Дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг агуулсан олон улсын бэстселлер The Personal MBA буюу “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номонд онцгойлон авч үзсэн 11 модулийн дөрөв дэх буюу “Үнэ цэн хүргэлт”-ийн талаар энэ удаа танилцуулахаар бэлтгэлээ. Номын зохиогч Жош Кауфман “Үнэ цэнийг хүргэхгүй бол та бизнесгүй л гэсэн үг” хэмээн шулуухан өгүүлжээ. Тэгвэл үнэ цэнийн хүргэлт гэж юу болох, үнэ цэнийг хэрхэн хүргэж, бизнесээ цэцэглүүлэх талаар тэр өөрийн номонд хэрхэн дэлгэрүүлэн бичсэн бол?
- Зохиогч: Жош Кауфман
- Ном: Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол
- Сэдэв: Бизнес эрхлэх урлагт суралцахуй
- Гол ойлголтууд: Бизнесийн 5 хэсэг, 12 төрлийн үнэ цэн, ашиг орлого олох 4 арга.
- Эрхлэн гаргагч: Юнайтед бизнес паблишинг
- Орчуулагч: М.Цацрал
Үнэ цэнийн хүргэлт гэж юу вэ?
“Амжилттай яваа бизнес бүр амласан зүйлээ үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг. Бусдын мөнгийг авчихаад түүнтэй тэнцэх үнэ цэнийг хүргэдэггүй хүнийг “луйварчин” гэж нэрлэдэг” хэмээн зохиогч Жош Кауфман даян дэлхийн бэстселлер “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” (The Personal MBA) номдоо бичжээ. Олонх хүн өөдрөг дэврүүн сэтгэлээр бизнес эхлүүлдэг ч дээр дурдсан агуулгыг бодитоор хэрэгжүүлж чаддаггүй нь тэдний унах, бүдрэх шалтгаан болох нь түгээмэл. Монголчилбол, ам ажлын зөрүүтэй байдал нь хүмүүсийн итгэлийг алдах, бизнесийн ашиг орлогыг бууруулах, цаашлаад дампуурах хүртэл эрсдэлийг бий болгодог.
Жош Кауфман үргэлжлүүлэн “Үнэ цэнийг хүргэх гэдэг нь мөнгөө төлж буй үйлчлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай байлгахын тулд боломжит бүх зүйлийг хийхийг хэлнэ. Үнэ цэнийг хүргэхгүй бол та бизнесгүй л гэсэн үг” хэмээн тодорхойлжээ. Гэтэл бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун үлдээхийн тулд өөрөөс шаардагдах бүхнийг хийдэг вэ? Монголын зах зээлийн хувьд хэрэглэгчдийн сэтгэл хангалуун бус, залхсан, гомдсон, бухимдсан сэтгэгдэл сошиал медиад цөөнгүй урсан өнгөрч, зарим нь өндрийг авдгаас харахад дотоодын бизнес эрхлэгчид энэ тал дээр тааруухан дүн авах магадлалтай.
Харин энэ талаар “Нандин зүрх” ТББ-ын үүсгэн байгуулагч, Coach Lab Mongolia-ийн мэргэшсэн сургагч багш Э.Чаминцэцэг “Үнэ цэнийг бусдад хүргэхийг үнэхээр хүсэж байгаа бол эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Таны итгэл үнэмшил, баримталдаг зарчим тань юу вэ? Та хэр сахилга баттай вэ? Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлсон уу? гэсэн асуултуудад хариулахаас энэ бүхэн эхэлнэ. Магадгүй та бусдын зорилго, үнэт зүйл, үнэ цэнтэй гэж үздэг алхмуудад хөтлөгдөн, өөрийн мэт бодож эндүүрч байж ч болно. Учир нь би яг ийм алдаа гаргаж байлаа” хэмээн хуваалцсан юм.
Өөрийнхөө үнэ цэнийг эхлээд тодорхойл
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн хамт олон Жош Кауфманы The Personal MBA номын агуулгаар Couch Lab Mongolia-ийн мэргэжлийн көүч нартай хамтран P-MBA хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд 10 мянган залууст бизнес мэдлэг олгох томоохон зорилготой ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэхүү хөтөлбөрийг МҮХАҮТ -ын “Бизнесийн сэргэлт” гурван үе шаттай санаачлагыг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд “Үнэ цэнийн хүргэлт” сэдэвт сургалтыг мэргэшсэн сургагч багш Э.Чаминцэцэг өөрийн туршлагад үндэслэн заасан билээ. Тэрбээр өөрийгөө наймдугаар ангийн боловсролтой, ээж, дүү нартаа тусалж, гэр бүлдээ нэмэр болохын тулд 14 настайгаасаа хойш олон төрлийн ажил хийж, бага багаар шат ахисаар өнөөдрийг хүрсэн хэмээн товч танилцуулсан юм. Бууз хийж зарахаас эхлээд тогооч, нарийн боовчин, зөөгч, менежер, эвент зохион байгуулагч гэх зэргээр хийгээгүй ажил түүнд тун цөөхөн. Тиймээс “Үнэ цэнийн хүргэлт” сургалтын агуулгаа боловсруулахдаа өөрийн түүх, туршлагатай нарийн уялдуулсан нь хүмүүсийн сэтгэлд хүрч чаджээ.
Мөн хүмүүст үнэ цэнийн талаар ойлгуулах явцдаа тэрбээр хариулт эрж явсан асуултынхаа гаргалгааг олж, өөрийгөө шинээр нээж чадсан гэдгээ онцолсон нь сонирхол татсан юм. “Би өөрийгөө алдааны цуглуулга гэж дүгнэдэг байлаа. Гэтэл уналт бүхэн маань өнөөдрийн намайг бий болгосон гэдгийг ухаарч, хийж, амжуулж ирсэн бүхэн минь үнэ цэнтэй төдийгүй би өөрийн хэмжээнд хангалттай сайн байсан гэх итгэлийг олж авсан. ‘Хүмүүст ч бас та өнөөдрийг хүртэл хангалттай хичээж, сайн байж чадсан шүү” гэдгийг сургалтаараа дамжуулан ойлгуулахыг хүссэн гэлээ. Түүний үзэж буйгаар өөрийгөө сайтар ойлгож, үнэ цэнээ ухамсарласан хүн л үнэ цэн бүтээж, бусдад хүргэж чадах аж.
Хүлээлтээс дав
“Дэлхий дээрх хамгийн шилдэг бизнесүүд амласан зүйлээ үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтээс давуулан биелүүлж үнэ цэнээ хүргэдэг. Сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчид таны хийдэг зүйлийн талаар бусдад хэлж дамжуулан таны нэр хүндийг өсгөж, бүр ч олон боломжит үйлчлүүлэгчдийг танд авч ирдэг”. “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номд бичигдсэн эдгээр мөр органик өсөлт, аман маркетингийн талаар ерөнхийдөө өгүүлж буй. Олон жил үйлчилгээний салбарт ажилласан Э.Чаминцэцэг ч өөрийн туршлагаар үүнийг баталж байна. Тэрбээр “Намайг ажиллаж буй газар хүмүүс өөрөө л ирдэг байсан. Ямар ч төрлийн үйлчилгээний ажил хийж байсан үйлчлүүлэгчид тасардаггүй байлаа. Тухайн үедээ анзаардаггүй байсан ч сүүлд бодоход энэ бүхэн чин сэтгэлтэй холбоотой юм билээ. Хэн нэгэнд аливааг чин сэтгэлээсээ хийж өгөхөд эргээд “шагнал” болж ирдэг. Нэг ёсондоо, хүмүүсийг сэтгэл хангалуун үлдээж байсан тул амжилттай явж ирсэн гэж бодож байна” хэмээн ярьсан юм.
“Амжилттай бизнесүүд өөрчлөгдөж буй орчинд ч үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай байлгадаг. Амжилтгүй бизнесүүд үйлчлүүлэгчдэдээ сэтгэл ханамж өгч чаддаггүй учир үйлчлүүлэгчээ алдаж, яваандаа дампуурдаг”.
Үүнийг зөрчвөл амжилтад хүрэхгүй
Шинээр нээгдсэн зоогийн газрын хоолны амт, чанар таны сэтгэлд бүрэн нийцэж, та дахиж хэд хэдэн удаа тийш зорьж очих бөгөөд зарим үед найзууд, хамтран ажиллагсад, танил дотнын хүмүүсээ ч дагуулж очно. Гэвч хэдэн сарын дараа та мөнөөх зоогийн газрын хоолны амт, чанар танигдахын аргагүй өөрчлөгдөж, илт муудсаныг гэнэтхэн л анзаарна. Үр дүнд нь, мэдээж тэднийхийг дахин зорьж очихоо болино. Энэ бол бид бүгдэд л тохиолдож байсан танил дүр зураг. Эндээс бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг нэг түвшинд барьж, тогтвортой хадгалж чаддаггүйг анзаарч болно. Үүнийг Жош Кауфманы номд “Аливаа саналын найдвартай байдалд нөлөөлдөг гурван томоохон хүчин зүйл байдаг нь нэгэн жигд байдал, тогтвортой байдал, итгэлтэй байдал юм. Үнэнч үйлчлүүлэгчдийнхээ хүлээлтийг зөрчих нь амжилтад хүрэх арга биш. Хэрэв та өөр зүйл санал болгож байгаа бол өөр зүйл гэдгээр нь танилцуул” хэмээн товч, тодорхой өгүүлжээ.
Уламжлалт байдлаар бизнесийн сургуульд дор хаяж хоёр жил суралцаж, дунджаар 50-60 мянган ам.доллар зарцуулахгүйгээр өөрөө бие даан дэлхийн хэмжээний бизнесийн боловсролыг олж авах, бизнесийг өөр өнцгөөс, цоо шинээр дахин харах боломжийг нээх эхний алхам.
Coach Lab Mongolia-ийн мэргэшсэн сургагч багш Э.Чаминцэцэг энэ санааг тайлбарлахын тулд өөрийн түүхээс жишээ татлаа. Тэрбээр “Та хэний асуудлыг шийдэхийг зорьж байна вэ? Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань хүмүүсийн ямар хэрэгцээг хангах вэ? Хэрэглэгчдэд ямар үнэ цэн хүргэх вэ? гэдэг маш чухал. Гэвч ихэнх хүн үүнийг төдийлөн анзаардаггүй. Намайг “Марс” худалдааны төвд бууз хийж зардаг байхад хүмүүс Чамиа нэрээр минь биш “Буузны охион” гэж дууддаг байлаа. Хийсэн буузыг маань ч дуртай худалдан авдаг байв. Ингэж танигдах болсон гол шалтгаан нь миний хийсэн буузны амт яг л хэвээрээ байдагт оршиж байсан” хэмээн тайлбарласан юм.
Бизнесээ тэлэхийн тулд хуулбарла, олшруул
“Нөхөр маань зураач хүн бий. Багийн хамтаар нэг номон дээр 12 жилийн турш ажилласан. Тун удахгүй бид “Тэнгэрийн харуул” номынхоо хоёр дахь хэвлэлийг гар дээрээ авахаар зэхэж байна. Өмнө нь зөвхөн нэг ном бүтээхийн тулд 12 жилийн хөдөлмөрөө зориулж байсан бол одоо бид нэг жилийг л зарцуулах болсон. Эндээс бүтээгдэхүүнээ цаасан хэвлэлээс илүү вэбсайт, апплкэйшн, аудио ном болгон төрөлжүүлж, хөгжүүлэх ёстойг ойлгосон нь бидний хувьд том ололт болсон” хэмээн Э.Чаминцэцэг хэлж байна.
Энэ санааг “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” (The Personal MBA) номд “Тэлэлт бол ачаалал ихсэхэд үйл явцыг хуулбарлах, эсвэл олшруулах чадвар юм. Тэлэх чадамж нь таны боломжит ачааллын дээд хэмжээг тодорхойлдог. Нийлүүлж буй үнэ цэнийг нь хуулбарлах, эсвэл олшруухад хялбар байх тусам бизнесээ тэлэх боломжтой” гэж тайлбарласан байдаг. Зохиогч Жош Кауфман цааш үргэлжлүүлэн “Олон тохиолдолд тэлэлт нь үйл явц дахь хүний оролцох хэмжээгээр хязгаарлагддаг. Старбакс латте хуулбарлах чадвараа автоматжуулах замаар ихэсгэх чадамжтай. Тиймдээ ч Старбакс нэг цагт маш их хэмжээний уух зүйл гаргах чадвартай” хэмээн тодорхой жишээтэй өгүүлсэн нь бий.
Бүтээгдэхүүнийг ихэнх тохиолдолд хуулбарлах хамгийн боломжтой байдаг бол дундын нөөц (спорт заал, фитнес гэх мэт) -ийг олшруулахад хамгийн хялбар байдаг. Харин үнэ цэнийг хүргэж буй хүнтэйгээ шууд оролцоотой байхаас ихээхэн шалтгаалдаг учир үйлчилгээг тэлэхэд хэцүү байдаг. Ихэнх тохиолдолд үнэ цэнийг бүтээж хүргэхэд хүний оролцоо бага байх тусмаа бизнесийг тэлэх боломж ихэсдэг.
Дараагийн дугаарт Жош Кауфманы “Хувь хүний бизнесийн удирдлагын боловсрол” номын тав дахь модуль болох САНХҮҮ сэдвээр бэлтгэсэн агуулгыг уншигч та бүхэнд хүргэх болно.
Та P-MBA сургалтад бүртгүүлэхийг хүсвэл МҮХАҮТ -ын фэйсбүүк хуудсанд хандаж, бүртгэлийн холбоос дээр даран мэдээлэл авна уу.