Google-ийн программ хангамжийн инженерүүд хиймэл оюун хэмээх шинэ хамтран зүтгэгчтэй болсон байна. Тус компани 2024 оны гуравдугаар улирлын тайлангаа аравдугаар сарын 28-нд танилцуулсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд хиймэл оюуны гүйцэтгэж буй үүргийн талаар үүнд дурджээ.
“Google-ийн бүх шинэ кодын 20 гаруй хувийг хиймэл оюун бичиж байгаа бөгөөд түүнийг нь манай инженерүүд шалгаж, зөвшөөрөл өгдөг. Энэ нь илүү их зүйлийг цөөн ажилтнаар хавьгүй хурдан хийх боломжийг олгож байна” хэмээн тус компанийн захирал С.Пичай тайланг зарлах үеэрээ мэдээлсэн аж. Google 2023 оны гуравдугаар улиралд 182,381 ажилтантай байсан бол нэг жилийн дараа энэ тоо 181,269 болж 1000 гаруй ажилтнаар цөөрчээ.
Тус компанийн ашиглаж буй хиймэл оюуны нөлөө дэлхийн өнцөг булан бүрд хүрч эхэллээ. Хиймэл оюуны үүсгэсэн хариултыг хайлтын үр дүнд оруулах аргыг тус компани өнгөрсөн долоо хоногт дэлхийн 100 гаруй улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд “сар тутам нэг тэрбум гаруй хэрэглэгчид хүрнэ” гэж төсөөлж буйгаа С.Пичай илэрхийлжээ.
Google Search-ийн орлого нэг жилийн өмнөхтэй харьцуулахад 12 хувиар өсөж, энэ оны гуравдугаар улиралд 49.39 тэрбум ам.долларт хүрсэн бол компанийн нийт орлого өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 15 хувиар нэмэгдэж 88.27 тэрбумд хүрсэн байна. “Орлогын өсөлтөд хамгийн их нөлөөлөгч нь хайлтын систем бөгөөд үүний дараа 25 хувийн өсөлт үзүүлсэн клауд үйлчилгээ орж байна” гэж Google-ийн санхүү хариуцсан захирал Анат Ашкенази мэдэгдсэн. 2024 оны гуравдугаар улиралд клауд үйлчилгээний орлого нь 11.35 тэрбумд хүрчээ.
Түүнчлэн YouTube-ийн сурталчилгаа, захиалгын орлого сүүлийн дөрвөн улиралд анх удаа 50 тэрбум ам.долларыг давсан байна. “Ерөнхийд нь авч үзвэл гуравдугаар улирал тун сайн үзүүлэлттэй байлаа” гэж С.Пичай тайланг танилцуулах үеэр мэдэгджээ.