Монголд эрэгтэйчүүдийн амиа хорлолт нийгмийн томоохон асуудал болоод буй. Судалгаагаар эрчүүдийн амиа хорлолтын тоо эмэгтэйчүүдийнхээс 5.8 дахин өндөр байгаа аж. Үүнд нийгмийн хэвшмэл ойлголтууд болон сэтгэл санааны асуудлууд ихээхэн нөлөөлдөг юм байна.
Монгол эрчүүдийн дунд өөрийгөө илэрхийлэх орчин болон сэтгэл зүйн дэмжлэг дутмаг байдаг нь асуудлыг улам даамжруулах нэг шалтгаан буй. Мөн эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, боловсролын түвшин бага байх зэрэг нь эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшнийг өндөр байлгахад нөлөөлдөг аж. Сүүлийн үед сэтгэл зүйчид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих хөтөлбөрүүдийг эрэгтэйчүүдийн дунд өргөжүүлэх шаардлагатай гэдгийг анхааруулж буй. Иймд тус өргөн агуулгын хүрээнд Монголын Үндэсний Сэтгэцийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн нарийн бичиг, сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяртай ярилцлаа.
Эрэгтэй хүн аливаа асуудлыг өөрөө шийднэ хэмээн бусадтай хуваалцахгүй, ярилцахгүй явсаар мухардаж, улмаар архинд орох, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсдэг. Энэ нь цааш даамжирсаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэг болох үед эрсдэлт зан үйлд автах явдал гардаг.
Монгол эрчүүд 60 гаруйхан насандаа таалал төгсөж, 30 хүртэлх насандаа амиа егүүтгэдэг гэх судалгаа бий. Сэтгэл зүйн хувьд амиа хорлолтод түлхэж буй ямар хүчин зүйл байна вэ?
Тэгэхээр байгалийн, гамшиг, гэнэтийн осол, халдварт өвчний улмаас, дайн мөргөлдөөний үеэр зэрэг нас баралтын олон шалтгаан бий. Тэр дундаас манай улс амиа хорлолтоор 100,000/1 буюу дэлхийд 18 дугаарт, Азидаа нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Харамсалтай нь үүний зонхилох хувийг эрчүүдийн амиа хорлолт эзэлж байна.
Эмэгтэй хүн хэдэн цагаар ч хамаагүй найзтайгаа ярилцан тайвширдаг. Гэтэл эрэгтэй хүн аливаа асуудлыг өөрөө шийднэ хэмээн бусадтай хуваалцахгүй, ярилцахгүй явсаар мухардаж, улмаар архинд орох, сэтгэл гутралд орох зэрэг асуудал үүсдэг. Энэ нь цааш даамжирсаар өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэг болох үед амиа хорлох явдал гарч байгаа юм.
Магадгүй эрчүүд сэтгэлийн хатгүй, амархан шантардаг, “уйланхай” гэж дүгнэж болох юм. Мөн нийгэм гэр бүл, эдийн засгийн хувьд ирэх үүрэг, хариуцлага гэх мэт олон хүчин зүйлсийн нөлөөнөөс үүдэж тэд нугарч буй. Гэхдээ энэ бүхний цаана дасан зохицол буюу аливаа асуудлыг даван туулах чадвар сул буйд учир байгааг ойлгох хэрэгтэй. Эрчүүдийн хувийн амьдрал, ажил хэргийн асуудлын араас босох боломжгүй мэт санагдаж эхэлдэг. Улмаар уг гутранги бодол нь удаан хугацаанд бугшсаар “ингэж амьдахаар амиа хорлосон нь дээр” гэх оновчгүй шийдвэрийг сонгодог.
Тэгэхээр хүн сэтгэлээр унаж мухардсан үедээ яагаад оновчгүй шийдвэр гаргадаг юм бэ?
Ер нь оновчгүй шийдвэрийг бид өдөр тутамдаа гаргадаг. Угтаа бол хүний сэтгэл зүй, оюун бодол, тархи асуудлыг даван туулах гарцыг үргэлж хайдаг. Харамсалтай нь амиа хорлолттой холбоотой шийдвэрт сүүдэр гэх нэршил бий. Хэн нэгэн хүн өөртөө эрсдэлтэй зан үйл хийхэд ойр дотнын хүмүүст маш хүнд сэтгэцийн гэмтэл үүсэж байдаг. Дийлэнх хүмүүс үүний дараа ойр дотнын хүмүүст нь хэчнээн хүндээр тусах вэ гэдгийг огт боддоггүй.
Гэр бүл ойр дотнын хүрээлэл тухайн эрэгтэй хүний онцлогт нийцүүлж, эвээр ярилцах хэрэгтэй.
Аюулын харанга дэлдээд буй тус асуудлыг хэрхэн шийдэх талаарх аргачлал огт байхгүй санагддаг. Адаглаад соён гэгээрүүлэх, мэдээ мэдээлэл ховор харагдах юм?
Цах тахлаас хойш манай орон гэлтгүй дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндэд нэн анхаарах болсон. Ер нь нийгмийн сэтгэл зүй тогтворгүй, хаашаа ч хазайхад бэлэн болоод буй.
Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн улс орон бүр сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр төрөл бүрийн хөтөлбөр, санаачилгууд өрнүүлж байгаа.. Манай орон ч энэхүү жишгээр “Архигүй шинэ жил”, Сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Хөгжингүй орнуудын хувьд нэг хүнд сэтгэл зүйн мэдээ мэдээлэл олгох болон соён гэгээрүүлэх ажлын өртөг 30-50 ам.доллар байдаг. Харин манай улс шиг хөгжиж буй болон хөгжилгүй дорой орнуудад тус өртөг 1-2 ам.долларт хэлбэлздэг. Тэгэхээр манай улсын хувьд тогтолцоог өөрчлөх нэн шаардлагатай байна. Гэхдээ соён гэгээрүүлэх ажлын үр дүнд сэтгэл зүйн боловсрол нэмэгдэхээс сэтгэл зүйн эрүүл мэнд сайжрахгүй шүү дээ.
Донтолтод гүн автсан хүн тухайн зүйлдээ тэр чигтээ эзэмдүүлдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд хамааралтай болсон байдаг.
Үүнээс гадна мөрийтэй тоглоом, архины хамааралд эрчүүд живэх боллоо. Яагаад энэ төрлийн донтолтод эрчүүд илүүтэй автдаг юм бэ?
Донтолтыг тун энгийнээр тайлбарлавал хүний хийдэг ямар ч хамаагүй зан үйлээр илэрдэг түр зуурын тайтгарал тайвшрал өгдөг зүйл. Иймд хүн шунан дурладаг. Гэхдээ сөрөг үр дагаварт нь зовдог ч болих гэхээр чаддаггүй үйлдлийг хэлдэг.
Тэгэхээр донтолтын цаана ямар нэг шалтгаан заавал байдаг. Ялангуяа эрчүүд аливаа зүйлд гүн төвлөрдөг бөгөөд тухайн үедээ хувийн орон зайдаа ямар нэг хүнийг халдуулахгүй байхыг хүсдэг. Нэг үгээр аливаа асуудлыг даван туулахдаа бусадтай ярилцаж, шийдвэр гаргахаас илүүтэй өөрийн орон зайдаа тунгааж, шийдвэрлэдэг. Харин асуудлын гарц гаргалгааг олсныхоо дараа нийгмийн харилцаанд эргэж ордог. Тэгэхээр эрэгтэй хүн аливаа зүйлийг тунгаах явцад ямар нэг донтолт хавсарч орж ирдэг буюу тухайн зүйлдээ тэр чигтээ эзэмдүүлдэг. Улмаар сэтгэл зүйн хувьд хамааралтай болсон байдаг.
Танай сэтгэл заслын төвд олон төрлийн шалтгаантай хүмүүс ханддаг байх. Тэр тусмаа эрчүүд үйлчлүүлэх нь хэр их байдаг вэ?
Нийт үйлчлүүлэгчдийн маш бага хувийг эрчүүд эзэлдэг. Гэхдээ 10 хүнээс адаглаад хоёр нь эрэгтэй хүн байдаг. Дээр дурдсанчлан эрэгтэй хүн аливаад гүн донтдог гэсэн. Дийлэнхдээ архи, тамхи, мансууруулах эм бэлдмэл, цахим мөрийтэй тоглоом зэрэг донтолын асуудлаар эрчүүд хандах нь элбэг.
Анх удаа сэтгэл зүйчид хандаж буй эрчүүд “Би донтогч биш. Манайхан намайг донтогч гээд байна” гэх зэргээр гайхширч ирдэг. Нэг үгээр бол тэд жинхэнэ өөрөө өөртэйгөө нүүр тулахыг хүсдэггүй. Ер нь эрчүүдийн хувьд донтогч гэдгээ хүлээн зөвшөөрөх нь сул дорой байдлаа ил гаргаж байна гэж үздэг. Тэд дорой байдлаас илүүтэй ялагч байхын тулд хожилд улам улайрч, эцэстээ живдэг. Тэдэнтэй маш сайн ярилцах хэрэгтэй. Сэтгэл засал болон зөвлөгөөний явцад тухайн асуудлаа таньж мэдсэн хүн өөрийгөө донтогч гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрснөөр дараагийн сэтгэл зүйн эмчилгээ хийгдэж эхэлдэг.
Эрэгтэй хүмүүст түгээмэл ажиглагддаг сэтгэцийн эрүүл мэндийн асуудал бол ICD-10-ийн F43.2 ангилал буюу дасан зохицлын алдагдлын эмгэг юм. Тодруулбал нэг ажлын байран дээрээ удаан, тогтвортой ажиллаж чадахгүй байх эмгэгийг хэлдэг.
Ер нь эрчүүд ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө эсвэл шахалтаар ханддаг байх нь ээ. Гэхдээ ихэнх тохиолдолд донтогчдыг гэр бүл нь үйл ойшоож, түлхэх хандлагатай байдаг. Харин зарим нь тус хямралаас гарахад тусалдаг. Тэгэхээр гэр бүл, ойр дотнын нөлөө их чухал гэж ойлгож болох уу?
Тийм. Гэхдээ үүнд тухайн эр хүний сэтгэл зүйн онцлог, зан төлөв нөлөөлдөг. Ширүүн зан ааштай зөрүүд хүнтэй зарим тохиолдолд зөөлөн харьцах нь үр дүнгүй. Эсрэгээрээ шахаж, шаардсан өнгө аястай хандах нь тэдэнд нухацтай бодох сэдлийг өгч болно. Мөн чанарын хувьд эргэн тойрны хүмүүс нь тухайн хүнийг сайн мэддэг. Учир нь донтогч өөрийгөө анзаардаггүй, донтогч гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй.
Мэдээж гэр бүлийн халуун дулаан дэмжлэг чухал. Гол нь тухайн эрэгтэй хүний онцлогт нийцүүлж, эвээр ярилцах хэрэгтэй. Ингэснээр донтогчид “Миний төлөө гэсэн хүмүүс байхад би үүнээс ангижирч чадах юм байна” гэх итгэл төрч, донтолтоос ангижрах арга замыг эрэлхийлж эхэлдэг.
Мөн нэмж хэлэхэд манай нийгэмд үргэлж донтолтын талаарх хар бараан, муу кэйсүүдийг ил гаргаж ярилцдаг. Гэтэл донтолтын цаана даван гарч өөрийгөө эдгээж чадсан хүмүүс /ялагч/ үргэлж байдаг.
Тэгвэл үндэстнийхээ хувьд манай улс эцгийн эрхт ёс давамгайлсан. Иймд санхүү болон бусад үүрэг хариуцлага эрчүүдийн нуруун дээр буудаг. Мэдээж санхүүгийн хувьд тогтмол орлоготой байх нь эрчүүдийн сэтгэл зүйн тогтвортой байх хүчин зүйлсэд багтдаг гэдэг. Олон сар ажилгүй байх нь сэтгэл зүйн хувьд ямар уршигтай вэ?
Ажилгүйдлийн сэтгэл гутрал мөн адил өөртөө эрсдэлтэй зан үйл хийхэд нөлөөлдөг. Тухайлбал эрэгтэй хүн нийгэмдээ бүтээн байгуулах, хүртээх, гэр бүлээ нуруун дээрээ авч явах зэрэг хариуцлага үүрдэг. Учир нь энэ бол байгалиас өгөгдсөн зүйл. Тэгэхээр олон сар, жил ажилгүй явахаас гадна ажилгүйдлийн талаарх өөр нэгэн ойлголт бий. Энэ нь ICD-10-ийн F43.2 ангилал буюу дасан зохицлын алдагдлын эмгэг юм. Тодруулбал нэг ажлын байран дээрээ удаан, тогтвортой ажиллаж чадахгүй байх эмгэгийг хэлж байгаа юм.
Угтаа бол удаан тогтвортой ажиллах нь өөртөө үнэ цэнийг бүрэлдүүлдэг. Мөн эдийн засгийн хувьд ч тогтвортой байдаг. Гэтэл өнөөх үнэ цэн болоод тогтвортой байдал алдагдах буюу ажлын байраа олон сэлгэх нь сэтгэл зүйн болоод эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй.
Ингэснээр өнөөх байгалийн инстинктээр хүлээсэн хариуцлагууд нь бага багаар томорч эхэлдэг. Эцэстээ хариуцлага нэмэгдэх тусам тухайн хүн асуудлыг шийдэхээс илүүтэй “би үүнийг шийдэж чадахгүй юм байна” гэж бодож эхэлдэг. Магадгүй гэртээ ирэхгүй, эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзахгүй байх, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг илүү хөөцөлдөх зэрэг арга замууд руу хазайж эхэлдэг. Гэтэл өнөөх асуудал улам томорсоор эцэстээ мухардаж эрсдэлт зан үйл хийхэд хүргэдэг.
Тухайн хямралын үеийг гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хэрхэн зөв ойлгуулж, хамтдаа даван туулах вэ?
Үгээр хүнийг алж болно, амьдруулж болно гэдэг шүү дээ. Сэтгэл зүйн өвчин биеийн өвчинтэй төстэй. Жишээ нь бие өвдсөн тохиолдолд бид хүссэн хүсээгүй ажлаасаа чөлөө авч, эмнэлэгт хэвтдэг. Үүнтэй адилаар магадгүй тухайн хүн шинэ сонголт, өөр ажил хийхээр сонирхож, судалгаа хийж байж болно. Гэтэл тухайн хүний дотор юу болж байгааг мэдэхгүй байж оновчгүй, шүүмжилсэн хандлага гаргах нь хавцал руу түлхэж буйтай адил. Харин эсрэгээрээ аль болох дэмжиж, зөвлөдөггүй юм гэхэд нээлттэй ярилцах нь зүйтэй.
Эр хүн уйлах хэрэггүй гэдэг дээр та юу хэлэх вэ?
Эрэгтэй хүн уйлж болохгүй, зоригтой байх ёстой гэдэг. Гэтэл энэхүү нийгмийн буруу хэвшмэл ойлголтын нөлөөгөөр эрэгтэй хүн зоригтой байх нэрийдлээр дотоод мэдрэмж, сэтгэлээ хааж орхидог. Ер нь жендерийн хэвшмэл ойлголтуудын талаар сүүлийн үед сэтгэл зүйчид ярих болсон. Эрэгтэй хүн дотроо хуралдаж буй мэдрэмжүүдээ сайн найз, хайртай хүн, сэтгэл зүйч гэх мэт олон хүнд ярих боломжтой. Гэтэл асуудлыг шийдэх мянган гарц байхад хамгийн хялбар, оновчгүй арга хэрэглэх гээд байдаг. Мөн сонирхлын бүлгэм, спорт, өөрийг нь ойлгодог найзууд, баг хамт олон, дуртай хобби зэрэг ярилцахаас өөр олон хэлбэрээр таагүй мэдрэмжээ чөлөөлж болно.
Сэтгэл гутралд өртсөн хүн асуудлыг шийдэх мянган гарц байхад хамгийн хялбар, оновчгүй арга хэрэглэх гээд байдаг.
Ер нь сэтгэл зүйчээс урьтаж гэр бүл ойр дотнын хүрээлэл тэдэнтэй нээлттэй ярилцах хэрэгтэй юм байна шүү дээ?
Тийм. Аливаа өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэдэг. Үнэндээ хэлж ирдэг, өвчин бүрд илрэх шинж тэмдгүүд байдаг. Сэтгэл гутралтай хүнд буй нийтлэг шинжүүд бий.
Жишээ нь сэтгэл гутралтай хүний амьдралын чанарууд алдагдаж эхэлдэг. Үүнд өдөр тутмын тогтмол үйлүүд болох өглөө босоод цайгаа уух, усанд орох, шүдээ угаах гэх мэт зуршил багтдаг. Хэрэв эдгээр горим алдагдаж эхэлбэл сэтгэл зүйн асуудалтай байна гэж ойлгож болно. Мөн сэтгэл гутралтай хүн ямагт өөрийгөө тусгаарлаж байдаг.Иймд тэдний аливаа үйлдэл, санал бодолд болзол тавьж, буруутгалгүйгээр ярилцах хэрэгтэй. Ямар ч хүн дотнын хүндтэйгээ нээлттэй ярилцдаг.
Ярилцсанд баярлалаа.