Халловин хэдий албан ёсны баяр биш боловч америкчууд уг баярыг тэмдэглэхэд зориулж олон тэрбум ам.доллар зарцуулдаг. Зөвхөн Халловины баяртай холбоотой хувцас хэрэгсэл, нүүр будаг, чихэр, үдэшлэгийн эд хэрэгсэл гээд худалдаж авах зүйлсийн тоо мундахгүй. Үүн дээр элдэв чимэглэл, хулууг нэмэх ёстой болно. Энгийн өдрүүдэд ажиглагдах боломжгүй гэнэтийн, нэмэлт худалдан авалтыг бий болгох замаар томоохон баяр ёслол нь эдийн засагт мэдэгдэхүйц бөгөөд богино хугацааны эерэг нөлөө үзүүлдгийг судалгаа харуулдаг. Халловин ч түүний нэг жишээ мөн билээ.
Халловин болон эдийн засаг
Эдийн засагт Халловины үзүүлэх нөлөөнөөс илүүтэйгээр эдийн засгийн нөхцөл байдал нь Халловинд нөлөөлдөг гэж маргах хүмүүс бий. Жишээлбэл, эдийн засаг амаргүй үед хэрэглэгчид хувцас, чихэр, хулуу, гэрийн чимэглэл зэрэг үргүй зардал гаргахаас зайлсхийх магадлалтай. АНУ-ын Үндэсний жижиглэн худалдааны холбооны (NRF) мэдээллээс үзвэл 2024 оны Халловинаар хэрэглэгчид 11.6 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй бөгөөд энэ нь нэг хүнд дунджаар 104 ам.долларын худалдан авалт ногдоно гэсэн үг юм. Энэ нь 2023 оны статистик үзүүлэлттэй (12.2 тэрбум) харьцуулбал буурсан дүн билээ.
Гэхдээ Халловины баярын үеэрх зарцуулалт нь эдийн засагт ерөнхийдөө эерэг нөлөө үзүүлдэг гэж дийлэнх эдийн засагчид дүгнэдэг. Нэмэлт зарцуулалт нь ДНБ-ийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн идэвхийг сайжруулах, дамаа ажлын байрыг өсгөх нөлөөтэй юм. Түүнчлэн Халловины баярын үеэрх хэрэглэгчийн зарцуулалтын эерэг нөлөө нь бусад саруудад сөрөг байдлаар ажиглагдаж боломжтой. Тухайлбал, аравдугаар сарын сүүлчээр өрхийн зарцуулалт их байна гэж төлөвлөсөн хэрэглэгчид найм, есдүгээр сард зарцуулалтаа танаж магадгүй. Эс бөгөөс Халловин болон Зул сарын баяр тэмдэглэх үүднээс арваннэгдүгээр сарын төсвөө хумих боломжтой юм.
Халловины үеийн ажил эрхлэлт болон зарцуулалт
Ажил эрхлэлтэд Халловин түр зуурын нөлөө үзүүлдэг. Энэ нь бэлэг дурсгал, хувцасны дэлгүүр, аймшгийн байшин, зугаа цэнгээний төвүүдэд ажилладаг цагийн ажилтан, оюутнуудад эергээр нөлөөлдөг аж. Мөн борлуулалтын ажилтан, жүжигчин, дизайнерүүд энэ үеэр нэмэлт ажилтай болох боломжтой.
NRF-ийн тооцоолж буйгаар энэ жил хэрэглэгчдийн 72 хувь нь Халловины баярыг тэмдэглэх агаад энэ нь түүхэн дээд үзүүлэлт болох магадлалтай аж. Хэрэглэгчдийн зарцуулалтын таамаг тооцоог тус холбоо дараах байдлаар гаргасан байна:
- Хувцас худалдаж авахад 3.8 тэрбум
- Чихэр худалдаж авахад 3.5 тэрбум
- Чимэглэл худалдаж авахад 3.8 тэрбум
Сонирхолтой нь, зарим дэлгүүр жилийн турш амарч байгаад зөвхөн Халловинаар ажилладаг байна.
Үр дүнтэй юу, эсвэл…
Хувцас хэрэгсэл, чимэглэл зэрэг өргөн хэрэглээний бараанд улирлын чанартай их хэмжээний мөнгө зарцуулах нь сөрөг нөлөөтэй бөгөөд илүү үр дүнтэй, ашигтай зүйлд энэ их мөнгийг зориулах ёстой гэж зарим эдийн засагч маргадаг. Хадгалах бус харин баяр ёслолд зориулж мөнгөө үрэх нь нийт хөрөнгө оруулалтын капиталын хэмжээнд сөрөг нөлөөтэй гэж тэд үздэг байна. Түүнчлэн удаан хугацааны бус нэг удаа, түр зуур хэрэглэх цөөн тооны чанар муутай барааг Халловины үеэр худалдаж авах нь худалдан авагчдад бүрэн дүүрэн сэтгэл ханамж өгөхгүй байх магадлалтай.
Дүгнэлт
Эдийн засгийн үнэ цэнтэй хичээлийг Халловин хүмүүст заадаг гэж эдийн засагч Жеффри А.Такер 2009 онд бичсэн нийтлэлдээ дурдсан юм. Өөрөөр хэлбэл, шагнал авахын тулд ажиллах ёстой гэдгийг хүүхдүүд ойлгох, бартер бол зөвхөн нэг сонголт, хүний гадаад үзэмж, харагдах байдал тун чухал гэсэн сургамжийг Халловин өгдөг гэж тэрбээр үзсэн байна. Гэхдээ АНУ-ын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг томоохон баяр ёслолын нэг бол Халловин гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гагцхүү уг нөлөө нь ямар байна вэ, эдийн засагт үнэхээр эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхийг нь яв цав тодорхойлоход хэцүү юм.
- Эх сурвалж: Investopedia
- Нийтлэлийг: Натан Рейф