Бүхнийг хийх гэсэн сайхан сэтгэл үү, эсвэл бүхнийг сорох гэсэн сувдаг шунал уу?
Цаг хугацааны аялал
Өнгөрсөн зууны эхээр Монгол орноор аялсан гадаадын жуулчид, аялагчид монгол хүний хэнэггүй, аливааг цагийг нь тулгаж хийдэг, гөжүүд, өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн тулд ямар ч ов мэх, тэвчээр гаргаж магадгүй талаар дурдан бичсэн байдаг. Улсын төсвөө хэлэлцэж буй намрын өдрүүдэд ч тэрхүү зан авир нь илэрч төсвийн төсөл, төлөвлөлтийг жонхууруулдаг, тэгсээр тэр хэвээр нь шахуу УИХ баталдаг уламжлал нэгэнтээ тогтжээ.
Ердөө нэг жилийн өмнө, Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс УИХ, Засгийн газарт ямар санал, дүгнэлт хүргэж байсныг эргэн саная. Нийт 12 нүүр тус шинжилгээнд “гадаад эрсдэлийг тооцдоггүй, төрийн гадаад өрийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй, төсвийг, ялангуяа орлогыг хэт өөдрөгөөр төсөөлдөг, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төслүүдийн эрэмбэ муу, төсөвт тавих хяналт сул, төсвийн болон мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, төсвийн хэлэлцүүлэг ил тод явагддаггүй” хэмээн гол алдаануудыг дурджээ. Гэвч 2024 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.9 их наяд төгрөг, зарлагын хэмжээг 27.4 их наяд төгрөгөөр баталж, нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тоннд хүргэхээр тооцож байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлджээ.
Азаар “Монголын заяа их” болохоор энэ жил нүүрсний экспорт зорилтот хэмжээндээ хүрэх бүрэн боломжтой болж, тэр хэрээр инфляц, ДНБ-ий өсөлт зэрэг эдийн засаг, нийгмийн ихэнх үзүүлэлт харьцангуй боломжийн түвшинд байна. Гэхдээ хэргийн гол нь өмнө дурдсан алдаануудаа энэ жил дахин давтахаар УИХ, Засгийн газар улайран зүтгэж байгаа нь 2025 оны төсвийг тойрсон олон мэтгэлцээн, үзэл бодлын уралдаан үүсэхэд нөлөөллөө.
Алдаагаа засахын тулд алсыг харах хэрэггүй. “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 2025-2027 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл зэргийг алгасаад Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг судалж үзэхэд л төсөвтэй холбоотой, төлөвлөлттэй хамааралтай олон алдаа, буруу тооцооллын сэжүүрүүд цухуйна.
Хөгжих төлөвлөгөө юу, хөмрөх төлөвлөгөө юу
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах” тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгсөн дүгнэлт, зөвлөмжтэй танилцахад сүүлийн хэдэн жилд бараг хорт хавдрын хэмжээнд очоод буй улсын төсвийн төлөвлөлт, тооцоотой холбоотой алдаанууд өмнөх жилүүдийнхтэй бараг а, б үсгийн зөрүүгүй ижилхэн дурайн гарч ирнэ. Төсөв хэлэлцэх бүрийд эдийн засагч, судлаачид, ТББ, зарим улс төрчдийн буруушаадаг бүхий л алдаа, дутагдал давтагдсаар буй нь илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрдгийг эрхгүй санагдуулдаг.
Гэвч хөгжлийн төлөвлөгөөгөө, түүнийг хэрэгжүүлэх суурь болдог улсын төсвөө бид яагаад ахин дахин алдаатай процессоор, хувь улс төрч, эсвэл намын эрх ашигт захирагдах байдлаар батлаад байна вэ?
Юун түрүүнд макро эдийн засгийн төсөөллөө хэт өөдрөгөөр төсөөлж, түүндээ үндэслэн төсвийн орлого, зарлагыг хэт ихээр нэмж тооцоолж байна. 2025 оны төсвийн зарлагыг 31.3 их наяд төгрөг (2024 оны батлагдсан дүнгээс 14.3 хувиар нэмэгдсэн) буюу ДНБ-ий 32.9 хувь, төсвийн алдагдлыг -1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.0 хувь байхаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого 29.4 их наяд төгрөгт буюу ДНБ-ий 30.9 хувьд хүрэхээр байгаа нь 2024 оны батлагдсан дүнгээс 3.5 их наяд төгрөгөөр их, 13.5 хувиар өссөн хэт өөдрөг тооцоолол байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үзжээ. Тус зөвлөлөөс гаргасан төсөөллөөр 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 26.2 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан орлогоос даруй 3.2 их наяд төгрөгөөр бага дүн юм. Тийм учраас тус зөвлөл зөвлөмждөө “Бодит байдалд экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2025 оны улсын хөгжлийн болон төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан ч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэх магадлал өндөр байна” гэж дурджээ. Улмаар үүнд үндэслээд Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээнүүдийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал гэж үзсэн байна.
2025 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 11.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 224 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 3.7 их наяд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 1.4 их наяд, төр хувийн хэвшлийн хөрөнгөөр 2.6 их наяд, гадаад, дотоод хөрөнгө оруулалтаар 1.4 их наяд, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцсоныг сануулъя. Хамгийн аюултай нь хөгжлийн төлөвлөгөөний төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхойгүй 44 төсөл, арга хэмжээ байгаагаас гадна гадаадын зээл тусламжийн дүн 1,599.142 тэрбум төгрөг байгаа нь энэ хэмжээгээр Засгийн газрын өрийг нэмэгдүүлж болзошгүй байна.
Орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, нүүрсний экспортын хэмжээг бодитоор тооцох бус харин мөрөөдлийн жагсаалтдаа багтаасан маш олон төсөл, арга хэмжээг заавал хэрэгжүүлэхийн тулд хэмжээг нь хүчээр нэмдэг болсон нь нууц биш. Болдог сон бол нүүрс, зэсийн экспортын төсөөллийг гол худалдан авагч БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны өнцгөөс гаргадаг бол илүү бодитой тоон дүн гарч, тэр хэрээр төсөл, арга хэмжээнүүдээ эрэмбэлж, үүнийгээ дагаад тухайн төслийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэх байсан биз ээ.
Бушуу туулай борвиндоо баастай
Тухайн жилийн хөгжлийн төлөвлөгөө нь цаг хугацааны тодорхой хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг багтаасан баримт бичиг юм. Гэвч 2025 оны хөгжлийн төлөвлөгөө нь багийн даргаас эхлээд Ерөнхий сайд хүртэлх бүхий л шатны шийдвэр гаргагч, төсвийн захиран зарцуулагч нарын хүсэл, амбицыг багтаасан үхрийн бөөр мэт солонгорч харагдаж байна. Тийм учраас Төсвийн тогвтортой байдлын зөвлөлийн зөвлөмжид “Урт ба дунд хугацааны бодлогод тусгагдаагүй аливаа ач холбогдол багатай, олон тооны жижиг төсөл, хөтөлбөр, арга хэмжээг нэг жилийн хөгжлийн бодлогод тусгах нь бодлого ба хөрөнгийн эх үүсвэрийг тарамдуулах нэг үндсэн шалтгаан болж байна” гэж дурджээ.
Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-ийг боловсруулахдаа дээрх баримт бичгүүд төдийгүй “Монгол Улсын 2025 оны төлөвлөгөө”-тэй уялдуулаагүй байна. Тэр дундаа, “тэргүүлэх чиглэлийн үр дүн” гэж тодорхойлсон найман шалгуур үзүүлэлтийн суурь, зорилтот түвшин нь 2025 онд Төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүнг хангахын тулд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний шалгуур үзүүлэлтүүд, тэдгээрийн суурь болон зорилтот түвшний үзүүлэлттэй хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн жилийн төлөвлөгөөг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-тэй уялдуулан бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг баримтлахаар тогтсон нь сайшаалтай ч “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-нд эдгээр тэргүүлэх чиглэлийн зарим зорилтыг огт тусгаагүй, эсвэл түүнд нийцэхгүйгээр тодорхойлсон үр дүн, төсөл, арга хэмжээ цөөнгүй байна. Жишээлбэл, тэргүүлэх чиглэлийн 2.1 дэх “Үндэсний орон сууцжуулах хөтөлбөрийг баялгийн сантай уялдуулж хэрэгжүүлнэ” гэсэн зорилгын хүрээнд дэвшүүлсэн гурван зорилтын агуулга 2025 оны төлөвлөгөөнд огт тусгагдаагүй, 3 дахь тэргүүлэх чиглэл болох “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд баримтлахаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг жилийн төлөвлөгөөнд өөрчилж оруулсан байна.
Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар нь ач холбогдлоор нь эрэмбэлээгүй, нарийн тооцоо судалгаагүй төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээг харилцан уялдаа холбоогүйгээр төсвийн хэт өөдрөг тооцооллын дагуу 2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, түүний дагуу ирэх оны төсвийг батлуулахаар яарч байна. Чанартай, час хийсэн төслүүдийн хажуугаар эрээвэр хураавар элдэв төсөл хавчуулж байгаа нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэрийг эрхгүй санагдуулж байна.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний санхүүжилтийг тодорхойлсон байдал
Эх сурвалж: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл