрсний хэрэглээ буурах хандлагатай байна.
Мөн “Хятадын зүгээс Якутын чиглэлд төмөр замын сүлжээг өргөтгөх санал гаргасан. Энэ бүс нутаг нь байгалийн баялгаар арвин тул Хятадын сонирхлыг ихээр татаж буй. Иймд энэхүү төсөл нь Хятад улс Оросын зүүн хойд бүсийн баялагт илүү амархан хандах боломж олгоно” гэж “Jamestown” олон улсын аналитик судалгааны байгууллага дүгнэжээ.
Хятад, Оросын шинэ төмөр замын төслүүд нь голчлон зорчигч тээвэр, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хурдасгах, сайжруулах зорилготой. Гэхдээ эдгээр төмөр замуудыг нүүрс болон бусад байгалийн баялгийг тээвэрлэхэд ашиглах боломжтой байж болзошгүй гэж олон улсын судлаачид хардаж байгаа юм байна.
Ялангуяа, Сибирь болон Хятадын хойд бүсэд байгалийн нөөц, нүүрсний арвин эх үүсвэрүүд байдаг учраас нүүрс тээвэрлэлтийн ашиглалт нь энэ төслүүдийн нэг хэсэг байж болох юм. Хэрэв Хятад, Оросын хооронд нүүрс болон бусад байгалийн баялгийг тээвэрлэхэд ашиглах төмөр замын бүтээн байгуулалт эхэлбэл Монгол Улсад хэд хэдэн сөрөг нөлөөтэй. Үүнд:
- Хэрэв төмөр замын төслүүд амжилттай хэрэгжиж, хоёр талын худалдаа нэмэгдэхэд Монгол Улс гадаад худалдааны хувьд дараалалд орж магадгүй.
- Хятад, Оросын хоорондын төмөр замын тээвэрлэлтийн хурд нэмэгдэж, зардал буурснаар Монголын тээвэрлэлтэд нөлөөлж, эдийн засгийн өрсөлдөөнд хүчтэй сөргөлдөөн үүсэж магадгүй,
- Монголын нүүрсний зах зээлд нөлөөлж, нүүрсний үнэ буурахад хүргэж болзошгүй. Ингэснээр Монголын нүүрсний олборлолт, экспортод, улмаар улсын эдийн засагт сөрөг
Хэрэглэгчийн дээд хязгаар бидний мөрөөдөл, боломж, чадамж
Америкийн зохиолч, бизнесийн зөвлөх Стивен Киво “Сургамжуудыг хүлээн авах, шийдвэр гаргах процессыг сайжруулахад эрсдэлийг тооцоолох, урьдчилан харах чадвар чухал” гэж хэлсэн байдаг.
Энэ санааг манай улсын эдийн засгийн бүтэцтэй холбон авч үзвэл нэг худалдан авагчаас шууд хамаардаг экспортын борлуулалтыг найдвартай эх үүсвэр мэтээр төсөөлөх нь өрөөсгөл. Аль болох гадаад зах зээл буюу Хятад улсын гангийн хэрэгцээнд үндэслэж, нүүрсний экспортынхоо тоо хэмжээг тооцоолох нь савлагаанаас сэргийлэх буй.
Бид нүүрсээ олон улсын худалдааны зуучлагчдад худалддаг. Харин тэд Хятад болон бусад орны эцсийн хэрэглэгчид хүргэдэг. Үнэндээ манай улс шууд экспортлохыг түлхүү сонирхож байгаа ч, зах зээлийн нөхцөл байдал болон дэд бүтцийн асуудлуудаас шалтгаалан зуучлагч байгууллагуудтай хамтарч ажилладаг. Товчхондоо бид эцсийн хэрэглэгчидтэй харилцаж чаддаггүй.
ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр “Манай нүүрс олон улсын зах зээлд харьцангуй хямд. Ер нь Хятад улс нүүрс ихээр авах үгүй нь тус улсын гангийн хэрэгцээнээс хамаарна. Иймд гангийн үйлдвэрлэлийн хэтийн төлөв, хэрэгцээ, заах зээлд үндэслэж нүүрсний экспортоо тооцох хэрэгтэй. Аль болох эрсдэлийг тооцож боломжит 50-60 сая тонн нүүрсийг үнэтэй зарсан нь манай улсад ашигтай гэдгийг онцолж байлаа.
2022 онд манай улс 36 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан. 2024 оны төсөвтөө 60 сая тонныг экспортлохоор төлөвлөхдөө тонн тутмыг нь 140 ам.доллар буюу 490 мянган төгрөгөөр арилжаалахаар тусгажээ. Харин эхний найман сарын байдлаар 53.7 сая.тонныг экспортлоод буй. Угтаа бол сүүлийн хоёр жил Монголын нүүрсний экспортын зах зээлд “Үүлэн чөлөөний нар” мандсан жил байжээ. Гэвч дээр дурдсанчлан эрсдэлүүд ирэх онд биднийг отож байна. Мөн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилсээр байвал, Монголоос экспортолж буй түүхий эдийн эрэлт, үнэд нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг судлаачид учирласаар буй.
Үнэндээ Хятадын эдийн засаг болоод нүүрсний хэрэглээнд 83.9 сая тонн нүүрс жин дарахгүй ч Манай улсын тулах тулгуур, хөдөлгөх хүч нь билээ. Хэрэв 83.9 сая тонн нүүрсийг экспортолж үл чадвал төсвийн алдагдалд орж, улмаар валютын ханш, үнийн өсөлт, тэр тусмаа иргэдийн худалдан чадвар, амьжиргааг муутгах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулж буй.