“Prius Center”-ийг амжилттай өргөжүүлж буй түүний амжилтын нууц нь зөвхөн чадварлаг инженер, техникийн ажилтнуудаар зогсохгүй тэднийг ур чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж болдог, түүгээрээ дамжуулан хэрэглэгчид өгсөн амлалтаа биелүүлдэг системийн үндэс суурийг бий болгосон явдал юм.
Үүсгэн байгуулагч бүтсэн нь
“Ааваа, та намайг том болохоор нэг эмнэлэг байгуулаад өгөөрэй. Би хүмүүст эрүүл амьдрахад нь тусалмаар байна” гэж 14 настай дунд хүү нь Г.Лувсансамбуугаас хүсжээ. Ийн хэлэхэд нь өдий насандаа амьдралынхаа зорилгыг бусдын төлөөх үйл хэрэгтэй холбон харах болсон хүүгээрээ бахархаж байлаа. Гэхдээ энэхүү бахархлын эх сурвалж бол Г.Лувсансамбуу өөрийгөө бүтээсэн түүхтэй нь холбоотой.
Уг түүх 20 гаруй жилийн өмнө, нягтлан бодогч мэргэжлээр сургуулиа төгсөөд удаагүй байсан тэрээр солонгос хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг компанид борлуулагчаар ажиллах болсноос эхтэй. Тэр үед Монголын хэрэглэгчид солонгосын хүнсний бүтээгдэхүүнтэй, тэр дундаа хайнз майонез, хуурай сүү, кофены сүү, чоко пай зэрэгтэй дөнгөж танилцаж байв. Тэрээр бүтээгдэхүүнээ зах, дэлгүүрүүдээр тарааж, орлогоо хурааж компанидаа тушаан, борлуулалтаасаа хувь хүртэх байдлаар цалинжиж цаг наргүй ажилладаг байжээ.
Тухайн үед монгол айл өрхүүд майнозыг гэртээ гар аргаар буюу өндөг зуурч бэлддэг байсан бөгөөд бэлэн майонез худалдаж аваад шууд салатанд хэрэглэж болдгийг, хуурай сүүг устай хольж зуурахгүйгээр цай сүлдэг гэдгийг мэддэггүй байлаа. Тийм учраас шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд таниулна гэдэг амаргүй. Тиймээс тэр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд өөрөө түүнийгээ бодитоор найруулж, хутгаж, идэж, ууж үзүүлдэг байв. Бараагаа амжилттай сайн таниулж борлуулахын тулд өөрөө жолооч, ачигч, нярав, маркетингийн ажлыг ч зэрэг хийж байлаа.
Нэг л мэдэхэд тэрээр компанидаа ажиллаад 10 жил болчихсон байв. Энэ хугацаанд олон борлуулагч ажилд орж гарч, солигдож байв. Зарим нь компаниасаа мөнгө залилж, зарим нь бүр гадагшаа зугтаж гарч компаниа хохироосон тохиолдол ч гарав. Түүнд энэ бүгдийг харах амар байгаагүй. Энэ нь улс орон зах зээлийн харилцаанд шилжээд удаагүй, ихэнх хүн амин зуулгын төлөө явж байсан нөхцөлд ийм хувиа хичээсэн байдал нийтлэг үзэгдэл байсан. Харин Г.Лувсансамбуу бизнест орлогоос гадна хүний мөс чанар байх ёстой хэмээн үзэж компанийнхаа эсрэг үйлдэл хийхээс, явцуу ашиг сонирхол хөөхөөс татгалздаг байсан аж.
Тэрээр компанидаа тогтвортой ажилласнаар тодорхой хуримтлалтай болж, цаашлаад борлуулалтын чухал ур чадваруудыг эзэмшжээ. Гэхдээ хамгийн чухал нь энэ 10 жилд хөдөлмөрийн амтанд дурлаж, хийж байгаа ажилдаа зорилго, утга учир өгч, цаашдын үйл хэрэгт нь жанжин шугам болсон ёс зүй, хүний төлөөх чин сэтгэл зэрэг үнэт зүйлс, зарчмуудыг өөртөө бэхжүүлжээ. Мөн солонгос захирлаасаа ч олон сайхан чанар сурч авсан байна. Ингэснээр удирдлага болон харилцагчдын аль алинтай нь итгэлцлийн харилцаа тогтоож чадсан нь хожим түүнийг хүчирхэг алсын хараатай бизнес эрхлэгч болох эхлэлийг тавьжээ.
Өөрөөр хэлбэл, аливаа бизнест байдаг мөнгө, цаг хугацаа, итгэлцэл гэсэн үндсэн гурван нөөцөөс эдүгээ манай нийгэмд хамгийн их үгүйлэгдээд байгаа, ямар ч бизнест урт удаан оршин тогтнох үндэс болдог “итгэлцэл”, түүнийг бүрдүүлдэг хариуцлагын үнэ цэнийг энгийн нэгэн борлуулагч байхдаа ойлгож чадсан хэрэг. Эдүгээ тэрхүү итгэлцлийн хүч түүний байгуулсан Prius Center-ийн “Ногоон гэр бүл”-ийн ажилтан, хэрэглэгч, удирдлага, түншүүд гээд бүх талд мэдрэгдэж, урагш нь авч явах гол хөдөлгүүр болж байна. Тийм ч учраас “Бүрэн итгэл – Бидний туршлага” хэмээх уриа үг бодож олсон болов уу.
Нэг өдөр тэрээр хүндэлж явдаг солонгос захиралдаа “Би компанидаа 10 жил ажиллачихлаа. Одоо гаръя даа. Би өөр чиглэлд, өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлэхэд захирал нь “Чамайг явуулахад хэдий хайран байгаа ч чиний цаг болсоон. Ажилд нь амжилт хүсье. Болохгүй бол буцаад ирээрэй, манай компанийн үүд хаалга үргэлж нээлттэй шүү” хэмээн хариулжээ.
Хүн дэлгүүрээс гарахдаа гартаа атгаад гарч буй зүйлээр бус, харин сэтгэлд нь шингэсэн таны бизнесийн тухай сэтгэгдлээр чанар тодорхойлогддог.
Зах зээл бүтсэн нь
Аливаа бизнесийн үүсгэн байгуулагчид цаг хугацааны явцад бизнесийнхээ хөгжилд хоёр янзаар нөлөөлдөг. Нэг хэсэг нь “Би яаж амьдрах вэ?” гэж өөрөөсөө асуух дуртай. Өөр дээрээ төвлөрсөн ийм хүн энтрепренерийн хувьд өөрийгөө бүрэн нээж чаддаггүй, бусдын дотоод боломжийг ч олж харж чадахгүй байх нь нийтлэг. Учир нь тэд ихэвчлэн бизнес болон тэнд ажиллаж буй хүмүүсээ түүний амьдралыг сайжруулах зорилготой гэж үздэг. Ийм бизнес цагийн шалгуурыг давахгүй, богино настай байх нь элбэг. Харин “Би юуны төлөө төрсөн бэ?” хэмээн эргэцүүлдэг хүн тэс өөр замаар явдаг. Энэ төрлийн бизнес эрхлэгчид бол хэрэглэгч, ажилтнууд гэх мэт бизнесийн бүх талын оролцогчийн асуудлыг шийдэхийн төлөө, амьдралын чанарыг нь ахиулахын төлөө, нэг үгээр аз жаргалтай амьдруулахын төлөө явдаг. Үүний тулд тэд төрөл бүрийн инновацлаг бүтээгдэхүүн, шийдэл нэвтрүүлж, түүнийх нь үр шимийг нийгэм даяараа хүртдэг.
Г.Лувсансамбуу автомашины зах зээлд өөрийн бизнесийг үндэслэхдээ “Яагаад Монголчууд чанартай машин унаж болохгүй гэж” гэсэн асуултаас эхэлсэн. Учир нь тэрээр борлуулагчаар ажилладаг байхдаа янз бүрийн ачааны машин унадаг байсан бөгөөд микро автобус, Hyundai Grace, Hyundai Mighty зэрэг автомашинаар бараа түгээж явахад машин байсхийгээд л эвдэрч, долоо хоногийн нэг өдрийг машинаа засуулахад зарцуулдаг нь зовлонтой байв. Нэг өдөр сул зогсвол нэг өдрийн борлуулалтаа тэр чигээр нь алдана гэсэн үг. Тэгээд ч дизель хөдөлгүүртэй машинд өдөржингөө суугаад явахад орой маш их ядардаг байж.
Иймд тэрээр шинээр ажиллах салбараа автын чиглэл болголоо. Эхлээд Америк, Японоос автомашин оруулж ирээд борлуулдаг болсон ч зарах автомашинаа бусад ченжүүд шиг өндөр үнээр зарахаас санаа нь зовдог байлаа. Гэтэл 2008 оны санхүүгийн хямралын улмаас юу ч үгүй шатаж, амьдарч байгаа орон байраа зарж өрөө дарах дээрээ тулж байсан удаатай. Тэр хэцүү үед өмнөх ажилдаа орох бодол төрсөн ч “том яриад” гарсан тул нэг л болж өгөөгүй байж. Тэгээд зээл авч зориглон автомашины бизнесээ үргэлжлүүлж, Монголын нөхцөлд тохиромжтой, гарын ая даахуйц гэдгээр нь Toyota-гийн автомашинуудыг дагнан худалдаалах болов. Тэр дундаасаа Toyota Prius 10, 11 маркийн машинууд илүү хурдан зарагдаж байв. Өөрөө туршиж үзсэний эцэст энэ машин нь нэгдүгээрт чанартай, хоёрдугаарт түлшний зарцуулалт бага болохоор санхүүд хэмнэлттэй, гуравдугаарт эко, байгальд ээлтэй байсан учраас Toyota Prius-ийг дагнан худалдаалж эхэлжээ.
“Prius Center” сүлжээ нь 12 салбартай, 260 гаруй ажилтантай, жилдээ давтагдсан тоогоор 300 000 гаруй үйлчилгээ үзүүлдэг том гэр бүл болжээ.
Түүнчлэн өндөр үнээр удаан зарагдах машин оруулж ирснээс ашиг багатай ч хурдан борлуулах нь түүнд чухал байсан. Тэрээр өөрийгөө машины ченж болж чадахгүй гэдгийг ойлгож, нэг Prius машин худалдаалахдаа багахан ашиг нэмэн, ченжүүдэд борлуулж, нөгөөдүүл нь өөрийн үнийг тогтоож эцсийн худалдан авагчдад худалдаалдаг байжээ.
Гэвч өөр нэг асуудал гарч ирэв. Prius олшрохын хэрээр батерей, цахилгаан мотор, рулийн аппаратын эвдрэл ч ихсэв. Нэг машинаас багахан ашиг олж байгаа түүний хувьд засварын газруудад худалдаалж буй сэлбэгийн үнэ дэндүү өндөр байлаа. Эндээс тэр “Ер нь өөрийн гэсэн сэлбэгийн дэлгүүртэй болъё” хэмээн шийдэж, Японоос таван Prius ачуулахдаа бас таван Prius задалж авчирдаг болов. Сэлбэг оруулж ирэхэд тээврийн зардал нь бага байсан учраас лангуу түрээсэлж, харьцангуй хямд сэлбэг зарж эхэлснээр бусад газарт ч сэлбэгийн үнэ буурчээ.
Гэтэл дараагийн асуудал ургав. Засварын газруудад албан ёсны, мэргэжлийн засварчин, инженер, техникийн ажилтнууд тун хомс, чадахаасаа чадахгүй нь их байлаа. Ингээд түүнд “Ер нь өөрсдөө засвараа хийдэг, мэргэжлийн засвар, үйлчилгээний багтай болъё” гэсэн бодол төрж, Авто плазагийн B1 давхарт авто засварын газар нээсэн байна.
Харамсалтай нь, түрээсийн газар байсан болохоор Авто плазагийн олон төрлийн машинуудыг засаад Prius-тэй хүмүүстээ үйлчилж чадахгүй өөр нэг бэрхшээл бий болов. Тэгээд эцэст нь тэр “Ер нь өөрсдийн авто засварын төв байгуулъя” гэдэг шийдвэрт хүрснээр өнөөгийн Приус Центр – Ганданд байрлах төв салбар 2014 онд бий болжээ. Өмнө нь тулгардаг байсан бүх бэрхшээлийг нэг мөсөн шийдэж, худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц газар гэдэг утгаар нь “Prius Center” гэсэн нэрийг өгч байжээ.
2017 оноос салбарууд байгуулагдаж эхэлсэн бөгөөд эдүгээ “Prius Center” сүлжээ нь 12 салбартай, 260 гаруй ажилтантай, жилдээ давтагдсан тоогоор 300 000 гаруй үйлчилгээ үзүүлдэг том гэр бүл болжээ. Тэд 2023 оны байдлаар Монгол улс дахь нийт Prius автомашинтай хэрэглэгчийн 25 хувь, Улаанбаатар хот дахь нийт хэрэглэгчийн 37 хувьд хүрч ажилласан байна.
Чанар, нөү хау бүтсэн нь
Монгол шиг хөгжиж буй зах зээлд бүтээгдэхүүнд суурилсан бизнес сэтгэлгээ давамгайлдаг. Гэхдээ бүтээгдэхүүн гэхээс илүү хэрэглэгчид суурилсан сэтгэлгээтэй бол тухайн бизнест өсөх боломж маш их. Учир нь хэрэглэгчдэд өөрсдөө ч мэдэхгүй маш олон хангагдаагүй хэрэгцээ байдаг. Харин тэрхүү хэрэгцээг олж таньсан хүн юу бүтээхээ ойлгодог, түүнийгээ хийж чаддаг бөгөөд түүнийх нь үр шимийг нийгэм даяараа хүртдэг. Ийм хүмүүс голдуу бизнесийг хувь хүн эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг тойруулж хийдэггүй, харин бусдын төлөөх систем хөгжүүлэх эрхэм зорилготой байдаг.
Г.Лувсансамбуу бол нэгэнт юу хийхээ ухамсарласан бизнесмэн. Түүнтэй ярилцах явцад тэр “чанар” гэдэг үгийг олонтоо онцолж байлаа. Энэ үг монголчуудын бизнес сэтгэлгээнд одоо болтол бүрэн утгаараа төлөвшөөгүй. Бид голдуу чанартай бүтээгдэхүүн гэвэл Япон эсвэл Европт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй төстэй хэмээн хүлээж авдаг, чанартай үйлчилгээ гэвэл мундаг мэдлэг, ур чадвартай хүмүүстэй холбон ойлгодог. Гэвч чанарыг зөвхөн бүтээгдэхүүнтэй эсвэл хувь хүнтэй холбон авч үздэг ойлголт аль хэдийнээ ард хоцорсон. Эдүгээ чанарыг хүн, процесс, технологи гурвын нэгдмэл ажиллагаа хэмээн судлаачид үзэх болсон. Тодруулбал, хүн дэлгүүрээс гарахдаа гартаа атгаад гарч буй зүйлээр бус, харин сэтгэлд нь шингэсэн таны бизнесийн тухай сэтгэгдлээр чанар тодорхойлогддог гэсэн үг. Тиймдээ ч үйлчилгээ бол хүнд мэдрэмж худалдаалах урлаг гэлцдэг.
“Prius Center” авто засвар, үйлчилгээ, тэр дундаа Prius машины зах зээлд өөрийн гэсэн “Франчайз”-ыг бүтээж явна.
Энэ утгаараа хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцах нь ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулахаасаа илүү чухал болж байна. Тиймээс хэрэглэгчээ угтахдаа хэдхэн үг өөрчлөн хэлэхэд л чанар өөрчлөгдөж болно. Өөрөөр хэлбэл, чанартай байхын тулд заавал премиум зэрэглэлтэй байх, өндөр үнэтэй байх эсвэл шилдэг мэргэжилтнээр хийлгэсэн байх шаардлагагүй, харин хэзээ ч орсон сэтгэл ханамжийг нэг л түвшинд өгч чаддаг байх хэрэгтэй аж.
Г.Лувсансамбуугийн хувьд ч “Prius Center”-ийг амжилттай өргөжүүлж буй нууц нь зөвхөн чадварлаг инженер, техникийн ажилтнуудаар зогсохгүй тэднийг ур чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж болдог, түүгээрээ дамжуулан хэрэглэгчид өгсөн амлалтаа биелүүлдэг системийн үндэс суурийг бий болгосон явдал юм. Монголд приус засварын газрууд маш олон бөгөөд сайн гэх тодорхойлолттой газрууд голдуу чадварлаг ажилтнуудаараа хэрэглэгчээ татахыг оролддог. Гэхдээ чадварлаг ажилтан ажлаасаа гарвал байдал хэцүүднэ эсвэл чадварлаг ажилтан сэтгэл санаагаар унасан өдөр үйлчилгээний чанар унах магадлалтай.
Харин Г.Лувсансамбуу өрсөлдөх чадвартай бизнес бүтээхэд зөвхөн мундаг хүмүүс дээр төвлөрөх хангалтгүй, харин хүмүүсийг мундаг болгодог, хэрэглэгч дээр төвлөрсөн систем хэрэгтэй гэдгийг олж харжээ. “Тиймээс би хэрэглэгчтэйгээ илүү ойртож, тэднийг сайн ойлгохын тулд “Prius Center”-ийг сүлжээ засвар, үйлчилгээний төв хэлбэрээр хөгжүүлэхээр шийдсэн” гэж тэр ярилаа.
Хэрэглэгчдээ ойртох энэхүү аялалд чанарыг сайжруулах бүх л арга хэрэгсэл, нөөц бололцоогоо дайчилж байна. Тухайлбал, ISO9001:2015 Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, ингэснээр менежментийн багийн үйл ажиллагаа илүү цэгцтэй болж, шинэ түвшинд гарчээ. Мөн ISO 45001 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ мэтчилэн менежментийн стандартуудыг нэвтрүүлэхдээ тэдгээрийг зүгээр нэг маркетингийн кампанит ажилд ашиглах бус, харин байгууллагын соёл болгон төлөвшүүлэхийг зорьж байна.
Чанар гэдэгт авто засварын чиглэлд угтах үйлчилгээний шинэ соёл, чиг хандлагыг бий болгох том зорилго ч багтаж буй. Үүнтэй холбоотой харилцагчийн үйлчилгээний тал дээр технологийн боломж болон ажилтнуудын харилцааны ур чадварт түшиглэсэн төрөл бүрийн шийдэл, менежмент, маркетингийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлж байна. Жишээ нь, компанид CRM нэвтрүүлснээр ажилтнуудын бүтээмж нэмэгдэж, хэрэглэгч, үйлчлүүлэгч нарын сэтгэл ханамж жил ирэх бүр өсөж, үүнийгээ дагаад борлуулалт ч нэмэгдэж байгаа аж. Энэ бол авто засвар, үйлчилгээний салбарт ховор тохиолддог туршлага юм.
Энэ мэтээр “Prius Center” нь цаашдаа олон улсын стандартын дагуу засвар үйлчилгээ явуулдаг, үйл ажиллагаа нь системжсэн, түүгээрээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг бүтээгч тогтолцоо болох учиртай. Үүний тулд Г.Лувсансамбуу болон түүний менежментийн багийнхан “чанарыг тасралтгүй сайжруулах” гэсэн маш тодорхой нэг том зорилгод тэмүүлж байгаа. Учир нь “Чанараар өрсөлдсөн бизнес хэзээ ч дампуурдаггүй, урт хугацаанд оршин тогтнодог. Тиймээс чанар бол ямагт бидний өрсөлдөх чадвар болох учиртай” гэж тэр онцолж хэллээ.
Чанарын бодлого нь сэлбэг хэрэгсэлд ч мөн адил үйлчилнэ. Тухайлбал, тоног төхөөрөмжүүд дээрээ жил болгон чанарын баталгаажуулалт хийхээс гадна олон улсын чанарын шаардлага хангасан сэлбэг хэрэгслийг нийлүүлдэг. Тасралтгүй сайжруулалтын үр дүн ч эхнээсээ мэдрэгдэж, одоогийн байдлаар “Prius Center”-ээр тухайн жилд үйлчлүүлж буй хэрэглэгчдийг давтамжаар нь авч үзэхэд нийт хэрэглэгчийн 50 хувь нь дөрвөөс дээш удаагийн үйлчлүүлэгчид, 30 хувь нь 2-3 удаагийн үйлчлүүлэгчид, харин 20 хувь нь шинэ хэрэглэгчид байна. Энэ нь үнэнч болон байнгын хэрэглэгчдийн тоо өндөр байна гэсэн үг юм.
“Prius Center”-ийн талаар онцлох өөр нэг зүйл бол 250 000 приус машин бүхий Монголын зах зээлд тус бизнес нь засвар, үйлчилгээний чиглэлд сонирхолтой нөү хауг хөгжүүлж буй явдал юм. Учир нь нөү хау, инновац нь заавал бүтээгдэхүүн, шинэ технологи байх албагүй. Энэ нь аливаа ажлыг хийх шинэлэг арга барил, систем, загварчлал байж болно. Үүний тод жишээг бид KFC, CU, GS 25 зэрэг франчайз бизнесүүдийн туршлагаас харж болно.
Тэгвэл “Prius Center” авто засвар, үйлчилгээ, тэр дундаа Prius машины зах зээлд өөрийн гэсэн “Франчайз”-ыг бүтээж явна гэж хэлж болно. Ийм бизнесүүдийн нэг чухал онцлог нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ нь хүнээс бус системээс хамаардгаас гадна тогтмол чанар, үр дүнг гаргаж, мөн хүссэн хэмжээгээр өргөжүүлж, хувилж (scale-up) болдог. Тиймээс “Prius Center” найм дахь салбараа нээх үед л системжсэн бизнесийн шинжтэй болж эхэлжээ. Энэ утгаараа “Чанарыг хэрхэн сайн гаргах вэ” гэсэн асуултын хариултыг хайж, ажлыг хийж гүйцэтгэх хамгийн үр дүнтэй, бүтээмжтэй аргуудыг эрэлхийлэх үйл явц нь энэ компанийн нөү хау, инновацыг бүтээж байна.
Цаашид тус компани үйлчилгээгээ төрөлжүүлэх, орон нутагт зах зээлээ тэлэх стратеги баримталж байгаа аж. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт Хайбрид Авто Центр-ийг 13 дахь салбар болгон нээгээд удаагүй байна. Toyota, Lexus-ийн бүх төрлийн хайбрид авто машины засвар, үйлчилгээгээр дагнах уг төв нь хэрэглэгчийн ая тухыг бодолцсон тохижилт, зохион байгуулалттай, зөвхөн цаг захиалгаар үйлчилдэг авто засварын төвийн шинэ шийдэл бөгөөд “Ая тух-Авто засвар” гэсэн уриа бодож олсон нь хүртэл компанийн хэрэглэгчид түшиглэсэн алсын харааг илтгэж байна. Энэ салбараа нээсний дараа Г.Лувсансамбуу “Монголд авто засвар, үйлчилгээний салбарт стандартыг нэвтрүүлэх гэсэн нэгэн том зорилгын ард гарч чадлаа” хэмээн ярьж байлаа.
Баялаг бүтсэн нь
Эдүгээ ашигт малтмал, эд хөрөнгө зэргийг баялаг гэхээс илүү ямар нэгэн үнэт зүйл бүтээхэд шаардлагатай нөөц хэмээн үздэг болсон. Харин жинхэнэ баялаг нь сэтгэлгээ, мэдлэг, арга барил зэрэгтэй илүү холбоотой болж байна. Тиймээс хүний мэдлэг, ур чадварыг эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаг улс орнууд тэр хэрээрээ чинээлэг, ая тухтай амьдарч байна. Энэ зүй тогтол байгууллагын түвшинд ч мөн адил үйлчилж, хүмүүстээ хөрөнгө оруулдаг, хөгжих орчныг нь бүрдүүлдэг компаниуд илүү өрсөлдөх чадвартай болдог.
Гэвч угаас хүн ам цөөтэй, ур чадварын хомсдолд орсон хөдөлмөрийн зах зээлээс бэлэн мундаг хүмүүс хайгаад, хүлээгээд байдаг нийтлэг алдаа байдгийг хүний нөөцийн мэргэжилтнүүд хэлдэг. Зарим бизнесийн зөвлөхийн бичсэнээр ихэнх компанид чадварлаг ажилтныг бүтээх процесс дутагдаад байгаа учраас хүмүүс нь ажлын байран дээр тогтвортой биш байдаг аж. Өөрөөр хэлбэл, орцод хөрөнгө оруулахгүй хэр нээ шууд гарцыг хүсээд байдаг. Угтаа сайн ажилтнууд хайхаас илүү сайн ажилтнууд бий болгодог стратеги, менежмент, соёлыг бүтээх нь байнгын өсөлтөд хөтлөх нэг чухал нөхцөл юм.
Г.Лувсансамбуу өрсөлдөх чадвартай бизнес бүтээхэд зөвхөн мундаг хүмүүс дээр төвлөрөх хангалтгүй, харин хүмүүсийг мундаг болгодог, хэрэглэгч дээр төвлөрсөн систем хэрэгтэй гэдгийг олж харжээ.
“Prius Center”-ийн хувьд гол баялаг нь инженер техникийн ажилчид буюу тэдний нэрлэдгээр ИТА юм. Анх Гандан салбар нээгдэхэд дөрвөн засварчин, нэг инженер анхны ажлаа хүлээж авч байв. Тэгвэл өнөөдөр ИТА нар нийт ажилчдын 70 хувийг эзэлдэг, тэр дотроо нэг ерөнхий инженер, дөрвөн мэргэшсэн инженер, нийтдээ 30 орчим мэргэжлийн инженертэй болжээ. Г.Лувсансамбуу тэднийхээ талаар ярихдаа “Манай инженерүүд бол ИТА-гийн тархи нь, харин механикууд ИТА-гийн зүрх нь юм” гэж бахархалтай хэллээ.
“Prius Center”-ийн мэргэжлийн хүний нөөцийн бодлогыг товчхоноор тодорхойлбол “Энэ бол хүн өөрийн потенциалыг тэлэх боломжтой газар” гэж болно. Учир нь Г.Лувсансамбуу болон тэдний баг “Монголын авто инженер, механик, засварчдын мэдлэг ур чадварыг нэмэх, тэдний хөгжил, нэр хүндийг өсгөх, ямар сайхан мэргэжил болохыг таниулах, алдаршуулахын төлөө зүтгэх” гэсэн гэгээлэг зорилгыг өмнөө тавьжээ.
Үүний тулд ажилтнууд сонгон шалгаруулахаас эхлээд дасан зохицуулах, сургах хөгжүүлэх, мэргэшүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх гэх мэт хүний нөөцийн бүх л процессыг салбартаа жишиг болохуйц байдлаар төлөвшүүлжээ. Жишээ нь, ихэвчлэн ШУТИС-ийн Механик тээврийн сургууль (хуучнаар Механик инженерийн сургууль) болон Монгол – Солонгосын Политехникийн коллеж, бусад мэргэжил сургалтын төвтэй хамтран ажиллаж, тэднээс оюутнуудыг дадлагажуулж, мэдлэг, ур чадвар олгодог. Улмаар оюутнуудыг сонгон шалгаруулж, ногоон гэр бүлдээ ажиллах урилга өгч хүний нөөцөө бүрдүүлдэг байна.
Шинээр ажилд орсон ажилтнууд тусгайлан бэлдсэн технологийн карттай танилцдаг бөгөөд энэ нь автомашины бүх эд ангид зориулсан ажил гүйцэтгэх зааварчилгаа юм. Тэдгээр карт нь улам боловсронгуй болохын хэрээр алдаа гарах нүх сув алга болсоор, ИТА-нууд ч улам мэргэшиж, ур чадвар нь дээшилсээр, тэр хэрээрээ үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж ч сайжирч, үнэнч, байнгын хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байдаг. “Prius Center”-ийн технологийн карт гэдэг нь бас л дээр дурдсан системжсэн бизнест байдаг, шинэ ажилтнуудад мэдлэг дамжуулах тогтолцооны нэг шинж чанар юм.
Туршлагатай олон жил ажилласан ажилтнуудын хувьд ч мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх онол, практикийн сургалт, вөрк шопуудад тогтмол хамрагдаж, хагас жил тутамд түүнийгээ батлах нэгдсэн шалгалтад ордог журамтай. Мэдээж энэ бүхний зэрэгцээ зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамж өгдөг, гүйцэтгэл өндөр байх тусам цалин өндөр байх нөхцөлийг бүрдүүлсэн урамшууллын зарчим үйлчилдэг, байрны урьдчилгаа өгдөг, импортоор орж ирсэн өртөг үнээр нь автомашины зээлд хамруулдаг, тогтвор суурьшилтай ажилчдаа Япон улсад илгээдэг зэргээр дэмждэгийг дурдах хэрэгтэй.
Тус компани үнэт зүйлсийнхээ хамгийн эхэнд “Эерэг хандлагатай мэргэшсэн хамт олон” гэж бичсэн байдаг. Учир нь монгол хүн Монголдоо мэдлэг, боловсрол эзэмшээд, ур чадвар, туршлага суугаад, тэрхүү хөдөлмөрөө шударгаар үнэлүүлээд, эх орондоо үнэ цэн бүтээх тэр л боломжийг бий болгохыг Г.Лувсансамбуу хүсдэг. Өөрөөр хэлбэл, тэр хүнээ баялаг болгодог тогтолцоог байгууллагынхаа түвшинд хэдийнээ бүрдүүлсэн гэж дүгнэж болно.
Манлайлагч бүтсэн нь
Манлайллын хэдэн түвшин бий. Анхан шатны манлайлагчид эрх мэдэл эсвэл өөрийн мэдлэг, ур чадварыг удирдлагын гол хөшүүрэг болгодог. Харин дээд түвшний манлайлагчид өөрийнхөө ухаалаг гэдгийг сурталчлах биш, удирдаж буй хүмүүсээ ухаалаг болгохыг хүсдэг. Тэд “Чи хэн бэ? Чамд ямар боломж байгаа вэ?” гэдгийг хэлж өгөх байдлаар тухайн ажилтны дотоод боломжийг нээж, өөрийгөө олоход нь туслахыг зорьдог.
“Prius Center”-ийн ногоон гэр бүлд ирснээр ингэж өөрийгөө олсон хүн цөөнгүй бий. Жишээ нь, эдүгээ лавлах төвийн ахлах менежерээр ажиллаж буй М.Цогням өмнө нь тун бүрэг, харилцааны ур чадвартаа сэтгэл дундуур нэгэн байв. Харин сэлбэгийн туслахаас эхлээд лавлах төвд оператор, заримдаа ажлын шаардлагаар үйлчлүүлэгчийн зөвлөх, кассын ажилтан хийдэг болжээ. Эдгээр ажилд байнга л хүнтэй харилцах шаардлагатай. М.Цогням эцэстээ лавлах төвдөө ахлах болж сар бүр тайлан тавих гэх мэтээр хүнтэй харилцдаг олон төрлийн ажил хийснээр өөрийгөө өөрчилж, задалж чадсан тухайгаа ярьсан юм. Одоо тэр компанийнхаа олон нийтийг хамарсан бүх л ажилд оролцдог, хамгийн хэрэгтэй, нээлттэй, идэвхтэй хүмүүсийн нэг болсон.
Амгалан салбарын механик Иван Базаровын хувьд 11 жил ажилласан газраасаа уйдаж тэндээсээ гарсан. Тэгээд дараа нь авто засварчнаар мэргэжил эзэмшиж тухайн үедээ ажилд орох санаатай хувь хүмүүсийн ажиллуулдаг хэд хэдэн авто засварын газартай уулзсаны дараа “Prius Center”-т ирсэн байна. Түүнд энэ чиглэлд төрөлжиж, мэргэшсэн, хамгийн гол нь системжсэн байгууллагад ажиллах нь хамгийн их сонирхол татсан гэдгийг хэлж байлаа. Энэ мэт жишээнээс энэ компанийн бодлого, үйл ажиллагаа нь зөвхөн үүсгэн байгуулагч, удирдлагын төлөө гэхээс илүү ажилтны төлөө байдгийг харж болно.
Г.Лувсансамбуу компанийнхаа соёлын тухай ярихдаа “Би ажилтнуудаа нэг гэр бүлийн гишүүд гэж үздэг. Тиймээс би Ногоон гэр бүл гэж ярих дуртай. Энэ гэр бүлийн эцэг нь би. Тиймээс эцэг хүн ямар байх ёстой, гэр бүлдээ яаж хандах ёстой, ямар үлгэр дуурайлал үзүүлэх ёстой тийм л байхыг хичээдэг” гэж хэллээ.
Тэрхүү үлгэр дуурайллын нэг жишээ нь аливаа тэмдэглэлт өдрүүдийг согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэх соёл юм. Өөрөөр хэлбэл, ажилтнууд согтуурхах, агсам тавих, цалин буусны маргааш ажлаа таслаад алга болдог асуудал гардаггүй.
“Prius Center”-ээр үйлчлүүлэгчддийн 50 хувь нь дөрвөөс дээш удаагийн үйлчлүүлэгчид, 30 хувь нь 2-3 удаагийн үйлчлүүлэгчид, харин 20 хувь нь шинэ хэрэглэгчид байна.
Түүнчлэн ажлаас эсвэл ямар нэгэн арга хэмжээнээс хоцрох тохиолдол нүдний гэм. Нэгэн удаа гаднаас ирсэн багш компани даяар сургалт хийхээр болж, өөрөө таван минут хоцроод ирэхэд ажилтнууд бүгд ирээд аль хэдийнээ хүлээгээд сууж байсан. “Үүнийг харсан багш би ийм сайхан соёлтой байгууллагыг анх удаа харж байна гэж хэлсэн” хэмээн ажилчдаараа бахархан ярилаа. “Prius Center”-т ажилтнуудад чиглэсэн нэлээн хэдэн бодлого, журам байдаг. Гэхдээ Г.Лувсансамбуу журам чээжлүүлэхээс илүүтэй “Энд ажиллах сайхан” гэдэг бахархлын кодыг суулгахыг хичээсээр байна.