Сүүлийн 11 жилийн хугацаанд мэдээллийн технологийн салбарт олон шинэлэг, шилдэг шийдлийг нэвтрүүлсээр ирсэн “Могул Сервис” компани эдийн засгийн хөгжлийн амин чухал хөдөлгүүрийн нэг клауд үйлчилгээг 2023 онд зах зээлд танилцуулсан юм. Уг үйлчилгээний цоо шинэ 2.0 хувилбарыг тэд өнгөрсөн сард хэрэглээнд нэвтрүүлээд байна.
![](https://business.mn/wp-content/uploads/2024/11/dsc01327.jpg)
Яагаад Могул Клауд?
“Могул Сервис” ХХК-ийн дэд захирал Г.Золбоотой уулзахаар ажлаасаа гарах үес Google компани шинэ дата төв барих, клауд дэд бүтцээ өргөжүүлэх зорилгоор Тайланд улсад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулж буй тухай CNBC сувгийн мэдээлэл и-мэйлийн инбокст маань ирэв. Түүнчлэн Oracle компани Малайзад анхны паблик клауд үйлчилгээний төвийг байгуулах зорилгоор 6.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйгаа энэ сарын 1-нд зарласан мэдээлэл анхаарал татлаа. Зөвхөн Oracle төдийгүй Microsoft, Nvidia, Alphabet, ByteDance зэрэг компани тус улсад олон тэрбум ам.долларын дижитал хөрөнгө оруулалт хийж буйн дийлэнх хувь нь клауд үйлчилгээ, дата төвүүд байгуулахад зориулагдах ажээ.
Энэ бол Ази тивийн зарим улсад технологийн акулуудын хийж буй үлэмж хэмжээний хөрөнгө оруулалтын жишээ юм. Хэдэн арван тэрбумаар яригдаж буй энэхүү мөнгөн урсгалын цаадах шалтгаан юунд оршиж байна вэ? Клауд үйлчилгээ нь байгууллагын зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэдэг, хүссэнээрээ, эсвэл шаардлагатай үедээ үйлчилгээ авдаг, интернэт байвал хаанаас ч ашиглах боломжтой, өгөгдлийг найдвартай нөөцөлдөг, аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалдаг, олон хүн нэг зэрэг хамтран ажиллах боломжийг олгодог зэрэг олон давуу талыг олгож буйд эл асуултын хариулт бий.
“Манай улс клауд үйлчилгээний чиглэлд олон улсын хөгжлөөс хоцроогүй. Компаниудад энэ талаар тайлбарлаж, ойлгуулж ярих бараг шаардлагагүй болсон” хэмээн Г.Золбоо өгүүлэв. Мэдээллийн технологийн салбарт томоохон зам мөрийг гаргаж буй Могул группийн “Могул Сервис” компани энэ чиглэлд Могул Клауд төслийг эхлүүлсэн нь хэрэглэгчдэд үнэ цэн нэгэнтээ өгч эхэлжээ.
Тухайлбал, олон системийг хоршуулж, их хэмжээний өгөгдөлтэй өдөр бүр ажилладаг компаниудад найдвартай ажиллагаа, сайн сүлжээ, хурдтай клауд үйлчилгээ маш чухал байдаг. Могул Клауд үйлчилгээний хэрэглэгч, Монголын нэгэн томоохон групп компани тус үйлчилгээг ашиглах болсноор энэ бүхнийг өдөр тутамдаа мэдэрч эхэлсэн байна. Үйл ажиллагааны процесс маш хурдтай болсноос гадна гацалт, удаашрал алга болж, үүнийгээ дагаад бизнесийн хурд сайжирсан гэдэг сайшаалыг тэд Могул Сервисийнхэнд хэлжээ. Хамгийн гол нь, зардлаа их хэмжээгээр хэмнэж чадсан нь компанийн ашигт ажиллагаанд жинтэй нөлөө үзүүлсэн аж.
Харин “ЕСМ биллинг төв” компани Могул Клаудын 2.0 хувилбарыг өөрсдийн ашиглаж буй асар том архитектурт харьцангуй жижиг шийдэл болгон багтаасан байна. Гэхдээ Могул Клауд дээр Монголд байгаа сүлжээ, программууд нь бүгд ажилладаг учраас тун чухал үүрэгтэй аж. Төрөл бүрийн программ хангамжтай ажилладаг “ЕСМ биллинг төв” компанийнхан Могул Клауд үйлчилгээний интернэтийн хурд, командыг маш хурдан өгдөг боломж, мөн Amazon Web Services зэрэг системтэй холбогдож мэдээлэл солилцдогийг нь онцгойлон өндрөөр үнэлжээ. “Манай дата центрийн хурдыг их сайшаасан. Энэ давуу талыг тус компанийнхан бүрэн утгаар нь үйл ажиллагаандаа ашиглаж байна” хэмээн Г.Золбоо онцлов.
Үйл ажиллагааны процесс маш хурдтай болсноос гадна гацалт, удаашрал алга болж, үүнийгээ дагаад бизнесийн хурд сайжирсан
Түүний өгүүлснээр томоохон групп, компаниудын хувьд клауд үйлчилгээний аюулгүй байдал болон маш олон программ, системийг нэг цонхноос удирдах, хянах нь илүү чухал байдаг бөгөөд эдгээр боломжийг Могул Клауд санал болгодог. Харин жижиг, дунд бизнесийн хувьд найдвартай ажиллагаа, хэрэгтэй үедээ хүссэн хэмжээгээрээ ашиглаад, шаардлагагүй үедээ цуцлах боломж гэх мэт арай өөр шаардлагыг илүүтэй чухалчлан үздэг байна.
Гэхдээ байгууллагын том, жижиг, үйл ажиллагааны чиглэл зэрэг ялгаанаас үл хамаарч анхаарлаа хандуулдаг гол зүйл нь зардал юм. Зардлаа хэмнэх маш том боломжийг Могул Клауд санал болгодог. Тодруулбал, паблик клауд үйлчилгээ ашиглаж байгаа үед жижиг үйлчилгээ, интернэтийн сүлжээ ашигласны төлбөр зэрэг урьдчилан тооцоолоогүй төлбөрүүд нэмэгдсээр сарын тогтмол төлбөрөөс гадна нэмэлтээр ихээхэн зардал гардаг байна. Мөн төлбөрөө гадаад валютаар хийдэг учраас валютын ханшийн дарамтыг ч тодорхой хэмжээгээр үүрэхээс аргагүй болдог. Харин Могул Клаудыг ашигласнаар дээр дурдсан зардлуудыг хэмнэх, эсвэл иймэрхүү зардал огт гаргахгүй байх бүрэн боломжтой юм.
Дэлхийтэй хөл нийлүүлсэн үйлчилгээ
Amazon Web Services компанийн 2006 онд бүтээсэн Elastic Compute Cloud (EC2)-ийг үүлэн тооцооллын анхдагч гэж үздэг бөгөөд тэр цагаас хойш уг технологи улам бүр төгөлдөржин хөгжсөөр байна. Г.Золбоогийн өгүүлснээр Могул групп энэхүү технологийг олон жилийн өмнөөс сонирхож, технологи, стандарт талаас нь судалж эхэлснээс гадна зах зээлийн судалгааг өөрсдийн туршлагад үндэслэн хийсний үндсэн дээр дөрвөн жилийн өмнөөс энэ чиглэлд бизнесээ тэлэх шийдвэрийг гаргажээ.
Үүнд, 2022 онд ашиглалтад оруулсан Могул дата центр гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн цар тахлын үеэр хүмүүс онлайн орчинд байнга ажиллах болсон нь клауд шийдлийг хөгжүүлэх эрчийг улам нэмэгдүүлжээ. Ийнхүү хатуу дэд бүтэцтэй болсон тус компани Монголын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирсон Могул клауд платформыг бүтээж, 2022 оны хоёрдугаар улирлаас эхний харилцагчдаа хүлээж авсан байна.
Могул клаудын эхний хувилбарт хэрэглэгчдийн хувьд нэн чухал үндсэн үйлчилгээнүүд буюу виртуал машин, хадгалалт, нетворкинг зэрэг 200 гаруй үйлчилгээ багтаж байлаа. Эхнээсээ л хамгийн сайн платформ, технологи, шийдлийг ашиглан клауд үйлчилгээ үзүүлэх зорилго тавьсан “Могул Сервис” компанийн уг төсөл 50 гаруй харилцагчид нь үйл ажиллагаа, зардал, технологийн хувьд бодитой үр ашгийг өгсөн байна. Харин өнгөрсөн есдүгээр сарын 18-нд танилцуулсан 2.0 хувилбарт “Үнэ цэн нэмэх үйлчилгээнүүдийг оруулсан” хэмээн Г.Золбоо онцлов. Тухайлбал, нөөцлөх (вackup as a service) үйлчилгээ нь виртуал машин үүсгэх шаардлагыг халж, байгууллагын файл, архив зэргийг давхар нөөцлөх боломжийг олгож байна. Мөн кубернет (K8S), вэбхостинг зэрэг үйлчилгээ шинээр нэмэгджээ.
Могул Клаудын хувьд Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний (service level agreement) үг, үсэг бүрийг мөрдөж ажиллахад анхаарлаа хандуулдаг.
Могулын хамт олны онцолсноор их хэмжээний өгөгдөлтэй клауд орчинд ажиллах үед эн тэргүүнд анхаарах ёстой зүйл нь мэдээллийн аюулгүй байдал аж. Энэ ч үүднээс тэд аюулгүй байдалд ихээхэн анхаарч, албан ёсны түншээр ажилладаг Acronis, Trend Micro, Fortinet зэрэг дэлхийд тэргүүлэх компанийн шийдлийг Могул клаудтай интеграц хийж, харилцагчдынхаа хамгийн үнэт капитал болох өгөгдлийг хамгаалдаг байна. “Байгууллагын өгөгдөл, сүлжээ, хэрэглэгчийг хамгаалдаг дэлхийд тэргүүлэх кибер аюулгүй байдлын Fortinet компанийн түншээр манай компани ажилладаг. Мөн бид Siem мониторингийн үйлчилгээг Монголд нэвтрүүлж байна. Хэрэглэгчдийн маань ашиглаж буй шийдлүүд цогц, нарийн болох тусам аюулгүй байдал нь тэр хэрээр сайжрах ёстой. Үүнд бид онцгойлон анхаарч, энэ төрлийн хамгийн сайн шийдлийг ашиглаж байна” гэж Г.Золбоо нэмж хэлэв.
Сайн, шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх нь мэдээллийн технологийн салбарт бизнес эрхэлдэг компаниудын хувьд зоосны зөвхөн нэг тал нь юм. Нөгөө талд нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, хэрэглэгчийн туршлага гэсэн чухал хүчин зүйл оршиж байдаг. Мэргэжлийн хэллэгээр бол service support. Могул Клаудын хувьд Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээний (service level agreement) үг, үсэг бүрийг мөрдөж ажиллахад анхаарлаа хандуулдаг. Уг гэрээ нь мэдээллийн технологи, клауд үйлчилгээ, харилцаа холбооны салбарын компаниудын хувьд үндсэн хууль гэж болно. “Харилцагчдаа хэдэн минут, хэдэн цагийн дотор хариу өгч, асуудлыг нь шийднэ гэж гэрээнд тусгасан байна, тэр хугацаанд нь багтааж үйлчилгээ үзүүлдэг нь манай үйлчилгээний нэг онцлох давуу тал” хэмээн Могул Клаудынхан өгүүлж байв. Ийм үйлчилгээ үзүүлж буйн гол нууц нь чадварлаг, туршлагатай, мэргэшсэн баг хэмээн Г.Золбоо бахархалтай хэлсэн юм.
Ташрамд дурдахад, зарим компанийн мэдээллийн технологийн ажилтан, инженерүүд үндсэн үүрэгт ажлаа бус принтер засах, сүлжээ тавих зэрэг “жижиг” ажлууд хийдэг гажиг практик бий. Харин Могул Клаудыг ашигласнаар танай байгууллагын дижитал шийдэл хариуцсан ажилтнууд үндсэн ажлаа хийх, тэр хэрээр компанийнхаа бизнест хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой болох юм. Зөвхөн мэргэшсэн ажилтан төдийгүй менежерүүд, дунд болон дээд түвшний удирдлагууд ч IT-даа санаа зовохгүй ажиллах боломж бүрдэнэ. Клауд шийдэл ашигласнаар бизнесийн байгууллагуудын 90 хувь нь бусад үйл ажиллагаанд зарцуулах цагаа нэмж чадсаныг олон судалгаа харуулдаг юм.
Хүнээр бол дөнгөж хоёр нас хүрч буй ч Могул Клауд үйлчилгээ нь олон улсын стандартаас дутахгүй үйлчилгээг Монголын зах зээлд үзүүлдэг эрийн цээнд хүрсэн универсаль шийдэл болж чаджээ.
Могул Клауд үйлчилгээний үнэ цэн
Өгөөжтэй хөрөнгө оруулалт
- Гаднын ижил хүчин чадал бүхий паблик клауд үйлчилгээнүүдтэй харьцуулахад зардлыг 30-50 хувиар бууруулна.
Уян хатан ашиглалт
- Хэрэглэгч өөрт хэрэгцээт нөөцийг шаардлагатай тохиолдолд, түр хугацаанд нэмэлтээр ашиглах боломжтой.
Сүлжээний хурд, системийн чадамж
- Гаднын клауд үйлчилгээтэй харьцуулахад сүлжээгээр мэдээлэл дамжих хурд, хүчин чадал сайжирна. “Express Connect” функцыг ашиглан шилэн кабелийн шууд холболт хийх боломжтой.
Засвар үйлчилгээний цаг хэмнэлт
- Дэд бүтэц, сервер, сторэйж, сүлжээг арчлах асуудлуудад санаа зовох шаардлагагүй болсноор мэдээллийн технологийн мэргэжилтэн, баг нь үндсэн ажлууддаа илүү төвлөрөх боломж бүрдэнэ.
Мэдээллийн аюулгүй байдал
- Мэдээллийн аюулгүй байдлыг хангах Firewall, encryption, TIER 3 түвшинг хангах дата центр, кибер аюулгүй байдлын шилдэг шийдлүүдийг санал болгодог.
Бизнестээ анхаарах
- Могул Клауд шийдлийн хэрэглэгч болсноор бусад үйл ажиллагаанд зарцуулах цагаа нэмнэ.