Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай гоо сайхны брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгчөөр ажиллаж буй Flamme Complexe-ийн тогтмол өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл, бусдаас ялгарах онцлог чухам юу вэ? Эдгээр асуултад хариулахыг бид зорилоо.
Органик өсөлтийг чухалчилна
Орчин цагийн завгүй амьдралын хэв маягт зохицон амьдарч, ажил төрөл, ахуй амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээж буй бүсгүй бүр хувь, хувьсгалын их ажлын хажуугаар гоо сайхан байдлаа аль болох удаан хадгалж, өө сэвгүй, гэрэлтсэн толигор арьстай харагдахыг хүсдэг. Тэд арьс арчилгаандаа анхаарал хандуулж, цаг зарцуулахыг хүсдэг ч хаанаас эхлэх, ямар бүтээгдэхүүн сонгохоо мэдэхгүй байх нь элбэг. Дээр нь хүсэвч хясна гэгчээр манай орны эрс тэс уур амьсгал, өндөрлөг газрын хатуу ширүүн цаг уурын нөхцөлөөс шалтгаалан монгол бүсгүйчүүд арьсныхаа учрыг олоход тун хүндрэлтэй байдаг.
Тэгвэл эмэгтэйчүүдийн эрүүл, сайхан арьстай байх хүслийг биелүүлэхээр гоо сайхны салбарт арьсны ментор хэмээх бизнесийн өвөрмөц модулийг хөгжүүлж, бусдыг арьс арчилгааны зөв дадалд хөтөлж яваа Э.Гэрэлжаргалыг бид “Брэндийн түүх” булангийнхаа зочноор дахин урьсан юм. Тэрбээр “Фламм Продуктс” компанийг үүсгэн байгуулж, өргөжүүлэх явцдаа гоо сайхны дахин давтагдашгүй, хүчирхэг брэндийг бий болгохыг зорьж, зорилтот хэрэглэгчдэдээ тулгарч буй асуудлыг судлан, оновчтой тодорхойлж, улмаар Flamme Complexe хэмээх гоо сайхны шийдэл санал болгодог цогц концепц дэлгүүрүүдийг байгуулаад буй.
Энэ бүхэн 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр “Хүүхдийн 100”-д байрлах нэгэн барилга дахь 15 м2 хэмжээтэй жижигхэн өрөөнд Make up is everything нэртэйгээр нүүр будалтын бүтээгдэхүүн борлуулахаас эхэлжээ. Гэвч төд удалгүй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ арьс арчилгааны бүтээгдэхүүн рүү илүү чиглэж буйг Э.Гэрэлжаргал ойлгосон тул нүүр будалтын бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоож, арьс арчилгааны брэнд бүтээгдэхүүнүүдийг албан ёсны онцгой эрхтэйгээр дагнан худалдаалах болов. Ийнхүү эхлэлийн цэгээ ялимгүй өөрчилсөн тэр мөчөөс брэндийн нэрээ илүү оновчтой, зах зээлд танигдахуйц байдлаар тодорхойлоход анхаарч ихээхэн эрэл хайгуул хийжээ.
Хэрэглэгч гэдэг бидний хувьд насан туршийн үнэ цэнтэй хамтрагч учраас үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөрөө сэргээхээр төлөвлөж байна.
Ингээд монгол хүн бэлгээр гэдэгчлэн гоо сайхны эх үндэс Францаас гаралтай учраас flamme хэмээх үргэлж өөдөө тэмүүлж, асах гэсэн утгыг илэрхийлсэн франц нэрийг өгсөн аж.
Цааш алхах зүг чиг, дуурсах нэрээ ийнхүү тодорхой болгосон цагаас эхлэн Flamme Complexe цоо шинэ өнгө төрх бүтээхийг зорьсон бөгөөд зөвхөн гоёмсог сав баглаа боодолтой бүтээгдэхүүнийг олны танил хүмүүсээр сурталчлуулж, олон сувгаар цацах замаар “алдарших”-ыг чухалчилсангүй. Мөн үйл ажиллагаа явуулсан найман жилийн хугацаандаа олон салбар яаран байгуулахад ч санаагаа чилээсэнгүй.
“Өнгөрсөн хугацаанд ердөө гурван салбар дэлгүүр нээсэн нь хөндлөнгийн хүнд зугуухан хурдаар удаан урагшилж яваа мэт харагдах байх. Бид хэдий олон салбар нээх бүрэн боломжтой ч хэрэглэгчийг том худалдааны төвийн булангийн лангуунаас бүтээгдэхүүн худалдан аваасай гэж хүсээгүй” хэмээн Э.Гэрэлжаргал тайлбарласан нь бизнест зөвхөн авах биш өгөх ухаан чухал гэдгийг илтгэж байв. Нэг үгээр, тооноос илүү чанарт анхаарсаар иржээ.
Үүний зэрэгцээ харилцагчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан дэлгүүрийн байршлуудаа хэд хэдэн удаа сольж, нүүх бүрдээ талбайн хэмжээгээ томруулан урсгал зардал өндөр гарсан ч хүмүүс үйлчлүүлэхэд илүү ая тухтай орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарсан байна. Тухайлбал, тусгай зориулалтын үзлэгийн өрөө, нэг удаагийн оношлогоо болон урт хугацааны арьсны менторын зөвлөх үйлчилгээ зэргийг санал болгон үйлчилгээгээ төрөлжүүлснээр энгийн нэг дэлгүүрийн орчноос давсан тансаг зэрэглэл, сэтгэл ханамжийг бэлэглэдэг. Үүгээрээ Flamme Complexe-ийн хамт олон арьс арчилгааг төгөлдөржүүлэхээс гадна үнэнч болон шинэхэн хэрэглэгчдэдээ өөрийгөө хайрлах, үнэ цэнтэй нэгэн гэдгээ мэдрэх орон зайг үүсгэсэн, хэрэглэгч төвтэй үйлчилгээг хөгжүүлж буй.
Энэ ч утгаараа тус компанийн үйл ажиллагааг зөвхөн нийлүүлж буй бүтээгдэхүүнээр дүгнэх нь ердөө мөсөн уулын оройг харжээ гэхэд хилсдэхгүй. Тэд арьс, үс арчилгааны бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд санал болгохдоо судалгаанд суурилсан арьсны менторын зөвлөх үйлчилгээтэй хослуулан хүргэж, үнэ цэнээ нэмэгдүүлэн, бусдаас онцгойрдог.
Өдгөө Flamme Complexe 50 гаруй брэндийн 2500 гаруй бүтээгдэхүүнийг хүргэж, зургаан брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.
Өрсөлдөөн ихтэй гоо сайхны салбарт урт хугацаанд, тогтвортой оршин тогтнож, өсөлт үзүүлж чадаж буй нь ч үүнтэй холбоотой. Flamme Complexe зах зээлд хөл тавьснаар арьс арчилгааны чанартай, чанаргүй олон брэнд, бүтээгдэхүүнүүд дунд төөрч яваа хэрэглэгчдийн эргэлзээг тайлж, дэлхийд чанараараа танигдсан брэндүүдийг лабораториос нь шууд нийлүүлж, итгэлцэл, амьд холбоог улам бүр үүсгэсээр байна.
Хэрэглэгчээ халамжилж сорилтыг давна
Э.Гэрэлжаргал бизнесийн салбарт хөл тавиад гурван жил болсныхоо дараа өөрийн бизнесийн стратеги, нийгэмд түгээх гэж буй соёл, үнэ цэнээ тодорхойлж, төлөвлөх ажилдаа ханцуй шамлан оржээ. Ингэж ажиллах явцдаа бизнесээ сэргээхэд шаардлагатай чухал алхмуудыг судалж, хэрэглэгчдийн өмнө тулгамддаг хэт олон сонголтод төөрөн, арьсны асуудлаа оновчтой шийдэж чадахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор арьсны менторын үйлчилгээг хөгжүүлж, дан ганц бүтээгдэхүүн борлуулахаас илүү хүмүүст гоо сайхны боловсрол олгож, мэдлэгтэй болгоход ихээхэн анхаарах шаардлагатайг ойлгов.
Гэсэн ч тухайн үед хэний ч таамаглаагүй эрсдэл үүссэн нь дэлхий нийтийг нөмөрсөн Ковид-19 цар тахал байв. Олон компани хаалгаа барьж байсан энэ хүнд үед Э.Гэрэлжаргал бэрхшээлийг давж гарахын тулд уян хатан шийдлийг цаг алдалгүй боловсруулах шаардлага үүсчээ. Нөгөө талаар, энэ цаг мөч бол Flamme Complexe -ийн хамт олны хувьд дараагийн шатанд гарах эргэлтийн мөч байлаа.
Тодруулбал, Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн байдал хүндрэхэд үйл ажиллагааны шинэ менежментийг яаравчлан боловсруулж, ажилтнуудаа хэсэгчлэн ажиллуулах, чадварлаг ажилтнуудаараа алсын зайнаас онлайн болон утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг нээж, зарим онцгой тохиолдолд ажиллах боломжгүй ажилтнаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж амраах зэрэг уян хатан системийг хэрэгжүүлжээ.
Үүний сацуу Э.Гэрэлжаргал өөрийн арьсны менторын онлайн үйлчилгээгээ эхлүүлж, өдөрт багадаа долоон хүний зөвлөхөөр ажиллаж, арьс арчилгааны зөв соёлд хөтөлсөөр байв. Эдгээр алхмын тусламжтай хэрэглэгчидтэйгээ хялбархан ойлголцож, хамтран ажилласны үр дүнд Flamme Complexe -ийн хамт олон түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай ажилласан амжилтаа Ковид-19-ийн үеэр үзүүлж, бэрхшээлийг боломж болгосон нь бизнесийн хуулийн дагуу touch point буюу шүргэлтийн цэгээ зөв мэдэрч чадсаныг харуулна.
Учир нь цар тахлын улмаас гэртээ суугаа эмэгтэйчүүдэд арьсаа арчлах, өөртөө цаг зарцуулах боломж бүрдсэн ч хэрхэн өөрт тохирсон чанартай бүтээгдэхүүнийг олж, зөв арчлах вэ? гэсэн эргэлзээ үүсээд байв. Энэ хэрэгцээг гярхай анзаарч, хэрэглэгчдэд шаардлагатай зөвлөмж, гарц гаргалгаануудыг боловсруулан, гоо сайхны боловсролыг түгээснээрээ хэрэглэгч өөрийн ухамсаргүйгээр Flamme Complexe-тэй холбогдох үйлдэлд хөтөлж ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Ковид-19-ийн хүнд хэцүү нөхцөл байдлыг компани, хэрэглэгч хоёр win-win зарчимд суурилан хамтдаа даван туулж амжилтын түүхээ бүтээжээ.
Ийнхүү зогсолтгүй хөдөлмөрлөсний үр дүнд Flamme Complexe нийгэмдээ өөрийн гэсэн байр суурийг олж, үнэнч хэрэглэгчдийг бүрдүүлж, зургаан ажилтантай байсан бол өдгөө 20 -уулаа болж, өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа юм. Мөн хэрэглэгч болон ажилтнуудын тав тухтай байдлыг эрхэмлэж, оффисын орчин, бүтээгдэхүүн хадгалах агуулах, дэлгүүрийн концепцоо шинэчлэхийн зэрэгцээ байгууллагын соёлоо хөгжүүлэхэд ч анхаарч, томоохон ололттой жилүүдийг үдээд байна.
Насан туршийн харилцааг бүтээнэ
Flamme Complexe-ийн хамт олон 2025 оныг тогтворжуулах жил болгон ажиллахаар төлөвлөсөн бөгөөд хэрэглэгчээ нэг удаагийн худалдан авагч бус насан туршийн үнэ цэнтэй харилцагч хэмээн үзэж, үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан гишүүнчлэлийн хөтөлбөрөө сэргээх гэж буйгаа онцолсон юм. “Ялангуяа залуу үеийнхний сонирхол хурдан өөрчлөгдөж, арьс арчилгааны арга барил ч үргэлж хувьсаж байдгийг ямагт санах хэрэгтэй. Цаашид хэрэглэгчид улам ухаалаг болно” хэмээн Э.Гэрэлжаргал хэлж байна.
Түүний хувьд арьсны ментор хэмээх шинэ мэргэжлийн чиглэлийг үүсгэсэн цагаасаа хойш өдөр тутамдаа эмэгтэйчүүдтэй ажиллаж, хэрхэн хурдтай хөгжиж, өөрчлөгдөж буйг нь анзаарсаар иржээ. Мэдээж хэрэг, тухайн эмэгтэйчүүдийн өөрчлөлтөд арьсны ментортой болсон нь шууд нөлөөлдөг. Сар бүр тогтмол хяналтад орж, арьсаа оношлуулснаар хүн илүү хариуцлагатай болж, арьс арчилгаа, бүтээгдэхүүний талаарх мэдлэг, мэдээлэл нь нэмэгдэж, зөв дадал суудаг.
Тухайлбал, Flamme Complexe-ийн нэгэн үйлчлүүлэгч батганы гүн сорвитой, арьс нь өнгөө алдсан, нүүр нь тойрог хэсгээрээ харлалттай байхдаа үйлчилгээ авч эхэлжээ. Эхний нэг сарын хугацаанд арьсны үндсэн өнгө сэргэж, дараагийн сараас нүүр будалт хийхэд нөсөө толбо дарагдаж, гурван сар үргэлжилсэн зөвлөгөөний дараа нүүрний тойрог хэсгийн харлалт арилж, арьсны өнгө бүрэн сэргэж жигдэрчээ. Ингээд өөртөө илүү итгэлтэй, толинд харах дуртай болон өөрчлөгдөж чадсан байна.
Flamme Complexe брэнд гоо сайхны зах зээлд үнийн хувьд өрсөлдөхүйц өндөр чанартай, албан ёсны баталгаатай бүтээгдэхүүнийг хүмүүст хүргэж, итгэлцэл, үнэ цэнийг түгээж байна.
Энэ мэтчилэн хүн бүрд төрөхөөс заяасан байгалийн гоо сайхныг нь тодотгож, өөртөө дахин дурлахад нь тусалж чаддагаараа Flamme Complexe-ийн хамт олон бахархдаг. Өдгөө тэд 50 гаруй брэндийн 2500 гаруй бүтээгдэхүүнийг хүргэж, зургаан брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Ингэхдээ хэрэглэгчийг олон сонголтод төөрөгдүүлэх эрсдэлээс сэргийлж олон жилийн туршлагатай мэргэшсэн худалдааны зөвлөх, арьсны менторууд маш сайн зөвлөж ажилладаг. Тэд нүхжилт, улайлт эмзэгшил, сэвх нөсөө толбо, хуурайшилт гэх зэргээр монголчуудад түгээмэл тулгардаг арьсны асуудлыг шийдэж чадахуйц орц найрлагыг агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгон хүргэж ирсэн юм.
Жишээлбэл, арьс арчилгааны салбарт 40 жилийн түүхтэй Турк улсын Alpaya компанийн Bio Balance брэндийн лабораторид Э.Гэрэлжаргал өөрийн биеэр очиж танилцаж, судалсны үндсэн дээр анхны хамтрагчаараа сонгон албан ёсны дистрибьютер болж байв. Тус брэнд өөрийн гэсэн тусгай лабораторитой, мэргэжлийн эрдэмтдийн багтай, өндөр чанартай, олон төрлийн орц найрлага бүхий серум тэргүүтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгээрээ онцлог. Үүгээр зогсохгүй Matsu, Needly, Logiclist, Sunnicorn, Noav зэрэг дэлхийд нэртэй брэндийн Монгол дахь албан ёсны онцгой төлөөлөгчөөр хамтран ажиллаж байна.
Гоо сайхны салбарт туршлага хуримтлуулсан энэ урт замналын эцэст Flamme Complexe өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголын гоо сайхны салбарыг дэлхийд таниулж, экспортын томоохон тоглогч болох том зорилго тавьжээ. Тус компанийн өсөлтийн хурдыг дүгнэхэд зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтад төвлөрөх бус, үнэнч харилцаа, итгэлцэл, хэрэглэгчийн боловсролд суурилсан үнэ цэнийг цогцлооход чиглэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татна.