Монгол хүний арьсны онцлогт зориулан бүтээсэн тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг АНУ-ын Лос-Анжелес хотноо тусгай лабораторид үйлдвэрлүүлэн эх орондоо түгээж буй Khadaan Cosmetics-ийн шинэ ололтын тухай онцолж байна.
Төрмөл үзэсгэлэнг тодотгогч
Гоо сайхны салбар зөвхөн гадаад үзэмжийг онцолж буй мэт харагдавч тэнд орчин цагийн бүсгүйчүүдэд ус, агаар мэт хэрэгтэй өдөр тутмын арьс арчилгаанаас гадна өөртөө итгэх итгэл, амьдралын хэв маяг ч давхар оршиж байдаг. Хүн төрөлхтөн гоо сайхны бүтээгдэхүүнийг МЭӨ 3500 оноос үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө энэ салбарын зах зээлийн багтаамж 540 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэрлийн хурдаар хөгжиж, өргөжин тэлж буй уг зах зээлд Монголын гэх тодотголтой Khadaan брэнд хүч түрэн орж ирээд даруй найман жилийн нүүрийг үзжээ.
Ширүүн өрсөлдөөн дунд үүсгэн байгуулагдсан цагаасаа л Khadaan Cosmetics гоо сайхны салбарт илүү энэрэнгүй, хэрэглэгчээ хайрласан, өндөр чанартай бүтээгдэхүүнийг монгол эмэгтэйчүүдийнхээ арьсанд тусгайлан зориулж, бүтээгдэхүүн хөгжүүлсээр ирсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал М.Номин онцолж байв. Түүний хувьд арван жилээ төгссөнийхөө дараа тухайн үед манай улсад дөнгөж хөгжиж эхлээд байсан гоо сайхан, нүүр будгийн ертөнцтэй танилцахад чөлөөт цагаа зориулах болсон нь хожим ажил, амьдралаараа салшгүй холбогдох эхлэл болжээ. Энэ салбартаа тууштай зүтгэж, бага багаар өсөж хөгжсөөр өдгөө Khadaan Cosmetics-оор овоглон Монголын гоо сайхны зах зээлд брэндээ хоногшуулан, таниулах чухал ажлыг гүйцэтгэсээр байна.
Ажиллаж буй салбартаа дурласан М.Номин нүүр будалтыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн тулд ихэд сониучирхан бие даан судалж, суралцсаар өөрийн гэсэн өвөрмөц арга барилыг олсон байна. Өдгөө салбартаа 10 жилийн туршлагатай мэргэшсэн эксперт болж чадсан бөгөөд М.Номингоор нүүрээ будуулсан эмэгтэй зөвхөн трэнд болж буй ягаан хацартай, хөөрхөн эмэгтэй хэзээ ч болохгүй. Харин байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгохын зэрэгцээ бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлмээр байгааг нь анхааралтай сонсож, тэр дагуу хүчтэй, хөөрхөн, ялдам гэх зэргээр хүсэж буй дүр төрхийг нь тэр бүтээж өгдөг.
Khadaan Cosmetics-ийн бүтээгдэхүүн бүр нь монгол хүний арьсны онцлогт зориулан бүтээгдсэн бөгөөд арьсыг хамгаалах давхар үүрэг гүйцэтгэдэг.
Гүйцэтгэлээ чанартай нямбай байлгахын тулд өөрийн суурь ур чадвараа ашиглахаас гадна үйлчлүүлэгчийнхээ өмсөх хувцасны өнгө, цагийг өнгөрөөх орчин, тухайн орчны гэрэл, дизайныг урьдчилан судалж, тохируулж будах нь түүний бусдаас ялгарах онцлог. Учир нь хүний арьсны өнгө гэрлийн нөлөөнөөс шалтгаалан амархан хувирдаг талаар тайлбарлаж байлаа. Ийнхүү хурдтай хувьсан өөрчлөгдөхийн зэрэгцээ өрсөлдөөн улам ширүүсч буй гоо сайхан, нүүр будгийн салбарт тэр өөрийн өвөрмөц арга барилаа зурах авьяастаа түшиглэн улам хөгжүүлж, туршлагаа нэмэгдүүлсээр яваа энтрепренер юм.
Залуу уран бүтээлч, бизнес эрхлэгч М.Номингийн ажлын туршлага үүгээр дуусахгүй. Single ladies-1, 2 УСК болон “Яг түүн шиг”, Mongolia’s Got Talent зэрэг телевизийн шоу нэвтрүүлэгт нүүр будагчаар ажиллаж, өөрийн үйлчлүүлэгчдийн хэрэгцээг илүү мэдэрч, моделийнхоо хамтран ажиллах мэргэжлийн зурагчны гэрэл тавилтын онцлогт тохируулан гоо зүйн өндөр мэдрэмжтэйгээр урладаг болжээ. Ингэснээр үйлчлүүлэгч нь гэрэл зургийн хальснаа тодоор гялалзаж, зурагчны уран бүтээл чанартай болоход ихээхэн нөлөөлдөг. Үүгээр ч зогсохгүй тэрбээр монгол эмэгтэйчүүдийн нүүрийг олон жил будсан туршлагадаа үндэслэн Khadaan брэндийн бүтээгдэхүүн бүрийн өнгийг хамгийн тохиромжтой байхаар нийцүүлэн гаргахад анхааран ажиллаж буй.
- Багсны сет
- Усны хамгаалалттай контур
- Усны хамгаалалттай сормуусны будаг
- Есөн өнгийн нүдний тень
Өдөр тутамд ч мэргэжлийн артистаар будуулсан мэт чанартай будах боломжийг олгож, бүтээгдэхүүнээ улам төрөлжүүлж, цогц байдлаар солонгоруулахад анхаарч байна.
Арьсанд зориулсан инновац
Бизнесийн аяллаа эхлүүлсэн цагаас эхлээд л Khadaan Cosmetics ихээхэн онцлог бүхий компани байсаар иржээ. Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж буй тус компани оффисгүй, олон ажилтангүй. Харин ихэнх бизнес эрхлэгчийн хүсдэг эрх чөлөөтэй, цагийн хуваарьт баригдахгүй ажиллах системийг бий болгож чадсан байна.
Үүсгэн байгуулагч Э.Оюунцэцэг болон гүйцэтгэх захирал М.Номин нар тив алгасан, алсын зайнаас ажиллаж буй хэдий ч тогтмол холбогдож, бизнесээ өргөжүүлсээр яваа. Дэлхийд дуу хадаах монгол брэндийг бойжуулах зорилго тээн бизнесээ төлөвлөх явцдаа тэд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаагаа шат дараатай хэрэгжүүлсээр хоёр жилийн хугацааг зарцуулж байв. Үр дүнд нь, Khadaan Cosmetics компани 2016 оны арванхоёрдугаар сарын 11-нд байгуулагдсан түүхтэй.
Khadaan бол эмзэг, харшламтгай арьстай хүнд ч харшил өгөхгүй, удаан хадгалах зориулалттай парабен, үнэр оруулагч, спирт, силокон, сульфат зэрэг хорт нэгдлийг агуулаагүй, цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний хязгаарыг давж чадсан high-end төрлийн бүтээгдэхүүн юм.
Khadaan брэнд арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнийг анх хамтад нь хэрэглэгчдэдээ хүргэж байсан ч 2020 оны сүүлчээс зөвхөн нүүр будалтын бүтээгдэхүүндээ төвлөрч, брэндийн өнгө төрхөө илүү төгөлдөржүүлэн тодорхой болгоход чиглэжээ. Мөн олон улсын зарим гоо сайхны брэнд шиг хэрэглэгчийг олон сонголтоор төөрөгдүүлэхээс зайлсхийж, цөөн тооны сонголттой бүтээгдэхүүн хүргэж байна. Түүнчлэн монгол хэрэглэгчдийнхээ гоо сайхны мэдлэг, арьсны онцлогийг судлах явцдаа ази хүнд ази бүтээгдэхүүн л тохирно гэсэн ташаа ойлголт хүчтэй байдгийг олж мэдсэн аж.
Тодруулбал, хүний арьс дөрвөн төрлийн үндсэн суурь өнгөтэй. Ази эмэгтэйчүүдийн арьсны суурь өнгө саарал, ягаан хүйтэн суурьтай. Харин монгол эмэгтэйчүүдийнх ялгаатай бөгөөд 95-99 хувь нь шаргал, ногоон суурь бүхий арьстай байдгаараа онцлог. Үүнээс гадна цаг агаарын эрс тэс уур амьсгалаас шалтгаалан монгол хүний арьс ихээхэн эмзэгшиж, хуурайшсан байдаг нь тун ярвигтай. Иймээс л Khadaan Cosmetics-ийн бүтээгдэхүүн бүр нь монгол хүний арьсны онцлогт тохируулан бүтээгдсэн бөгөөд арьсыг хамгаалах үүрэг давхар гүйцэтгэдэг.
Ялангуяа тус брэндийн крем ямар ч монгол эмэгтэйн арьсанд тохирох долоон өнгөний сонголттой бүтээгджээ. Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүн шиг бүтэцтэй, А, К, Е витаминаар баялаг бөгөөд арьсыг тэжээлээр хангаж, антиоксидантын үүргийг гүйцэтгэдэг. Учир нь нүүр будалтын бүтээгдэхүүн хүний нүүрний өө сэвийг дарахаас гадна орчны бохирдол, нар, салхинаас хамгаалах давхарга үүсгэдэг давуу талтай.
“Khadaan Cosmetics-ийн ямар ч өнгийн кремийг түрхэхэд огт хөхрөхгүй. Ямар нэг байдлаар өнгөө буруу сонгож, бараан болсон байлаа ч царай алдсан мэт харагдахгүй. Монгол хүний арьсанд 100 хувь тохирно” хэмээн М.Номин онцолж байлаа.
Бас нэг давтагдашгүй онцлог нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн цагаасаа л амьтан дээр туршилт хийлгүй бүтээгдсэн харгислалгүй гоо сайхны брэндийн тоонд зүй ёсоор багтдаг.
Мэргэжлийн нүүр будалтыг гэртээ
М.Номингийн ажлын онцлог бол өдөр бүр эмэгтэйчүүдтэй тэр дундаа, хүний царай төрхтэй ажилладаг. Нүүрээ будуулахаар ирдэг эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрт тохирсон кремээ олоогүй, эсвэл өөрийнхөө аль нэг хэсгийг гоочилж, өөртөө итгэлгүй байх нь элбэг. Харин нүүрээ будуулсны дараа бүсгүйчүүд илүү өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй болон хувирахыг дэргэдээс нь олон удаа харж байснаа хуваалцлаа.
Нүүрээ сайхан будсан эмэгтэй хаана ч, хэнтэй ч таарсан нүүр бардам яриа өрнүүлж чаддаг. Нүүр будалт өөрөө эмэгтэйчүүдийн гадаад байдлыг сайхан харагдуулаад зогсохгүй сэтгэл зүйд нь ч эерэгээр нөлөөлж, өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэгт жинхэнэ мөн чанар нь оршдог.
Мэргэжлийн нүүр будагч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ байгалиас заяасан гоо үзэсгэлэнг нь тодотгохын зэрэгцээ бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлмээр байгааг нь анхааралтай сонсож, тэр дагуу хүчтэй, хөөрхөн, ялдам гэх зэргээр хүсэж буй дүр төрхийг нь бүтээж өгдөг.
Гэвч хүн өдөр бүр мэргэжлийн нүүр будагчаар нүүрээ будуулах боломжгүй учраас гэртээ ч мэргэжлийн хүнээр будуулсан мэт чанартай гоё будах боломжийг олгох зорилгоор Khadaan Cosmetics-ийн хамт олон бүтээгдэхүүнээ цогцоор нь солонгоруулан гаргахыг эрмэлзжээ. Энэ зорилгынхоо хүрээнд АНУ-ын Лос-Анжелес хотод үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ хэрэглэхэд аюулгүй, өндөр чанартай байхад бүхий л талаар анхаарч ажилласаар дөрвөн ч шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна.
Хамгийн сонирхолтой нь, шинээр танилцуулж буй эдгээр бүтээгдэхүүний өнгө төрх эрс өөрчлөгдөн эргэн ирж буй. Эргэн ирэх гэдгийн учир нь Khadaan Cosmetics 2021 оноос хойш худалдаалж байсан нүдний бүтээгдэхүүн (тень, контур, сормуусны будаг) -ий борлуулалтаа зогсоож байсан удаатай. Учир нь хаана ч, хэзээ ч ашигласан бүтээгдэхүүнд гэмтэл учруулахгүй бат бөх сав баглаа боодолтой, илүү чанартай болгож, шинэ инновац шингээхийн тулд дээрх алхмыг хийжээ.
Үүний үр дүнд, Khadaan брэндийг илэрхийлэх “K” үсэг бүхий логотой цагаан өнгийн савлагаатай усны хамгаалалттай сормуусны будаг, контур, есөн өнгийн нүдний тень болон Rout Make Up Studio-тэй хамтран нүүр будалтын багсны сетийг зах зээлд нэвтрүүлээд удаагүй байна. Мөн эдгээр шинэ загвар нь өмнөх 14 нэр төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд харьцангуй хямд худалдаалагдах юм. Ингэснээр хүн бүр өндөр чанартай, high-end түвшний бүтээгдэхүүнийг боломжийн үнээр худалдан авч хэрэглэх боломжтой болж буй.
Усны хамгаалалттай сормуусны будаг, контур, есөн өнгийн нүдний тень, нүүр будалтын багсны сет зэрэг шинэ бүтээгдэхүүнээ харьцангуй боломжийн үнэтэйгээр зах зээлд нэвтрүүлээд байна.
Шинээр танилцуулж буй бүтээгдэхүүн бүрээ урт хугацаанд онцгойлон судалж, туршдаг М.Номингийн онцолж буй сормуусны будаг л гэхэд ямар ч нөхцөлд арилж, буудаггүй бөгөөд сормуусыг ургуулж, өтгөн, хар болгох үйлчилгээтэй. Мөн будгаа арилгахад хөнгөн усан цэвэрлэгээ хангалттай тул арьсаа нухах шаардлагагүй хэмээв.
Ирэх жилээс Khadaan Cosmetics-ийн хамт олон АНУ-ын зах зээлд нэвтрэхээр төлөвлөж, ажлаа хэдийнэ эхлүүлжээ. Энэ хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа монгол эмэгтэйчүүддээ дээд зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү хүртээмжтэй байдлаар хүргэж, өөртөө итгэх итгэл бэлэглэхээр зорьж байна.