Ухаалаг телевиз болон маркетинг хосолсон тус систем нь үзэгчдийг тагнах, ажиглах маш мундаг чадвартай учраас ТВ нь өдгөө нэг ёсондоо хяналтын камер болж хувирсан байна.
Ухаалаг ТВ болон стримингийн компаниуд нь үзэгчдийн зөвшөөрөлгүйгээр тэдний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, ажиглах болон тагнах чадамжаа эрс нэмэгдүүлэх болжээ. Эдгээр түрэмгий үйлдэл нь улс төрийн манипуляц хийх, арьс өнгөөр ялгаварлах зэргээр хувь хүний нууц, аюулгүй байдалд бодитой эрсдэл учруулахад нөлөөлж болзошгүй юм. Эдгээрийг таслан зогсоох боломж хязгаарлагдмал боловч зарим функцийг ашиглахаа болих, апп суулгахдаа хянамгай хандах зэргээр хувийн нууцаа ухаалаг зурагтаас хамгаалах боломжтой. Интернэтэд холбогдсон телевизүүдийг “хувь хүний аюулгүй байдлын аймшиг” гэж нэрлэсэн Center for Digital Democracy-ийн тайлангаас үзвэл ухаалаг зурагт нь таныг зугаацуулан цэнгүүлэхээс гадна давхар ажиглаж байдаг ажээ. Тэгвэл видео контентын платформууд хэрэглэгчдийн өгөгдлийг хэрхэн цуглуулдаг вэ? Таны хувийн нууцад тэд ямар эрсдэл учруулж болох вэ? Үүнээс өөрийгөө хамгаалахын тулд та юу хийх ёстой вэ?
Ойлголт
Ухаалаг ТВ нь өдгөө телевиз үзэх мэдрэмжийг эрс өөрчлөөд байна. Гэхдээ Center for Digital Democracy-ийн өнгөрсөн сард гаргасан тайлангаас үзвэл маш олон үзэгч хувийн асар их мэдээллээ өөрсдөө ч анзааралгүйгээр ухаалаг видео контентын платформуудад алдаж байгаа аж. Бусад дижитал салбарын эртнээс ашиглаж буй өгөгдөл цуглуулах аргуудыг стримингийн салбар ч ашиглаж байгаа хэмээн тус төв анхааруулж байна. Телевизийн шоу, кино үзсэнийхээ төлөө олон сая америк хүн хувийн мэдээллээ алддаг. Ухаалаг телевиз болон маркетинг хосолсон тус систем нь үзэгчдийг тагнах, ажиглах маш мундаг чадвартай учраас ТВ нь өдгөө нэг ёсондоо хяналтын камер болж хувирсан байна.
Хэрэглэгчээ хянах, ажиглах нь тийм ч шинэ үзэгдэл биш юм. Жишээлбэл, Alexa хэрэглэгчийн дуу хоолойны заавар, яриаг бичиж авч хадгалдаг бол машинууд нь жолоочийн машин барих зуршлын тухай мэдээллийг даатгалын компаниудад өгдөг. Гэхдээ тус тайланд дурдсанаар видео контентын платформууд нь хянах, ажиглах процесстоо хиймэл оюуныг ашиглаж байгаа нь байдлыг бүр ноцтой болгож байгаа аж.
Өгөгдөл цуглуулах, ашиглах
Видео контентын платформууд нь үзэгчийн мэдээлэл цуглуулах боловсронгуй аргуудыг хөгжүүлж байгаа тухай тус төв тайландаа дурдсан байна. Юун түрүүнд Automatic Content Recognition (ACR) технологийг ашиглаж дэлгэц дээр юу гарч байгааг тодорхойлох замаар үзэгчийн зуршлыг ажиглаж эхэлдэг аж. Дараа нь хэрэглэгчийн мэдээлэл, үзэж буй контент, худалдан авалтын түүх зэрэгт үндэслээд тухайн хүний дижитал профайлыг үүсгэдэг аж.
Жишээлбэл,
- NBCUniversal компани стриминг үйлчилгээ, апп зэрэг 300 дижитал суваг, платформоор дамжуулан хэрэглэгчдээ “судалдаг”
- Disney компани зөвхөн тухайн хэрэглэгч, гэр бүлд зориулсан сурталчилгаа бүтээх боломжтой болохын тулд өгөгдөл цуглуулах 100 мянга орчим мэдрэгч ашиглаж 260 сая төхөөрөмж болон 110 сая өрхийн мэдээллийн сантай болжээ.
Эдгээр компани уг мэдээллийг ашиглаж ямар контент санал болгох, тухайн нэвтрүүлэгт ямар бүтээгдэхүүнийг оруулах зэрэг шийдвэрээ гаргадаг.
- Телевиз үзэхэд нь хүмүүст саад болохгүйгээр нэвтрүүлэг, хөтөлбөрт нь тухайн барааг худалдаж авах боломж, функциудыг зарим компани нэвтрүүлсэн. Үүнийг “худалдаж авах боломжтой сурталчилгааны формат” гэж нэрлэх болжээ.
- Түүнчлэн телевизийн шоу, нэвтрүүлгийн үеэр бараа, бүтээгдэхүүнийг шууд дэлгэцнээ гаргаж ирдэг шинэ функц бүхий технологийг Amazon Web Services, TripleLift зэрэг компани хөгжүүлсэн.
Маркетерууд хиймэл оюуны тусламжтайгаар эдгээр функц, аргуудыг улам боловсронгуй болгож эхэлжээ. Тухайлбал, жүжигчний хувцас, дуу хоолой, дэлгүүрийн байрлал, үнэгүй бараа зэрэг элементийг өөрчлөх замаар бодит цагаар тухайн үзэгч, хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн сурталчилгааг гаргаж байна.
Стриминг компаниуд цуглуулсан мэдээллээ энэ мэтээр өөрсдөдөө давуу тал үүсгэх, зар сурталчилгаа олгогч нарт мэдээллээ хуваалцах зэргээр ашиглаж байгаа бөгөөд хамгийн гол нь өөрсдийнх нь мэдээллийг энэ маягаар ашиглаж байгааг үзэгч, хэрэглэгчид тэр бүр мэдэхгүй, ойлгохгүй байгаа юм.
Хувь хүний нууцлал
Ухаалаг ТВ нь энэ мэтчилэн маш их мэдээлэл цуглуулж байгаа нь хувь хүний нууцлал, хувийн амьдралд дараах эрсдэлүүдийг үүсгэх эрсдэлтэй.
- Улс төрийн манипуляц: Өгөгдлийн анализ, хэрэглэгчийг онилох аргыг ашиглаж ухаалаг ТВ нь зөвхөн тухайн үзэгчид зориулсан далд мессежийг өгөх боломжтой бөгөөд үүнийг улс төрийн кампанит ажлуудад ашиглах боломжтой юм. Энэ нь цаашид хуурамч мэдээлэл тараах, улс төрийн хуваагдлыг гүнзгийрүүлэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэх магадлалтай.
- Арьс өнгөөр ялгаварлах: Хар арьстнууд, испани болон ази гаралтай америкчуудад зориулсан зар сурталчилгаанаас стримингийн компаниуд ихээхэн ашиг олж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах зорилгоор улс төрчид ухаалаг ТВ-ний өгөгдлүүдийг ашиглах эрсдэл бий.
- Эмийн сурталчилгаа: Хэрэглэгчийн нэрийг нууцалдаг гэж зарладаг боловч стриминг платформууд нь хувь хүнд зориулсан эмийн сурталчилгаа хийх боломжийг олгодог. Зөвхөн АНУ, Шинэ Зеландад хуулиар зөвшөөрдөг энэхүү арга нь хэрэглэгчдийг сурталчилгааны бай болох, эрүүл мэндийн хуурамч мэдээлэл авахад хүргэж болзошгүй юм.
- Контентыг хязгаарлах: Стриминг үйлчилгээ нь хэрэглэгчдийн өгөгдлийг ашиглаж алгоритм үүсгэх боломжтой бөгөөд ингэснээр “шүүлтүүрийн вакуум орчин” үүсгэж, хэрэглэгч нарт баялаг контент бус зөвхөн тухайн хүнд зориулсан ядмаг, цөөн контентыг харуулах эрсдэлтэй.
Цаашдын төлөв
Өгөгдөл цуглуулахад хиймэл оюун ашиглаж байгаа нь цаашид дүрэм журам сахиулахад хүндрэл учруулж болзошгүй хэмээн Center for Digital Democracy анхааруулжээ. Ухаалаг ТВ-ийн салбарт илүү өндөр хяналт тавихыг тэд хууль сахиулагчид, салбарын зохицуулагч байгууллагуудад хандаж уриалсан байна. Өдгөө ихэнх телевиз интернэтэд холбогддог болсноос гадна ихэнх том компаниуд хэрэглэгчийг тандах арга ашигладаг болсон учраас ухаалаг ТВ-ийн хяналтаас зугтах бараг боломжгүй. Гэхдээ дараах аргуудыг ашиглаж эрсдэлээ бууруулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
- Таны ТВ хэрхэн өгөгдөл цуглуулдгийг судалж, тэдгээрийг хянах аргыг олох
- ТВ-ийн тохиргоонд байгаа ACR функцийг хүчингүй болгох
- Хэрэглээгүй үедээ ТВ-ийнхээ камер, микрофоныг хаах, эсвэл эдгээр функцийг ашиглахаа болих
- Вирусээс сэргийлж зөвхөн албан ёсны апп дэлгүүрээс зөвшөөрөлтэй апп-ууд суулгах
- Хамгийн сүүлийн үеийн хамгаалалттай байхын тулд ТВ-ийн программыг байнга шинэчлэх